Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02597

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27 181/ШШ2024/02597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байх, Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч А овогт Б.Б /РД:*/ нь Х-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХЗЭНГ00010/200424 Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, UBL00010/200424 тоот Хэрэглээний зээлийн гэрээ-г тус тус байгуулж, 2,970,000 төгрөгийг сарын 1.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч Б.Б нь UBL00010/200424 тоот Хэрэглээний зээлийн гэрээ-ний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон байна. 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,406,404.64 төгрөгийн өр төлбөртэй байна. Хны зүгээс зээлдэгчийг идэвхтэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Хариуцагч Б.Б нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, * тоот хаягт амьдарч байсан боловч одоо уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/07544 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. Иймд хариуцагч Б овогтой Б-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/1348 тоот итгэмжлэлийн хуулбар, О.Х-д олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/07544 дугаартай захирамжийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХЗЭНГ00010/200424 тоот Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хуулбар, UBL00010/200424 тоот Хэрэглээний зээлийн гэрээ-ний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Х ХК нь Б.Б-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХЗЭНГ00010/200424 тоот Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, UBL00010/200424 тоот Хэрэглээний зээлийн гэрээ-г тус тус байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Б-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/07544 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу А овогт Б.Б /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А овогт Б.Б /РД:*/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А овогт Б.Б /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. А овогт Б.Б /РД:*/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х ХК /утас:/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ