Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02160

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02160

 

Ц.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эцэг Чимэдийн Цэрэн 1938 онд хэлмэгдэж, баривчлагдаж шоронд 10 жилийн хорих ялаа эдэлж байх хугацаандаа нас барсан. Хэлмэгдсэн хүмүүст мөнгө өгнө гэсэн зар мэдээ гарсан тул түүний дагуу охиноороо хөөцөлдүүлж нөхөн олговрыг авах бодолтой өргөдөл өгсөн. Эцэг Ч.Цэрэнг 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хөрөнгө хураасан зүйл байхгүй, хураагаагүй гэдэг байх. Би тухайн үед 5 настай байсан болохоор яг тэр асуудлыг нарийн мэдэх юм алга байна. Иймд нөхөх олговор 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбартаа: Ц.Нансалмаа нь Чимэдийн Цэрэнгийн төрсөн охин болох нь тогтоогдсон. Мөн Ч.Цэрэн нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь тогтоогдсон боловч түүнийг цагаатгасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс энэ асуудлыг тодруулсны эцэст энэ маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлгүй тул 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай Ц.Нансалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нансалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эцгийн минь гэм буруутай эсэхийг шалгаж тогтоохгүйгээр зохиомол хэрэг үүсгэж 4 жил хорьж шийтгэсэн байж заавал гэр, орон сууц хураалгасан байхыг шаардаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан эцэг Ч.Цэрэнгийн нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ./ хх-1/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг олгохоор байна.

Хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын 2019 оны 05/884 тоот тодорхойлолтод Чимидын Цэрэнд холбогдох хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй. Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолд Чимэдийн Цэрэн нь үхэр 14, адуу 3, хонь 8, гэр 1 гэж тусгагдсан байна. /хх-16/

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж энэ хуулиар тооцогдохын тулд мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан журмаар хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон байх юм. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар Ч.Цэрэн нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлээд ялаа эдэлж байхдаа нас барсан гэжээ. Ч.Цэрэнг цагаатгасан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн явагдсан эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөх зорилгоор мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор олгохоор заасан. Нэхэмжлэл гаргагч нь өөрийгөө хэлмэгдэгчийн хүүхэд гэж тодорхойлсон байх бөгөөд өмнө нь төрөөс нөхөх олговор авсан эсэх талаар ч баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэлмэгдэгч цагаадсан эсэх үйл баримт маргаантай байгаагаас гадна Чимэдийн Цэрэнг шийтгэх баривчлах үед эд хөрөнгө/гэр/ хураагдсан эсэхийг, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн аль агуулгаар ямар учраас ямар хэмжээний нөхөх олговор шаардаж байгааг магадалж тодруулах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД