Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Г.Энхмаа,

иргэний нэхэмжлэгч М.Нурханат,

шүүгдэгч Д.Ган-Утас,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ган-Утаст холбогдох 1734000470021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтийн 2-182 тоотод оршин суух, 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Даваажаргалын Ган-Утас. /регистрийн дугаар УШ89031611/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Даваажаргалын Ган-Утас нь “хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 403 ангид ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус ангийн алба хаагчдын амьдрах байранд засвар хийх явцдаа “хорих ангиас” оргон зайлсан” гэмт хэрэгт

 

 

 

 холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад:

 Шүүгдэгч Д.Ган-Утас нь “хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 403 дугаар ангид ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус ангийн алба хаагчдын амьдрах байранд засвар хийх явцдаа “хорих ангиас” оргон зайлсан болох нь:

Шүүгдэгч Д.Ган-Утасын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “ Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Авдрантын хорих ангид ачигдаж очсон. Би анх очихдоо 78-79 кг жинтэй байсан. Би өвөлжингөө чулуу нүдсэнээс болоод доошоо цус алдаж тэрнээсээ болоод би их турсан энэ талаараа би ангийн дарга болон удирдлага нарт хэлсэн боловч энэ эмчилгээний шорон биш чи бол ялтан хийх ёстой гээд дарамтлаад байсан. Амралтын өдөр хүртэл ажиллуулж байсан. Миний оргодог өдөр улс даяар амралтын өдөр байхад бид нарыг ажлуулж байсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, ... панер асуух гээд аж ахуй руу очиж панер асуусан чинь ороод үз гэхээр нь хашаа руу ороод панер үзэж байгаад аж ахуйн хойд талын хашаагаар тэр чигтээ гараад хойд зүг рүү уул руу жалга дагаад өгсөөд Авдархайрхан уул даваад жалга дагаад уруудаад уулын хормойгоо тойроод урд зүг рүү явсан. Тэгээд жижиг жалга олоод тэндээ гэгээ тасартал хэвтсэн. Тэгээд гэгээ тасрахаар босоод ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ алхаж явж байгаад ...гэгээ оронгуут уулсын орой дээрээ өдөржин унтаад гэгээ тасрах үед босож дахиад л уулын оройгоор зүүн зүг рүү алхаад явсан. ... тэгээд бургасан дунд жоохон унтаад үдээс хойш гэгээ тасраагүй байхад босоод голын эрэг дээр сууж байсан. Тэгээд гэгээ тасрахын алдад манай хорих ангийн нийгмийн ажилтан Билгүүн, ээлжийн дарга Төмөртогоо нарт баригдаад намайг ШШГЕГ руу авч явсан. ...би хорих ангиас оргоод өдрийн цагаар нь унтаад шөнийн цагаар нь алхаж явж байгаад 6 дахь өдрөө баригдсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч М.Нурханатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн  “...2017.07.09-ний өдөр хоригдол Д.Ган-Утас хорих 403-р ангиас оргон зайлж яваад 2017.07.15-нй өдөр эрэн сурвалжилж барьсан, 6 хоногийн хугацаанд эрэн сурвалжлахад 403-р ангиас 2.027.600 төгрөгийн шатахуун, хоол хүнсний зардал гарсан тул нэхэмжилж байна. ...мөн хоригдол Д.Ган-Утасыг эрэн сурвалжилж олж барих эрэн хайх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын алба хаагчид оролцож ажилласан бөгөөд дээрх алба хаагчдын хоол хүнс, шатахууны зардалд 1.869.000 төгрөгийн зардал гарсан тул гаргаж ирүүлнэ үү гэсэн нэхэмжлэл Тогтоол гүйцэтгэх газраас манайд ирүүлсэн тул урьд гаргасан нэхэмжлэл дээр дээрх Тогтоол гүйцэтгэх газраас нэхэмжлэлээр ирүүлсэн 1.869.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

 

            Гэрч А.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...тэр хүн оргох талаар юм ярьж байгаагүй. Оргохынхоо 2, 3 хоногийн өмнө эхнэр нь төрөх гэж байгаа, хадам ээж нь хүүхдийг нь авахуулна гэж байна гэж ярьж байсан ба бага зэрэг бухимдуу байсан. Мөн тэгшитгэлээр суллагдаад гарчихна гэсэн бодолтой явж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Үдээс хойш 16 цаг 50 минутын үед Д.Ган-Утас панер олоод ирье гэж гарч яваад ирээгүй тэгээд бараг 1 цаг гаран болоод ирэхгүй болохоор нь гайхаад тэр үед хорих ангийн төлөөлөгч явж байхаар нь очоод Д.Ган-Утас панер олж ирье гээд алга болчихлоо дотор зоонд байна уу гээд асуугаад өгөөч гэсэн чинь төлөөлөгч шалганаас асуусан чинь ороогүй гэсэн тэгээд Д.Ган-Утас байхгүй байна гээд тэрнийг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Гэрч М.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...орой 21 цагийн үед холбоочин Батцэцэгээс Д.Ган-Утасыг хорих байрнаас оргосон гэж мэдээд ...эрэлийн ажилд орсон юм. Тэгээд хоригдол Д.Ган-Утасыг 7 хоногийн турш хайгаад 2017 оны 07 дугаар сарын 15-ны орой Туул тосгоны арын бургасан дотроос олж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

Гэрч Р.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хоригдол Д.Ган-Утас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хорих 403-р ангиас оргон зайлсан бөгөөд улмаар эрэн сурвалжилж олж барихаар эрэлийн баг болж алба хаагчид гарсан ба 2017 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын хойд тал буюу Туул голын хойд талд манай ахлах төлөөлөгч ахмад Батбилэг, дэслэгч Билгүүн, дэслэгч Төмөртогоо нарын хамт хоригдол Д.Ган-Утасыг бургасан дундуур хайж явж байгаад бургасан дунд нуугдаад байж байх үед нь барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

Гэрч Л.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 09 цагт хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд ээлжинд гарч ажилласан юм. Тэр өдөр миний ажил үүрэг хэвийн байсан ба орой 18 цагийн үед төлөөлөгч Амарбилгүүн надаас Д.Ган-Утас гэдэг хоригдол гарч орсон уу алга болчихлоо харсан уу гэж асууж байсан би хараагүй мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

Гэрч Г.Болдбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би ... өглөөний 07 цаг 30 минутанд үйлдвэрийн хэсэгт 39 хоригдол авч ажил хийлгүүлэхээр авч явсан. Тэгээд хоригдол Д.Ган-Утас нь үйлдвэрийн хэсэгт ажиллаж байсан ба тэр өдөр дэд даргын зөвшөөрлөөр ахлах төлөөлөгч Батбилэгт хүлээлгэж өгч явуулсан. ...тэгээд өдөр 12 цаг 30 минутын үед хоригдлуудад хоол өгч байхад хоригдол Д.Ган-Утас худаг дээр ус авах гээд ирчихсэн байсан. ...гэртээ цайндаа орчихоод Д.Ган-Утасын засвар хийж байсан байр руу шагайж харахад Д.Ган-Утас нь ажил хийгээд байж байсан. ...үйлдвэрийн хэсэгт хоригдлуудаар ажил хийлгүүлж байгаад орой 19 цаг 30 минутын үед хүмүүсээ зоо руу оруулж өгсөн. ...удалгүй түргэн цугларалтаар цуглаад Д.Ган-Утасыг хорих ангиас оргосон гэдгийг мэдээд хорих ангийн алба хаагч нар хайгуулын ажилд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

Гэрч З.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...орой 19 цагийн үед хоригдлуудыг хоолонд орж байх үед хяналт тавьчихаад Д.Ган-Утас, Бат-Эрдэнэ хоёрыг зоо руу татаж оруулах гээд очсон чинь хоригдол Д.Ган-Утас байхгүй, харин хоригдол Бат-Эрдэнэ байсан. Тэгээд Бат-Эрдэнээс Д.Ган-Утасыг хаана байгаа талаар асуусан чинь панер олж ирнэ гээд явсан гэж байсан тэгэхээр нь тэр хавийн айл өрхүүдээр орж хайсан боловч олдоогүй. ...тэгээд Д.Ган-Утас хорих ангиас оргосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

 

Гэрч А.Амарбилгүүнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...18 цагийн үед хоригдол Бат-Эрдэнэ над дээр ирээд 16 цагийн үед засвар хийж байсан Д.Ган-Утас нь панер хэрэгтэй боллоо гэж хэлж гараад одоог болтол ирээгүй байна гэж хэлсэн. ...19 цагийн үед ээлжий дарга Төмөртогоод Д.Ган-Утас байхгүй байна хайж ол гэсэн үүрэг өгсөн. ...өөрийн машинтайгаа жирийн байр, аж ахуйгаар явж хайж шалгасан. ...орой 21 цаг хүртэл хайсан боловч олдохгүй болохоор ...ангийн даргад мэдэгдсэн. Тэгээд хорих ангийн бэлэн байдлыг 21 цаг 20 минутанд авч алба хаагч нарыг цуглуулан 5 хэсэгт хуваан эрэлд явуулсан боловч олдоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...бид нар Улаанбаатар хотын урдуур Туул голоо дээш доош бургасан дундуур самнасан ба тэгж явж байгаа 6 хоногийн дараа Улаанбаатар Хан-Уул дүүргийн нутаг Туул тосгон гэх газрын хойд талаас Туул голын бургасан дундаас хоригдол Д.Ган-Утасыг барьж авсан. ...нэг эрэгтэй хүн бургасан дунд сэтгүүл барьсан байдалтай сууж байсан тэгэхээр нь Д.Ган-Утасын зургийг үзүүлээд асууя гэж бодоод дөхөөд очиход Д.Ган-Утас ганцаараа сууж байсан ...2 гарыг нь гавлан аюулгүй болгон бусад эрлийн багт болон дарга нарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

Хоригдол Д.Ган-Утасын 2017 оны 07 дугаар сарын 09-ний байдлаар 1 жил 5 сар 20 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн тухай ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/,

 

ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх хэсэгт хоригдол Д.Ган-Утас нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 24 хоног хоригдсон тухай лавлагаа /хх-ийн 56-р хуудас/,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

              Иймд шүүгдэгч Д.Ган-Утасын “хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 403 дугаар ангид ялаа эдэлж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус ангийн алба хаагчдын амьдрах байранд засвар хийх явцдаа “хорих ангиас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Д.Ган-Утсад холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

         

ШШГЕГ-ын харъяа хорих 403 дугаар хорих ангид ял эдэлж байхдаа хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдсэн Д.Ган-Утасыг орон даяар эрэн сурвалжлах, олж тогтоох зорилгоор гарсан зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон ШШГЕГ-ын харъяа Хорих 403 дугаар ангиас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах нь зүйтэй байх тул шүүгдэгч Д.Ган-Утасаас 1.890.000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт, 2.027.600 төгрөг гаргуулан ШШГЕГ-ын харъяа Хорих 403 дугаар ангид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт Д.Ган-Утасын иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ган-Утас нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсонийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Даваажаргалын Ган-Утасыг хорих ангиас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ган-Утасыг 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ган-Утасыг 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 26 хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ган-Утасад оногдуулсан 2 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ган-Утасын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг ялтаны эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ган-Утасаас 1.890.000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт, 2.027.600 төгрөг гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 403 дугаар ангид тус тус олгосугай.

7.Энэ хэрэгт Д.Ган-Утасын иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ган-Утасад авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ