Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

  2020        09            16                                         2020/ДШМ/29

 

   З.Г, Т.Р, З.О,

  Б.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баатарсайхан, Ц.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд   нарыг   оролцуулан   тус   шүүхийн   шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар цагаатгах тогтоолтой З.Г, Т.Р, З.От, Б. нарт холбогдох 1938003930140 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Гэгээнтэн овогт Зоригтын Гал-Эрдэнэ, .... оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

2. Монгол улсын иргэн, Өндөрнөр овогт Зундуйн Отгонбаяр, 1..... оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................5/.

3. Монгол улсын иргэн, Амарын дэнж овогт Төмөрийн.............., ...... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ............./.

4. Монгол улсын иргэн, Тогоруутан овогт Батдоржийн Б, ..............оны ..... дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч З.Г, З., Т., Б. нар нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримтад тусган “Хөвсгөл дулаан хан” хоршоог шалгаруулан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарт холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Гэгээнтэн овогт Зоригтын Гал-Эрдэнэ, Өндөрнөр овогт Зундуйн Отгонбаяр, Амарын дэнж овогт Төмөрийн Раднаабүд, Тогоруутан овогт Батдоржийн Батзаяа нарыг цагаатгаж, шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар төрөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хэлэлцээд 222 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасныг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарыг бусдад давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь шүүгдэгч нарыг яллах талын нотлох баримт болох Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/6669 дугаартай албан бичгээр гаргасан зөвлөмж, тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэх заалтыг зөрчиж дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарын өмгөөлөгчөөс гаргасан “Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/6669 дугаартай албан бичиг болох зөвлөмж, тайлбар”-ыг нотлох баримтад тооцуулахгүй байх, хасуулах тухай хүсэлтийн дагуу тухайн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж хэлэлцүүлгээр өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байтал тухайн асуудлыг гэм буруугийн хуралдаанаар дахин хэлэлцэж нотлох баримтаар тооцоогүй нь нэг асуудалд хоёр өөр шийдвэр гаргажээ. Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/6669 дугаартай албан бичигт тухайн тендерийг сонгон шалгаруулахдаа хуульд байхгүй арга, аргачлалаар шалгаруулсан байна гэж тусгасан байх бөгөөд хуульд заасан арга, аргачлалаар явуулаагүй болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт “бид нар Хөвсгөл аймагт тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж архиметик дунджаар бодох талаар тохиролцсон” гэсэн байх бөгөөд хавтас хэрэгт тухайн хэлэлцүүлгийн тэмдэглэл байсаар байтал тухайн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй болно. Мөн Сангийн яамны зөвлөмж, тайлбарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн байх бөгөөд тухайн заалт буюу хуулийн 28.16 дугаар зүйлд “тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн байхад өөрсдийн орон нутагтаа аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан хэлэлцэж хийсэн арга, аргачлалаар тендерийг үнэлсэн нь хуулийг ноцтой зөрсөн байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.3-д “тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлтэд үндэслэн зохих аргачлал, зааврын дагуу үнэлнэ”. 5.2.1-д “Тендерийн баримт бичиг боловсруулахдаа тухайн бараа, ажил үйлчилгээний онцлогоос хамааруулан, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичгийн аль тохирохыг ашиглах”, 5.2.4-д “Тендерийг үнэлэхэд холбогдох хууль болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан заавар, аргачлал, захиалагчийн боловсруулсан тухайн тендерийн баримт бичгийг баримтлах” зэрэг журмын заалтуудыг, Төрийн болон орон нутгийн өмгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.16 дугаар зүйл “Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална.” гэсэн заалтуудыг тус тус зөрсөн байхад хууль, журмын дагуу тендерийг үнэлсэн байна гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд заасан Тендерийг үнэлэх зэрэг ажиллагаа нь тухайн хуулийн 47.2 дугаар зүйлд “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна” гэж заасан байх бөгөөд үнэлгээний хороо нь Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулах талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.9 дүгээр зүйлд мөн тусгаж өгсөөр байтал өөрсдийн зохиож баталсан “архиметик дундаж” гэх арга, аргачлалаар тендерийг үнэлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.4.4, 28.4.5, 28.4.6-д тус тус заасны дагуу захиалагч хуульд нийцүүлэн өөрийн шалгуур, аргачлалыг боловсруулах бүрэн эрхтэй гэж үзсэн нь захиалагч, үнэлгээний хорооны чиг үүргийг андуурч дүгнэжээ.

Учир нь тухайн хуулийн 47.2.2-д тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байхад “Захиалагч”-ийн бүрэн эрх гэж үзсэн нь буруу болсон байх бөгөөд тендер сонгон шалгаруулсан “Үнэлгээний хороо”-ны гишүүд нь хууль, журамд заасны дагуу тухайн тендерийг хянан үзээгүй, үнэлээгүй байгаа нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба тухайн хэргийн онцлог нь тухайн албан тушаалтан хууль, журам зөрсөн үйлдэл гаргаснаар гэмт хэргийн шинжийг агуулдаг болно. Анхан шатны шүүхээс захиалагч болон үнэлгээний хорооны ажиллах чиг үүргийг андуурч дүгнэлт хийж шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх дурьдсан баримтуудаар шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нар нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг сүүлийн удаа шалгаруулахдаа албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүхээс гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн шинж тогтоодохгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үйл ажиллагааг хууль, журмын дагуу явуулсан эсэхээс шалтгаалан гэмт хэргийн шинжтэй болох нь нотлогдон тогтоогддог онцлогтой.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 114 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарыг Хөвсгөл аймгийн Рашаант суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримтад тусган “Хөвсгөл дулаан хан” хоршоог шалгаруулан бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашигласан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч          З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарт холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж, үйлдсэн хэрэгт нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах талын нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байдлыг хянан үзэж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Мөн энэ зүйлийн тайлбарт -Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ.

Прокурор 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 114 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нарыг “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашигласан” гэж ялласан байх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч нарын албан тушаалын байдлын эрх мэдлээ ямар албаны эрх ашгийн эсрэг ашигласан, бусдад эдийн буюу эдийн бус ашигтай, ямар давуу байдал бий болгосныг нотлон тогтоогоогүй, ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ямар шинжийг агуулсан талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөгч, прокурор нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нөгөөтэйгүүр үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичиг болох З.Гал-Эрдэнэ, З.Отгонбаяр, Т.Раднаабүд, Б.Батзаяа нар нь хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж Хөвсгөл аймгийн Рашаант суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 3 дахь удаагаа зохион байгуулж, энэ сонгон шалгаруулалтаар “Хөвсгөл дулаан хан хоршоо”-г шалгаруулсан нь тухайн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нөгөөтэйгүүр Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/6669 дугаартай зөвлөмж, тайлбар нь хоёр байгууллагын хооронд харилцсан албан бичиг байх ба энэхүү албан бичиг нь шүүгдэгч нарыг хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж тендер сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосныг нотолсон баримт гэж үзэхэд учир дутагдалтайн дээр уг албан бичгийг үйлдэхдээ холбогдох баримтыг бүрэн судлаагүй байсан талаар гэрч Д.Өлзийдүүрэн тодорхой мэдүүлсэн байна.

Түүнчлэн Монгол хэлний их тайлбар толинд “Тайлбар” гэж утга агуулга, учир шалтгааныг дэлгэрүүлэн тайлж хэлсэн ба бичсэн зүйлийг хэлнэ, “Зөвлөмж” гэж аливаа нэгэн зүйлийн талаар өөрийн санал бодлыг зөвлөн зааварлах маягаар бичсэн зүйлийг хэлнэ гэж тайлбарласан.

Иймд дээрх зөвлөмж, тайлбар нь дангаараа нотлох баримт болохгүйн дээр бусад баримтаар үгүйсгэгдэж байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Шүүгдэгч нар тендер шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7 дугаар зүйлийн 28.7.4-т заасан “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <<хамгийн сайн>> үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэснийг үндэслэн эрх бүхий этгээдийн баталсан аргачлалаар явуулсан байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдоржийн дээрх 6-1/6669 дугаартай зөвлөмж тайлбарт тусгай мэдлэг шаардсан шинжээчдийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.12 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ дээрх баримтыг үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийснийг нэг асуудалд хоёр өөр шийдвэр гаргасан гэж үзэхгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Н.БАЯРХҮҮ