Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/28

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2020        09             16                                         2020/ДШМ/28

 

 М.А, Ш.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор:Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга:Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолтой М.А, Ш.Д нарт холбогдох 1938008560211 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Ар тогоруутан овогт Мөрөнгийн А, ..... оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

2.Монгол Улсын иргэн, Аюур овогт Шаандарын Д, ..... оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар................................/.

Шүүгдэгч М.А нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа урьд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нуун дарагдуулж, дахин хуурамчаар нотлох баримт бий болгосон буюу хэргийн газрын үзлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, Огээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн, үнэлгээчин Ш.Дд хууль бусаар нөлөөлж, хөрөнгө үнэлсэн үнэлгээг дахин хуурамчаар гаргуулсан, гэмт хэрэг үйлдсэн Од давуу байдал бий болгож, хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Д нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганнямын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө үнэлсэн дүгнэлт гаргасан ба яллагдагч М.Аын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр үнэлгээг нь 298,000 төгрөг болгон бууруулж худал дүгнэлт гэдгийг мэдсээр байж дахин гаргаж нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор  Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгохыг завдсан үйлдэл холбогдлыг, мөн шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ар тогоруутан овогт Мөрөнгийн Аыг хууль сахиулагч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар ятгаж, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Аюурт овогт Шаандарын Дг шинжээч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргаж шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Мөрөнгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Шаандарын Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Дд “оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар шинжээчээр ажиллах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А, Ш.Д нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Ш.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэм буруутайд тооцсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар шинжээчийн дүгнэлт гэх баримтад шинжээч Ш.Дг томилоогүй байна. Мөн шинжээч томилохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу томилоогүй байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.А нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа урьд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нуун дарагдуулж, дахин хуурамчаар нотлох баримт бий болгосон буюу хэргийн газрын үзлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, Огээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн, үнэлгээчин Ш.Дд хууль бусаар нөлөөлж, хөрөнгө үнэлсэн үнэлгээг дахин хуурамчаар гаргуулсан, гэмт хэрэг үйлдсэн Од давуу байдал бий болгож, хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Д нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганнямын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө үнэлсэн дүгнэлт гаргасан ба яллагдагч М.Аын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр үнэлгээг нь 298,000 төгрөг болгон бууруулж худал дүгнэлт гэдгийг мэдсээр байж дахин гаргаж нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгохыг завдсан үйлдэл холбогдлыг, мөн шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ар тогоруутан овогт Мөрөнгийн Аыг хууль сахиулагч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар ятгаж, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг, шүүгдэгч Аюурт овогт Шаандарын Дг шинжээч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргаж шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны  ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ш.Дгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

Үнэлгээчин үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийг үнэлэхээс гадна эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийх талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу Ш.Д үнэлгээ хийхээр томилогджээ. Үнэлгээчнийг эрх бүхий этгээд шинжээчээр томилсон тохиолдолд захирамж, тогтоолын дагуу шинжилгээний объектод хийсэн үнэлгээ нь шинжээчийн дүгнэлт болно.

Шүүгдэгч нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж буй талаараа хөрөнгө үнэлсэн тайландаа тодорхой тусгаж, үнэлгээчнээр томилогдсоноо хүлээн зөвшөөрсөн байх ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч Ш.Д нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу хулгайд алдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо хөрөнгийн үнэлгээ хийх үйлчилгээний хөлс авч, үнэлүүлж буй эд зүйлсийн үнэлгээг 756,000 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч М.Аын гуйлтаар, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх тогтоолгүйгээр алдагдсан эд зүйлсийн үнэлгээг дахин тогтоож 298,000 төгрөг гэж үнэлсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шинжилгээний объектод хийсэн үнэлгээ нь эрх зүйн маргаан, гэмт хэрэг, зөрчил шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой учир  хөрөнгийн үнэлгээг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдээр хийлгэдэг. Тиймээс үнэлгээчин шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.7-д зохицуулсан. Гэтэл үнэлгээчин нь дээрх үүргийг зөрчиж, зориуд худал тайлан гаргасан нь тогтоогдсон байна.

Иймд  дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэрэгт цугларсан нотлох баримтаар шинжээчийн дүгнэлт гэх баримтад шинжээч Ш.Дг томилоогүй байна. Мөн шинжээч томилохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу томилоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ