Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00782

 

Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 8729 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 876 дугаар магадлалтай,

Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй

НШГА-д холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 8/144 тоот дуудлага худалдаа хийх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд Э.Батбаярын бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14 Б байрны 24 тоотод оршин суудаг бөгөөд уг байрны хууль ёсны өмчлөгч юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний байрыг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээлэл 2015 оны 7 дугаар сарын 31-ний “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн талаар олж харсан. Үүний дараа гэрийнхэндээ хэлтэл ах Э.Батбаяр барьцаанд тавьсан, зээлээ хугацаанд нь төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдсэн. Дараа нь орон сууцыг тус байгууллага 121.900.000 төгрөгөөр үнэлж, анхны дуудлага худалдаагаар 85.330.000 төгрөгөөр оруулсан, 2 дахь удаагийн дуудлага худалдаагаар уг үнийг 50 хувь бууруулж 60.950.000 төгрөгөөр оруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны сайт болон мэдээллийн самбарт байршуулсан байгааг олж мэдлээ. Энэхүү орон сууцны хууль ёсны эзэмшигч нь 4 хүн байгаа. Гэтэл 1 хүний буруутай үйл ажиллагаа, түүний тавьсан өр зээлийн асуудлаас болж бидний хууль ёсоор эзэмших ёстой хөрөнгийг бусдын өр төлбөрт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаад гомдолтой. Байр барьцаалах, барьцааны орон сууц дуудлага худалдаанд орох талаар надад мэдэгдэж байгаагүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүйг харуулж байна. Э.Батбаяр төлбөрөө төлөх нь түүний үүрэг ч миний өмчлөх ёстой хувь хэмжээг миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн. Иймд тухайн байрны хууль ёсны өмчлөгч миний эрх ашиг хохирч байгаа тул хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот Шүүгчийн захирамжаар “Монкорд” ХЗХ-ны нэхэмжлэлтэй 63.034.004 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч миний хүлээн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоогийн байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шүүхийн гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч надад дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй, миний эрхийг ноцтой зөрчиж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч нарт удаа дараа хэлж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авсангүй,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг  зөрчсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8/144 тоот дуудлага худалдаа хийх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар Э.Батбаяраас 63.270.564 төгрөг гаргуулж “Монкорд” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 14 Б байрны 24 тоот 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 152/04 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Э.Батбаяр, өмчлөгч С.Энхтуул, Б.Рагчаа нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналыг авахад 210.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2013 оны 10 дугаар сарын 28-нд ирүүлсэн. Төлбөр авагч “Монкорд” ХЗХ-ны хувьд 120.000.000 төгрөгөөр үнэлж 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн. Тус албанд барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн бөгөөд өмчлөгч Э.Баясгалан насанд хүрээгүй үндэслэлээр үнийн саналыг ирүүлээгүй болно. Үнийн санал зөрүүтэй байсан тул хуульд заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-иар 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ тогтоолгоход 81.500.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээгээр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Э.Батбаяр шинжээчийн тогтоосон үнэлгээнд гомдол гаргаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2648 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон. Ингээд хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгоход “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 121.900.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Барьцаа хөрөнгийг энэ үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахад төлбөр төлөгч Э.Батбаяр үнэлгээнд дахин гомдол гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 291 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 8729 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т тус тус зааснаар, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Баясгалангийн нэхэмжлэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8/144 тоот дуудлага худалдаа хийх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд Э.Батбаярын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улс тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дүгээр сарын 04-ны өдрийн 876 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргах байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Э.Баясгалан би 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 18 нас хүрсэн ба 2014 оны 10 дугаар сарын 21-нд дуудлага худалдаа зарлагдах үед би 18 нас хүрсэн байхад энэ байдлыг шүүх дүгнэсэнгүй. Үндсэн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Дуудлага худалдаа хийгдсэнээр миний эрх ашгийг хөндөж байна. Иргэн миний хувийн хөрөнгөнөөс Э.Батбаярын өр төлбөрийг барагдуулах гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба үүнийг шүүх анхаарч, дүгнэж өгөхийг хүсч байна.

Шүүхийн шийдвэрт ...Э.Батбаяр болон хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн болох нь тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдов гэдэг боловч эдгээр баримт нь нэг талын буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны баримт ба үүнийгээ хэрхэн яаж мэдэгдсэн, хүргүүлсэн зэргийг тогтоогоогүй нь өрөөсгөл дүгнэлт юм. Миний өмнөөс гарын үсэг зурсан байдал нь төлбөр төлөгч гэдэгт хамааралтай байдлаар шүүх дүгнээд байгаа бол би 18 нас хүрснээр төлбөр төлөгчийн нэгэн адил үзэж байна гэж ойлгож байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан заалт зөрчсөн хуулийн дээрх зохицуулалт биелэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаа хэзээ, хаана болохыг мэдэх, дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдааны ажиллагааны талаар гомдол гаргах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэтэл хамтран өмчлөгч нарт буюу надад мэдэгдсэн гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Баясгалан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.Батбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8/144 дүгээр дуудлага худалдаа хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ.

“Монкорд” ХЗХ-д зээлийн төлбөрт 63.034.004 төгрөг төлөх тухай хариуцагч Э.Батбаярын зөвшөөрлийг баталсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр захирамжийг албадан биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 121.900.000 төгрөгөөр үнэлсэн, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 56-59, 72-77 дугаар тал/.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж, мөн хуулийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасан, НШГА нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн доод үнийг нийтэд зарлаж, өмчлөгч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Баясгалан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад насанд хүрсэн нь өмнө явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Шүүх, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 8729 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 876 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ