Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 69 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О- нь 2017 оны 9 сарын 11-ний өдрөөс эхлэн “Сэрж интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, 2018 оны 01 сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. Би ажлын цагаар ажиллаж, харин орой нь сурч явсаар амьдралынхаа 50 хувийг ажил хийхийн зэрэгцээ сурч боловсроход зарцуулсан зөвхөн цалингаар амьжиргаа залгуулдаг, өрх толгойлсон, ганц бие аав билээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж би үзэж байгаа бөгөөд энэ талаар хөдөлмөрийн маргаан үүсгэж нэхэмжлэл өгсөн. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх явцад “Сэрж интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Я.Б- нь иргэн Д.О- намайг өөрийг нь буюу Я.Б-ийг заналхийлсэн, “Сэрж интернэшнл” ХХК-иас бичиг баримт хулгай хийсэн гэж эрүүгийн хэрэгт гүтгэж, удаа дараалан цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулсан. Д.О- надад холбогдуулан 180602978 дугаартай эрүүгийн хэрэг нээгдэж, шалгагдсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явагдаж, 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 3868 тоот, 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 742 тоот прокурорын удаа дараагийн тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан. “Сэрж интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Я.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт худал мэдүүлгийг өгөх, гүтгэх эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгуулах зэргээр надад сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорыг учруулсан. Ингэж гүтгэгдэн цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдаж байсны улмаас надад ажилд орох, хөдөлмөр эрхлэх боломжгүй болгосон. Өмнө ажиллаж байгаа байгууллагаас бичиг баримт хулгайлсан гэж шалгагдаж байгаа хүнийг ажилд авах газар олдоогүй. Тиймээс “Сэрж интернэшнл” ХХК-ийн бичиг баримт хулгайлсан, тус компанийн ерөнхий захирлыг заналхийлсэн гэж гүтгэгдэж, улмаар энэ нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул иргэн Д.О- миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг үндэслэн, “Сэрж групп” ХХК-иас гэмт хэрэгт гүтгэж хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс хойшхи одоог хүртэлх ажилгүй байсан 23 сарын цалин 69 000 000 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О-ыг хэрэгт гүтгэсэн үйлдэл байхгүй, түүний нэр төр, алдар хүндийг мөн ажил хэргийн нэр хүндийг гутаасан ямар ч үйлдэл гаргаагүй буюу Д.О-ын талаар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан нь хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа үйлдэл биш юм. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлынхоо дагуу хариуцагчийн зүгээс өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг гэж тогтоосон зүйл байхгүй, прокурорын тогтоолууд нь дээрх агуулгыг агуулдаггүй арай өөр ойлголт, худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоосон, шүүхээс ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол байдаггүй, энэ талаар гомдол гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаагүй болно. Мөн Д.О- нь манай байгууллагад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүхийн 2018 оны 5 сарын 02-ны өдөр 101/ШШ2018/01503 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 20-ны өдрийн 1689 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/011746 дугаартай тогтоолоор тус тус иргэн Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай байгууллагын сөрөг нэхэмжлэл болох 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан шиг хууль бусаар сэтгэл санаа, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан зүйл огт байхгүй, энэ ойлголт нь өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илтэд худал мэдээлэл тараасан байхыг ойлгодог огт өөр ойлголт. Түүнчлэн иргэн Д.О-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, байцаагч гомдлын дагуу иргэн Д.О-аас 2 удаа байцаалт авсан нь 2 жил ажил хийх боломжгүй байлгасан гэж ойлгож болохгүй, 2 удаа байцаалт авахад хүн ажил хийх боломжгүй байх боломжгүй энэ нь хувь хүний өөрийнх нь асуудал. Д.О-ыг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон зүйл байхгүй, нөгөөтээгүүр ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг Улсын дээд шүүхээр эцэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг тул Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “Сэрж групп” ХХК-иас 17 590 909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 409 090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлээгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иргэн Д.О- нь “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Д.О-ыг шалгуулахаар “С” ХХК гомдол гаргаагүй тус компанийн захирал Я.Б- нь иргэн хүнийхээ хувиар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж шалгуулсан, иймдээ ч хохирогчоор Я.Б- өөрөө тогтоогдон явж байсан. Энэ талаар хэрэгт авагдсан прокурорын тогтоолд хохирогч Я.Б- гэж заасан байгаа буюу өөрөөр хэлбэл шүүх иргэн, компани хоёрын зааг ялгааг гаргаагүй шаардлагыг шууд компанид хамааруулан шийдвэрлэсэн нь үндэсэлгүй юм. Иргэн Я.Б-ээс цагдаагийн байгууллагад Д.О-ыг шалгуулахаар гомдол гаргаж байгаа нь Я.Б-ийн эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргах нь Я.Б-т Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал, мөн эрүүгийн хуулиар олгогдсон үүрэг юм. Я.Б- худал мэдүүлэг өгсөн гэдгийг тогтоосон ямар ч эрх зүйн баримт бичиг байхгүй, Я.Б-ийг худал мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэн, ял оногдуулсан буюу Я.Б-ийг эсвэл “С” ХХК-ийг гэм буруутайд тооцсан шүүхийн шиитгэх тогтоол гэж байхгүй тохиолдолд Д.О-ыг цагдаагаар шалгуулж, гэмт хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Д.О- цагдаагийн байгууллагад 2-3 удаа очиж мэдүүлэг өгсөн нь ажил хийхгүй байх шалтгаан болохгүй, шалгагдах хугацаандаа хоригдож саатуулагдаагүй. Нэхэмжлэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байсан ажил хийгээгүй нь еөрийнх нь асуудал юм. Д.О-ын хувь хүний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нэг ч мэдээлэл байдаггүй, хэрэгт тийм материал байдаггүй, мөн нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. Д.О- нь “С” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд хандаж, улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр иргэн Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Серж групд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэмт хэрэгт гүтгэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол буюу ажилгүй байсан хугацааны 23 сарын цалин 69 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Хариуцагч “С” ХХК-ийн ерөнхий захирал Я.Б- нь намайг эрүүгийн хэрэгт гүтгэж, миний сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд гэм хорын хохирол учруулсан тул ажилгүй байсан 23 сарын цалин 69 000 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулна” гэсэн байна.

 

Иргэн Я.Б- /хариуцагч “С” ХХК-ийн захирал/ нь нэхэмжлэгч Д.О-ыг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаснаар тус хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 3869, 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 742 дугаар тогтоолуудаар, нэхэмжлэгч Д.О-д холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаажээ. /хх-ийн 8-10-р тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардахад гэм хор учруулагчийн үйлдэл /эс үйлдэхүй/ нь хууль бус байх, уг хууль бус үйлдэл санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илэрч болох бөгөөд учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл хангагдах ёстойг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. ...” гэж заасан бөгөөд иргэн Я.Б- нь нэхэмжлэгч Д.О-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримтад хариуцагч “С” ХХК гэм буруутай гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.О-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нь нотлогдоогүй, 23 сарын цалин гэх 69 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь дээрх үйл баримттай шалтгаант холбоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Д.О-ын эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Д.О- нь цагдаагийн байгууллагад шалгагдсаны улмаас ажилд орох, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн “С” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Отгонжаралын нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 02-ны өдрийн 1503 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 20-ны өдрийн 1689 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1746 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм. /хх-ийн 46-56-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “С” ХХК-иас гэм хорын хохиролд 69 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 905 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                           ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ