| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03278/И |
| Дугаар | 181/ШШ2024/02660 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02660
2024 07 02 181/ШШ2024/02660
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах М ХХК -ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олхонууд овогт Ц.Э /РД:.../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ... регистрийн дугаартай Ц.Э нь өөрийн эзэмшиж байсан 99904823 дугаар дээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 140000138125 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Эрдэнэзаяа нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,9% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Мобифинанс ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, хангайн 13 гудамж, 494 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 181/Ш32024/06241 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь Ц.Э зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Ц.Э зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 133,092 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,846 төгрөг, нийт 258,938 төгрөг байх ба оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ... регистрийн дугаартай Олхонууд овогт Ц.Э г эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/06241 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М ХХК нь Ц.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олхонууд овогт Ц.Э /РД:.../ нь хаягандаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/06241 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд М ХХК -ийн хүсэлттэй Ц.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, хангайн 13 гудамж, 494 тоот хаягт бүртгэлтэй, Олхонууд овогт Ц.Э /РД:.../-г эрэн сурвалжилсугай.
2. Олхонууд овогт Ц.Э /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Олхонууд овогт Ц.Э /РД:.../-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа /утас: 90091079/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ