Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД:/,

Хариуцагч: Э газар

Хариуцагч: Э газрын дарга

Хариуцагч: Э газрын эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч Х.С, улсын байцаагч А.У, Б.О нарын хоорондын Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаал, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын холбогдох хэсэг болон Э газрын Улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т тоот актын "Х" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч А.У, хариуцагч бөгөөд хариуцагч Т.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагч бөгөөд хариуцагч И.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК тус шүүхэд хандаж “Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаал, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын холбогдох хэсэг болон Э газрын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т тоот актыг тус тус  хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Э газрын даргын дүгээр тушаалаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусийн идэвхжилт тодорхойлох нарийвчилсан тоон шинжилгээг хийж байгаа лабораторийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг байгуулсан. Үүний хүрээнд нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “ЭМДЕГ-ын даргын 2019.06.07-ны өдрийн дугаар тушаалаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, төрийн хяналт шалгалт хараат бусаар явагдах зарчим, хуульд заасан шаардлага хангаагүй төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрхгүй этгээдээр гүйцэтгүүлэхийг даалгаж байгаа нь илт хууль бус гэж үзэж байна.

Удирдамжид зааснаар Ажлын хэсгийн дэд дарга болон гишүүдээр томилогдсон хувийн хэвшлийн байгууллагын буюу өрсөлдөгч компаниудын төлөөлөл нь дурьдсан асуудлаар хяналт шалгалт хийх, нөхцөл байдлын үнэлгээ өгөх, чанар зардлын санхүүжилтийн гүйцэтгэлд дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авах эрхийг хэрэгжүүлнэ гэжээ

Иймд дээрх захиргааны шийдвэр үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль гэх мэт олон хуульд нийцэхгүй байгааг шалгаж, хуульд заасан хяналт шалгалтаа хэрэгжүүлнэ үү” гэх гомдлыг Эрүүл мэндийн сайд Д.Сд хандаж гаргасны хариуд Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 08-нд №******* дугаар албан тоотоор Э газрын дарга Ч.А*******т хандан Э газрын даргын 2019 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" дүгээр тушаалд хамтран ажиллах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөлтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн заалт нэмж оруулах, хамтран ажиллах байгууллагуудын жагсаалтыг батлах тухай санал хүргүүлсэн байна. Э газрын 2019 оны 08 дугаар сарын 12-нд А-2/1150 албан тоотоор "тус байгууллагын хүсэлтийг хүлээн авч, улсын байцаагч, хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсгийг Э газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 30 өдрийн 107 тоот тушаалаар дахин байгуулсан болно" гэсэн хариу өгсөн байна.

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Э газрын даргын дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 16.1.5. 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт. Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 6.1.2. "Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний хепатит вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн хяналт шалгалтын дунг хэлэлцсэн Газрын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн даатгалын гэрээг түр зогсоож шийдвэрлэсэн,

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Э газрын улсын байцаагч нарын Т актаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд 8714 даатгуулагчдад элэгний В, С вирусийн идэвхжил Тодорхойлох шинжилгээг IVD /in vitro diagnostic/ сертификатгүй, зөвхөн судалгааны зориулалттай "АВІ 7000" тоног төхөөрөмжөөр хийсэн нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.2, 20.2.3, 36.1 дэх хэсэг. Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Заавар, техникийн тодорхойлолт батлах тухай" 196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хепатитын В. С вирусийн халдварын илрүүлэг лабораторийн оношилгоо хийх заавар"-ын 7, Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Заавар батал тухай" А/288 дугаар тушаалын нэгдүгээр засралтаар батлагдсан "Хепатитын С вирусийн халдварын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээний заавар"-ын 4.2, хоёрдугаар хавсралтаар батлагдсан Хепатитын В. D вирусийн халдварын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээний заавар"-ын 3.3.3, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн Байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 5.1, 5.2-т заасныг тус тус зөрчин даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар үүсгэсэн үндэслэлээр 8714 даатгуулагчийн 876.760.000 төгрөгийг нөхөн гаргуулах, Э газрын даргын 2019 оны 107 107 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6, 17.3.1, 17.3.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 6.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж 8714 даатгуулагчийн 876.760.000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

3. “Х” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус асуудлаар Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын удирдах зөвлөлийн дарга Д.Сд гомдол гаргасан боловч гомдлын хариуг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд хариу өгөөгүй үндэслэлээр шүүхэд анх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1 Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу нийт 176.550.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн, нэхэмжлэгч тал шүүхээр сэргээлгэх эрх ашиг сонирхол байхгүй болсон учир үүнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна

...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэгт өрсөлдөгч байгууллага болох “Элэг төв”-ийн үүсгэн байгуулагч Н******* гэх хүнийг Ажлын хэсгийн дэд даргаар томилсон. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч байгууллагын нууцыг буюу санхүүгийн бүхий л мэдээлэл, дата мэдээлэл, үйлчлүүлэгч иргэдийн мэдээллийг хувийн мэйл хаягаар явуулахыг шаардсан. Иймд уг шалгалтын бүрэлдэхүүнийг  эс зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж Захиргааны ерөнхий хуулийн дагуу Э газрын дарга болон Эрүүл мэндийн яаманд хандсан. Гомдлын үндэслэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль заасны дагуу Нууцын тухай хуультай зөрчилдөж байна. Өрсөлдөгч компанийн эрх бүхий албан тушаалтнаар нэхэмжлэгч компанийн баримт бичгийг шалгах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд уг бүрэлдэхүүнд шалгуулахгүй гэж гомдол гаргасан. Э газраас уг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийн хүрээнд Эрүүл мэндийн яам шалгаж үзээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/3185 дугаар албан бичгээр санал дүгнэлт хүргүүлсэн.

Уг албан бичигт “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн талаар гомдол ирсэн бөгөөд Э газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалыг судалж үзээд Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсээс дүгнэлтийг хүргүүлсэн. Уг дүгнэлт нь. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалд өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүлсэн. Хариу бичиг нь хуулийн хэлтсээс судалж үзээд холбогдох хуулийн заалттай зөрчилдөж байна” гэх дүгнэлтийг хүргүүлсэн.

Уг ажиллагааны дараа Эрүүл мэндийн яамнаас Э газрын даргыг уг ажиллагааны талаар мэдэгдэхийг шаардсан бөгөөд үүний дагуу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/1150 дугаар хариу ажиллагааны баримт хүргүүлсэн. Уг баримтаар хариуцагч байгууллага дүгнэлт хийгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн зохион байгуулсан хяналт шалгалт хийлгэхээс татгалзсан учраас Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаар тушаалаар Э газрын улсын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийг дахиж байгуулсан” гэх хариуг ирүүлсэн. Тус удирдамжийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд шалгалт хийгдэхээр болсон.

4.2. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын хууль зүйн хүчинтэй гэж үзэж 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний танилцаагүй баримтууд гарч ирсэн тус баримтуудтай танилцсанаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар хүчингүй болсон байсан. Энэ талаар хариуцагч байгууллагаас удаа дараа тодруулахад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал хүчинтэй гэх тайлбарыг өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хүчинтэй байгаа тул хууль бус актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

4.3. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалын дагуу байгуулагдсан хууль бус бүрэлдэхүүнээс гарсан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаал нь хууль бус бүрэлдэхүүнээс гарсан шийдвэр.

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаалыг гаргахын өмнө 2019 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр гарсан дүгнэлт байдаг. Хариуцагч байгууллагын холбогдох ажилтнууд болон хууль бус бүрэлдэхүүний оролцоотойгоор хяналт хийгдэж танилцуулга, дүгнэлт гарч Э газрын даргаас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаал гарч байгаа. Уг тушаалын үндэслэл нь өмнө шаардлагатай холбогдож байгаа. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаалаар Х ХХК-ийн гэрээг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зогсоож байна. Тушаалын нэр нь даатгалын гэрээг түр зогсоох тухай гэсэн байдаг. Уг тушаалаараа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Э газраас хийгдэх санхүүжилтийг түр зогсоосон байгаа. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг, хариуцагч байгууллагатай харилцдаг цахим системд хандах эрхийг нь хязгаарласан. Энэ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг зогсоосон учраас маргаж байгаа. Уг тушаал холбогдох хууль зөрчсөн болохыг дараа дараагийн шатанд тодруулна. Уг шүүх хуралдаанд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаалаар тогтоогдсон зөрчил хэлэлцэгдэнэ. Ийм учраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.4. Э газрын байцаагч нарын гаргасан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т дугаар актын хувьд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн шалгалт хийж байгаа. Уг бүрэлдэхүүн шалгалт хийх явцад нэхэмжлэгч талаас хүндрэл учруулж, шалгалтын ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Өмнөх бүрэлдэхүүний тухайд шалгалт хийлгэхгүй гэдгээ Сиди бичлэгээр баталгаажуулж байсан. Харин уг тушаалаар томилогдсон бүрэлдэхүүнд баримт бичгийг шалгах боломжийг хангалттай олгосон. Харин уг ажлын хэсгийн шалгах цаг нь нэхэмжлэгч компанид хамааралгүй бөгөөд ажлын хэсгийн эрх хэмжээний асуудал.

Нэхэмжлэгч компани шалгалтын үйл ажиллагаанд саад учруулаагүй. Уг маргаан бүхий актын хувьд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалд үндэслэж гарсан бөгөөд актын нэр нь Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт байгаа. Уг актаар байцаагчид хоёр зөрчлийг  тогтоосон. Эхний зөрчлийн тухайд нэхэмжлэгч компани нь 8716 даатгуулагчид элэгний B, С вирусийн идэвхжилийг тодорхойлох шинжилгээ ABI 7000 төхөөрөмжөөр хийсэн байсан. ABI 7000 төхөөрөмж нь сертификатгүй бөгөөд Монгол улсын хэмжээнд даатгуулагч нарт шинжилгээ хийх хориотой, шинжилгээ хийх эрхгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн нь зөрчил гэж үзсэн. Энэ нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, холбогдох журам болон гэрээний заалтын агуулгатай зөрчилдсөн гэж тайлбарладаг.

4.5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ABI 7000 төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийсэн тоног төхөөрөмж нь мөн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй. Иймд Монгол улсын хэмжээнд тухайн төхөөрөмжийг хянаж үзээд шинжилгээ хийсэн төхөөрөмж нь ABI 7000 төхөөрөмж биш хариуцагч байгууллагатай тохиролцож байсан, бүрэн автоматаар оношилгоо хийдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж байна. Иймд шинжээч томилж үүнийг тогтоолгохоор хандсан. Учир нь үүнийг шүүх ажиллагаа хийх замаар тогтоох боломжгүй тул шинжээчээр Эрүүл мэндийн яамыг томилсон.

Дараагийн үндэслэлийн хувьд шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж баримт материалаа гаргаж өгөхөөс татгалзсан гэдэг үндэслэл байгаа. Энэ нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсгийг зөрчсөн. Эдгээр зөрчил нь тогтоогдож байгаа учраас дүгнэлтээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлтээр эдгээр зөрчил тогтоогдсон гэж дүгнэдэг. Эдгээр зөрчил гарсан учраас байцаагч нар нь нь нэхэмжлэгчид санхүүжилт болгож олгосон хөрөнгө болох 876.760.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буцаан шилжүүлэх тухай шийдвэр гаргасан. Агуулгын хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хоёр зөрчил гаргасан тул нэхэмжлэгчид санхүүжилт болгож олгосон хөрөнгө болох 876.760.000 төгрөгийг буцааж төлөхийг шаардсан актыг хэлэлцэх гэж байна. 2019 оны 04 дүгээр сараас эхэлж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т дугаар актыг гарах хүртэлх хугацаанд гарсан актуудыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа” гэжээ.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн Агентлагийн эрхлэх асуудал, удирдлага, зохион байгуулалтын бүтцийн дагуу Агентлагийн удирдлага нь 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж заасны дагуу тушаал гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүрэг 16 дугаар зүйлийн 16.1.3 даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны хяналт хариуцлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналт хийхдээ тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих, маргаан шийдвэрлэхэд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч талуудтай хамтран ажиллана,. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар тогтоолын хоёр дугаар хавсралт Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дах хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих, маргаан шийдвэрлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо шинжээч даатгуулагч, оролцогч, хамтрагч талуудтай хамтран ажиллах. Тус дүрмийн 3.2.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж болон эрүүл мэндийн даатгалын байгууллага, байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаатай Холбоотой тушаал гаргах заалтыг тус тус үндэслэн гарсан байна.

Нэхэмжлэлд дурдсан дугаар тушаалаар манай байгууллагын санхүүгийн болон дотоод үйл ажиллагаа, технологи болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг өрсөлдөгч бизнесийн хувийн хэвшлийн компанийн төлөөлөлд олгож, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан байдаг гэх бөгөөд Элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад явцын хяналт хийж, нөхцөл байдлын үнэлгээ өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дүрмийн 3.1.18, 3.2.1-д заасан байгууллага, албан тушаалтныг томилон ажилласан нь хууль, журмын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг гэж үзэхээр байх бөгөөд уг тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчинтэй байгаа болно.

5.2. Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдийн дугаар Даатгалын гэрээг түр зогсоох тухай тушаал нь Э газартай байгуулсан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг түр зогсоох лабораторийн нэрсийг гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг нарийвчлан шалган тогтоох, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах тухай гарсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг түр зогсоосон 15 лаборатори байсан бөгөөд үүнд Х лаборатори багтсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Элэгний В,С вирус идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтын дүнд авсан арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудалд Х лаборатори 2017-2019 онуудад архивын баримтуудад зөвлөн судлах зориулалттай АВІ 7000 тоног төхөөрөмжөөр хийгдсэнээр хүргэгдсэн, Э газрын 2017 оны сонгон шалгаруулалтад мэдүүлсэн тоног төхөөрөмжөөр элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийгээгүй гэсэн байна.

5.3. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/08 дугаартай Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай 12 дугаар тогтоолыг дагаж мөрдөхөөр заасан бөгөөд бусад хууль, журам, тогтоол, тушаалыг дагаж мөрдөхөөр заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэгт, 13.1.2. “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах”, 13.1.4. “даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх”, 13.1.6. “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх Даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх”, 13.1.10. “эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий Байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж тус тус заасан байдаг.

5.4. 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 06/22 дугаар Оношилгоо, шинжилгээ тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний 2.1.4.1, 4.2, 4.3, 4.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт Дараах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг дараах тохиолдолд түр зогсооно 6.1.2, 6.1.5-т заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй мөн хууль болон гэрээнд заасан олон үүргээ биелүүлээгүй нь Э газрын даргын тушаалд Х лаборатори багтсан гэж үзэхээр байна. Иймд Х лабораторт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэхээр байх бөгөөд Э газрын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх Улсын байцаагчийн акт хүчинтэй байгаа болно” гэжээ.

5.5. Хариуцагч Х.С шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: “2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг томилогдсон. Э газрын даргаас баталсан удирдамж, Эрүүл мэндийн сайдаас баталсан эмнэл зүйн зааврыг хангасан тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа талаараа үзүүлж, гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаар тушаалын дагуу шалгалт эхлүүлсэн бөгөөд Э газартай байгуулсан 2 тоног төхөөрөмж болох GeneXpert IV болон NATCH-Sansure гэх тоног төхөөрөмжөөр хийсэн эсэх дээр шалгалт хийсэн. Тодруулбал GeneXpert IV бүрэн автомат тоног төхөөрөмж дээр хийсэн шинжилгээ нь яг тухайн тоног төхөөрөмж дээр хадгалагдаж үлддэг. Түүнийг мэргэжлийн хэллэгээр лог гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн GeneXpert IV тоног төхөөрөмжөө үзүүлсэн бөгөөд 8700 даатгуулагчийн логийг үзэж чадаагүй. Иймд бид нар тухайн GeneXpert IV тоног төхөөрөмжийн урвалж бодисыг худалдаж авсан баримтыг үзүүлэх шаардлага тавихад эдгээр баримт бичгийг үзүүлээгүй. Үүний дараа тухайн барилгын тог тасарсан. Улсын байцаагч 2 цаг хүлээсэн боловч тог ирээгүй. Ойролцоох барилгын тог байсан учир баримт бичгээ гаргаж өгөхгүй юм байна гэж үзээд шалгалтын ажиллагааг зогсоож явсан.

5.6. ABI7000 буюу оношилгоонд зориулагдаагүй, зөвхөн судалгаа шинжилгээнд ашиглагддаг тоног төхөөрөмжийг хүний оношилгоонд ашигласан гэдгийг иргэдэд өгсөн шинжилгээний хариу дээр ABI7000 гэж гарсан байсан. Үүнтэй холбоотой иргэдээс Э газарт гомдол гаргаж байсан. Мөн шалгалтын явцад нэхэмжлэгч талаас гаргуулсан шинжилгээний хариу дээр авагдсан баримтаас харахад тухайн үйл баримт нотлогдож байгаа. Тухайн төхөөрөмж дээр логийг нь үзэх гэсэн боловч болоогүй. Тухайн тоног төхөөрөмжид таарах урвалж бодис худалдаж авсан баримтаа нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Тухайн тоног төхөөрөмжүүдэд тохирсон урвалжаа оруулж ирээд Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгүүлдэг. Бид үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд албан бичиг өгч уг мэдээллийг авахад GeneXpert IV болон NATCH-Sansure гэх бүрэн автомат тоног төхөөрөмжийн урвалжийг худалдаж авсан талаарх баримтыг ирүүлээгүй. Э газартай байгуулсан GeneXpert IV болон NATCH-Sansure гэх тоног төхөөрөмжөөр гэрээ байгуулаагүй судалгаанд ашиглах зориулалттай ABI7000 гэх төхөөрөмжөөр 8700 гаруй даатгуулагчийн шинжилгээ буруу гарах эрсдэлтэй байсан гэж үзээд нэхэмжлэгч компани акт тавьсан. Мөн 8700 гаруй даатгуулагч иргэдийн шинжилгээг давтаж хийж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй байх үүднээс уг актыг тавьсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргасан “Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3. 23.3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3.1.18. 3.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд гепатитын вирусийн идэвхжил тодорхойлох нарийвчилсан тоон шинжилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын 2017 оны 3 дугаар улирлаас хойш гүйцэтгэсэн шинжилгээний үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, мөн шинжилгээ хийж байгаа үйл ажиллагааны явцыг газар дээр нь сорил шинжилгээ хийлгэх замаар стандарт ажилбарын мөрдөлтийг шалган. чанарын нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж...удирдамжийн дагуу ажиллаж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор Газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэг /И.Э/-д үүрэг болгосон ба тус Ажлын хэсгийн даргаар: Э газрын Тусламж үйлчилгээ чанарын дарга И.Эыг, Ажлын хэсгийн дэд даргаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Шинжлэх ухааны доктор Д.Н******* болон нэр бүхий лабораториудын төлөөлөл, тухайлбал "Х" лабораторийн төлөөллийг оролцуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...өрсөлдөгч компанийн төлөөллийг ажлын хэсэгт оруулсан байсан тул шалгуулахгүй гэж гомдол гаргасан, Төрийн хяналт шалгалтын хууль зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба тухайн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сд хандаж гомдол гаргасны хариуд Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 08-нд №******* дугаар албан тоотоор Э газрын дарга Ч.А*******т хандан Э газрын даргын 2019 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" дүгээр тушаалд хамтран ажиллах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөлтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн заалт нэмж оруулах, хамтран ажиллах байгууллагуудын жагсаалтыг батлах тухай санал хүргүүлсэн”-ээс гадна Э газрын 2019 оны 08 дугаар сарын 12-нд А-2/1150 албан бичгээр нэхэмжлэгч "байгууллагын хүсэлтийг хүлээн авч, улсын байцаагч, хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсгийг Э газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/107 тоот тушаалаар дахин байгуулсан"-ыг мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж  тус тус заажээ.

Дээрхи хуулийн заалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн захиргааны акт нь нэр бүхий лабораторид хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан тушаал байх бөгөөд Ажлын хэсэг байгуулсан Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь тухайн байгууллагын хувьд зохион байгуулалтын шинжтэй дотогшоо чиглэсэн баримт бичиг байх бөгөөд  нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинж агуулаагүй тул захиргааны акт  гэж биш.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Ажлын хэсгийг байгуулахдаа Дэд даргаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Шинжлэх ухааны доктор  Д.Н*******ыг томилсныг  “...бизнесийн өрсөлдөгч компаниудын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй, Төрийн хяналт шалгалтын хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компани гомдол гаргасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/107 тоот тушаалаар өөр бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсгийг томилсон, А/107 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсгээс хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн байх тул дүгээр тушаал нь нэхэмжлэгчид шууд үр дагавар үзүүлээгүй байна.

Иймд Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан “Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар бүхий “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 16.1.5, 17 дугаар зүйлийн 17.3.4, Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 6.1.2. "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний хепатит вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн Газрын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн хавсралтад дурдсан эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын сангаас олгох санхүүжилтийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түр зогсоох, Санхүүжилтийг түр зогсоосон эрүүл мэндийн байгууллагуудын цахим системд нэвтрэх эрхийг хаахыг Мэдээллийн технологийн хэлтэс /Х.Б*******/-т үүрэг болгон,  эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг нарийвчлан шалган тогтоох, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулахыг холбогдох хүмүүст тус тус даалгаж шийдвэрлэсэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг түр зогсоох лабораторийн 7-д  “Х лаборатори” багтсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 16.1.1-д “эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;”, 16.1.3-д “Даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх” мөн зүйлийн 16.1.5-д “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох;” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч дараах эрх, үүрэгтэй:”, 17.3.4-т “Холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус төлбөртэй эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, уг тушаалын үндэслэл болгосон Ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Н*******:...Хаппи вэритас лаборатори нь 2017 онд гэрээ байгуулахдаа энэ аппаратаар шинжилгээ хийнэ. 04 дүгээр сарын 11-нд гадаад чанарын шалгалтад хамрагдсан. Өвчтөнд өгдөг шинжилгээний хариунд лабораторийн эмч н.Н******* гэдэг эмч байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрсөн. Урвалж бодис-MJ үйлдвэрлээгүй, Hish гэдэг аппаратаар шинжилгээ хийсэн гэж Э газраас гарсан. 1260-Эрүүл мэндийн үндэсний төвөөс лиценз авсан. Өвчтөнд өгсөн хариунд ABI7000 for research use only шинжилгээ хийж болохгүй аппаратаар хүнд шинжилгээ хийсэн.180 хоногийг 10 цагаар үржүүлэхэд нийт 1800 гаруй хүнд шинжилгээ хийсэн. 2.4 тэрбум, 2017-2019, эрхийг хасах” гэж хэлснийг тэмдэглэсэн,

Мөн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Элэгний В С вирусийн  идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан”-гийн “Хоёр. Эрүүл мэндийн даатгалын гэрээг түдгэлзүүлэх лабораториудын талаар” хэсгийн 1-д “Х” лабораторид 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1 дүгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтыг эхлүүлж...12 даатгуулагчтай утсаар холбогдон мэдээлэл авахад...шинжилгээний архивын баримтуудыг шалгахад...ур чадварын бодит сорилтыг лаборант Ө.Т*******...шинжилгээг хийж гүйцэтгэв...лаборантын механик ур чадвар сайн байсан...С.Д захирал “ажлын цаг дууссан” гэснээр шалгалтын үйл ажиллагааг зогсоов” гээд Э газартай байгуулсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-г түр түдгэлзүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардалд олгосон 876.760.000,00 /Найман зуун далан зургаан сая долоон зуун жаран мянган/ төгрөгт улсын байцаагчийн акт тогтоох, уг лабораторийн гепатитын С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээгээр вирус тоологдоогүй буюу "not detected" хариутай, мөн гепатитын В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээгээр 2000 IU/mL-аас бага хариутай бүх даатгуулагчдыг Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий бусад лабораторид дахин шинжилгээнд хамруулах.  Шалгалтын үр дүнг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт танилцуулж, холбогдох арга хэмжээг авах санал хүргүүлэх, шалгалтын үр дүнг үндэслэн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх гэсэн санал оруулж Ажлын хэсгийн дарга И.Э, Ажлын хэсгийн дэд дарга Д.Н******* нар гарын үсгээ зурсан болох нь тогтоогдов.

Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг үндэслэсэн нь хууль бус,...он онд гэрээг шинэчилж хийдэг, манайх аль гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй атлаа санхүүжилтийг түр зогсоосон нь үндэслэлгүй” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “...06/22 дугаар гэрээний 6.2.2, 6.2.3-ыг зөрчсөн” гэж маргаж байна.

Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийг өөрчилж Д.Н*******ыг хасч өөр бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/107 тоот тушаалаар томилсон атлаа  өмнөх Ажлын хэсгийн тайлан, шалгалтын дүнг үндэслэн гарсан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй, уг тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий лабораториудад хийх хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хяналт шалгалт хийх эрх олгогдоогүй Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Шинжлэх ухааны доктор Д.Н*******ыг оролцуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх”, 10 дугаар зүйлийн 10.4-т “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцээгүй, мөн Д.Н******* нь өөрийн хувийн имэйл хаягаар нэхэмжлэгч байгууллагаас баримт бичиг ирүүлэхийг шаардсан нь хууль бус, энэ үндэслэлээр дээд шатны захиргааны байгууллагад гаргасан нэхэмжлэгч байгууллагын гомдлыг хүлээн авч Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 08-нд №******* дугаар албан тоотоор тодорхой санал хүргүүлсэн байхад 2019 оны 7 дугаар сарын 09-нд дээд шатны байгууллагаас буруу гэж үзсэн Ажлын хэсгийн шалгалтын тайлан, дүнг үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргасан нь хууль бус.  

Өөрөөр хэлбэл Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Шинжлэх ухааны доктор Д.Н*******ыг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оролцуулсан нь анхнаасаа Төрийн хяналт шалгалтын хуулийн 4.1.6-д заасныг зөрчсөн, үүнийг дээд шатны захиргааны байгууллагаас мэдэгдсэн байхад түүний ахалж явуулсан шалгалтын тайлан, дүнд үндэслэн нэхэмжлэгчийн “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” дугаар тушаал гаргасан нь хууль бус, уг хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “эрүүл мэндийн даатгалын гэрээний үлгэрчилсэн загвар”-ын 6 дугаар зүйлийн 6.2-т “гэрээг дараахь тохиолдолд цуцална” гэж заасан, уг гэрээнд “даатгалын гэрээг түр зогсоох” талаар заагаагүй талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 06/22 дугаар гэрээнд 6.2.2.  6.2.3 гэх заалтууд байхгүй, 06/02 дугаар гэрээний 6.2.2, 6.2.3-ыг зөрчсөн гэх асуудлыг маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгоогүй.

Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэвэл маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон Ажлын хэсгийн дүгнэлт, тайланд даатгалын гэрээг түр зогсоох санал гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “гэрээг түр зогсоох” үндэслэл, нөхцөлийг заагаагүй байхад захиргаа ямар үндэслэлээр Даатгалын гэрээг түр зогсоох шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч зөрчил гаргасан болохыг хангалттай тогтоогоогүй атлаа шийдвэр гаргасан нь захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 4.2.5-д заасан тухайн “шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гурав. Э газрын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т дугаар бүхий “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шалгалтын танилцуулгад “Х лаборатори нь...“Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийхээр Э газартай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах" 06/22 дугаар гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 06/22 дугаар гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 05/15 дугаар гэрээ, элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийхээр 2019 оны 01 дүгээр сарын 02- ны өдөр 06/08 дугаар гэрээг тус тус байгуулан...элэгний вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг  БНХАУ-ын "NATCH- Sansure" компанийн нуклейн хүчил ялгах анализатороор полимеразын гинжин урвалыг БНХАУ-ын "SLAN 96-ПГУ"-ын тоног төхөөрөмжөөр хийж байна, элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн АНУ-ын Cepheid корпорацийн GeneXpert IV бүрэн автомат тоног төхөөрөмжийн цахим бүртгэлд 90 хүнд шинжилгээ хийсэн мэдээлэл хадгалагдсан ба БНХАУ-ын "NATCH- Sansure" компанийн нуклейн хүчил ялгах тоног төхөөрөмжийн цахим бүртгэлийг тодорхой хугацааны давтамжтайгаар архивлан хадгалдаггүй, 2017-2019 онуудад шинжилгээ хийсэн архивын баримтуудыг түүвэрлэн шалгахад даатгуулагчдад очсон шинжилгээний хариу "АВІ 7000” тоног төхөөрөмжөөр хийгдсэнээр хүргэгдсэн байв. 2017-2019 онуудын баримтуудаас 26 ширхэг боть баримтыг түүвэрлэн авав... хяналт шалгалтад удаа дараа саад учруулж байв, иймд ажлын хэсэг...оношлуурын тоог Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба, Л******* ХХК-аас албан хүсэлт тавьж, авсан, худалдан авсан оношлуурыг тооцож үзэхэд GeneXpert IV тоног төхөөрөмжөөр 99 даатгуулагчид элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг, "NATCH- Sansure" тоног төхөөрөмжөөр 12636 даатгуулагчид элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхээр байна” гэж дүгнэсэн.

 Уг танилцуулгын “шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал” гэх хэсэгт нэхэмжлэгчийг Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 онуудад нийт 22235 даатгуулагчдад шинжилгээ хийснээс 9500 даатгуулагчдад элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг ямар тоног төхөөрөмж, урвалж бодис хэрэглэн хийсэн талаар баримт материал гаргаж өгөөгүй, 2017-2019 онуудад элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний архивын баримтуудаас харахад даатгуулагчдад шинжилгээний хариу "АВІ 7000" тоног төхөөрөмжөөр хийгдсэнээр хүргэгдсэн нь зөвхөн судалгааны зориулалттай, IVD in vitro diagnostics/ сертификатгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийсэн нь тогтоогдож байна, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны сонгон шалгаруулалтад элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг АНУ-ын Cepheid корпорацийн GeneXpert IV бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийхээр мэдүүлсэн боловч 8689 даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг тус тоног төхөөрөмжөөр хийгээгүй байна,...шинжилгээ хийсэн тоног төхөөрөмжийн цахим бүртгэлийг тодорхой хугацааны давтамжтайгаар архивлан хадгалдаггүй, Ажлын хэсгийн бичиг баримтыг гаргах ажиллагаанд удаа дараа саад учруулж шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан” нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6, 17.3.1, 17.3.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1, Эрүүл мэндийн Даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 6.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэж дүгнэн

Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардалд олгосон 876.760.000,00 /найман зуун далан зургаан сая долоон зуун жаран мянган/ төгрөгт улсын байцаагчийн акт тогтоох, 2019 оны 06/08 дугаартай "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-г цуцлах, хяналт шалгалтын үр дүнг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт танилцуулж, холбогдох арга хэмжээг авах болон шалгалтын үр дүнг үндэслэн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх саналыг тус тус оруулсан байна.

Түүнчлэн уг шалгалтын танилцуулгыг үндэслэн гаргасан Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т ”Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актаар “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Э газрын даргын 2019 оны А/107 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг хийж тус лаборатори нь 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд 8714 даатгуулагчдад элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг IVD /in vitro diagnostics/ сертификатгүй, зөвхөн судалгааны зориулалттай "АВІ 7000" тоног төхөөрөмжөөр хийсэн нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.3. Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.2, 20.2.3. 36.1 дэх хэсэг. Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Заавар, техникийн тодорхойлолт батлах тухай" А/196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг лабораторийн оношилгоо хийх заавар"-ын 7. Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Заавар батлах тухай” А/288 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хепатитын С вирусийн халдварын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээний заавар"-ын 4.2, хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хепатитын В. В вирусийн халдварын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээний заавар"-ын 3.3.3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 5.1, 5.2-т заасныг тус тус зөрчин даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар үүсгэж, 876.760.000,00 /найман зуун далан зургаан сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн зардлыг нэхэмжилж эрүүл мэндийн даатгалын санг хохироосон” гэж,

Мөн Э газрын даргын 2019 оны 107 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж тус тус дүгнэн...Эрүүл мэндийн даатгалын сангаас 8714 даатгуулагчийн 876.760.000,00 /найман зуун далан зургаан сая долоон зуун жаран мянган төгрөгийн зардлын төлбөрийг  нэхэмжилж авсныг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Төрийн сангийн банканд дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 1******* дугаар дансанд төлөхийг "Х" ХХК-ийн захирал С. Д, нягтлан бодогч Б.А******* нарт хариуцуулсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Эрүүл мэндийн байгууллага дараах үүрэг хүлээнэ:” гэж, 20.2.2-т “барилга байгууламж, оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж болон холбогдох бусад техник хэрэгсэл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх”, 20.2.3 дах хэсэгт “Үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй:” гэж, 13.1.4-т “даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх”, 13.1.6 дах хэсэгт “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх” үүрэгтэйг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч дараах эрх, үүрэгтэй:”, 17.3.4-т “...зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” 17.3.5-д “эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн...-д холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэж, зөрчлийг давтан гаргасан этгээдийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх” гэж тус тус заасан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 5.1-д “Даатгуулагчийн эрүүл мэндийн бодитой хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, холбогдох стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай, цогц байдлаар үзүүлнэ.”, 5.2-т “Эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох бусад хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тушаал, дүрэм, журам, стандартыг мөрдөж, даатгуулагчдыг эмчлүүлэх таатай нөхцөл бололцоогоор ханган, тэдэнд хүндэтгэлтэйгээр хандаж, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч компани дээрхи Улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...холбогдох баримтыг Д.Н*******ын хувийн мэйлээр шаардсан тул өгөхгүй гэж татгалзсан, ABI7000 төхөөрөмж байгаа эсэхийг ч тогтоогоогүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт гаргуулахгүйгээр интернетээс авсан мэдээлэлд үндэслэн 876,0 сая төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсныг хариуцагч нар “...шалгуулахгүй гэж татгалзсан, ажлын хэсгийн танилцуулгыг үндэслэж улсын байцаагчийн акт гаргасан, зөвхөн судалгаанд ашиглах заалттай төхөөрөмжөөр шинжилгээ хийж байсан нь тогтоогдсон...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал 2017-2019 онуудад элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний архивын баримтуудаар даатгуулагчдын шинжилгээний хариу "АВІ 7000" тоног төхөөрөмжөөр хийгдсэн гэж тэмдэглэгдсэн, үүнийг хариуцагч улсын байцаагч нар судалгааны зориулалттай /IVD in vitro diagnostics/ сертификатгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийсэн нь буруу гэж тодорхойлон үүнийг нотлох баримтаар “АВІ7000” төхөөрөмжийн танилцуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Уг "АВІ 7000" тоног төхөөрөмжийн танилцуулга гэх баримт нь интернетээс хайлтын дүнд гарч ирсэн англи хэл дээр хэвлэгдсэн баримт бөгөөд түүний орчуулгад “зөвхөн судалгааны зориулаттай” гэсэн байх хэдий ч зөвхөн уг баримтыг үндэслэн “судалгааны зориулалттай /IVD in vitro diagnostics/ сертификатгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийсэн” гэж шууд үзэх нь учир дутагдалтай, энэ тохиолдолд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа хариуцагч нар нь мэргэжлийн эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн “Э газрын даргын 2019 оны 107 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан” гэх зөрчлийн тухайд, тус лабораторид хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн “...шалгалтын танилцуулга”-д “...архивын баримтыг түүвэрлэн шалгахад...26 ширхэг боть баримтыг түүвэрлэн авав,шинжилгээнд шаардлагатай худалдан авсан оношлуурын тоог Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба, Л******* ХХКиас хүсэлт тавьж авсан,...99 даатгуулагчид элэгний С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээг, 12636 даатгуулагчид В С вирусийн шинжилгээ хийж байна...” гэхчилэн дурдсанаас үзвэл хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээргүй  байна.

Өөрөөр хэлбэл дээрхи танилцуулганд дурдсанаар хариуцагч Улсын байцаагч нар нь тус лабораторид хийвэл зохих хяналт шалгалтыг удирдамжид заасны дагуу хийсэн, хэрэв  хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзсэн тохиолдолд Улсын байцаагч нар нь зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах бүрэн эрхтэйг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.12-т заасан боловч энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч байгууллагыг дээрхи зөрчлийг гаргасан гэж дүгнэн улмаар 8714 даатгуулагчийн 876.760.000,00 /найман зуун далан зургаан сая долоон зуун жаран мянган төгрөгийн зардлын төлбөрийг  нэхэмжилж авсныг буцаан төлүүлэхээр Улсын байцаагчийн акт гаргасан нь хууль бус.

Түүнчлэн уг актад "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 5.1, 5.2-т заасныг тус тус зөрчсөн, даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар үүсгэж...эрүүл мэндийн даатгалын санг хохироосон” гэж дүгнэсэн.

Гэвч дээрхи гэрээ нь хэдэн оны гэрээ болох нь тодорхойгүйн дээр хариуцагч нар нэхэмжлэгчийг 876 760 000 төгрөгийн дүнгээр эрүүл мэндийн даатгалын санг хохироосон гэж дүгнэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэзээнээс хэдий хүртэлх хугацааг хамруулж байгаа нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

 Хуулийн дээрхи заалтаас үзвэл Улсын байцаагч нар актыг гаргахдаа “Х лаборатори” ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг хангалттай нотлоогүй, хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, ямар хуулийн аль заалтын дагуу, ямар үндэслэлээр 876 760 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй,  хяналт шалгалтанд саад учруулсан үндэслэлээр 876 760 000 төгрөгийг даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул актыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Дөрөв. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу нийт 176.550.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах” хэсгээс шүүх хуралдааны явцад татгалзсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь хууль зөрчөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс нэхэмжлэгч татгалзсан тул тухайн асуудлаар дахин маргах, давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6, 17.3.1, 17.3.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Э газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон Э газрын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Т дугаар бүхий “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргасан “Э газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу нийт 176.550.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах” хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН