Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02600

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27 181/ШШ2024/02600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай, * тоот хаягт оршин байх, А ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Г.А нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, * тоотод оршин сууж, Ю ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк-тай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0148/000370/2021 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 8,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 5 дугаар сарын 15- ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 5,845,000 төгрөг байна.

Дээрх зээлийн эрсдэл нь А ХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно.

Хариуцагч 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдохгүй, бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооноос нь тодруулахад албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна.

Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Г.А /РД:*/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.З, Б.Ж нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0148/000370/2021 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн хүсэлтийн хуулбар, зээлийн дансны хуулгын хуулбар, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №Б/66 дугаартай тушаалын хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/6251 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, зээлийн дансны хуулгын хуулбар, шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Даатгалын хувийн хэлтэст шилжүүлэх зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт-ын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Цалингийн эрсдэлийн даатгалын гэрээ-ний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ-ний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 550 тоот тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч А ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч А ХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ байгуулсан байх ба тус гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банк ХХК, Г.А нарын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №0148/000370/2021 дугаартай Цалингийн зээлийн гэрээ-ний өр төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд 5,805,249 төгрөг шилжүүлсэн байх тул Г.А-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А нь Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 550 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу М овогт Г.А /РД:*/г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар М овогт Г.А /РД:*/г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М овогт Г.А /РД:*/г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. М овогт Г.А /РД:*/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А ХК /утас:/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ