| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038000000267 |
| Дугаар | 2020/ДШМ/31 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2020/ДШМ/31
2020 09 30 2020/ДШМ/31
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.Отгончимэг,
Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолтой Б.Тт холбогдох 2038000000267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батнасангийн Т, .... оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 09-18 тоотод иргэн Э.Дг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Батнасангийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Тоос гэм хорын хохиролд 1,496,451 /нэг сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд олгох, энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Тоос нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нотлох баримтгүй, нэхэмжилсэн 4,623,549 /дөрвөн сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун дөчин ёс/ төгрөгийг хангахаас татгалзсан болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн түшлэгтэй сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсныг дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Харин эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийг буруу хэрэглэж, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хохирлын баримт гэх хохирогчийн гаргаж өгсөн маш олон Е-баримтуудыг үнэлж, үндэслэлгүй хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.
Хохирогчийн зүгээс нийтдээ 6,120,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс хавтаст хэрэгт 2,730,623 төгрөгийн баримт гаргаж өгсөн байдаг. Үүнээс тэтгэврийн зээл 1,395,800 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан тул хасуулах, мөн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй ямар нэг холбоо хамааралгүй дэлгүүрийн Е-баримтууд, хоолны баримтууд, хэзээ, хаана, юунд зарцуулсан нь тодорхойгүй шатахууны баримтууд, юу авсан нь тодорхойгүй банкны посс машинд уншуулсан баримтуудыг нотлох баримтаас хасч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардлыг бодитоор тогтоолгох саналыг шүүхэд оруулсан. Гэтэл анхан шатны шүүхээс нийт нэхэмжилсэн 2,730,623 төгрөгөөс тэтгэврийн зээл гэх 1,395,800 төгрөг, хоолны үнэ 14,100 төгрөгийн Е баримт, 2020-06-09-ний өдрийн Дуб ХХК 130,000 төгрөгийн баримт /үүнийг хохирогч давхардаж орсон байна гэсэн тул хассан/ нийт 1,539,900 төгрөгийг хасаад 1,190,723 төгрөг үлдэх атал ямар үндэслэлээр 1,376,451 төгрөгийг хангасан нь тодорхойгүй, мөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 505-д зааснаар “... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, ... сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул 1,376,451 төгрөг, эвдсэн хаалганы үнэ 120,000 төгрөг нийт 1,496,451 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэгт авагдсан маш олон тооны Е баримтууд цай, вафли, алое жүүс, шоколад, скоч, миф гар, банкны гүйлгээний баримт, .... гэх баримтууд хэзээ, хаанаас хаа хүрэх гэж ямар тээврийн хэрэгсэлд хийсэн нь тодорхойгүй, шатахууны баримтууд зэргийг үндэслэлгүйгээр хохирлын баримтад оруулж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020ШЦТ /260 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, Иргэний хуульд заасан үндэслэл, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 09-18 тоотод иргэн Э.Дг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Б.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн “...анхан шатны шүүхээс нийт нэхэмжилсэн 2,730,623 төгрөгөөс тэтгэврийн зээл гэх 1,395,800 төгрөг, хоолны үнэ 14,100 төгрөгийн Е баримт, 2020-06-09-ний өдрийн Дуб 130,000 төгрөгийн баримт нийт 1,539,900 төгрөгийг хасаад 1,190,723 төгрөг үлдэх атал ямар үндэслэлээр 1,376,451 төгрөгийг хангасан нь тодорхойгүй ...1,376,451 төгрөг, эвдсэн хаалганы үнэ 120,000 төгрөг нийт 1,495,451 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан, ...хэрэгт үндэслэлгүйгээр хохирлын баримтад оруулж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд ...иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж ...хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж шийдвэрлэж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм хорын хохирол 1,496,451 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэн шүүгдэгч Б.Тоос энэхүү төлбөрийг гаргуулж хохирогч Э.Д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ