Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0966/З |
Дугаар | 128/ШШ2024/0061 |
Огноо | 2024-01-16 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Л /РД:/
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Л Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4.3.2 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 266 дүгээр тогтоолоор баталсан "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийн 3 дах хэсгийн 3.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт, Гомдлын шаардлагын салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн иргэн М.Лаас гаргасан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 15 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 32/42 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 15 дугаар тогтоолыг хэвээр үлдээж байгаа талаараа мэдэгдсэн. Үүнийг М.Л эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
4.1. Нэхэмжлэгч М.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 1973 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоо 50 настай улсад 27 жил ажилласан ба үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 17 жил 7 сар 12 хоног ажилласан.
Үүнд: "О ХХК-ий захирлын 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 54 тоот тушаалаар 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2003 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус компанид Нефть хангамжийн операторчноор, "Т*******" ХХК-ий захирлын 2003 оны 09 дүгээр сарын 01-ний 41 тоот тушаалаар нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус компанид Нефть хангамжийн операторчноор, "О ХХК-ий захирлын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 73 тоот тушаалаар нефть баазад шатахуун ачигч буулгагчийн үүрэгт ажилд томилогдож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Шатахуун ачигч буулгагчаар ажилласан."О ХХК-ий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/122 тоот тушаалаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс Нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нефть хангамжийн операторчноор ажилласан.
"Х*******" ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 12-нд Хангамжийн туслах ажилтнаар томилогдож, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг ажилласан.
4.2. М.Л миний бие 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 50 нас хүрсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дах хэсэгт "нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр" тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасны дагуу Тэтгэвэр тогтоолгох материалаа бүрдүүлэн, 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн.
Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь миний ажиллаж байсан ажил мэргэжлийг /Нефть хангамжийн операторчин, Шатахуун ачигч буулгагч/ тэтгэврийг хөнгөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад заасанд хамаарахгүй байна гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг амаар өгч, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаж болно гэсэн.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд 15 тоот тогтоолдоо: "... Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тогтоолоор баталсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын /...Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, тос цэвэрлэх цехийн ажилласан тос боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч тунгаагч, мастер, инженер/-т хамаарах тул.." гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.
4.3. Миний ажиллаж байсан "Т*******", "О ХХК-д нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан ажилтнууд Хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон. Бид өдөр тутам бензин, дизель гэх мэт түлштэй байнга харьцдаг тул Нефть хангамжийн операторчин болон шатахуун ачигч буулгагчийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тогтоолоор Тэтгэврийг хөндөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад оруулсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...", Арван зургаа дугаар зүйлийн 12 дахь хэсэгт ...төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй... гэж заасан байхад төр, түүний төлөөллийн байгууллага нь болох Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийг хэрэгжүүлэхдээ миний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-д миний ажиллаж байсан Нефть Хангамжийн операторчин, Шатахуун ачигч буулгагчийн ажил мэргэжил хамаарч байгаа тул би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан.
4.4 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар гомдлыг хэлэлцээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 15 тоот тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тогтоолоор баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын хоёрдугаар бүлэгт хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийг салбар салбараар нь тодорхойлсон бөгөөд уг бүлгийн 14 дэх хэсэгт нефтийн чиглэлийн ажил, мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан.
Энэхүү ажил мэргэжлийн жагсаалтад Нефтийн чиглэлийн ажил мэргэжил тус бүрийг таслал тавин жагсаасан байхад нефть хангамжийн операторчны ажил мэргэжлийг зөвхөн Нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчинд хамаарах мэтээр буруу тайлбарлан, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль бус шийдвэр гэж үзэж байна. Түүнчлэн уг жагсаалтад операторчин, шатахуун ачигч буулгагчийг хамруулсан байхад миний ажилласныг тогтоолд огт дурдаагүй байна.
4.5. Тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлөгдсөн байх шаардлага тавьдаг бөгөөд би тэтгэвэр тогтоолгох зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хууль бус шийдвэрээс болж би ажилгүй бас тэтгэвэргүй миний эрх, ашиг сонирхол хохирч байна. Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09-р сарын 11-ны өдрийн 15 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.6 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Өнөөдөр нэхэмжлэгч М.Лыг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан эсэх талаар талууд мэтгэлцэж, нотлох баримт судаллаа. 2004 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолоор батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын 2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт нефтийн салбарт хамаарах ажлыг нэг бүрчлэн заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эдгээр ажил мэргэжил нь нефть хангамжийн үйлдвэрт хамааралтай, нефтийн салбарт ажиллаж байгаа ажилчдад хамаарах зохицуулалт биш гэж буруу тайлбарлаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын буруу тайлбараас үүдэлтэй хуулийг буруу хэрэглэснээс болж нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгож 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тэтгэврийнхээ баримт материалыг бүрдүүлж өгснөөс хойш эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирч байна.
4.7. Уг ажил мэргэжил хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд хамаарах эсэхийг тус дүүргийн Нийгмийн даатгалын харьяа Гомдлын шаардлагын зөвлөл асуудлыг тогтоол гаргаж шийдвэрлэдэг гэж тайлбартаа дурдсан. Гомдлын шаардлагын зөвлөлийн ажиллах журмыг Монгол улсын Засгийн газрын 2022 оны 266 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг журамд тухайн зөвлөлийн гишүүд өөрийнхөө санаа бодлоор асуудлыг шийдвэрлэхээр заагаагүй.
Гомдлын шаардлагын зөвлөлийн ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт Гомдлын шийдвэрлэхэд шаардлагатай баримт материал, судалгааг холбогдох ажил олгогч, байгууллага, даатгуулагч, даатгагчаас гаргуулна гэж заасан. Өмнө нь би тайлбартаа дурдсан шатахуун тээвэрлэлт хийдэг жолооч уг нөхцөлд хамаарах бөгөөд тогтоолгосон хүн мэднэ. Иймд шатахуун түгээгч буюу нефть хангамжийн операторчин хүнд нөхцөлд хамаарч байгаа талаарх нотлох баримт болох Ч*******ийн Г******* гэх хүний тэтгэвэр тогтоолгосон баримтуудыг авч ирүүлсэн. Мөн уг асуудлаар мэргэжилтэн урьж зөвлөгөө авч болох байсан. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолоор батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-д тухайн ажил мэргэжил нь хамаарч байна. Иймд Гомдлын шаардлагын зөвлөлийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү?
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Иргэн М.Лаас Худалдаа, үйлдвэрлэл "О" ХХК-нд Нефть хангамжийн операторчноор 2002 оны 01 дүгээр сарын 01-ээс 2003 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл, Худалдаа үйлчилгээний "Т*******" ХХК-нд Нефть хангамжийн операторчноор 2003 оны 09 дүгээр сарын 01-ээс 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл, Худалдаа, үйлдвэрлэл "О ХХК-ийн Нефть баазад шатахууны ачигч, буулгагчаар 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, ШТС-03-н нефть хангамжийн операторчноор 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан болохоо тогтоолгохоор гаргасан өргөдлийг Гомдлын шаардлагын салбар зөвлөл нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол улсын Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4.3.2 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 266 дугаар тогтоолоор баталсан "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт, 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
5.2. Дээрх тогтоолыг гомдол гаргагч М.Л эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлд гомдол гаргасан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд Гомдлын шаардлагын салбар зөвлөлөөс гаргасан 15 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
5.3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт нь зөвхөн нефть боловсруулах үйлдвэрт ажиллах ажил, мэргэжлийг хамааруулсан болно. Иймд М.Лаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөл нь хамтын шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийг хортой нөхцөлд ажиллаагүй гэж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн хүнд нөхцөлд ажилласан эсэх тал дээр маргаан үүсэж байгаа болохоос ажилласан жилтэй маргасан зүйл байхгүй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолоор батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын 14 дүгээр хэсэгт нефть хангамжийн үйлдвэрт хамаарах ажил мэргэжил байгаа учир нэхэмжлэгч уг нөхцөлд хамаарахгүй байгаа юм. Тухайн салбар өөрөө санаачилга гаргаад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад хандаж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргавал уг жагсаалтад өөрчлөлт ордог. Хамгийн сүүлд уг 77 дугаар тогтоолд 2020 онд төмөр замын салбарт өөрчлөлт орсон байна. Тухайн салбар бүрийг хариуцаж байгаа эрх бүхий албан тушаалтууд санаачилгатай байгаасай. 2004 онд батлагдсан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоол нь бид нарын хувьд хууль юм. Үүнийг л барьж шийдвэрээ гаргана гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч М.Л Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргаж, түүний үндэслэлээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 50 нас хүрсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т зааснаар "нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой...нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, миний ажиллаж байсан нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч буулгагч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад хамаарна гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...М.Лын эрхэлж байсан ажил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тогтоолоор баталсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-д хамаарахгүй... гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 1973 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, улсад нийт 27 жил ажилласан, тухайлбал "О ХХК-ийн захирлын 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 54 тоот тушаалаар 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2003 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус компанид Нефть хангамжийн операторчноор, "Т*******" ХХК-ий захирлын 2003 оны 09 дүгээр сарын 01-ний 41 тоот тушаалаар нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус компанид нефть хангамжийн операторчноор, "О ХХК-ийн захирлын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 73 тоот тушаалаар нефть баазад шатахуун ачигч буулгагчийн үүрэгт ажилд томилогдож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Шатахуун ачигч буулгагчаар ажилласан."О ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/122 тоот тушаалаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс Нефть хангамжийн операторчны үүрэгт ажилд томилогдож, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нефть хангамжийн операторчноор, "Х*******" ХХК-ийн захирлын тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хангамжийн туслах ажилтнаар томилогдож, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан нь тогтоогдож байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4.3.2 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 266 дүгээр тогтоолоор баталсан "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийн 3 дах хэсгийн 3.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт, Гомдлын шаардлагын салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн иргэн М.Лаас гаргасан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, мөн зүйлийн 2-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн...бол тус тус өөрийн хүсэлтээр гэж тус тус заажээ.
Дээрхи заалтыг үндэслэн гарсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефо?ь хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер. гэж нарийвчлан заасан, уг заалтад нэмэлт өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ...Г.Б-Хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга: Худалдаа, үйлдвэрлэл О ХХК болон Т******* ХХК-ны үйл ажиллагааны чиглэл нь Нефт хангамж, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, манай хуулиар Нефт боловсруулах үйлдвэр гэж байгаа тул хортой нөхцөлд орохгүй гэж бодож байна гэж, С.О*******-Санхүү бүртгэлийн тасгийн дарга: Гомдол гаргагчийн ажиллаж байсан Нефт хангамжийн операторчин, шатахууны ачигч, буулгагч, ШТС-03-н нефт хангамжийн операторчин нь хортой нөхцөлд орохгүй гэж бодож байна гэж, Б.Б*******-Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны хянал шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн: Энэ даатгуулагчийн ажиллаж байсан О ХХК-ийн ажилласан хугацааг хортой нөхцөл гэж тодорхойлсон тул хортой нөхцөлд орж болохгүй юм уу Монгол улсын хэмжээнд Нефт боловсруулах үйлдвэр байхгүй юм чинь шатахуун түгээх газрыг авч болмоор санагдаж байна гэж тус тус хэлснээр тэмдэглэгджээ.
Ийнхүү тус зөвлөлийн 15 дугаар тогтоолоор ...М.Л нь...нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч буулгагчаар...21 жил ажилласан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын 2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нийцэхгүй байна гэж шийдвэрлэсэн, энэхүү 15 дугаар тогтоолыг дээд шатны захиргааны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч байгууллагын эрх хэмжээг тогтоосон Засгийн газрын 2022 оны 266 дугаар тогтоолоор баталсан "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийн 3.4-т Төв болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга гомдлыг хүлээн авч ажлын нэг өдөрт багтаан бүртгэж, тухайн зөвлөлийн даргад тухай бүр хүргүүлэх бөгөөд төв болон салбар зөвлөл нь энэ дүрмийн 3.5-д заасны дагуу буцааснаас бусад тохиолдолд гомдлыг 30 хоногт багтаан хянаж шийдвэрлэнэ, 4 дүгээр зүйлийн 4.2-т Төв болон салбар зөвлөл нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:, 4.2.1-д гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох ажил олгогч, даатгуулагч, даатгагчаас гаргуулан авах 4.2.2-т гомдол гаргагч болон холбогдох байгууллага, иргэдээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, санал, хүсэлтийг нь сонсох, мэргэжилтэн урьж зөвлөгөө авах 4.2.4-т тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэх үндсэн нөхцөл, болзол болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэмжээний талаар гарсан гомдлыг холбогдох баримт бичгийг үндэслэн зохих хууль тогтоомжид нийцүүлэн хянаж шийдвэрлэх эрхтэйг тодорхой заасан байна.
Дээр дурдсан хуулийн болон журмын заалтууд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т зааснаас үзвэл нэхэмжлэгч М.Лын эрхэлж байсан ажил мэргэжил болох нефть хангамжийн операторчин болон нефть баазад шатахуун ачигч буулгагч-аар ажиллаж байсан ажил мэргэжил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөл-д хамаарахаар байна гэж шүүх дүгнэв.
Хэдийгээр "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т зөвхөн Нефть боловсруулах үйлдвэр-ийн тухайд хэрэглэгдэх заалт мэтээр жагсааж өгсөн боловч нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн чиг үүрэг, гүйцэтгэлийн байдал нь энэ заалтын ачигч буулгагч операторчин гэх заалтуудтай ижил тул үүнийг төсөөтэй хэрэглэх замаар нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нефть хангамжийн операторчин, шатахууны ачигч буулгагч-ийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил мэргэжлийн онцлог байдал /ажил үүрэг нь бензин шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой ойр, байнга харьцдаг/ нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, шатахууны ачигч буулгагч нь энэ жагсаалтын 2.14-т хамаарна, О ХХК болон Т******* ХХК нь нефть боловсруулах үйлдвэр биш тул эдгээр компанид нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч буулгагчаар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулах үндэслэлгүй гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн Гомдлын шаардлагын зөвлөл нь тухайн асуудлыг шийдвэрлэхдээ аливаа баримт нотолгоо, судалгааг үндэслэхгүйгээр гишүүд нь хувийн үзэмжээр хандаж ...хамаарахгүй гэж бодож байна, хамааруулж болохгүй юмуу гэх зэргээр ярилцан шийдвэрлэснээс гадна тухайн асуудлын тухайд эрх бүхий мэргэжилтнийг урьж оролцуулан зөвлөгөө авах боломжтой байхад энэ ажиллагааг огт хийлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг зөвхөн дээрхи жагсаалтын 2 дугаар зүйлийн 14-т зааснаар хязгаарласан нь учир дутагдалтай, Зөвлөлийн ажиллах дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасныг зөрчсөн байна.
Шүүхээс нотлох баримт цуглуулах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч М.Лтай ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэн Ч.Г*******ын тэтгэврийг хэрхэн тогтоосныг шалгахад иргэн Ч.Г*******ын нефть хангамжийн операторчин шатахуун ачигч буулгагч-аар ажиллаж байсныг хөдөлмөрийн хортой нөхцөл-д хамааруулан үзэж түүний тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр тогтоосон болох нь тогтоогдов.
Үүнээс үзвэл Монгол улсын тэтгэврийн нас хүрсэн иргэн хаана оршин суудаг, аль дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст харьяалагддагаас үл хамааран хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжил эрхэлж байсан бол адил нөхцөлөөр хангагдах учиртай, тухайлбал нефть хангамжийн операторчин болон шатахуун ачигч буулгагч-аар ажиллаж байсан тохиолдолд энэ нь "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т заасан хөдөлмөрийн хортой нөхцөл-д хамааруулан авч үзэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох тэгш эрхийг хангах зарчимд нийцнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Лаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН