Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 23

 

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Оюун  даргалж,  шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

      Нэхэмжлэгч: Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны 38 тоотод оршин суух Боржигон овогт ******* нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сартуул овогт Рэнцэнхүүгийн Зоригтбаатарт холбогдох,

       Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаатар, нарийн бичгийн дарга Г. Намуунзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч: ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 34 тоот захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан ******* намайг хууль бус үндэслэлээр өвчний шалтгаантай байх хугацаанд үүрэгт ажлаас халсан. Шинэ оны өмнөхөн 2015 оны 12 дугаар сард ажлын албаны хурал дээр захирамж өгснөө буцаагаад авсан нь бас л шалтгаангүйгээр ажлаас халах тухай байсан  бөгөөд  сайтар танилцаж амжаагүй байтал

өөрөө  буцаагаад  авсан.  Хурлын дарга ******* нь анхнаасаа л намайг ажлаас

2016.06.30 № 23

Хөтлөх хэргийн 3-48 Б.О                                                                                                                       My computer/D/шийдвэр/blank/А4

халах шалтаг хайгаад байсан бөгөөд энэ үйлдэл 3 жил гаруй хугацаанд үргэлжлэн давтагдсан нь ажлын байрны хүнд дарамт, оюун санааны хүчирхийлэл болж байв. Миний бие 34 дүгээр захирамжийг авсан өдрөө *******  даргатай уулзах гэсэн боловч  телевизийн нэвтрүүлэг бэлдэж байна маргааш уулз гэсэн хариу өгсөн. Маргааш нь уулзаад учир байдлыг асуух гэтэл чамтай яриа дууссан, тэр шүүхдээ хандаад сонгуулийн дараа ажилдаа ор одоо гар гэж хэлсэн. Би хариуд нь “та бүүр ч цагаандаа гарчээ Төрийн албанд ингэж хувийн байдлаар хандаж болохгүй, би төрийн жинхэнэ албан хаагч хүн. хүнээр ингэж тоглож болохгүй шүү. Та өөрийн хууль бусаар авсан хэдэн хүүхдүүдээ тэжээж чадахгүй миний цалинг булааж өгч байгаа юм уу” гэхэд ******* дарга “өөр яах юм” гэсэн нь цагаандаа гарсан үйлдэл бөгөөд намайг ажлаас халах гол зорилго нь байсан гэж үзэж байна. Миний бие дээрхи 34 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд хандсан юм.

        2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ажлаас халах тухай 34 дүгээр захирамжийг хууль бус хэмээн үзэж, эс зөвшөөрч байна. Үүнд:

        Захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.9, 25.3 заалтыг дурдсан нь Хурлын даргын бүрэн эрхэд заагаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн олон заалтыг дурдсаныг ойлгохгүй байна. Миний бие шийдвэр гаргах түвшиний төрийн албан тушаалтан биш жирийн нэгэн гүйцэтгэх ажилтан байсан.

            Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудиторын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот дүгнэлт гарсныг одоог хүртэл мэдээгүй, танилцуулаагүй бөгөөд, санхүүтэй холбоотой нэг ч төгрөг захиран зарцуулах эрхгүй, дээд дарга нарын заавраар ажилладаг.

            Мөн захирамжид дурдсан ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэснийг бүүр ч ойлгохгүй байна. Оны өмнөхөн ажлаа сайн хийсэн гэж мөнгөн урамшуулал, тэр ч байтугай төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан. 2015 оны үр дүнгийн гэрээгээ хуулийн хугацаанд дүгнүүлсэн бөгөөд ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцолгүй. ажлын байрандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ ганцаараа биелүүлсэн гэдгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 34 төлөөлөгч, 10 тэргүүлэгч тэр бүү хэл ******* дарга өөрөө ч мэднэ.

           Миний бие 2015 оны 9 дүгээр сард ээлжийн амралтаа эдлээд дөнгөж ажилдаа орсон байсан. Улс төрийн  уур амьсгал хурцдаж, ИТХ-ын даргын асуудал хэлэлцэх гэж байгаа тухай сайтар ойлгоогүй байсан. ******* дарга “гэнэт намайг дуудаж та“ өвчний актаа ав, би цалинг чинь бүтэн өгнө” гэж тушаасан. Ажил хийгээгүй хүн цалин авах ёсгүй гэж бодоод намайг ажил тасалсан нэрээр халах гэж байна гэж бодоод хуулиар хүлээсэн ажлаа хэвийн гүйцэтгэж, 2015 оны 9 дүгээр сард ИТХ-ын ээлжит хуралдааны материалыг тараахад надаас өөр ажилтан оролцоогүй “зугтсан” бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  авто машиныг өгөөгүйн улмаас П.Мөнхтөр даргын машинаар тараахад хүрсэн, үүнийг ******* дарга “чи миний эсрэг ажиллалаа” хэмээн загнаж “чи энэ ажлынхаа горыг амсанаа” хэмээн утсаар заналхийлснийг аймгийн Цагдаагийн газарт тэмдэглүүлсэн билээ. Миний бие хуулиар хүлээсэн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргээ л биелүүлсэн.

          Шалтгаангүйгээр ажил тасалсан гэснийг миний бие улсад 20 гаруй жил хөдөлмөрлөхдөө нэг ч ажил тасалж үзээгүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний биеийн байдал эвгүй байсан болохоор эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна” чөлөө авъя гэж ажлын албаны дарга Б.Энхээд хэлж чөлөө авсан, намайг биеэ сайн үзүүлэх хэрэгтэй шүү, хүний нөөцийн ажилтан Т.Гантулгад хэлээрэй гэсэн тэрээр Гантулга болон нягтлан Баттулгад хэлж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрээ авсан, тухайн үед нийгмийн даатгалаа тамгалуулаагүй та өөрөө очоод тамга даруулчих уу” гэхэд нь тэгээ гэсэн. Иймээс дээрхи захирамжийг  Үндсэн хуульд заасан амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах эрхийг зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна.

         Миний бие 2004 оноос эхлэн Хурлын дарга *******,*******,******* болон ажлын албаны дарга ******* удирдлагад 10 гаруй жил ажил үүргээ хэвийн алдаагүй гүйцэтгэж, Төрийн жинхэнэ албан хаагчийн нэр төрийг өндөрт өргөн ажилласан. Гэтэл 2012 оны сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан МАН-ын жагсаалтаар гарч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон *******ын удирдлагад ажилласан цагаасаа эхлэн ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, удаа дараагийн хууль бус шийдвэрт байнга өртөж байна.

       2012 онд намайг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /ГХУСАЗСЗ / гэх нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас шалтгаангүйгээр чөлөөлсөн, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтнаар ажиллаж байсныг ямарч шалтгаангүйгээр /үр дүнгийн гэрээ дүгнэлгүйгээр/ өөрчилсөн тухайн үед ИТХ-ын ахлах ажилтан миний нэр дээр зааж ирсэн  олон удаагийн сургалт семинарт санаатайгаар өөр хүнийг томилон явуулж байсан.

         2013 онд хууль бусаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. *******ын шийдвэр буруу байсан гэдэг  2 шатны шүүхийн шийдвэр нотлогдоно.

      2014  онд  үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд  *******ын шийдвэр буруу  байсныг 3 шатны шүүхийн шийдвэр, тогтоол  нотолно. Төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг 3 жил дараалан олгоогүй ... даргаас асуухад чамд өгөх албагүй гэсэн. 2013-2014 онуудад ажлын 2 өдөрт багтаан Бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг 1 өдрийн хугацаатай аймгийн хэмжээний “Архигүй амьдрал” аяны нээлтийг зохион байгуул, нэг шөнийн дотор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ном хэвлүүл, сумдад ганцаараа ажилла гэх мэт давагдашгүй хэцүү үүрэг даалгавар байнга өгдөг байсныг миний  бие хүч чадлаа шавхан бүрэн биелүүлж байсан. Намайг  2014 онд  ******* дарга өрөөндөө дуудаад танд ажлын санал гаргаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорнод аймгийн нэгж байгуулагдаж байгаа. “чи тэр ажлыг хий” гэж  ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад шахаж шаардсан.

Мөн миний бие ******* даргын удирдлагад 3 жил гаруй хугацаанд ажиллахдаа дээрхи олон удаагийн шахалт, ажлын байрны дарамт, оюун санааны хүчирхийлэлд өртөж, удаа дараа ялгаварлан гадуурхагдаж байснаас үүдэн зүрх, толгой өвддөг өвчтэй болсон ба үргэлжийн айдастай болсон. Мөн ажлын алдаа гаргаж байгаагүй надад хорсохдоо “горыг нь чи амсанаа”  гэж хэлсэндээ хүрэх гэж, мөн цалингийн сан хүрэлцээгүйн улмаас өөрийн хууль бусаар ажилд авсан ажилтан нарыг миний цалингаар цалинжуулах зэрэг шалтаг, шалтгаанаар ээлжит сонгуулиас гуравхан сарын өмнө ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна.

        Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******ын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 34 тоот захирамжийг хүчингүй болгож эрхэлсэн ажилд минь буцаан тогтоож, өвчний акттай байсан өдрөөс хойш бусад цалинг хуульд заасан нэмэгдлүүдийн хамтаар олгуулж, нийгмийн даатгалыг нөхөн тооцуулж өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь *******г үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Аудитын дүгнэлтийн хувьд танилцуулаагүй байдаг шүүхийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын материалаас харсан. Гэтэл ажлаас халсан захирамжиндаа халах үндэслэлийн нэг хэсэг болгосон байх юм. Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх юм ямар ажлыг яаж хангалтгүй гүйцэтгэсэн талаар баримт байхгүй байна. Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж урамшуулал авч байсан талаараа тодорхой дурьдсан 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажил таслаагүй байгаа юм. Төрийн албаны салбар зөвлөл тусгай комисс гаргаж шалгасан мөн Төрийн албаны зөвлөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Энхээ, ажилтан Гантулга нар нь тайлбараа өгсөн байдаг юм. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтэд ажлаас халсан нь албан тушаалын байдлаа буруу ашиглан шийтгэлийг хүндрүүлсэн байна гэж үзсэн.

      Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад 14 хоногт  бичгээр хариу тайлбар гаргаж өгөөгүй, одоо ч гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй.  *******г 3 үндэслэлээр ажлаас халсан байгаа боловч ажлаас халсан үндэслэлээ хариуцагч нотолж, мэтгэлзэж чадахгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудитын дүгнэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******ын нэр дээр ирүүлсэн байдаг. Харин *******тай холбогдуулан дурдсан асуудлын талаар зохих шатны хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн байгаа бөгөөд арга хэмжээ авах асуудал яригдаагүй байна.

       Ажлаас халах зөрчил байсан бол өвчтэй байсан цаг хугацаанд нь ажлаас халах хууль зүйн үндэслэл байхгүй. Ер нь  Мэргэжлийн хяналтын Аудиторын дүгнэлт нь хэзээ гаргасан юм. Хэзээ аудитрын шалгалт хийсэн талаар ойлгомжгүй. *******д танилцуулж, иргэдийн хуралд өгсөн зүйл ч байхгүй. Гэтэл ажлаас халсан захирамжиндаа халах үндэслэлийн нэг хэсэг болгосон байдаг юм.  Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч харин ч үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж, урамшуулал авч байсан талаараа тодорхой дурдан нотолж  байна.  Мөн 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 02-ны хооронд ажлаа тасалсан гэж байна. Харин энэ талаарх няцаасан нотлох баримтаа нэхэмжлэгч хэрэгт хавсаргасан. Мөн ажлаас халсан захирамжиндаа хуулийн хүчингүй болсон заалтыг ч баримталсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15 дугаар зүйлийн 15.1, 15.8  гэсэн заалт нь ямар үндэслэлээр нотлогдож байгаа талаар хэрэгт цугларсан нотлох баримт байхгүй, хурал дээр ч нотолж чадахгүй байна.

        Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хувийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор  тодорхой үндэслэл бүхий хариу тайлбараа гаргаж өгөх ёстой. Түрүү хойшлогдсон хурал дээр шүүхээс хариу тайлбараа гаргаж өгөх талаар шаардаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар гаргаж өгөөгүй л байна. Нэхэмжлэгч ******* нь төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг хариуцагч тал ойлгож л баймаар,  ажлаас халахдаа 3 үндэслэлийг дурдаж захирамжин дээрээ бичсэн байсан боловч бүгд нотлогдохгүй байгаа ба шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй, хуралд  ямар байр суурьтай оролцох талаар шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хүлээсэн ч  ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна . 

        Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн  олговрыг эмнэлэгийн акттай байсан хугацаа болон зохих суутгалуудыг суутгуулан олгуулж өгнө үү гэв.

   Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мөнгийг өөрийн төрийн бус байгууллага руу шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн байдал илэрсэн. гэхдээ тэр үед  ажлаас нь халаагүй юм. Мэргэжлийн хяналтын Санхүү хөрөнгийн аудиторын 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот дүгнэлтээр мөн зөрчил илэрсэн байдаг юм. Олон жил төрийн албанд үнэнч шудрагаар ажилласан гэж байгаа боловч иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албаны ажилчдыг үйлдэлдээ урвуулсан байдаг юм. Энэ бүх үйлдлээс харахад ******* гэдэг хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ямар байдалтай ажиллаж байсан нь харагддаг юм. Хурлын ажлын албаны дарга гурав хүртэлх  хоногийн чөлөө олгодог, тухайн үед Энхээ даргаас чөлөө авсан байдаг боловч, өвчний  актаа сүүлд нь ирүүлсэн учир 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 02 хүртэлх хугацаанд ажил тасалсан юм. Энэ бол хувь хүний зохион байгуулалтай холбоотой байх. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн нь Мэргэжлийн хяналтын Санхүүгийн хяналт, аудитын албаны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот дүгнэлтээс харагдаж байна. *******г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа  / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэл хамаарах юм. Харин аудиторын дүгнэлтийг хэзээ гардуулсан нь хэрэгт байхгүй байж болно дүгнэлтийг гардуулж өгөөгүйгээр хариуцагчийн буруу болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч ******* нь  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 34 дүгээр захирамжийг хүчингүй болгох, эрхэлсэн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.[1]

        Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 34 дүгээр захирамжаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 25 дугаар зүйлийн 25.3, 25.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1,Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.8, 15.1.10,  25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба дотоод аудиторын  2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  05 дугаар дүгнэлт, Ажлын байрны тодохойлолт, үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэж,  2016 оны  02 дугаар сарын  29-ний  өдрөөс  03 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан шийдвэр гаргажээ.

      Нэхэмжлэгч ******* нь дээрхи “Ажлаас халах тухай” 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудиторын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот дүгнэлтийг одоог хүртэл өгөөгүй, танилцуулаагүй бөгөөд санхүүтэй холбоотой нэг ч  төгрөг  захиран зарцуулах эрхгүй,  дээд дарга нарын зааврын дагуу ажилладаг. Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээ хуулийн хугацаанд нь дүгнүүлсэн бөгөөд өмнөх онд сайн ажилласан гэж мөнгөн урамшуулал, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан,  ...ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцолгүй ажлын байрандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ бараг ганцаараа гүйцэтгэж байсан, улсад 20 гаруй жил хөдөлмөрлөхдөө нэг ч өдөр шалтгаангүйгээр ажил тасалж үзээгүй бөгөөд  2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа очиж биеийн байдал тааруу байгаа тухайгаа  ажлын албаны дарга Б.Энхээ болон холбогдох албан тушаалтанд  хэлж  чөлөө авсан, улмаар эмчид үзүүлсэн, өвчний магадлагаатай байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

       Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д  төрийн жинхэнэ албан хаагчийг,    ... хуулийн  25.1.1.  Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн: 25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон:  25.1.3-д  Монгол Улсын харьяатаас гарсан зэрэг хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас халахаар зохицуулагдсан байдаг бөгөөд, нэхэмжлэгч  ******* нь 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон үед төрийн албанаас халах нөхцөл бүрдэх юм.     

       2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн маргаан бүхий захиргааны актад дурдсан үндэслэлийг авч үзвэл: Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2015 оны 18 дугаар удирдамжийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг явуулж, “Үйл ажиллагааны тухай” аудиторын дүгнэлтэд: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны ажилтнуудын нэрийг дурдаж зохих шатны хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэжээ.[2] Дээрхи Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан  “Зүүн бүсийн хүний эрхийн төв” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчаар 2007 оны 07 дугаар сарын 15-ны өдөр  бүртгүүлэхдээ үүсгэн байгуулагч нь ******* гэсэн боловч тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байсан бөгөөд, улмаар 2 жил гаруй хугацааны дараа 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байна.[3]

         Мөн тус төвийн тэргүүнээр М.Цэрэнчимэг, Ц.Эрдэнэбулган нарын нэрс байгаа талаар дурдаж зохих шатны хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэж дүгнэсэн, Улсын байцаагчийн “Үйл ажиллагааны тухай” дүгнэлтийг Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга *******ын нэр дээр ирүүлсэн байхад, уг дүгнэлтийн талаар албаны  ажилтандаа танилцуулан мэдэгдэж, шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гомдол гаргах эрхээр нь хангах боломжийг олгоогүйгээс гадна, дүгнэлтийн дагуу зохих хуулийн байгууллагаар шалгуулаагүй зэрэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод  хяналттай холбоотой асуудлууд үүсээд байхад төрийн жинхэнэ албан хаагчийг шууд ажлаас халах үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

      ******* нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний  өдөр ... биеийн байдал өвчтэй байгаа талаар Хурлын ажлын албаны дарга болон холбогдох албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж  чөлөө авсан байгаа  бөгөөд,  2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 02-ны /ажлын 2 хоног/  өдрүүдэд өвчний учир  эмнэлэгийн магадлагаатай байсан зэргээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.[4]

       Мөн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал, Тэргүүлэгчдийн болон ажлын албаны баримт материал,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны  бодлогын хорооны ажлын хүрээнд гэх зэрэг менежерийн үүргийн биелэлтийг тус тусад нь бичиж,  2015 оны үр дүнгийн гэрээ,  ажлын байрны тайлангаа баталгаажуулж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүгнүүлж, “B” буюу “сайн” гэсэн үнэлгээгээр дүгнэгдсэн зэргээс үзэхэд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  34 дүгээр захирамжид дурдсан үндэслэлүүд шүүхэд мэдүүлсэн нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.[5]

       Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******ын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуучин эрхэлсэн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа  2016 оны 03 дугаар сарын 02-ноос 2016 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин нөхөн олговор болох 3 260 656 / гурван сая хоёр зуун жаран мянга зургаан зуун тавин зургаан төгрөг/[6] нийгмийн даатгал болон холбогдох суутгалуудыг тооцон олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэж байна.

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  холбогдох нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж,  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 34 дүгээр  захирамжийг хүчингүй болгож.нэхэмжлэгч *******г Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтаны  эрхэлсэн албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны санхүүгээс, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор  3 260 656 / гурван сая хоёр зуун жаран мянга зургаан  зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон холбогдох тооцоог суутган тооцож  нэхэмжлэгч *******д олгосугай.

         3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

          4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг  дурдсугай.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОЮУН

 

 

 

 

 


[1]  Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 70-72-р хуудас

[3] Хавтаст хэргийн 44-р хуудас

[4] Хавтаст хэргийн 54-57-р хуудас

[5] Хавтаст хэргийн 15-24-р хуудас

[6] Хавтаст хэргийн 88-89-р хуудас