Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 158/ШШ2024/0007

 

                  

 

 2024            02             07                                 158/ШШ2024/0007

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******,

Хариуцагч: Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид холбогдох 

Дүгнэлтийн шаардлага: “Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0691708 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.*******, хариуцагч хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.******* /цаашид “Прокурор” гэх/ нь мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0691708 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Хариуцагч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад барилгын үйл ажиллагаа явуулж буй “******* *******” ХХК “улсын байцаагчийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, шаардсан холбогдох баримт бичгийг хугацаанд нь гаргаж өгөөгүй, дуудсан хугацаанд ирээгүй” эсэхэд хяналт шалгалт хийж “улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй[1] зөрчил үйлдсэн гэж түүнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
  3. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр холбогдогч “******* *******” ХХК-ийн “ЗАХИРАЛ” Г.*******оос мэдүүлэг авах ажиллагаа явуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
  4. Прокурор нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд ханджээ. Тэрээр дүгнэлтдээ улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0691708 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
    1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Зөрчлийн гомдол мэдээллийг шалгах явцад цугларсан холбогдогч Г.*******ийн “... Шалгалт гэж тухайн үед ойлгоогүй ээ. Тухайн үед барилгын үйл ажиллагаатай танилцсан гэж ойлгоод өнгөрсөн. Тэр үед нь сайн ойлгоогүй байсан байна. Зүгээр л барилгын үйл ажиллагаатай танилцаж явна гэж ойлгосон...” гэх мэдүүлэгт дүгнэлт хийхэд “******* *******” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Улсын байцаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй” зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна. Үндэслэл нь: Улсын байцаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй зөвхөн холбогдогчийн мэдүүлгийг үндэслэж шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад дээрх хуулийн шаардлагыг зөрчиж шийдвэрлэсэн.
    2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэсэн зөрчилд шийтгэл оногдуулах зүйл заалтаар шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүхэд өөрөөс хийгдээгүй ажиллагаа, ******* гэсэн хөдөлмөрийн байцаагчийн баримтыг өгсөн байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй байна. Улсын байцаагчийн хувьд ямар баримтыг шаардсаныг нь ирүүлээгүй байна. Энэ талаар зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Ийм учраас шийтгэлийг хүчингүй болгуулах дүгнэлт бичсэн байгаа...” гэв.
  5. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр холбогдох байцаагчид болох Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******, *******, барилга техникийн хяналтын улсын байцаагч Г.******* нартай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан 07/001 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу “******* *******” ХХК-д очсон. Тухайн үед хяналт шалгалтыг ******* захиралд хамтарсан хяналт шалгалт хийж байгаа юм гээд удирдамжтай та танилцаарай гээд танилцуулсан байгаа. Тухайн үед хяналт шалгалт болж байгаа юм байна гэдгийг ******* болон манай бусад байцаагчид ойлгогдохоор хүлээж авсан. Танай компани дээр 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хяналт шалгалт эхэлсэн байгаа. Холбогдох материалууд нь байхгүй юм байна. 10 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 303 тоотод хүрч ирээд шалгуулаад шалгалтын үргэлжлэх хугацаа хуульд зааснаар 5 хоног байдаг учир та заасан хугацаанд хүрээд ирээрэй гэхэд за гэж байсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирэх байсан хүн рүүгээ залгаад та материалаа аваад ирэх боломж байна уу гэхэд урдаас бид та нарт шалгуулахгүй гэж хэлсэн. Шалгуулна гэж байсан хүн өөрчлөгдөөд явчихсан. Би хотод явж байна та нарт шалгуулаад байх зүйл байхгүй гээд ерөнхийдөө шалгуулахаас зайлсхийсэн өнгө аястай ярьсан учир за таныг дахиад хүлээе. Хотоос ирсний дараа та материалаа бид бүхэнд авчирч ирээд шалгуулна. Хяналт шалгалт хийх нийтлэг журамд ажлын 5 хоногт багтаан хяналт шалгалтыг үргэлжлүүлдэг байгаа. Тэгэхээр бид нар хяналт шалгалтаа дуусгах учир та заавал материалаа авч ир гэхэд ирэхгүй байсаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин ярьсан. Бид нар тэр хооронд нийт 4 удаа утсаар ярьсан байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрөө ярьсан байгаа. Хамтарсан хяналт шалгалт учраас ******* байцаагч ******* захирал руу мессеж бичих нь бол хуулиас гадуур зүйл биш. Миний шалгалт *******ын шалгалт гэдгээр тусгаарлагдахгүй гэсэн үг. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр заасан хугацаанд ирээгүй учраас Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах нөхцөл байдалд хүрчихээд байна гэж хэлсэн. Хамгийн гол нь материал шаардаад байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр материал авчирсан боловч тухайн материал шаардлага хангахгүй байгаа юм. Манай өрөөнд цаг гарангийн хугацаанд бид бүхэн маргалдсан. Шаардсан хугацаанд шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй учраас эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулиар торгохоор байна гэхэд зөвшөөрсөн өнгө аястай байхаар нь таныг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулъя гэхэд гарын үсгээ зурсан. Тэгэхэд мэдүүлэг өгөх хугацаанд худал мэдүүлэг өгсөн. Холбогдогчоос тулгаж мэдүүлэг авч болохгүй учир тавьсан асуултыг мэдүүлэг дээр бичсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир нотлох баримт хавсаргах шаардлагагүй юм болов уу гэж үзсэн. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгээд прокурорын нэгдсэн санд бүртгүүлдэг. Тухайн үед ******* прокурор байхгүй байсан. ******* прокурорын туслах хянаж үзээд бүртгээд авсан. Дутуу зүйл байсан бол прокурорын туслах надад хэлж болох байсан болов уу гэж бодож байгаа. Мөн ******* хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан торгуулийн төлбөрийг Төрийн сангийн дансанд тушаасан байгаа учраас буцаагаад гаргуулж өгдөг гэж байсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Прокурор нь бүртгэлийн 06 дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал” эх баримтыг дүгнэлтдээ хавсарган шүүхэд ирүүлсэн байна.
  3. Дээрх материалд эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” болон маргаан бүхий 0691708 дугаартай шийтгэлийн хуудас, түүнийг хүлээлгэн өгсөн баримт тус тус авагджээ.  
  4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.38 дахь заалтад зааснаар барилгын техникийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд уг үүргээ тухайн хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх учиртай. 
  5. Дээрх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д  “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “”зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь ... албан шаардлага... -ийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан ...албан шаардлага...ын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заажээ.
  6. Хариуцагч “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийг “******* *******” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчлийн нотлох баримтаар зааж байна.
  7. Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч зөрчил /болсон үйл баримт/ үйлдсэн эсэхийг тогтоохын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд уг ажиллагааны явцад цугларсан нотлох баримтанд үндэслэн зохих шийдвэрээ гаргах учиртай.  
  8. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн материалд 07/001 дугаартай удирдамжид тусгагдсан чиглэлийн дагуу хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ, хэзээ, хэрхэн хэрэгжүүлсэн, уг ажиллагааны явцад ямар “хугацаатай албан шаардлага”-ыг хуульд заасан ямар арга, хэлбэрээр, хэзээ, хэнд хүлээлгэн өгсөнийг болон “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь хэн болохыг тогтоож, тодорхойлсон нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр “ЗАХИРАЛ” гэгч Г.*******оос мэдүүлэг авснаар тус хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Захирал нь шууд төлөөлнө гэсэн баримт хэрэгт хавсаргаагүй ч байгаа... Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулинд холбогдох баримт бичгийг шаардсан...” гэх тайлбараар нотлогдож байна.
  9. Нөгөө талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д улсын байцаагч нь “албан шаардлага”-ын хэвлэмэл хуудсыг хэрэглэхээр хуульчилсан.
  10. Харин Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэжээ.
  11. Хариуцагч нь “******* *******” ХХК-ийг улсын байцаагчийн “Албан шаардлагаг-ыг биелүүлээгүй гэх үндэслэлээр буруутгасан.
  12. Тиймээс холбогдогчид шийтгэл оногдуулах үндэслэлийг нотлох гол баримт нь “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээс гадна улсын байцаагчийн “Албан шаардлага” болохоор байх ба түүнийг зөрчлийн материалд цуглуулж, бэхжүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Албан шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шийтгэл оногдуулсан өдрөө хүргүүлсэн... Хяналтын хуудсаар илэрсэн зөрчлийг арилгах албан шаардлага байсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал: Хариуцагчийн дээрх тайлбараар эрх бүхий албан тушаалтан “******* *******” ХХК-нд шийтгэл оногдуулсны дараа “улсын байцаагчийн албан шаардлага”-ыг гаргаж, тус компанид хүргүүлсэн болох нь нотлогдож байна.
  13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1 хэд хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, тус хэсгийн 1.2 дахь заалтад “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж тус тус хуульчилсан.
  14. Хариуцагч нь дээрх хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан үндэслэлээ холбогдох нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Тухайлбал: Тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зааж “...зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн” хэмээн тайлбарлаж байгаа ч түүнийг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, Г.*******ийн “...Хот руу явсан байсаан. Бичиг баримтаа авчрах гээд...” гэх мэдүүлэг нь “******* *******” ХХК нь хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй” гэх хариуцагчийн дүгнэлтийг шууд нотлохгүй, тус компанид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.  
  15. Хариуцагч нь “******* *******” ХХК-нд шийтгэл оногдуулахыг урьтал болгохоос илүү хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тус ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зөрчлийг үйлдсэн эсэхийг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хангалттай цуглуулсны эцэст зохих шийдвэрийг гаргасан бол зүйд нийцэхээр байжээ.    
  16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.38 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ...шийдвэрт гаргасан ...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
  17. Тиймээс хариуцагчийг дээрх хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр прокурорын дүгнэлтийг ханган, хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0691708 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон тус зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч /Б.*******/-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0691708 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

[1] Маргаан бүхий 0691708 дугаартай шийтгэлийн хуудаст тусгаснаар бичив.