Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0003

 

2023          12          22                                  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П,

Хариуцагч: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э, Б.Ц

Гуравдагч этгээд: “Н” ХХК,

                                 “Ш” ХХК,

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г,

Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Маргааны төрөл: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс ““Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалын “Н” ХХК болон “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
  3. Нэхэмжлэгч “” ХХК Тусгай хамгаалалттай удирдлагын газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/265 дугаар гэрчилгээний үндсэн дээр ашиглаж  байсан 2 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/420 дугаар тушаалаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна.
  4. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/04 дүгээр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ”-г Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, Налайх дүүргийн Засаг дарга, “” ХХК нар байгуулсан байна.
  5. Нэхэмжлэгчээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 010 дугаар албан бичгээр газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргажээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тус албан бичгийн хариуг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр өгөхдөө “... координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэх хариуг хүргүүлжээ.

  1. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 002, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 003 дугаар албан бичгээр “... газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоогүй нэг талд давуу байдал олгосон, төрөөс газрын талаар баримтлан зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байгаа тул бидэнд үндэслэл бүхий тайлбар өгнө үү.” гэх гомдлыг гаргажээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 204 дүгээр албан бичгээр “... Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 36 дугаар зүйлд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах түүнтэй холбоотой асуудал буюу газар ашиглах эрх олгох, сонгон шалгаруулалт хийх, төсөл үнэлэх эрхийг шийдвэрлэх эрхийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлдэг. Иймд тухайн асуудлыг тус байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Уг шийдвэрт нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хандан гомдол гаргасан байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “...үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрийг гаргаж байсан. ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж батлах бөгөөд тухайн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгай, сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхдээ тухай бүрд нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна.” гэж гомдлын хариуг “*******” ХХК-д хүргүүлж, хувийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байна.
  2. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 006 дугаар албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан “...бидний ашиглахаар хүсэлт гаргаж буй тус газарт өөр иргэн, ахуйн нэгж байгууллагын ашиглалтад олгогдсон байгаа эсэх дээр дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргахад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 290 дүгээр албан бичгээр “..тухайн байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А тоот тушаалаар 6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Н” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.” гэх хариуг өгсөн байна.
  3. Гуравдагч этгээд “Н” ХХК Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар албан бичгээр хүсэлт гаргасаны дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...солбилцол бүхий 59263 м2 газар нь давхцалгүй байгаа болно.” гэх санлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* хүргүүлжээ.

Улмаар “Н” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/12-22 дугаар албан бичгээр аялал жуулчлалын зориулалтаар газар олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалаар тус компанид 59263 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгосон байна.

  1. Гуравдагч этгээд “Ш” ХХК-иас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргахад тус газраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22/861 дүгээр албан бичгээр “тус компаниас ирүүлсэн 305537 м2 байршилыг үзэхэд …тогтоосон онцгой болон энгийн хамгаалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай байгаа хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.” гэх хариуг ирүүлсэн байна. 

“Ш” ХХК-иас  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар албан бичгээр “...бүсэд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч дэмжих бичиг хийж өгнө үү.” гэх агуулгаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд дахин хандсан байна.

Тус албан бичгийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/974 дүгээр албан бичгээр “... солбилцол бүхийн 74730 м2 газар нь давхцалгүй байгаа болно.” гэх, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.*******т хандан тус өдрийн 22/975 дугаар албан бичгээр “... газар нь давхцалгүй болно. Уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр уламжилж байна.” гэх саналыг тус тус хүргүүлсэн байна.

Улмаар “Ш” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны ТХБНУГ-т хандан гаргасан “..хүсэлтийг хүлээн авч газар ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг хүлээн авч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалаар тус компанид 74730 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгосон байна.

  1. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4913 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

Улмаар дахин шүүхэд нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5483 дугаар сарын захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Тус компани нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/420 тоот тушаалаар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах эрхийг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл сунгуулан “*******” гэх нэршилтэй аялал жуулчлалын газрыг 2******* оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй уйл ажиллагаа явуулж байна. Бид улсын тусгай хамгаалалттай газар нутаг ашиглахдаа Газрын тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан “Газрыг үр ашигтай, зохистой хамгаалах” нийтлэг шаардлагууд болон бусад хууль эрх зүйн хэм хэмжээг баримтлан 18 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.

Монголын уламжлалт зан заншлыг дотоодын болон гадаадын жуулчдад таниулах зорилгын хүрээнд 2******* оноос өнөөдрийг хүртэл эко тохижилт хийсэн нийт газартаа аялал жуулчлалын дагуу ашиглах хүсэлтээ Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд хариуг нь 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 22/917 тоот албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид хүлээлгэн өгсөн.

Тодруулбал, тус албан бичигт “.... танай компаниас ирүүлсэн 570572 м.кв байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэх хариуг ирүүлсэн.

Биднийг 9 дүгээр сард тухайн газрыг ашиглах боломжтой эсэх талаар газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд бидний төлөвлөсөн, судалгаа шинжилгээ хийсэн, арчилж хамгаалсан тус газарт ямар нэгэн давхцал болон өөр бусад аж ахуй нэгж, байгууллагад олгогдоогүй байсан тул газар ашиглах хүсэлтээ өгсөн. Одоо ч мөн тус мэдээллийн сангаас шалгахад ямар ч иргэн, аж ахуй нэгж, байгууллагад олгогдоогүй байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл 2023 оны өөрчлөлт орохоос өмнөх, манай хүсэлт гаргах үед үйлчилж байсан/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай байх нь татгалзах үндэслэл болохоос биш эрх аваагүй зүгээр санал, хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн газрын байршилтай давхцах нь татгалзах үндэслэл болохгүй бөгөөд БОАЖ-ын сайд нь хуульд заасны дагуу хамгийн сайн, байгаль орчинд ээлтэй, хэрэгжих боломжтой төсөлд уг газрыг олгох зохицуулалттай юм.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас бидний ашиглахаар хүсэлт гаргасан тус газрыг өөр иргэн, аж ахуй нэгж, байгууллагад олгогдсон байгаа тул давхцалтай, иймд шийдвэрлэх боломжгүй гэх утга агуулга бүхий тайлбар байсан учраас бид доорх агуулгын хүрээнд үндэслэл бүхий тайлбар ирүүлнэ үү хэмээн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 003, 004 тоот албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн.

1. Тухайн газрын буюу улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглуулахаар, газар нутгийн зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байсан уу?

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй зарласан уу?

3. Тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх төслийг үнэлсний үндсэн дээр газар ашиглах зөвшөөрөл олгосон уу?

4. Хэдэн сарын хэдний өдрийн ямар тушаалаар тухайн газрыг аж ахуй нэгж, хуулийн этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгосон бэ? гэх асуултуудын хүрээнд тодруулсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 4 дүгээр сарын 05-ны өдөр бидний гомдлын хариуг утсаар мэдэгдсэн ба бид энэхүү шийдвэрийг гаргаагүй тул тухайн шийдвэр гаргасан байгууллага болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн. Харин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 04 дүгээр сарын 07-ны өдөр хариу албан бичиг гардан авсан ба бидний агуулга бүхий гомдолд Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 36 дугаар зүйлд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, түүнтэй холбоотой асуудал буюу газар ашиглах эрх олгох, сонгон шалгаруулалт хийх, төсөл үнэлэх зэргийг шийдвэрлэх эрхийг төрийн захиргааны тов байгууллага хэрэгжүүлдэг. Иймд тухайн асуудлыг тус байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх тайлбар өгсөн.

Дээрх шийдвэрийн дагуу бид 4 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд дахин гомдол гаргасан ба 5 дугаар сарын 1-ний өдрийн ******* тоот албан бичгийг 5 дугаар сарын 2-ны өдөр гардан авсан. Тус хариу албан бичигт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Зөвшөөрлийн тухай хууль, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган төсөл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах батлах бөгөөд тухайн төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгаж, сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах батлах бөгөөд тухайн төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгаж, сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхдээ тухай бүрд нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна... гэх учир битүүлэг албан бичиг нь тухайн газрыг иргэн, аж ахуй нэгжид олгоогүй зөвхөн давхцалтай байгаа тул тус газарт төсөл сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөж буй мэт тайлбар байсан. Гэвч өмнөх гомдлын хариу албан бичгүүдтэй танилцахад ашиглахаар хүсэлт өгсөн газар нь давхцалтай тул шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд хариу албан бичгээр ирүүлсэн тайлбар ойлгомжгүй бөгөөд бидэнд эргэлзээ төрүүлэхүйц буюу одоо төсөл сонгон шалгаруулах үйл явц хийгдэх гэж буй мэт тайлбар ирүүлсэн байдаг.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин аялал жуулчлалын яам нь бидний гомдолд бодитой үндэслэл бүхий хариу тайлбар ирүүлэхгүй мөн төөрөгдүүлсэн, хоёр өөр утга илэрхийлсэн, шууд утгаар ойлгох боломжгүй хариу албан бичиг ирүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дэх хэсэгт Захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг зөрчсөн.

Дээрх байдлаар хариуцагч нар нь манай гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн байдлаар тодорхой үндэслэл бүхий хариуг өгөлгүй, лавлагаанд хариу өгөх байдлаар тухайн хүсэлт гаргасан газарт “Н” ХХК-д газар олгосон байна гэх лавлагааны хариу өгч байгаа нь албан ёсоор татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийг өгөлгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 “ Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу шийдвэрлэлгүй өдийг хүрч эс үйлдэхүй гаргаж байна.

Мөн иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, мөн 6 дахь хэсэгт өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэсэн хэсгүүдийг зөрчиж байгаа тул бизнесийн байгууллагын хувьд төрөөс үйлчилгээ авах, гаргасан өргөдөл гомдолдоо үндэслэл бүхий тайлбар авах эрхээ эдэлж чадахгүйд хүрч уг хуульд заасан эрх зөрчигдөж, хуулийн дагуу хүсэлт гаргаж газар ашиглах эрх олж авах эрх зөрчигдөж байна.

Иймд бид дахин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд бидний ашиглахаар хүсэлт гаргаад буй тус газарт ямар иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай давхцалтай байгаа талаарх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулан авах тухай хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 006 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус хүсэлтийнхээ хариуг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 290 тоот албан бичгээр хүлээн авлаа. Тодруулбал бидний ашиглахаар хүсэлт өгсөн тухайн байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А тоот тушаалаар 6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Н” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна гэх хариуг ирүүлсэн.

Манай компани ашиглахаар хүсэлт гаргасан тус газарт өөрийн хөрөнгөөр орчны тохижилт хийж, байгалийн унаган төрхийг алдагдуулалгүй, хөрсний эвдрэл ихтэй газрыг нөхөн сэргээж, ойр орчмын хөрсийг элэгдлээс хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэвэрлэгээ үйлчилгээ хийж, тог цахилгаан татаж, харуул хамгаалалт гарган 18 жилийн хугацаанд харж хандаж, хамгаалсаар ирсэн. Жишээ нь: Чингис хааны ундаалж байсан булгийг ундаргаас нь эхлэн цэвэр байлгах, хүний буруутай үйл ажиллагаа, малын бохирдол болон байгалийн гамшгаас улбаалан эвдэрч сүйтгэж болзошгүй байсан нөхцөл байдлыг зогсоох зорилгоор хашиж, хамгаалахын зэрэгцээ бусад түүхэн дурсгалт газрууд болох Ван хан Тоорилийн гэрийн буйр болон Чингис хааны тахилгын ширээ зэрэг түүхэн Дурсгалт газруудын тохижилт цэвэрлэгээг өнөөдрийг хүртэл тогтмол хийх гэх мэт байнгын сайжруулалтуудыг хийсээр ирсэн билээ.

Энэ үйл ажиллагааг маань Байгаль орчны хяналтын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлж байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу олон давхар байшин барилга бариагүй, эко гэрүүдээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Мөн сөрөг нөлөөллийг бууруулах, ургамал, ургамлын бүрхүүлийг хамгаалах зорилгоор мод тарьсан, хашиж хамгаалсан нь хөрсийг элэгдлээс хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, автомашины зогсоолд зориулсан газрыг тусгайлан тэмдэгжүүлж, хөрсний эвдрэл ихтэй газар хайрга асгаж хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авсан гэж албаны хүмүүс дүгнэсэн байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний байр, гэрүүдийн ойр орчмын газарт байгалийн чулуугаар дэвсгэр шат хийсэн нь хөрсний нүүлт талхагдлаас хамгаалсан сайн арга хэмжээ болсон, баазын ойр орчмын газруудаар сэлгүүцэх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хориглох тэмдэг тавьж хязгаарлалтын шонгууд босгосон нь үр дүнтэй ажил болсон байна гэх дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Үүгээр зогсохгүй “*******” аялал жуулчлалын цогцолборыг байгалийн ил музейн хэлбэрээр байгуулахаар бизнес төлөвлөгөө боловсруулан, аялал жуулчлалын төрөлд шинэ бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх зорилгоор эрдэмтдийн багийн бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр боловсруулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж, нийт судалгаа шинжилгээний ажлын гүйцэтгэлийн хувь 100 хувьтай, дээрх алуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж нийт судалгаа шинжилгээний ажилд 136 сая төгрөг зарцуулаад байна. Тухайн координат бүхий газарт зөвлөх багийн судалгаанд үндэслэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах 57 га газрыг хамарсан урьдчилсан төлөвлөлт хийсэн. Тус газар нь уулархаг газар тул налуугийн үнэлгээ хийж үзэхэд 0-9%-ийн налуутай барилгажихад тохиромжтой 17.35 га газар, 9-20%-ийн барилгажихад хязгаарлагдмал тохиромжтой 18.27 га, 20%-аас дээш налуутай барилгажихад тохиромжгүй 21.52 га тус тус улж байгааг судалгаагаар тогтоон цогцолборын загвар зургуудыг боловсруулан мөн цогцолборын эх зураг, ажлын зураг, төсөв боловсруулах ажлыг туслан гүйцэтгэгч компанитай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна.

Мөн “*******” аялал жуулчлалын цогцолбор байгуулах бизнес төлөвлөгөөг 9 бүлгийн хүрээнд 300 гаруй хуудас бүхий судалгаа хийж гүйцэтгэн, ажлуудыг шат дараалан хэрэгжүүлж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдэж байна. Энэхүү төлөвлөгөөнд

1. Үндсэн хэсэг 19 бүлэг, 78 дэд бүлэг, зүйл/

2. Тусгай хэсэг /Санхүү-хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

3. Хавсралт

4. 17 хуудас загвар зураг

5. Түүх соёлын судалгааны тайлан зэрэг бүрдэл хэсгүүдтэй.

Дээрх аялал жуулчлалын цогцолбор байгуулах судалгааг 2022 оны 09 дүгээр сараас эхлэн тослоо өргөтгөн сайжруулахын тулд шаардлагатай нөөц, зардал, үр ашиг, орчны хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон хөрөнгө оруулалт, төсөв болон үйл ажиллагааг төлөвлөн, төслийн хэрэгжих боломжийг тогтоох судалгааг хийсээр байна. Тус газартаа 2 давхар гол цогцолбор буюу битүү усан парк, гэр хотхон, задгай стадион болон спорт талбайнууд, байгалийн борооны усыг цуглуулсан цөөрөм, ажилчдын байр, 2 давхар тансаг зэрэглэлийн сууцуудын бүс, тахилга, зан үйлийн талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, сүүдрэвч, нийтийн бие засах байгууламжууд, авто зогсоолууд, цогцолборын орц, гарц, явган аяллын маршрут, майхан барьж буудаллах, отоглох талбайн бүсүүдийг тус ус төлөвлөж өгсөн. Эдгээр төлөвлөлтөд дараах цогцолборын үндсэн үйл ажиллагааг төлөвлөсөн.

-   Амралт, аялал жуулчлал

-   Тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ

-   Хоол ундааны үйлчилгээ

-   Битүү усан парк

-   Урлаг, спорт баяр наадмын арга хэмжээнүүд

-   Чингис хааны тахилга, зан үйл

-   Байгалийн эко аялал зэрэг болно.

Гэтэл бидний хийж буй энэхүү бүтээн байгуулалтыг үл ойшоон, зөвшөөрлийг өөр аж хуй нэгж, хуулийн этгээдэд олгож байгаа нь бидний үйл ажиллагаа, эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нь илт тодорхой байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана” хэмээн тодорхойлсон зарчмыг баримтлаагүй шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Учир нь манай компанийн үйл ажиллагаа явуулан 18 жилийн туршид хамгаалж байгаа газарт өнөөдрийг хүртэл өөр нэг ч иргэн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байхад бид бүтээн байгуулалт болон байгалийн унаган төрхийг алдагдуулалгүй орчны тохижилт, үйлчилгээг хийсээр ирсэн. Газрын тухай хуулийн 27.5 дахь хэсэгт “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” хэмээн заасан байна. Уг заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.5 дахь хэсэгт Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “нөхөн сэргээсэн...” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулсан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний Үржил шимийг сайжруулсан, ургамлын нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордол, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно” хэмээн тайлбарласан байна.

Дээр дурдсанчлан бид олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ойр орчмын газрын бүрэлдэхүүн хэсгийг арчилж хамгаалж байгаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эмшигч гэнэ” хэмээн заасанчлан манай компани тус газрын шударга эзэмшигч байх Үндэслэлтэй байна.

Мөн аялал жуулчлалын үйл ажиллагааны хувьд А, В, С цэгүүд хоорондоо салшгүй холбоотой. Учир нь тухайн ашиглалтад байгаа газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх болон бусад аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээнүүд төлөвлөх, сурталчлах, аялал зохион байгуулах, байгалийн үзвэр үйлчилгээнүүд таниулах гэж төлөвлөгөөт ажлууд нэг нь нөгөөгөөс шууд хамааралтай байдаг. Дахин жишээ дурдахад, бидний үйл ажиллагаа явуулж буй “*******” аялал жуулчлалын бааз руу нэвтрэхэд, мөн бааз орчмын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах, хөтөлбөрт морин болон фото аяллуудыг зохиох, уламжлалт монгол ахуй амьдралыг таниулах, түүхийн дурсгалт газруудыг сурталчлах зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд тухайн аж ахуй нэгж, байгууллагад олгосон газар нутгаар зайлшгүй дамжин өнгөрч байна. Энэ мэтчилэн бидний үйл ажиллагаанд сөpгөөр нөлөөлөөд зогсохгүй, үйл ажиллагааг тасалдуулах хүртэл эрсдэл үүсэж болзошгүй байна.

Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасанчлан “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах” тусгайлсан зарчмыг баримтална хэмээн заасан байдаг. Гэтэл тухайн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудаас санал аваагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөх талаар харгалзан үзээгүй байна.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасныг зөрчин шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг татан оролцуулалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчин шийдвэр гаргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна” хэмээн заасан. Мөн тус хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг ашиглах хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хүн, хуулийн этгээд ирүүлсэн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийн ирүүлсэн төслийг харьцуулан үнэлж, газар ашиглах зөвшөөрөл олгож болно” хэмээн заасан. Гэвч бидний саналыг иргэн аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцалтай гэх үндэслэлээр сонгон шалгаруулалт хийлгүй, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан.

Монгол улсын Засгийн Газар болон олон улсын байгууллагуудаас аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлд цөөнгүй бодлогын арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн Монгол улсын аялал жуулчлалын салбарыг “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д эдийн засгийн тулгуур, орлогын томоохон эх сурвалж байна гэж үзжээ. Мөн Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “АЛСЫН ХАРАА 2050”-д Байгаль дээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болно гэж тусгасан байдаг. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2023-2024 онуудыг “Монголд зочлох жил” жилээр зарлаж, бүс нутгуудын газар зүйн онцлог, байгаль экологи, туух соёлын өвөрмөц онцлог, нүүдлийн соёл, уламжлалт ахуй, хөгжлийн түвшин хийгээд гадаадын жуулчин, дотоодын аялагчдын эрэлт, хэрэгцээ шаардлага, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийн өрсөлдөх чадвар, аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын эрхийн таатай орчныг бүрдүүлэхэд стратегийн зорилгыг чиглүүлсэн. Энэ хүрээнд бидний хэрэгжүүлэх гэж буй аялал жуулчлалын “ЧӨ-21” цогцолбор нь төр засгийн, хэрэгжүүлж буй зорилго, зорилтод 100% нийцэх юм. Гэтэл бидний ашиглах хүсэлт өгсөн тус координат бүхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А тоот тушаалаар 6 га газрыг “Н” ХХК-д олгосон нь тус компанийн төсөл хөтөлбөр нь бидний хэрэгжүүлэх гэж буй цогцолборын бизнес төлөвлөгөөтэй дүйцэхүйц төсөл байсан эсэх, мөн тухайн газрыг хэрхэн зүй зохистой ашиглах, ямар үйл ажиллагаа явуулах, тухайн үйл ажиллагаа нь хуульд нийцэх эсэхэд бүрэн эргэлзэж байна.

Учир нь бидний газар ашиглах хүсэлт буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 010 тоот албан бичигт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 тоот албан бичигт газар ашиглахаар хүсэлт өгсөн тус байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцалтай байгаа тул хүлээн ач шийдвэрлэх боломжгүй хэмээн дурдсан байсан. Гэтэл тухайн байршил бүхий газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг “Н” ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А тоот тушаалаар олгосон байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх шийдвэр нь газар ашиглах эрх олгохдоо шударга ёс, тэгш байдлыг хангаагүй, мөн хэн тухайн газрыг өнөөдрийг хүртэл зохистой арчлан, нөхөн сэргэж, байгалийн унаган төрхийг алдагдуулалгүй зохих хэмжээнд хамгаалж байсан хийг үл харгалзан нэг талд хэт давуу байдал олгосон тус шийдвэр нь илт хууль бус байна. Мөн бидний газар ашиглах хүсэлт болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан хүсэлт гомдлынхоо хүрээнд үндэслэл бүхий, шууд ойлгогдох хариу тайлбар авч чадалгүй 7 сар гаруй хугацааг зарцуулаад байгаа нь бизнесийн байгууллагын хувьд үйл ажиллагаа тасалдах хүргэх Эрсдэл үүсээд байна.

Иймд бидний нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

13. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр журмын дагуу Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаанд хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн. 14 хоногийн дараа хариу өгнө гэж хэлсэн боловч тухайлсан хариуг өгөөгүй. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлахад хариу нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан гэж хэлсэн. Яагаад тухайн үед нь хариуг өгөөгүй вэ? гэхэд шуудангийн зардал байдаггүй. Тиймээс өөрсдөө ирж хариугаа авах ёстой гэж хэлсэн. Хүсэлтийг хүлээж авахдаа хариу нь гарахаар холбогдоно гэж хэлсэн учраас бид хүлээцтэй хандсан. Албан бичгийн хариу ямар учиртай болохыг лавлахаар яамтай уулзахад хамгаалалтын захиргаатай уулз гэсэн хариуг өгсөн.  Хамгаалалтын захиргаатай уулзахаар хүргүүлсэн саналын дагуу яам шийдвэр гаргасан гэж хэлдэг. “Чингисийн өвөлжөө 21” гэдэг аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэхээр 9 сараас хойших хугацаанд одоогийн байдлаар 300 сая төгрөгийн зардал гаргасан. Судалгаа шинжилгээтэй, аялал жуулчлалын салбарт түлхэц болохуйц цогцолборын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байсан. Одоо хүртэл манай судалгааны ажил хийгдэж байна. Асуудлыг шийдвэрлэхгүй удааширч байгаа нь бидэнд ихээхэн хохирол учруулж байна.

Аялал жуулчлалын “Чингисийн өвөлжөө 21” гэдэг аялал жуулчлалын төсөл нь “*******” ХХК төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөхүйц том төсөл. Судалгаа шинжилгээтэй нотолгоотой төсөл гэдгийг нягталж үзээсэй гэж хүсэж байна. Чингисийн өвөлжөө гэдэг газрыг мэргэжлийн 7 түвшний хүмүүстэй хамтраад “Чингисийн өвөлжөө 21” гэдэг төслийг хэрэгжүүлэхээр эхний байдлаар бизнес төлөвлөгөө гарчихсан ажиллаж байна.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2*******, 2006 оноос хойш газар дээр зориулалтын дагуу аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж байгаа компани юм. Үүний дагуу төслөө өргөжүүлээд томоохон хэмжээний аялал жуулчлалын цогцолбор усан парк бүхий, Монгол Улсад үлгэр жишээ болохоор мөн гадны жуулчдыг хүлээж авахад хангалттай хэмжээний бодитой төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэсэн. Төслийн судалгаа шинжилгээний баримтуудыг хэрэгт өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нийт 57 мянган га газрыг эзэмших хүсэлтээ судалгаа шинжилгээ төслийн хамт өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Хамгаалалтын захиргаа нь дэмжих санал өгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ газрыг олгосон. Гэтэл бодитой ажил хэрэг хийхээр аялал жуулчлалын цогцолбороор хэрэгжүүлэх гээд байгаа компанид өгөөгүй мөртөө “Ш” ХХК, “Н” ХХК гэсэн 2 компанид газрыг давхцуулан олгосон байна.

“*******” ХХК-ийг тодорхой судалгаа шинжилгээтэй баримт материалаа өгөөд хүсэлт гаргахад шийдвэртэй хариу өгөөгүй. Газартай давхцалтай байна гэсэн хариуг өгсөн. Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байвал тэр хүсэлтийг хүлээж авахгүй байх үндэслэл болно гэж хуульд заасан байдаг. Эрх нь баталгаажаагүй, хэн нэгний эзэмшээгүй, ашиглаагүй газрыг эзэмшихээр “*******” ХХК хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч компанийн хүсэлтийг шийдээгүй мөртлөө тус 2 компанийн хүсэлтийг 12 сард шийдвэрлэж “*******” ХХК-ийн газартай давхцуулан газар олгосон нөхцөл байдал байна. 2001 онд баталсан түр журмыг Авлигатай тэмцэх газрын албан бичгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрөө хүчингүй болгосон. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор сонгон шалгаруулалтаар газрыг олгоно гэж заасан. Гуравдагч 2 компанид газар олгосон тушаал нь хүчингүй болсон журмыг баримталсан. Хэрэв тус газарт хэд хэдэн аж ахуй нэгж хүсэлтээ өгсөн бол аль түрүүнд хүсэлт гаргасанд нь өгнө гэсэн хуулийн зохицуулалт Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй.

Төслийн үр нөлөө бодитой байдлыг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн газрыг олгох зохицуулалт хүсэлт гаргаж байх үеийн цаг хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байсан. Газар олгох харилцаа нь Хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан үйл ажиллагаа. Гэтэл шийдвэртээ хариу өгөөгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээний ажил хийж байна. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт орсон. Одоо судалгаа шинжилгээний шинэ журам боловсруулах шатад явж байна гэж 6 сар гаруй хугацаанд хүлээлгэсэн боловч шийдвэрээ гаргахгүй эс үйлдэхүй гаргаж байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилготой нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэлтэй шийдвэрлэх ийм хариу өгөх ёстой, 7.1.6-д өргөдөл, гомдол, үндэслэл бүхий хариу өгөх ёстой. Хамгаалалтын захиргаа дэмжих саналаа өгнө. Сайд эцэслэн газар олгох шийдвэрийг гаргана. Бүрэн эрх нь байгаа учраас гуравдагч 2 компанид шийдвэр гаргачихсан. Гэтэл түрүүлж хүсэлтээ өгсөн, бодитой төсөл хэрэгжүүлэх гэж буй “*******” ХХК-д яагаад үндэслэл бүхий хариу өгөхгүй, 6 сарын турш хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулаагүй компанид газрын эрхийг өгсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү?” гэв.

15. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Ц нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хамгаалалтын захиргаа нь хуулиар олгогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай хүсэлтийг хүлээн авах, хүсэлтийг үндэслэн тухайн газарт бусад этгээд санал ирүүлсэн эсэх, давхцалтай эсэхийг шалгаж төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, хамгаалалтын горимыг хангуулах, хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах газрыг тогтоох зэрэг хуульд тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

16. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгаалалтын захиргаа нь хуулийн хүрээнд иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг хүлээн авч газрын давхцалтай эсэхийг шалгаж төрийн захиргааны төв байгууллагад саналыг хүргүүлж ажилладаг. “” ХХК-ийн газар эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээд хариу хүргүүлсэн. Тухайн байршилд “Ш” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 тоот хүсэлт, “Н” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоотойгоор хүсэлт ирүүлсэн байдаг. “” ХХК нь 22 оны 11 дүгээр сарын 29-ний тэр 10 гэсэн тоотоор хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтүүдийг харгалзан үзээд “” ХХК-д давхцалтай гэсэн хариуг албан тоотоор 12 сарын 7-ны өдрийн 22/910 тоотоор хүргүүлсэн. Эхэлж хүсэлт гаргасан 2 компанид эрхийг олгосон. Манай байгууллагын зүгээс эс үйлдэхүй байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэжээ.

17. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш” ХХК болон “Н” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглах хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалаар дээрх компаниудад газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий тушаал нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг баримталсан бөгөөд уг компаниудад газар ашиглах эрх олгохгүй байх нөхцөл байдал байхгүй болно.

Дээрх компаниудын ашиглах эрхтэй газар нь нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй, маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна

Мөн нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “гэрээ баталгаажуулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гаргасныг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Тэрээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглах хүсэлтийг тус яаманд гаргаж байгаагүй учраас түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

18. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий акт нь холбогдох хууль журмын дагуу гарсан. Гуравдагч этгээд болох 2 компанийн хүсэлтийг хамгаалалтын захиргаагаар дамжуулаад яаманд гаргасан. Хамгаалалтын захиргааны дэмжих санал болон 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан газар ашиглах хүсэлт зэргийг харгалзан үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2022 оны 12 сарын 30-ны өдөр А дугаар тушаалаар дээрх компаниудад газар ашиглах эрхийг олгосон.

Гуравдагч этгээд болох 2 компанийн газартай нэхэмжлэгчийн газар давхцаагүй байсан. Тиймээс газар ашиглах эрхийг олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч компани 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. 11 дүгээр сарын 29-ний өдөр талбай нэмэх хүсэлтийг гаргасан. Гуравдагч этгээдүүдийн нэг нь 11 дүгээр сарын 5-ны өдөр, нөгөө нь 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлтээ гаргасан. Гуравдагч этгээдүүдийн хувьд цаг хугацааны хувьд нэхэмжлэгч талаас өмнө болж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэжээ.

19. Гуравдагч этгээд “Н” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар манай компанийн хүсэлтийн дагуу албан ёсоор олгогдсон газрыг хүчингүй болгуулах тухай тусгагдсан байна гэж ойлгож байна.

Гэвч бид урьдчилан судалж, бизнес төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохих журмын дагуу хүсэлтээ хүргүүлж шийдвэрлүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад манайд олгогдсон газар нь аль нэг байгууллагад олгогдсон газрын координаттай давхцаагүй бөгөөд мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгогдсон хэн нэгний ашиглалт, эзэмшил, өмчлөлд буй газрыг цуцлуулж давхцуулж олгогдоогүй юм байна гэдэг ойлголтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас авлаа. Эндээс харахад манай компанид газар олгосон нь хэн нэг иргэн, хуулийн этгээдийн гууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна гэж үзэж байна.

Иймд Шүүхийн байгууллагын хувьд газар олгосон процессыг хууль журамд нийцсэн эсэх дүгнэлт хийнэ гэж найдаж байна. Манай компанийн хүсэлт, боловсруулсан төслийн дагуу олгосон газар нь өөр нэг хуулийн этгээдийн гаргасан хүсэлтэд тусгагдсан газрын координаттай давхацсан нь хууль бус гэж үзэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх шийдвэр гаргаж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг хангаж өгнө үү.”гэжээ.

20. Гуравдагч этгээд “Ш” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт “Ш” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа.

Манай компани нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бааз байгуулахаар тодорхой координат бүхий газрыг ашиглах хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд заагдсан газар нь давхцалтай байна гэдэг хариуг бидэнд мэдэгдсэний дагуу манай компани давхцаж буй хэсгийг хасуулж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин хүсэлт гаргасан байдаг.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтэд тусгагдсан солбицол бүхий 74730 м.кв газар нь давхцалгүй байна гэсэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсний дагуу манай компани холбогдох баримт бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай бус Нутгийн удирдлагын газарт хүсэлтийн хамт өгсөн байдаг.

Манай компанийн газар ашиглах хүсэлт болон түүнийг шийдвэрлэх захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай “Ш” ХХК-д олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ нь хүчин төгөлдөр гэрчилгээ байх тул нэхэмжлэлийн “Ш” ХХК-д холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан “Ш” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М утсаар эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн байна.

Мөн тус компанийн захирал Б.Т*******аас шүүхэд өмгөөлөгч Б.******* өвчний улмаас эмнэлгийн магадалгаа авсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч хүсэлтэд хавсаргасан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эмнэлгийн магадалгааны огноог 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болгон засварласан байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн төлөөлөгч Б.Т*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Б.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул хариуцагчийн газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.
  2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: … 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.”Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: … 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Ш” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан газар ашиглах хүсэлтэд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22/861 дүгээр албан бичгээр усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай гэж хариу өгсөн бөгөөд улмаар тус компани 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин хүсэлт гаргасныг хүлээн авч газар ашиглах эрх олгосон байна.

Гэтэл нэхэмжлэгч “” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр “...заагдсан координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай …” гэж хариу өгөн хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуульд заасан газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй байна.

  1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл бусдад ашиглуулаагүй газрыг ашиглахаар гурван хуулийн этгээд буюу нэхэмжлэгч “” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, гуравдагч этгээд “Н” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, “Ш” ХХК 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус хүсэлт гаргасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалаар хоёрт нь маргаан бүхий  газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх зохицуулалттай нийцээгүй байна. 
  2. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарч бусдад эзэмшүүлж, ашиглуулсан газарт хүсэлт гаргасан тохиолдолд давхацсан гэж үзэх бөгөөд шинээр хүсэлт гаргасан байршил хоорондоо давхацсаныг хуульд заасан бусдын ашиглаж байгаа газартай давхацсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд бусдын санал өгсөн газартай давхацсан гэсэн үндэслэлээр хариу өгсөн нь хууль бус болжээ.
  3. Харин нэг байршилд олон иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд Газрын тухай хуулийн 33.1.2.“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар шийдвэрлэх нь хуулийн зохицуулалтад нийцэх байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалын “Н” ХХК болон “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2.-д заасныг баримтлан “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А дугаар тушаалын “Н” ХХК болон “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН