Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

-улсын яллагч Ц.Батбямба,

-хохирогч Г.Алтаншагай,

-шүүгдэгч Б.Батцэнгэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Батцэнгэлд холбогдох эрүүгийн 1734000000144 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 9-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Батбаярын Батцэнгэл, /РД:НЭ90053015/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Арвижих" хүнсний дэлгүүрийн дэн буудалд хохирогч Г.Алтаншагайг зайл гэж хөөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь нь "зүүн дээд 2-р шүд суурь хэсгээр нь унагаж, уруулын дотор салстад язарсан шарх буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “... Би хамаатын найз н.Алтаншагай, н.Буяннэмэх гэдэг хоёр залуутай хамт 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагаас эхлээд Төв аймгийн Зуунмод сумын Солонго цогцолборын ард талын Арвижих нэртэй хүнсний дэлгүүрийн дэн буудалд орж архи, пиво ууцгаасан. Тухайн үед 2 шил 0.75, 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи мөн 2 том савтай пиво хувааж ууцгаасан. Тэгээд бүр шөнө болж байхад н.Буяннэмэх бид 2 муулалцаад миний уур хүрээд н.Буянэмэхийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод дараа нь н.Алтаншагай намайг н.Буяннэмэхээс татаж холдуулаад гар гэж хөөсөн. Тэгээд гадаа хэсэг байснаа эргэж ороод намайг хөөгөөд байсан. н.Алтаншагайг шүд рүү нь нэг удаа мөргөсөн ба н.Алтаншагайн амнаас цус гарахаар нь гараад зугтсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 Хохирогч Г.Алтаншагайн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хамаатны найзууд болох Б.Батцэнгэл, н.Буяннэмэх хоёртой Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Соёлын төвийн ард байх "Арвижих" хүнсний дэлгүүрийн дэн буудлын нэг өрөөнд архи, пиво ууцгаасан. Бид гурав тухайн өдрийн оройн 20 цагаас эхлээд 2 шил Улаанбаатар нэртэй 0.5, 1 шил 0.75 литрийн архи, 1 савтай пиво хувааж ууцгаасан байсан болохоор нэлээн халцгаасан. Тэгсэн чинь Б.Батцэнгэл, н.Буяннэмэх хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд Батцэнгэл Буяннэмэхийг буудлын өрөөний орон дээр нь хэвтэж байхад толгой руу нь нэг удаа гараараа цохихоор нь би тэр хоёрыг муудалцаж зодоон хийж магадгүй гээд Батцэнгэлийг гаргаад явуулсан чинь хэсэг байснаа Б.Батцэнгэл өрөөнд эргэж орж ирээд намайг Буяннэмэхийг гайгүй юу хө гэсэн чинь толгойгоороо үүдэн шүд рүү маань 1 удаа мөргөсөн. Тэгээд гараад явчихаар нь би гарч ирээд эмнэлэг яваад эмнэлэгт очоод харуулсан чинь үүдэн дээд 2 дугаар шүд унасан цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ээж ирээд цагдаад дуудлага өгсөн. Хохирол төлбөр, эмчилгээний зардлыг төлсөн. Гомдол саналгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

 

 Гэрч Н.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Батцэнгэл, Алтаншагай нарын хамт Соёлын төвийн арын Арвижих хүнсний дэлгүүрийн дэн буудалд архи ууцгаагаад сууж байсан. Оройноос эхлээд архидсан байсан болохоор нилээн согтоод байж байсан чинь Батцэнгэл намайг эхнэртэйгээ хардаад байхаар нь би түүнтэй муудалцсан. Тэгсэн чинь намайг дээрээс Батцэнгэл цохиод байсан чинь Алтаншагай түүнийг гаргаад явуулсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа орж ирээд Алтаншагайг мөргөчихсөн юм. Тэгээд би Алтаншагайтай хамт буудлаас гарч эмнэлэг цагдаа орсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй ..  гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

 

 Төв аймгийн Засаг даргын дэрэгдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10  сарын 12-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Г.Алтаншагайн биед шүд унсан, уруул дотор салст язарсан гэмтэл

тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

- Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварын тогтонги 5%-р алдагдуулна. /хх-ийн 9-10-р хуудас/ зэрэг болно.

 

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судлахад:

 

 Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Арвижих" хүнсний дэлгүүрийн дэн буудалд хохирогч Г.Алтаншагайг зайл гэж хөөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай  болох нь:

 

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн “Би н.Алтаншагайг шүд рүү нь нэг удаа мөргөсөн ба н.Алтаншагайн амнаас цус гарахаар нь гараад зугтсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Хохирогч Г.Алтаншагайгийн “Б.Батцэнгэл өрөөнд эргэж орж ирээд намайг Буяннэмэхийг гайгүй юу хө гэсэн чинь толгойгоороо үүдэн шүд рүү маань 1 удаа мөргөсөн. Тэгээд гараад явчихаар нь би гарч ирээд эмнэлэг яваад эмнэлэгт очоод харуулсан чинь үүдэн дээд 2 дугаар шүд унасан цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ээж ирээд цагдаад дуудлага өгсөн. Хохирол төлбөр, эмчилгээний зардлыг төлсөн. Гомдол саналгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний албаны Г.Алтаншагайн биед шүд унасан, уруул дотор салст язарсан гэмтэл  тогтоогдлоо.

 -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

- Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварын тогтонги 5%-р алдагдуулна. /хх-ийн 9-10-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Боржигон овогтой Батбаярын Батцэнгэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хянан шйидвэрлэв.

Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогтой Батбаярын Батцэнгэлийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийг 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 /дөрвөн зуун тавин нэг мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Б.Батцэнгэл нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шйитгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хүчин төгөлпөр болтол Б.Батцэнгэлд хувийн батлагаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүхийн шийтгэх  тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ