| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02077/И |
| Дугаар | 181/ШШ2024/02582 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02582
2024 06 26 181/ШШ2024/02582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, * тоот хаягт оршин суух Н овогт Н.Н /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, усны гудамж 4, өөрийн байранд оршин байх К ХК /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, * тоот хаягт оршин суух Б овогт Д.Д /РД:*/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Д.Д-с 11,738,000 төгрөг, К ХК-иас 43,262,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.М,
Хариуцагч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П,
Хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Д, К ХК нарт холбогдуулан Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Д.Д-с 11,738,000 төгрөг, К ХК-иас 43,262,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Н нь иргэн Д.Д-тэй түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ааөч гудамж, * тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
Тухайн үед Д.Д-н уг орон сууц нь К-ны зээлийн төлбөрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн, хураагдсан байсан.
Н.Н нь К-тай уулзалт хийхэд банкны зүгээс 30,000,000 төгрөгийг урьдчилж төлөх, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 2,000,000 төгрөг төлөх хуваарь гаргаж өгсөн.
Иргэн Н.Н нь иргэн Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу К ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 43,262,000 төгрөгийг, Д.Д-д 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулахдаа бэлнээр 5,436,000 төгрөг, ХААН банкны * тоот харилцах дансанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5,202,000 төгрөгийг, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөг төлж, нийт 11,738,000 төгрөгийг Д.Д-д төлсөн.
Н.Н нь 2018 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст зохих материалыг бүрдүүлж өгсөн. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 152 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот хаягт байрлах орон сууцыг иргэн Ж.М-с иргэн Д.Д-н нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 дугаар тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, иргэн Д.Д-н нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Т.Э-н нэр дээр гаргаж өгсөн болохыг олж мэдсэн.
Өөрөөр хэлбэл, К нь иргэн Д.Д-н хамт иргэн Н.Н-д гуравдагч этгээдийн буюу иргэн Т.Э-н байрыг худалдаж, мөнгийг авч, хүчингүй болсон гэрчилгээг өгсөн байна.
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үе шатанд иргэн Д.Д, К нар гэрээний зүйл нь өөр этгээд рүү шилжсэн тухай мэдэж байсан буюу эрхийн зөрчилтэй гэдгийг мэдсэн атлаа энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, нуун дарагдуулсан.
Өнөөдрийн байдлаар иргэн Н.Н байргүй, мөнгөгүй, тухайн үед 43 м.кв талбайтай, 2 өрөө байр авсан мөнгөөр одоо ижил талбайтай байр худалдан авах боломжгүй болж хохирсон.
К, Д.Д нарын хууль бус үйлдлээс болж иргэн Н.Н нь эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаа, нүүдэлтэй холбоотой зардал, одоо амьдарч буй байрны түрээсийн зардлаар хохирч, харин К нь 43,262,000 төгрөгийн, иргэн Д.Д нь 11,738,000 төгрөгийн орлого тус тус олж, хууль бусаар хөрөнгөжсөн байна.
Иймд нэхэмжлэгч Н.Н-гийн иргэн Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүй хөрөнгөжсөн К-наас 43,262,000 төгрөг, иргэн Д.Д-с 11,738,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-г хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаас К ХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн 43,262,000 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
2.1. Хэргийн үйл баримтын тухайд:
Иргэн Д.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №3000-2014/19 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нийт 53,900,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Тус зээлийн барьцаанд Ү тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №3000-2014/19 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Гэвч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу зээл ашиглалтын хяналт шалгалтын явцад зээлдэгч Д.Д нь зээлийн гэрээгээр олгогдсон мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасан зориулалт бусаар ашигласан, орлого нотлох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж өгсөн зэрэг зөрчил илэрсэн.
Иймд банкны зүгээс зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан, уг зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардсан. Зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир удаа дараа мэдэгдэж хүргүүлж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 54,767,714 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тус байрыг дуудлага худалдаагаар зарахаар тохиролцсон байсан ба иргэн Н.Н нь тус байрыг худалдан авахаар болсон талаар мэдээлэл ирсэн байдаг. Н.Н, Д.Д нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээгээр Д.Д-н зээлийн данс руу төлбөр хийгдэхээр тохиролцсоны дагуу №3000-2014/19 тоот зээлийн гэрээний төлбөрт орж ирсэн мөнгийг суутгаж, №3000-2014/19 тоот барьцааны гэрээний дагуу тус хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ банканд хадгалагдаж байсныг, зээлийн төлбөр бүрэн төлөгдсөний дараагаар барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг зээлдэгчид хүлээлгэн өгсөн.
2.2.Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Н.Н болон хариуцагч Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгө шилжүүлжээ.
К нь тус гэрээний нэг тал буюу худалдагч тал бус, тухайн хөрөнгийн зөвхөн барьцаалагч байсан учир биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх, эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээгээгүй. Харин барьцаалагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ бүрэн биелүүлсний дараагаар тухайн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.
К нь иргэн Д.Д-н үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогоос түүний №3000-2014/19 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг суутгасан учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, банк нь Н.Н-аас шууд орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр аваагүй, гагцхүү Д.Д-н үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, дансанд шилжүүлсэн орлогыг зээлийн төлбөрт суутгасан. Тухайн зээлийн төлбөр нь шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас зургаар баталгаажсан авлага байсан.
Мөн иргэн Д.Д болон Н.Н нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус гэрээний дагуу төлсөн төлбөртэй холбоотой маргаанд гэрээний тал биш Кийг хариуцагчаар тогтоох үндэслэлгүй.
Харин хариуцагч Д.Д-н хувьд худалдагчийн хувьд худалдсан хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн, тухайн үүргээ биелүүлээгүй учир гэрээний дагуу төлсөн төлбөрийг худалдагч талаас шаардах үндэслэлтэй байна. К-аас шаардаж буй 43,262,000 төгрөгийг банкнаас шаардах бус, иргэн Д.Д-с төлсөн нийт төлбөрийг шаардах үндэслэлтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Кнаас 43,262,000 төгрөг, иргэн Д.Д-с 11,738,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас К-аас 43,262,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Н-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ямар нэгэн байдлаар хууран мэхэлж хийгээгүй. Д.Д нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, * тоот хаягт байрлах орон сууцыг М.М-с худалдан авсан. Тухайн үедээ ТҮЦ машинаас лавлагаа авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагүй гэсэн лавлагаа гарч ирсэн учир М.М-с байрыг худалдан авч Улсын бүртгэлийн газар нэр шилжүүлж, гэрчилгээг өөрийн нэрээр гаргуулан авсан. Ийнхүү уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаад Н.Нд зарсан байдаг. Д.Д нь ямар нэгэн байдлаар хууран мэхэлсэн зүйл байдаггүй. Тухайн үед өөрийн нэр дээр байсан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр байсан гэж үзэж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Д.Д-с бэлнээр өгсөн 5,436,000 төгрөг, Татварын хэлтэст төлсөн 1,100,000 төгрөгийг гаргуулъя гэж байна. Д.Д-н зүгээс дансаар орж ирсэн 4,202,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бэлнээр авсан болон татвар төлсөн дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бэлнээр өгсөн тухай нотлох баримт байхгүй, татварын 1,100,000 төгрөгийг Д.Д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэв.
4. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: В.Мад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 432,975 төгрөг төлсөн баримт, Д.Д, Н.Н нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, К ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1814 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 8/9224 тоот албан бичиг, Н.Н-гийн К-д гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөг төлсөн талаарх баримтын хуулбар, Ү дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ааөч гудамж, * тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2018.10.23/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 979 тоот, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1080 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/6407 тоот албан бичиг, Ү дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ааөч гудамж, * тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2015.01.23/, К-ы орлогын мэдүүлгүүд, Л.Бгийн Хаан банк дахь * тоот дансны хуулга, Н.Нгийн Хаан банк дахь * тоот дансны хуулга, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мэдүүлгийн буцах хуудас, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөг төлсөн Улаанбаатар хотын банкны баримтыг ирүүлсэн.
4.2. Хариуцагч Д.Д-с шүүхэд нотлох баримтаар: А.П-т олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2022/09057 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг ирүүлсэн.
4.3. Хариуцагч К ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: К ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Ц-д итгэмжлэл, хариу тайлбар, К, Д.Д нарын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан №3000-2014/19 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №3000-2014/19 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-ний хуулбар, барьцаалбар, Д.Д-н үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, К-ны 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 14/77 тоот, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14/88 тоот албан бичиг, К, Д.Д нарын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №3000-2014/01 дугаартай Эвлэрлийн гэрээ, Зээл ашиглалтын байдлыг газар дээр нь шалгасан акт, К-ны 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14/139 тоот албан бичиг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/02029 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/3056 тоот албан бичиг, К-ны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗ/78 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэл, Г.Э, Э.Ц нарт олгосон итгэмжлэл, Д.Д-н зээлийн дансны хуулга, Б.Т-д олгосон итгэмжлэл, К-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дүгээр тушаал, хавсралтыг ирүүлсэн.
4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 тоот тушаалыг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10/214 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албаны дуудлага худалдаанд оруулах тогтоолыг, Шүүхийн төрөлжсөн архиваас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 373 тоот шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 152 тоот тогтоолыг гаргуулж, Улаанбаатар хотын банкны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1,100,000 төгрөгийн татвар төлсөн баримт дээрх мөнгө тушаагчийн гарын үсэг нь иргэн Н.Н-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Д-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Д.Д-д 11,738,000 төгрөг, К ХХК-д 43,262,000 төгрөг төлсөн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад шүүхийн шийдвэрийн дагуу Д.Д-н үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн. Нэхэмжлэгчийг хариуцагч Д.Д-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнийг хариуцагч Д.Д мэдсээр байж, хууран мэхэлж хэлцэл хийсэн. Хариуцагч К ХК-ийн зүгээс дээрх нөхцөл байдлыг мэдсэн атлаа өөрсдийгөө хохиролгүй болгох зорилгоор нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, хариуцагч Д.Д-н зээлийг төлүүлсэн. Иймд Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Д.Д-с 11,738,000 төгрөг, К ХК-иас 43,262,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Д.Д-н зүгээс нэхэмжлэгчийг хууран мэхэлж, уг гэрээг байгуулаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Д-н нэр дээр байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас дансаар шилжүүлэн авсан 4,202,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч Н.Н гэрээ байгуулахад бэлнээр 5,436,000 төгрөг төлсөн баримтгүй, Баянгол дүүргийн Татварын хэлтэст төлсөн 1,100,000 төгрөгийг Д.Д төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: К ХК нь нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш. Нэхэмжлэгч Н.Н-гийн зүгээс Д.Д-тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрийг К ХК дахь Д.Д-н зээлийн дансанд төлбөр шилжүүлснийг суутгаж авсныг К ХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй, К ХК хариуцагч биш гэж маргав.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
5.1. Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нар 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Д нь эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, * тоот хаягт байрлах, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Н-гийн өмчлөлд шилжүүлэх, Н.Н нь орон сууцны үнэ 55,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг К-ны дансанд шилжүүлэх үүрэг хүлээж, тухайн орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд худалдагч тал үл маргах журмаар гэрчилгээний нэрийг шилжүүлэхээр гэрээний нэмэлт нөхцөлд заажээ. /хх6/
5.2. Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Д.Д-н К ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №3000-2014/19 тоот Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу К ХХК-д барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбараар тогтоогдсон. /хх8-9/
5.3. К-аас дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хариуцагч Д.Д-с 54,797,714 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх58-59/
5.4. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, К ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1814 тоот албан бичгийн дагуу К ХХК дахь 3097000187 тоот түр дансанд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийг Н.Н-аас Д.Д-н зээлийг төлөв гэх гүйлгээний утгатай, К ХХК дахь * тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зээл хаав. Д гэх гүйлгээний утгатайгаар 5,262,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,
хариуцагч Д.Д-д 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулахдаа бэлнээр 5,000,000 төгрөг, ХААН банкны * тоот харилцах дансанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5,202,000 төгрөгийг, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Л.Б, Н.Н нарын Хаан банкны дансны хуулга, Улаанбаатар хотын банкны баримт, К-ын орлогын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх6-7, 10, 19-30, 81/
5.5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, К-ы 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗ/78 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэлийн хувийн хэргийг хаах тухай хүсэлт хүргүүлсэн байна. /хх61/
5.6. Иргэн Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн Д.Д-н нэр дээр хууль бусаар шилжүүлсэн Ү улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, * тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ...Ү улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, * тоот хаягт байрлах орон сууцыг Ж.М-н өмчлөлөөс Д.Д-н өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх117-129/
5.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 150 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 152 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, Д.Д-н нэр дээр шилжүүлсэн бүртгэсэн Ү дугаар бүртгэлийг хүчингүй болгон, уг бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Т.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /хх130-148/
5.8. Улмаар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/35 дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 150 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 152 дугаар тогтоол үндэслэн иргэн Д.Д /РД:*/-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот орон сууцны * дугаартай гэрчилгээг хүчингүй болсонд тооцжээ. /хх95-96/
6. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Д-тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нар 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь Д.Д-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот хаягт байрлах, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, орон сууцны төлбөр 55,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот хаягт байрлах, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь К ХК-ийн зээлийн барьцаанд байсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад уг орон сууцыг битүүмжлэн, хурааж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Н.Н-ийн зүгээс дээрх гэрээний үүрэгт хариуцагч Д.Д-д гэрээ байгуулахад буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, ХААН банкны * тоот харилцах дансанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5,202,000 төгрөг, нийт 10,202,000 төгрөгийг, К ХК-ийн дансанд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 43,262,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарыг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/35 дугаар тушаалаар ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 150 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 152 дугаар тогтоол зэргийг үндэслэн иргэн Д.Д /РД:*/-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, * тоот орон сууцны * дугаартай гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч К, Д.Д нар нь Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн Д.Д-н нэр дээр хууль бусаар шилжүүлсэн Ү улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, * тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон учраас хариуцагч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Д-н нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Ү дугаар бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримтыг мэдэж байсан гэж үзнэ.
Иймд хариуцагч Д.Д нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримтыг мэдсээр байж нэхэмжлэгч Н.Н-г хууран мэхэлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан Н.Н, Д.Д нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө шаардах эрхтэй., 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.
Шүүх нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын хооронд үүрэг үүсгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч Н.Н нь дээрх гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
7.1. Нэхэмжлэгч Н.Н-ийн зүгээс хариуцагч Д.Д-д 5,436,000 төгрөг бэлнээр, 5,202,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Д-д 5,202,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т худалдагч тал урьдчилгаа 35,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 17-нд төлсөн талаар заасан, үүнээс 30,000,000 төгрөгийг Кны түр дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Н.Н-ийн хариуцагчид бэлнээр өгсөн гэх 5,436,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид бэлнээр төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин 436,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх баримтгүй байна.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 10 дугаар сарын 15 гэсэн огноотой Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг гэх баримтад зурагдсан мөнгө тушаагчийн гарын үсэг нь нэхэмжлэгч Н.Н-ийн гарын үсгийн загвартай тохирч байгаа нь тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Н.Нгийн Баянгол дүүргийн Татварын хэлтэст төлсөн 1,100,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт тооцож, хариуцагч Д.Д-с гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7.2. Хариуцагч К ХК-ийн зүгээс мөн дээрх үйл баримтыг мэдсэн атлаа 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1814 тоот албан бичгээр нэхэмжлэгч Н.Н-д Д-гийн зээлийг хуваарийн дагуу төлбөл барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Д болон танд хүлээлгэн өгнө. гэж худалдах худалдан авах гэрээг дэмжиж, Д.Д-н зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Н.Н-гаар төлүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч Д.Д-н К ХК дахь зээлийн гэрээний үүрэгт төлсөн 43,262,000 төгрөгийг хариуцагч К ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Д-с 11,302,000 төгрөг, К ХК-иас 43,262,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,000 төгрөгийг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг баримтлан Н.Н, Д.Д нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Д-с 11,302,000 төгрөг, хариуцагч К ХК-иас 43,262,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 436,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 195,782 төгрөг, хариуцагч К ХК-иас 374,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ