| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 1938004760408 |
| Дугаар | 2020/ДШМ/30 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2020/ДШМ/30
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Баянбилэг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ганбат,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолтой О.Хт холбогдох 1938004760408 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хачгин овогт Оюундэлгэрийн Х, .... оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, урьд ............ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар ................../.
Шүүгдэгч О.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 00-25 улсын дугаартай Хондо Кроссроад загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Оын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.О, О.Мөнхтүвшин, А.Анар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Доржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохирогч Б.Хулангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хачгин овогт Оюундэлгэрийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюундэлгэрийн Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Хаас 11,132,314 /арван нэг сая нэг зуун гучин хоёр мянга гурав зуун арван дөрвөн төгрөг/ төгрөгийг гаргуулж хохирогч Ловон овогт Цэнджавын О /УМ90071713/-т, 1,580,060 /нэг сая таван зуу наян мянга жар/ төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Х, арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтүвшин нарын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Оргодолын Оюунчимэг /НХ64090405/-т, иргэний хариуцагч Х.Хосбаяраас 7,136,706 /долоон сая нэг зуу гучин зургаан мянга долоон зуун зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ловон овогт Цэнджавын О /УМ90071713/-т, 2,220,026 /хоёр сая хоёр зуун хорин мянга хорин зургаа/ төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Х, арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтүвшин нарын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Оргодолын Оюунчимэг /НХ64090405/-т тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Хын 1185137 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23 өдрийн дугаар 2020/ШЦТ/255 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1.Миний үйлчлүүлэгч Х.Хосбаяр нь шүүгдэгч О.Хтай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 0025 УНЭ улсын дугаартай Хонда Кросс Роад машинаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд төлбөрөө төлж дууссан үед нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон гэдэг нь мөрдөн байцаалтын үед өгсөн өөрийнх нь мэдүүлэг, шүүгдэгч О.Х болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар татсан нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Нэгдүгээр бүлэг 1.3 зүйлийн 1, 3 хуулийг ноцтой зөрчсөн.
2.Худалдах худалдан авах гэрээг бичгээр хэрэгт нотлох баримтаар тооцуулан хавсарган өгсөөр байтал уг гэрээг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.1 1.7.2 зүйлийг зөрчсөн. Мөн хяналтын прокурор нь миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар татан өгнө үү гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлтийг нь хангаж шийдвэрлээгүй бөгөөд үндэслэх хэсэгтээ яллагдагч О.Х болон гэрч Х.Хосбаяр нар нь хоорондоо тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар дурдсан байдаг.
Миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Хтай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд төлбөр дууссан үед гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон болзолт гэрээг хийсэн бөгөөд шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчийн компанид ажилладаг байсан болохоор цалингаас нь суутгаж төлбөрөө авдаг байсан талаар мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг миний үйлчлүүлэгчид халдаан хэрэглэж байгаад гомдолтой байна.
Иймд Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 зааснаар гэм буруугүйд тооцон хэргийн үнэн зөвийг тунгааж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч О.Х нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Хондо Кроссроад маркийн 00-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Оын жолоодож явсан Тоёота Приус-30 маркийн 21-17 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.О, О.Мөнхтүвшин, А.Анар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Доржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохирогч Б.Хгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс О.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хондо Кроссроад маркийн 00-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Х.Хосбаяр болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, иргэний хариуцагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул Х.Хосбаярыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй.
Иргэний хариуцагч Х.Хосбаярын машинаа О.Хт худалдсан гэх гэрээний талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон, машины үнэ бүрэн төлөгдөөгүй гэх мэдүүлэг нь Хондо Кроссроад маркийн 00-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжээгүйг нотолж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан учир Х.Хосбаярыг бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх шүүгдэгч, иргэний хариуцагч нарын тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцвал зохих хэмжээг хувиар тогтоон шийдвэрлэсэн байх ба энэ талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ