Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга О.Нямдорж,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч Yu, Xiaqiang, Wang, Dongfeng нарын хууль ёсны төлөөлөгч Д.Дашням,

шүүгдэгч Т.Тэгштулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1734002210070 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, "Эм Эс Эм" ХХК-д орчуулагч ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 04-169 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цог овгийн Тэгшжаргалын Тэгштулга /Регистрийн дугаар: УИ94123011/ гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Тэгштулга нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар 81-40 УБҮ улсын дугаартай Мазда БТ-50 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Д.Амарсанаагийн жолоодож явсан 47-36 УБЧ улсын дугаартай Норт Бенз Хово маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Үu Xiaqiang-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Wang Dongfeng-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Тэгштулгын:"...Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сум орох гээд байгууллагын ажилчин Хятад улсын 4 иргэнийг зочид буудлаас нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед аваад хотоос гараад замд явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дов гэх газар өгсөж байхад урд ачаатай том тэрэг явж байсан би гүйцэж түрүүлэх гэсэн чинь өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан тэгээд хурдаа хасаад тормоз гишгэсэн чинь миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн тормоз нь барихгүй урдаа явсан том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж миний машинд сууж явсан Хятад Улсын иргэдийн биед гэмтэл учирсан... хохирол төлсөн" гэх мэдүүлэг /хх-н  81-82-р хуудас/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Yu, Xiaqiang, Wang, Dongfeng нарын хууль ёсны төлөөлөгч Д.Дашнямын:” Манай хүмүүст хохирол учирсан боловч бүгд эмчлэгдээд нутаг буцчихсан одоон гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

 Хохирогч Д.Амарсанаагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: "...Ногоон дов гэх газар өгсүүр замд өгсөөд явж байсан чинь араас машин мөргөөд дугуй хагараад тэгээд би зогсоод харсан чинь араас Мазда маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан... Миний жолоодож явсан 47-36 УБЧ тээврийн хэрэгслийн арын гупер чихэгдсэн мөн арын нэг дугуй хагарсан...эвдрэл хохирлоо барагдуулах шаардлагатай байна..." гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/,

 

 Хохирогч Yu, Xiaqiang-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: "н.Тэгшээ тэр машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь өөдөөс машин ирж байсан тэгэхээр нь Тэгшээ буцаагаад рүүлээ дараад том ачааны машины араас мөргөөд осол болсон... миний баруун гар нэг хугарсан тэр үед хөл өвдөж байсан, гартаа хагалгаа хийлгэж оёдол тавиулсан... Жолоочид надын зүгээс гомдол, санал байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-н  19-21-р хуудас/,

 

Хохирогч Wang, Dongfeng-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ".. .осол болох үед унтаад явж байсан... нүдээ эмчлүүлмээр байна..." гэх мэдүүлэг, /хх-н 23-24-р хуудас/,

 

Гэрч Li Yunbing-ийн мөрдөн байцаалтанд өгсөн "...н.Тэгшээ жолооч машинтай ирээд бид нарыг аваад Өмнөговь явж байгаад замд урд ачааны том машин явж байсан. Тэгшээ явсаар байгаад тэр машины араас мөргөөд зогссон..." гэх мэдүүлэг, /хх-н  35-36-р хуудас/,

 

 Гэрч Fan caineng-ийн мөрдөн байцаалтанд өгсөн "...миний сууж явсан машин урд явсан машины араас мөргөсөн байсан...Тэгшээ гэдэг орчуулагч жолооч бариад явж байсан..." гэх мэдүүлэг, /хх-н  37-39-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн "...Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн замд миний эзэмшлийн 37-36 УБЧ улсын дугаартай Хово маркын тээврийн хэрэгслийг Амарсанаа нь жолоодож яваад араас тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол хэрэг болсон. Гомдол санал гэх зүйл байхгүй байна. Хохирол барагдуулах шаардлагатай байна..." гэх мэдүүлэг, /хх-н  26, 32-р хуудас/,

 

хохирогч Yu, Xiaqiang, Wang, Dongfeng нарын хууль ёсны төлөөлөгч, ирэгний хариуцагч Д.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн "...Тухайн осолд холбогдож биедээ гэмтэл авсан Хятад Улсын иргэд одоо Хятад Улсад эмчилгээ хийлгэж байгаа. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-32-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 510 дугаартай:

- Yu, Xiaqiang-н биед баруун атгаал ясанд хугарал, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүү эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-н  43-44-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаартай:

-  Wang, Dongfeng-н биед зүүн нүдний зүүн хажуу хана, гайморын хөндийн урд хананд хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн зовхи, -хацарт шарх, баруун, зүүн, зовхи, зүүн нүдний зөөлөн эд, эрүүний булчин хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь шүү эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт  /хх-н  48-49-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 511 дугаартай:

-  Fan caineng-н биед духанд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүднийзовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь шүү эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт  /хх-н  53-54-р хуудас/,

 

  • 2017 оны 08 сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

зургийн үзүүлэлтүүд /хх-н  6-14-р хуудас/,

  • Замын Цагдаагийн алба, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон

байвал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н  62-63-р хуудас/,

 

Төв аймгийн Замын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн тасгийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 00000085 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-81-40 УБҮ улсын дугаарын "Мазда" маркийн тээврийн хэрэгсэл жопоодож явсан Т.Тэгштулга нь замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.11 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн жврэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." 9-р бүлгийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.”гэх дүгнэлт / хх-н 65-р хуудас/,

 

  • “Итгэл Эстимэйт” ХХК-ийн №73510 дугаартай Мазда БТ-50 маркийн 81-40

УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-н 69-73-р хуудас/,

  • “Мастер үнэлгээ” ХХК-н №9746 дугаартай “Норт Бенз Хово” CIMC

ТНТ9406GSN маркийн 47-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-н 74-75-р хуудас/,

 

            Гэрч Fan caineng, Li Yunbing анрын 2017 оны 08 сарын 15-ны өдөр авто осолд орсон. Надад авто ослын талаар жолоочид ямар нэгэн гомдолгүй гэх /хх-н 83-85-р хуудас/,

 

            Хохирогч  Yu, Xiaqiang, Wang, Dongfeng нарын 2017 оны 08 сарын 15-ны өглөө осолд орсон. Бидний бие болон сэтгэл санаанд адилгүй хохирол учирсан. Гэхдээ МСМ компани болон жолооч хөлцөл өчиж мөн тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгосон. Бид нөхөн төлбөрт ямар нэгэн асуудалгүй. Д.Дашнян /ЦЗ77082115/ биднийг нөхөн төлбөр тал дээр төлөөлж болно. Бид МСМ компани болон жолоочид ямар нэгэн гомдол асуудал байхгүй гэх /хх-н 86-91-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Тэгштулаг нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар 81-40 УБҮ улсын дугаартай Мазда БТ-50 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Д.Амарсанаагийн жолоодож явсан 47-36 УБЧ улсын дугаартай Норт Бенз Хово маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Үu Xiaqiang-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Wang Dongfeng-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:

 хавтаст  хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тэгштулгын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Тэгштулгыг тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Т.Тэгштулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч Т.Тэгштулгын торгох ялыг 2018 оны 2 сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хянан шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цог овгийн Тэгшжаргалын Тэгштулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тэгшжаргалыг 452 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 452000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Тэгшжаргалыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 452000 /дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Тэгштулга нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Т.Тэгштулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т.Тэгштулгад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ