Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 159/2016/0026/з |
Дугаар | 299 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 299
Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0124 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гуравдагч этгээд Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Банзрагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нар.
Нэхэмжлэгч Ж.Бболон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот хаягт байршилтай 57 мкв хувийн сууцыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Бат-Очирын Мөнхдалайгийн нэр дээр Y-1317001267 дугаарт бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0124 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Ж.Бболон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар гомдолдоо: ... Миний бие нь маргаан бүхий байшинг газрын хамт 2004 онд М.Бахтжан гэдэг залуугаас худалдаж авсан сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр авсан юм. Манайх энэ газар байшинд 14 жил амьдарч байгаа ба эхнэр маань 2012 онд нас барж миний бие 13 настай хүүгийн хамт үлдсэн. Улмаар газрынхаа гэрчилгээг өөрийн хүүгийн нэр өвлөх эрхийн гэрчилгээгээр нотариатчид хандаж өвлүүлсэн. Гэтэл манайхтай олон жил айл саахалт явсан Мөнхдалай нь огт чимээгүй байж байгаад эхнэрийг нас барсны дараагаар энэ чинь манай эзэмшлийн байшин газар гээд хөөж туух болсон. Мөн энэ хооронд багийн Засаг даргыг хууран мэхэлж маргаан бүхий байшин болох 161 тоотод байнгын амьдардаг гэсэн тодорхойлолт авч үл хөдлөх хөрөнгийн газар очиж 2016.10.14-ний өдөр У-1317001267 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Ийм учраас өмчийн маргаан үүсэж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх болсон. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01235 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр 8-р багийн 2 дугаар хэсгийн 16 тоот байшинг миний өмч болохыг тогтоосон.
4. Нэгэнт өмчийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн учраас Захиргааны хэргийн шүүх иргэн Мөнхдалайд хууль бусаар олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
5. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0124 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
7. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот” хаягт байрлалтай 57 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Б.Мг эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004267 дугаарт бүртгэж, 000381157 дугаартай гэрчилгээг олгосон, нэхэмжлэгчээс “... миний бусдаас худалдаж авсан өмчийг өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн ... нь хууль бус” гэж, хариуцагчаас “... өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих тул ... бүртгэл хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “... байшин миний өмч тул өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, уг 57 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар иргэний хэргийн шүүхэд маргасан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/01235 дугаар тогтоолоор “... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоотод байрлах хувийн сууцыг Ж.Б-ын өмч болохыг тогтоож” маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, энэ тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүнийг өмчлөгч бус этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд хууль ёсны өмчлөгч Ж.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
9. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... /бүртгэл/ үнэн зөв, бодитой ... байх”, 3.1.5-д “... /бүртгэлийг/ нотлох баримтад үндэслэж ... хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “/эрхийн улсын бүртгэл/ ... үнэн зөв байх” зарчмыг тус тус хуульчилсан, түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “... тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг... /-ийг үндэслэж, бүртгэл хийх/”-ээр, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “...мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол ... /бүртгэхээс татгалзах/”-аар, 15 дугаар зүйлийн 15.4-т “... мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд, хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс маргаан бүхий бүртгэлийг хийхдээ уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.М өмчлөх эрхтэйг нотолсон ямар нэг баримт бичиг байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, мэдүүлэг, холбогдох баримтуудыг буцаах байтал, Ж.Б-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийг Б.Мн нэр дээр бүртгэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, хууль бус байна.
10. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих”-аар заасан нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах хууль зүйн ойлголт биш, харин, эд хөрөнгийг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажих ойлголт тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “...Б.Мн өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад... Ж.Б-ыг өмчлөгчөөр тогтоосон нь ... анхнаасаа хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.
11. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн “тодорхойлох хэсэгт тусгавал зохих гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ бичсэн”, шийдвэрийн үндэслэлд баримталбал зохих хуулийн заалтуудыг бүрэн, тодорхой тайлбарлан хэрэглээгүй, дүгнэлтийг дутуу хийсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч, энэ тохиолдолд, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсэнээр “... бүртгэл хуульд нийцээгүй” талаарх шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэхээргүй буюу уг зөрчил нь шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг бүрэн, зөв баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0124 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн “... 7 дугаар зүйлийн 7.7” гэснийг “13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА