Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 0552

 

 

                                                          Б.Х-гийн нэхэмжлэлтэй

                                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Х-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13 дугаар зүйлийн 13.5.7, 13.5.8, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 96 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны Ү-2201042329 дугаар улсын бүртгэл, 000400444 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд П.Д нь давж заалдах гомдолдоо: “Миний аав С.Палам нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байсан юм. 2010 онд 94 насандаа бурхан болсон. Аавд маань дайнд явж байсныг үнэлж улсаас 1 өрөө байрыг 21 дүгээр хороололд өгсөн юм. Одоо тэр байрыг 2009 оноос хойш одоо хүртэл манай өргөмөл дүү н.Баасанхүүгийн эхнэр Б.Соль 1 сарын 350.000 төгрөгөөр түрээсэлж байдаг. Дүү маань 2013 онд нас барсан бөгөөд н.Баасанхүүгийн эхнэр хүүхдийн хамт бичил хороололд аавын 3 өрөө байранд амьдардаг байсан бөгөөд одоо ч эхнэр хүүхдүүд нь амьдарч байгаа. Аавын маань хоёр айлын газартай том хашааг хоёр хувааж хоёр охиныхоо нэр дээр өмчлүүлээд дахин төлөвлөлтөд оруулж 2 өрөөтэй 2 байраар сольж байгаа юм билээ. Мөн дүүгийн маань үлдээсэн хотын төвийн том ваар, ресторан байдаг бөгөөд түүнийг Б.Соль өөрийнхөө дүүд түрээсэлсэн гэж байсан. Аавын ийм олон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа боловч улам даварч аавд өгсөн ганц өрөө байрыг том охиндоо авч өгнө гэж шуналдаж байна. Том охин Б.Х- нь “Хүрмэн” ХХК-д нягтлан бодогч ажилтай бөгөөд нөхөр хүүхдийн хамт тусдаа байр авч гарсан юм билээ. Б.Солийн 4 хүүхэд бүгд дээд боловсролтой 25-аас дээш насны залуучууд байдаг. Б.Соль манай дүүтэй нийлж амьдраад улсад ерөөсөө ажил хийж байгаагүй. Аав, ээжээр хүүхдүүдээ өсгүүлээд өөрөө гэрийнхэнтэйгээ нийлж гадаад орнуудаар аялж наймаа хийж гэрийнхнийгээ хөрөнгөжүүлж явсан хүн ааваар хүүхдээ харуулж, өсгүүлж тэтгэвэр, тэтгэмж буцалтгүй тусламжийг нь авч идэж хэрэглэж хамт байсан гэх нэрийдлээр бүх үл хөдлөх хөрөнгийг нь авсан. Гэвч ганц өргөмөл охин хүүхэд нь 1 настайдаа үрчлэгдсэн П.Д би одоо 73 настай. Миний өргөж авсан ээж, С.Паламын эхнэр С.Цэрэндуламаас төрсөн хүүхэд П.Сүхээ 84 настай Б.Соль нь бид хоёрыг зүгээр л овоглуулсан болохоос хамаагүй хүмүүс гэж хэлж байна. Өөд болсноос нь хойш зах хороолол байгаа ганц өрөө байрыг нь тоож очиж суух улс биш. Төвийн тансаг хүмүүс одоо тэр байрыг түрээсэлж мөнгөний машин болгон 9 жил түрээслэн 30 гаруй сая төгрөгийг нь идээд байж байна. Өөрсдөө ажил хийдэггүй нас барсан хүмүүсийн хөрөнгийг түрээсэлж амьдардаг маш залхуу залуучууд юм. П.Д би гэр хороололд 60 жил амьдарч байна. Улаанбаатар хотод Баянхошуунд группд бие муутай охинтойгоо 4х4 хэмжээтэй амбаарт амьдардаг. Бид анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгсөн удаж удаж нэг хурал хийсэн. Зуны халуунд 4 цаг суулган хийсэн хурал нь бидний өргөдлийг хэрэгсэхгүй болгосон байсан. Бид гомдож давж заалдах шатны шүүхэд хандахад алдаатай шүүсэн байна гээд анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд анхан шатны шүүхэд 6 удаа хойшилсон. Ямар шалтгааны улмаас хойшилсон гэдгийг бид нар мэдээгүй. Бидний өргөдөл гомдлыг хэрэгсэхгүй болгосон Ж.Сэлэнгэ гэх шүүгч бидний өргөдөл гомдлыг ингэж буруу шүүх эрх байдаг юм уу гэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга н.Эрдэнэчимэг дээр орж асуухад Ж.Сэлэнгэ үзэмжээрээ шийдсэн байна гэж хэлсэн. Бидний эцгийн 3 байр, том ваар, ресторан бүгд энэ хөрөнгөнөөс бид хуваалцаагүй. Ганцхан аавын  маань дайнд явж байсныг тэмдэглэж улсаас олгосон ганц өрөө байрыг л ах бид хоёрт олгож өгөөчээ гэж хүсч байна. Баасанхүүгийн эхнэр Б.Соль би энэ байрыг захиалсан гэж хэлэх нь халгүй баахан тамгатай бичиг энэ тэндээс цуглуулсан юм байна лээ. Ах бид хоёр өөрсдийн биеэр Батлан хамгаалах яам, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яаманд очиж бичиг баримтаа цуглуулж байж өргөдөл өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж байгаад маш их гомдолтой байна. Насанд хүрсэн 6 хүн дэргэд нь байсан хэрнээ хэн нь ч толгойг нь түшиж байж өөд болгоогүй хирнээ үл хөдлөх хөрөнгийг нь авах болохоор аав аав гээд хайртай болчихсон байгаа нь ямар ч хуурамч, худалч, увиагүй, өөдгүй, эд хөрөнгөний төлөө яахаас ч буцахгүй амьтад болох нь илэрхий харагдаж байна. Иймд ах бид хоёр аавынхаа байрыг авахыг маш их хүсэж байна. Ах маань энэ өнгөрдөг өвлийг арай гэж хөлдөж үхэлгүй давсан, өндөр настай, хуруугаа ус, түлээнд хүргэж чадахгүй болсон. Энэ бүх үл хөдлөх хөрөнгөд Б.Солийн нэг төгрөг ч ороогүй, нэг ч дусал хөлс ороогүй. Эрхэм  хүндэт хуульчид минь уг хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдэж өндөр настай өвгөн, ах бид хоёрт туслана байх гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Х- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс/-т холбогдуулан “2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 18081-хд 96 байр, 31 тоот хаягт байрлалтай 1 өрөө байрны улсын бүртгэлийн Ү-2201042329 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дүгээр тушаалаар дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууцны дэмжлэгт хамрагдах 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг хавсралтаараа баталсан бөгөөд уг тушаалын хавсралтын 27-д Самдан овогт Паламын нэр бичигдсэн байна.

Жарангийнхан овогт Самдангийн Палам нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсныг 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нас барсны бүртгэлийн 375 дугаарт бүртгэж, 0051638 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд түүнийг нас барсны дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 18081-хд 96 байр, 31 тоот хаягт байршилтай 39.6 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042329 дүгээрт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000400444 дүгээр гэрчилгээг С.Паламын нэр дээр олгосон байна.

Анхан шатны шүүх мэдүүлэг гаргагч С.Палам нь нас барсан нь тогтоогдож байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр татгалзах эрхтэй байсан, С.Паламын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөхийн тулд хэргийн оролцогч нар холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан албан ёсоор өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хууль журмын дагуу үнэн зөв мэдүүлж, гэрчилгээ гаргуулах нь зүйтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА