Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар  128/ШШ2024/0002

 

                       

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С, Н.З,

Гуравдагч этгээд: “”ХХК,

Гуравдагч этгээд: Д.Ц

Маргааны төрөл: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, гуравдагч этгээд Д.Цийн өмгөөлөгч Р.М, гуравдагч этгээд “”ХХК-ийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн “”ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
  3. Гуравдагч этгээд иргэн Д.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “”ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч, захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байна.
  4. Улмаар Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “”ХХК-ийн 95 хувийн хувьцааг Д.Цээс худалдан авч гэрээ байгуулсан байна.
  5. Ингээд тухайн өдрөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг хийж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 95 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.М, хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Ц нарыг бүртгүүлж, 2 хувьцаа эзэмшигчтэй болжээ.
  6. Иргэн Д.Цээс тус шүүхэд гаргасан “*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
  7. Тус магадлалын хянавал хэсэгт “...маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй... “маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоодохгүй байх хэдий ч “нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна.” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. ....” гэжээ.

“”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мийн гаргасан хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/915 дугаартай албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 211/МА2023/******* дугаар магадлалыг тайлбарласан байна.

  1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 3581 дугаар захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Бүртгэл хүчингүй болгуулах тухай” 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02/154/7668 дугаартай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. 

Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/4052 дугаартай албан бичгээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалын дагуу “” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон” талаар мэдэгджээ. 

  1. Иргэн Д.Цээс Өнөөдөр сонинд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “..Улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаартай, гэрчилгээний дугаартай “”ХХК-ийн гэрчилгээ үрэгдүүлсэн тул” гэж зар оруулсан байна.
  2. Улмаар “тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин авах, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл гаргасныг улсын бүртгэгч Н.З 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн мэдээллийн санд бүртгэн, гэрчилгээ дахин олгож, тамганы хяналтын дугаар олгосон байна.
  3. “”ХХК-ийн хуулийн этгээдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр дүгнэлтээр “шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн”-ийг хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр дүгнэлтээр “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистрийн дугаартай “”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хяналт шалгалтын ажиллагаа дуусталх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж өөрчлөлт оруулсан байна.
  4. Нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн бөгөөд бичгээр хариу өгөөгүй, амаар хариу өгсөн гэх бөгөөд үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Иргэн Д.Ц “”ХХК-ийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар, Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт улсын бүртгэлийг хүчингүй болгож буй үндэслэлээ дараах байдлаар дүгнэсэн юм “...Захиргааны хэргийн шүүх Улсын бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүнтэй холбоотой талуудын хүсэл зориг, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, тухайн үед бүртгэл хийх үндэслэл болсон баримт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуурамч хууль бус болох нь тогтоогдоогүй байх боловч маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй...”, “... маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоогдохгуй байх хэдий ч нэхэмжлэгчид үг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний шүүхэд маргах ашиг сонирхол байна гэсэн үндэслэлээр” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. /магадлалын 6 дахь тал/

Нийслэлийн захиргааны шүүхийн магадлалыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн захиргааны шүүгч Э******* 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-154/7668 тоот албан бичгээр “”ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг улсын бүртгэлийг хүчингүй болгосон захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Улсын бүртгэлийн газар нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхдээ зөвхөн бүртгэлийг хүчингүй болгох ёстой байтал “”ХХК-ийн 5%-ийн хувьцаа эзэмшигч Д.Цд хуулийн этгээдийн гэрчилгээг дахин шинээр олгож, тамганы хяналтын дугаар өгснөөр одоогийн байдлаар “”ХХК нь аж ахуйн нэгжийн хоёр гэрчилгээтэй хоёр тамгатай болж маргаан үүсгэх эх үүсвэрийг улсын бүртгэлийн газар бүрдүүлээд байна. Энэхүү үйлдлээс болж Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газар байрлах гянтболдын үйлдвэрлэл явуулдаг компанид 5%-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц нь хууль бусаар олон тооны хамгаалалтын албаны ажилчдыг авч очин уурхайн үйл ажиллагаанд саад учруулж улмаар гэмт хэрэг үйлдэж Ховд аймгийн цагдаагийн газар шалгагдаж байна.

Хуулийн этгээдийн гэрчилгээ, тамгыг хууль бусаар олгосон үйлдлийн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэгч Н.Зын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг шүүхээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байдаг.

Энэхүү дүгнэлтийг иргэн Д.Цээс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт өөрчлөлт оруулж “”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр өөрчлөлт оруулсан байдаг.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Мийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг албан өрөөндөө дуудаж “танай өгсөн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан, гомдолд дурдсан улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэдэг хариуг амаар өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрээ бичгээр өгөхийг хүсэхэд хүлээж аваагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Н.Зын “”ХХК-ийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгуулсан бүртгэлийн ажиллагааны талаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж Дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“”ХХК-ны улсын бүртгэлийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр дээрх компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан Д.Ц, Б.М нарын компанийн хувьцаа шилжүүлсэн иргэний эрх зүйн гэрээний талаар шүүхэд маргах эрхийг нээж өгсөн агуулгатай болохоос өмнөх Хувьцаа эзэмшигч Д.Цийн эрхийг сэргээсэн агуулга байхгүй юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс Б.Мийн нэхэмжлэлээр 2017 оны 01 сарын 16-ны өдрийн улсын бүртгэл хийх үндэслэл болсон иргэний эрх зүйн гэрээний талаарх нэхэмжлэлд 2023 оны 04 сарын 26-ны өдөр №101/ШЗ2023/ дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгээд байгаа.

Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны 04 сарын 28-ны өдөр 2017 оны 01 сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож магадлалыг биелүүлэх ёстой байтал Д.Цд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгож, тамганы хяналтын дугаар олгож Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагаа хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

“”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг нэхэмжлэгч Б.Мд байсаар байтал Д.Ц нь улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахдаа “үрэгдүүлсэн” гэж Өнөөдөр сонины 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаарт зарлуулж авсан байдаг бөгөөд ингэхдээ 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүчингүй болсон № дугаартай гэрчилгээг үрэгдүүлснээр зарлуулж бүртгэлийн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон байгаа.

Энэхүү үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан 8.8.6 дахь хэсэгт заасан “улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.” гэсэн үндэслэл бий болоогүй байхад бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн гэрчилгээ тамгыг дахин олгосноор “”ХХК-ийг 2 гэрчилгээ, 2 тамгатай болгож талууд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн улсын бүртгэл хийхдээ байгуулсан иргэний эрх зүйн гэрээний талаар шүүхэд маргаж байгаа хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө Д.Ц нь “”ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, үрж үрэгдүүлэх нөхцөл боломжийг олгож байгаа бөгөөд энэхүү үйлдлээс шалтгаалан Б.Мийн өнгөрсөн 6 жилийн хугацаанд дээрх компанийг удирдаж бий болгосон хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал үүсээд байна.

Энэ утгаараа улсын бүртгэгчийн дээрх үйлдэл нь захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4-т заасан заалтыг зөрчсөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх хууль бус захиргааны акт байгаа юм.” гэжээ.

14.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Магадлалаар нэхэмжлэгч Д.Цийн эрхийг нь сэргээгээгүй. Зөвхөн иргэний шүүхэд тухайн бүртгэлүүдтэй хийсэн гэрээний талаар холбогдох маргаанаа шийдвэрлүүлэх, шаардах эрхийг нь нээж өгөх зорилгоор энэ бүртгэлийг хүчингүй болголоо гэж шүүх маш тодорхой дүгнэчихсэн. Улсын бүртгэлийн байгууллага магадлалыг зөв ойлгож, уншиж судлалгүйгээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн нь Б.Мийн эрхийг хөндөж байна. Ямар эрхийг хөндсөн бэ? гэхээр 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл “”ХХК-ийн 95%-ийн хувьцааг авч “”ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй Ховд аймгийн Алтай суманд байдаг Огцог хадны гянтболдын уурхай ерөнхий геологичоор ажиллаж байсан хүний өмч болчихсон нөхцөл байдал шууд бүрдчихсэн юм.

Бүгд найрамдах Хятад ард Улсын 30 ажилтанг уурхайд ажиллуулж байна. Улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг яагаад хууль бус үзэж байгаа вэ? гэхээр

1 дүгээрт улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүчингүй болчихсон дугаартай гэрчилгээг Өнөөдөр сонины 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зарлуулж, үрэгдүүлсэн гэсэн баримтыг хууль бусаар бүрдүүлж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар гэрчилгээг зарлуулсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр авсан дугаартай гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад өмнө нь хүчингүй болчихсон гэрчилгээг зарлуулж нотлох баримтаа хувийн хэрэгт хавсаргаад гэрчилгээгээ дахиад авчихсан үйлдэл гаргасан. Б.Мийн хүчин төгөлдөр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр авсан гэрчилгээ тамга одоо ч бий. Д.Цд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрчилгээ байгаа.

2 дугаарт 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Шаардлагын гол агуулга нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон, мөн Д.Цийг тус компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч гэж дүрмийг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. “”ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчийг Д.Ц болгон өөрчилсөн улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан..” гэжээ.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд хэлсэн нэмэлт тайлбартаа: “Иргэний эрх зүйн харилцаа үүсгэж байгаа гэрээг шүүх хөндөөгүй шүү. Тамга, тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон талаар магадлалд огт дурдаагүй. Гэрчилгээ, тамгыг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд бий. Танай программын мэдээлэлд байсан юм байна гэж ойлголоо. Хувьцаа эзэмшигч биш болж, хувьцаа эзэмшигчийн хурлаа хийгээд холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэх нь Компанийн хуулиар зохицуулагдана шүү дээ. Ингээд бичиг баримтаа бүрдүүлсний дараа бүртгэл явагдах ёстой. Магадгүй нас барчихсан хүн байвал мэдээлэл нь хэвээр байх нь. Энэ бүртгэл хүчингүй болсноороо бидний эрх яаж сэргэх вэ? гэвэл хувьцаа эзэмших эрхтэй гэдэг эрх сэргэнэ. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг бид харна. Ганц гишүүнтэй гэдэг хүн байснаар миний эрхийг хэрхэн зөрчих вэ? гэхлээр дахиад хоёрдогч хүнд зарах магадлалтай юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өмч хөрөнгийг нь хязгаарлачихсан байгаа. Энэ хүчингүй болсноор бидний 95%-ийн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах гол нөхцөл бол компанийн бүртгэл болчхоод байгаа юм. Өмнөх кэйстээ адил. 95%-ийн хувьцаа эзэмших эрхтэй хүний бүртгэл байснаар бүртгүүлэх тэр боломжийг хязгаарлаж чадахгүй. Тиймээс хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа. Хүчингүй болгосноор ямар үр дагавар үүсэх вэ? миний ойлгосноор Ховд аймгийн байгаль орчны байцаагч битүүмжилсэн. Талууд зөв ойлголттой болж тодорхой байр сууринд хүрэхгүй бол аль аль тал нь хохирно. Дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор гэрчилгээ олгож байгаа үйлдлүүд хүчингүй болно. Тамга тэмдэг олгож байгаа үйлдэл нь хэдэн оны сонинд нийтлэгдсэн нь ойлгомжгүй байна. Иймд бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү?”гэжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч иргэн Б.Мийн “”ХХК /РД:*******/-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

“”ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Ц 100 хувь хувьцаа эзэмшигчээр, захирлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна

2017 оны 01 сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигч Д.Ц шийдвэр гаргаж, холбогдох бүрдүүлбэрийн дагуу Б.Мийг 95 хувь, Д.Цийг 5 хувийн хувьцаа эзэмшигчээр, Б.Мийг захирлаар улсын бүртгэлд бүртгүүлж 2 хувьцаа эзэмшигчтэй болсон.

Иргэн Д.Ц “”ХХК-ийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/******* дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/******* дугаартай магадлалаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд Б.Мийн өмгөөлөгч Б.Г, М.Г******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны ******* дугаартай тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны Өдрийн ******* дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” албан бичгийн дагуу “”ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон.

Тухайн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны бүртгэлийг хүчингүй болгосноор “”ХХК нь 2013 оны 11 сарын 26-ны өдөр иргэн Д.Ц 100 хувь хувьцаа эзэмшигчээр, захирлаар бүртгүүлсэн анхны бүртгэл сэргэсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8 -т “Улсын бүртгэлийн

гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно”. 8.8.6-т “улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.”, 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.”, “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 10.2-т “Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгоход дараах баримт бичгийг оргодолд хавсаргана”. Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын гэж заасны дагуу холбогдох баримтуудыг авч бүртгэсэн байна

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “”ХХК-ийн гэрчилгээг үрэгдүүлснийг дахин олгохдоо дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн болно. Үүнд:

1. УБ-03 маягт

2. УБ-12 маягт

3. Татварын тодорхойлолт

4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

5 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дугаартай “Бүртгэл хүчингүй болгуулах тухай” албан бичиг

6. Тусгай зөвшөөрлийн хуулбар

7. Дүрэм

8. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээ үрэгдүүлсэн тухай сонин 

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “”ХХК-ийн тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгохдоо дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн болно. Үүнд:

1. УБ-03 маягт

2. Тамга, тэмдэг дахин авах хүсэлт

3. Шийдвэр

4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “”ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгохдоо “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журамд заасан баримтуудыг үндэслэн бүртгэл хийгдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

17. Гуравдагч этгээд Д.Цээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Мөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “”ХХК-ийн /*******/ улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Д.Ц (“”ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, захирал) миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Улсын бүртгэлээр өнөөдрийн байдлаар “”ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр Д.Ц миний бие бүртгэлтэй байгаа бөгөөд би тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохин байгуулж, компанийн үйл ажиллагааг явуулж байна.

Гэтэл манай компанийн дотоод асуудал болох гэрчилгээ, тамга тэмдгийн дугаар гаргуулсныг хүчингүй болгуулахаар манай компанид нэг ширхэг хувьцаа эзэмшдэггүй, ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй этгээд болох Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, “зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/******* дугаартай магадлалаар “”ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Б.Мийн өмгөөлөгч нарын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Б.М “”ХХК-д ямар ч хамааралгүй болсон.

Нэхэмжлэгч Б.М нь “”ХХК-ийн 95 хувьцаа эзэмшигч болохоо тогтоолгохоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлээгүй, уг эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад түүнийг манай компанийн хувьцаа эзэмшигч гэж үзэж хууль зүйн боломжгүй.

Б.М нь “”ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал биш атлаа тус компанийн дотоод асуудал болох гэрчилгээ, тамганы дугаар гаргуулсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж гаргах эрхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Эндээс үзвэл “”ХХК-ийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, зөрчих ч боломжгүй юм.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.*******ын тогтоолоор “”ХХК-ийн хуучин улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг зэргийг яллагдагч Б.Мөөс хураан авч, эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол гарсан тул тухайн гэрчилгээ, тамгыг ашиглах боломжгүйг дурдах нь зүйтэй.

2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “”ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг түдгэлзүүлж, хүчингүй болгосноор тус компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, компанийн эд хөрөнгөд ноцтой, илт хохирол учрах Тул нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул татгалзаж өгнө үү.Иймд Б.М нь “”ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, эрх бүхий албан тушаалтан биш хамааралгүй этгээд бөгөөд захиргааны хэргийн шүүхэд тус компанийн бүртгэлтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Б.М нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

18. Гуравдагч этгээд Д.Цийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэл бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа. Дахин бүртгэл хийсэн зүйл байхгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлалаар “” ХХК-ийн хамгийн сүүлийн бүртгэл болох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэл хүчингүй болсон бөгөөд ингэснээр компанийн бүртгэл сэргэсэн. Аж ахуй нэгж бүртгэлгүй байж болохгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу сүүлчийн бүртгэл хууль бус болсон учраас өмнөх бүртгэл сэргэсэн. Шүүхээс эрх сэргэхгүй гэж заасан байхад Улсын бүртгэлийн байгууллага эрхийг нь сэргээсэн гэж тайлбар хэлдэг. Эрх гэж ерөнхий зүйл яриад байна. Гүйцэтгэх захирал болох байсан эрх сэргэхгүй байна уу? эсхүл гүйцэтгэх захирал болох эрх нь сэргэхгүй гэсэн үү? Тодорхой зүйл хэлэхгүй байна. Эрх сэргэхгүй гэдэг ойлголт өмнөх захиргааны хүчин төгөлдөр болсон шийдвэрээр дуусгавар болчихсон. Өмнөх хэрэгт Д.Ц нь нэхэмжлэгч, Б.М нь гуравдагч этгээдээр оролцож байсан. Бүртгэл хүчинтэй байснаар гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх эрх хязгаарлагдаад байна, эрх сэргэхгүй нөхцөл байдал үүсээд байна гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатын шүүх магадлалд эрхийг нь сэргээхийн тулд бүртгэлийг хүчингүй болголоо гэсэн агуулгаар тайлбарласныг эрх сэргэхгүй гэдэг үгийг тасалж аваад маргаж байна. Шүүхийн шийдвэр ойлгомжтой гарсан. Компани эзэнгүй байж болохгүй.

Зөвхөн эрх нь сэргэсэн асуудал байгаа. Шинээр бүртгэсэн зүйл байхгүй.  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх ямар ч үндэслэл байхгүй. “” ХХК-ийн гүйцэтгэх захирал 100%-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц 2013 онд тус компанийг үүсгэн байгуулж, бүртгэл хүчингүй болох үе хүртэл захирлаар ажиллаж байсан. Нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй байж уурхайг эзэмшээд байна гэж тайлбарлаж байна. Гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч болоод бүртгэл нь сэргэсэн тохиолдолд мэдээж компанийнхаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх нь гүйцэтгэх захирлын хувьд байгаа шүү дээ. Яагаад гэвэл уурхайн тусгай зөвшөөрөлтэй компани. Тусгай зөвшөөрлийн маргаан огт болоогүй. Уурхайд очиход 100 гаруй хүн байсан бөгөөд  эзэн нь хэн байх нь тодорхойгүй байсан. Уурхайд эмх замбараагүй байдал үүссэн. Хэрэв ямар нэгэн осол, гэмт хэргийн шинж чанартай асуудал хэн хариуцах вэ? Б.М үү? Д.Ц үү?

Одоо бол уурхайн үйл ажиллагаа хяналт дор явагдаж байгаа. Б.Мийн хувьд яг энэ уурхайд нэг төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Гадаадын нэр бүхий 3 иргэний оруулсан хөрөнгөөр энэ уурхай өөрөө бий болсон. Компани бол Цийнх. Б.М нь зарим хүмүүсийг залилж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлчихсэн байсан. Энэ асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Гадаадын иргэдийн хуурч мэхэлсэн, их хэмжээний хөрөнгийг залилсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үйлдсэн яллагдагчаар татагдсан. Өмнөх хүчингүй болсон бүртгэлийг хийхдээ хуурамч гарын үсэг бүхий баримт бичиг үйлдсэн. Энэ нь тогтоогдсон.

Итгэмжлэл, өргөдөл, дүрмийн гарын үсэг, худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх талын гарын үсэг зэрэг олон баримтыг хуурамчаар үйлдсэн бөгөөд энэ нь цагдаагийн газар шалгагдаж байна. Хуучин хүчингүй болсон тамга тэмдгийг хураалгах прокурорын тогтоол 4 дүгээр сард гарсан. Одоог хүртэл хураалгаагүй. Прокурорын тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь ямар учиртайг мэдэхгүй байна. Залилсан хэргийн нотлох баримтаар тамга тэмдэг нь хураагдах ёстой. БНХАУ-ын иргэдэд гэрчилгээгээ барьцаалж их хэмжээний мөнгө авч хувьцаа завшсан. Мөнгийг нь буцааж өгөөгүй. Гэрчилгээгээ хаясан гэж дахин гэрчилгээг авсан байдаг. Хуурамч нотлох баримт үйлддэг мөртөө шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн бүртгэлтэй маргаан үүсгэж байна. Шүүхийн шийдвэрийг өөр шийдвэрээр хүчингүй болгуулах арга тактик ашиглаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

19. Гуравдагч этгээд “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Б.Мийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох “”  ХХК-ийн /*******/ улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт “” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа билээ.

Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Иргэн Б.М нь нэхэмжлэл гаргахдаа “”ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө тодорхойлсон байна. Гэтэл “”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр улсын бүртгэлд Д.Ц бүртгэлтэй байгаа бөгөөд тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохин байгуулж, компанийн үйл ажиллагааг явуулж байгаа болно.

“”ХХК-д ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаал хашдаггүй Б.М нь компанийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардах бөгөөд гагцхүү зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар л шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэтэл Б.М нь “”ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, ямар нэгэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх/ албан тушаал хашдаггүй байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Мөн “”ХХК-д гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгогдсон нь Б.Мийн ямар эрхийг, хэрхэн зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/******* дугаартай магадлалаар “”ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “гишүүдийн тоо 2”, “гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хийгдсэн ажиллагааг захиргааны шүүх дахин хянах боломжгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу иргэн Б.Мийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд: Нэхэмжлэгч Б.Мөөс “маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “” ХХК-нд шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Шүүх актын биелэлтийг түдгэлзүүлэх, урьдчилсан түр хамгаалалт тогтоохдоо мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаас бусад тохиолдолд тухайн арга хэмжээг авахаар хуульчилсан байдаг.

Хэрэв шүүхээс “” ХХК-д Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг түдгэлзүүлсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан. “... эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдийн ашиг сонирхолд илт хохирол учруулах” гэж заасан нөхцөл байдал бий болж компани өдөр тутмын үйл ажиллагаагаа цаашид явуулах ямар ч боломжгүй буюу татвар, нийгмийн даатгалд тайлан гаргах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ашигт малтмал, газрын тосны газартай, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, шүүх, хуулийн байгууллага зэрэгтэй албан бичгээр харилцах, аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулах, банкны гүйлгээ хийх боломжгүй компанийн үйл ажиллагаа бүрэн зогсоно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү.”гэжээ.

20. Гуравдагч этгээд “” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ маргаан өмнө нь хянагдаж шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчээр Д.Ц, хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, гуравдагч этгээдээр Б.М оролцож байсан хэрэг маргаантай хамааралтай. Д.Ц нь улсын бүртгэлийн бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь юу байсан бэ? гэхээр Д.Ц, Б.М нарын хооронд байгуулсан гэрээ болон бүртгэл хийгдэхэд бүрдүүлсэн баримт бичгүүд нь хуурамч. Гэрээ нь хүсэл зоригийн дагуу хийгдээгүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус байна. Улсын бүртгэл шалгаж тогтоохгүйгээр хуурамч бичиг баримтыг үндэслээд бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн асуудал гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн 2 шатны шүүхээр шийдвэрлэж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

Тогтоох хэсгийн 1-т нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Цээс Б.Мд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Ц нь “” ХХК-ийн 95%-ийн хувьцааг буцааж аваад нийтдээ 100%-ийн хувьцааны эзэмшигч болсон. Хуучин тамга тэмдэг буюу Б.Мд байсныг буцааж авах боломжгүй болсон учраас улсын бүртгэлээс дахин гаргуулсан. Б.М нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг дүгнэж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар “”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ц бүртгэгдсэн. Компанид ямар ч хамааралгүй нэг ч хувийн хувьцаа эзэмшдэггүй Б.М нэхэмжлэл гаргаад компанийн дотоод асуудал буюу тамга тэмдэг, гэрчилгээ шинээр гаргуулж авах үйл ажиллагаанд гомдол гаргаж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж юуг хэлэх вэ гэдгийг, 17 дугаар зүйлийн 17.3-д нэхэмжлэгч гэж хэн бэ? гэдгийг заасан байдаг. Б.Мийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байна.

Д.Цийн эрх нь сэргэхгүй гэж давж заалдах шатын шүүх үзсэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргасан зэргийг Б.Мийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэдэгт хамааруулж ярих нь зохимжгүй юм. Иргэний шүүхээр шилжих ёстой гэсэн шийдвэр гарч хүчин төгөлдөр болбол дараагийн асуудал шийдвэрлэгдэнэ. Д.Цд байгаа хууль ёсны гэрчилгээг нь хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр бөгөөд бүгд дагаж биелүүлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа холбогдох захиргааны байгууллага болон хуулийн этгээд албан тушаалтан хүн заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураараа биелүүлэхгүй бол албадлагын журмаар биелүүлнэ гэж заасан байдаг. Сайн дураар биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу биелүүлэх ажиллагаа явагдсан. Шинэ акт гарч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйл огт биш.

Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ гэж заасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг улсын бүртгэл дагаж биелүүлэх л үүрэгтэй. Бүртгэл хийгдсэнээр хуучин бүртгэл нь сэргэнэ гэж ойлгож байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн шинэ бүртгэл хийгдээгүй гэдгийг дэмжиж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын талаар тайлбар хэлье. Бүртгэл хүчингүй болсноор сэргэсэн болохоос бүртгэсэн үйлдэл хийгээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Хариуцагчийн тайлбараас энэ нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг биелүүлээгүй. Улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж байгаа бол дээд шатны байгууллагад нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. 30 хоногийн дотор гаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан 2 шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.”Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ.” гэж заажээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан гуравдагч этгээд иргэн Д.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан ба нэхэмжлэгч Б.М 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 95 хувийн хувьцаа эзэмшигчээр, гуравдагч этгээд Д.Ц 5 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснээр “” ХХК-ийн Д.Ц компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн улсын бүртгэл сэргэсэн байх бөгөөд шинээр бүртгэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.”Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно: … 8.8.6.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.” гэж заажээ. 

“” ХХК-ийн 00037208 дугаар гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцсон тул гуравдагч этгээд Д.Ц “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд холбогдох баримтыг бүрдүүлэн маягтын дагуу өргөдөл гаргаж, компанийн тамга, гэрчилгээ дахин авсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “... дугаар гэрчилгээг урьд нь хүчингүйд тооцсон байсан, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон 0 дугаар гэрчилгээ хүчинтэй байсан. Хүчингүй болсон байсан 2017 оны гэрчилгээг хүчингүйд тооцож дахин гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй …” гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч гуравдагч этгээд хуулийн этгээдийн хэдэн оны гэрчилгээг хүчингүйд тооцсоноос үл хамаарч нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг сонирхол байхгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны ******* дугаар магадлалын хянавал хэсэгт “...маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй... “маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоодохгүй байх хэдий ч “нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна.” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. ....” гэж дүгнэсэн боловч “” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2013 онд бүртгэгдсэн байсан Д.Цийн бүртгэл сэргэсэн тул нэхэмжлэгчид гуравдагч этгээд “” ХХК-тай холбоотой зөрчигдсөн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

Дээрхээс дүгнэвэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй бөгөөд “” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн Д.Цийн өргөдлийн дагуу гэрчилгээ болон тамганы хяналтын дугаар олгосон үйлдэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Харин шүүхийн энэхүү шийдвэр хэргийн оролцогчид улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар дахин өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.8.6-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Мөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэл болон “”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН