Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

2020         09             09                                         2020/ДШМ/26

 

М.Од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Баянбилэг,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолтой М.Од холбогдох 2038002320217 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Монгол овогт Мөнхбатын О, ...... оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч М.О нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Prius-20 маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Учран” дэлгүүрийн урд талын 4 замд Toyota Рrius-20 маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Д.Чгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Монгол овогт Мөнхбатын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Мөнхбатын Ог хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, эсвэл гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялыг оногдуулахгүйгээр шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдаж, шүүгдэгч М.Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохирол иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржид 1,060,000 төгрөг, “Хөвсгөл Эрчим хүч” ХХК-нд 585,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-тзааснаар хохирогч Д.Ч нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Огээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баянбилэг эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн дээрхи шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Учир нь шүүгдэгч М.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Toyota Prius-20 маркийн 2830 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Учран” дэлгүүрийн урд талын 4-н замд Toyota Prius-20 маркийн 9989 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг зам тээврийн ослын улмаас иргэн Д.Чгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн яллах дүгнэлтэд дурдаагүй зүйл ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж гэж дурдсан нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан байхад эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ял завших нөхцөл байдал бий болгожээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.О нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Prius-20 маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Toyota Prius-20 маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Д.Чгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос М.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаас гадна мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж/ буюу яллах дүгнэлтэд тусгаагүй заалт баримтлан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай ангид заасан эрх хасах ял оногдуулаагүй байна.

Анхан шатны шүүх “...тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах” Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах” Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг  анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургадугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх учиртайг анхааран ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Од урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ