Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 293

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанжавын Баатарсайханд холбогдох эрүүгийн 1734000570026 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувирааа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн Туулын гүүр гэх газар оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасанжавын Баатарсайхан РД/ГВ89091014/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газраас Хайлааст баг руу Ниссан ХТрайл маркийн 71-66 БУЛ дугаартай тээврийн хэрэгслээр явах замд тус машинд дайгдан явсан иргэн Ц.Соёл-Эрдэнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газраас Хайлааст баг руу Ниссан ХТрайл маркийн 71-66 БУЛ дугаартай тээврийн хэрэгслээр явах замд тус машинд дайгдан явсан иргэн Ц.Соёл-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

Хохирогч Ц.Соёл-Эрдэнийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үе Туулын гүүрнээс Хайлааст багийн төв рүү явах гээд машинд гар өргөсөн. 71-66 БУЛ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Х.Трайл маркийн тээврийн хэрэгсэл зогсоод би суусан. Суухад 3 залуу байсан ба Сов ороод буучихъяа гэхэд жолооч нь тэг тэг гэсэн. Туулын гүүр нилээд өнгөрөөд явж байхад жолоочийн хажуу талд сууж байсан цагаан фудволктой залуу бид 3-тай групп секс хий гэсэн. Тэгэхэд би юу яриад байгаа юм чадахгүй гэхэд тэгүүл буу гэсэн. Тэгэхээр нь тэгий гээд буусан. Буугаад алхаж байхад нөгөө машин буцаад хүрээд ирсэн. Ирээд за таныг дөхүүлээд өгий гэсэн. Тэгэхээр нь би за яахын бэ би өөрөө явчихъя гэхэд гуравуулаа машинаас гарч ирээд бараг чирээд шахуу суулгасан. Машин хөдлөөд явж байхад урд сууж явсан цагаан фудволктой залуу “бид гуравтай унт, эсвэл надтай унт гээд дарамтлаад байсан. Би үгүй гэхэд урд талын суудлаас хойшоо суугаад миний хажууд сууж байсан залууг урагш нь суулгасан. Тэгээд бас надтай унз зэргээр намайг доромжлоод би үгүй гэхэд үсдээд алгадаад “хутга гаргаад ир ойрд хүн алсангүй энийг хүчиндээд алаад гаргаад шидчий” гэсэн. Би тэр залуутай тэмцээд машины хаалга онгойлгосон. Тэгэнгүүт машин зогсоод тэр цагаан цамцтай залуу намайг үсдээд яасан овоо янхан авгай вэ гээд жолоочийн үхсэндээ зогсдог юм бэ яв гээд жолоочийг дарамтлаад байсан. Тэгээд нөгөө урд сууж байсан залуу миний хажууд ирж суугаад манай найз жаахан согтуу байгаа юм та уучлаарай гээд хэлчих, тэгэхгүй бол таныг алчих гээд байна гээд байсан. Тэгэхээр нь би “за дүү уучлаарай” гэсэн. Тэгсэн нөгөө цагаан фудволктой залуу цохих нь арай гайгүй болоод хэл амаар доромжлоод ганц нэг алгадаад, үсдсэн. Тэгээд миний хажууд ирж суусан нөгөө залуугаа урагш суулгасан.Тэгж байтал Сов дээр ирээд би дэлгүүр орий гэж хэлээд буугаад зугтаачихсан. Тэгээд шууд цагдаа дээр ирсэн. Цагаан футволктой залуу нүүр лүү нэлээн хэдэн удаа алгадсан, толгой руу гараараа цохьсон, хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Зөвхөн тэр цагаан фудволктой залуу нь зодсон. Цуг явж байсан хоёр залуу нь зодоогүй. Тэгэхдээ намайг зодоод байхад нь нөгөөхөө болиулахгүй байсанд гомдолтой байна. Тархи хөдөлсөн, гуяан дээр, нүүрний нүдний доор, мөр, гарын шуу нь дээр хөхөрсөн байсан. Хот руу шүүх эмнэлэгт үзүүлсэн болон толгойны томограф зураг авахуулсан зардал гарсан. Мөн ажил тасалсан гээд намайг ажлаас халсан. Эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна” /гэх мэдүүллэг хх-15-16-р хуудас/” ..толгойгоо бариулсан. Эмнэлэгт дусал хийлгэсэн. Мөн тариа хийлгэсэн. Эм авч уусан. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Замын зардал эмчилгээ хийлгэсэн эм, авсан зардалтайгаа нийлээд 600000 төгрөг орчим болсон” гэх мэдүүлэг /хх-17-р хуудас/,

Гэрч З.Учралын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найз Батбаатарын хамт Булган аймгаас Заамар сум руу очиж уурхайд анкет бөглөх гэж ирсэн. Бид хоёр явсаар Туулын гүүрэн дээр ирсэн. Туулын гүүрэн дээр ирээд найз Баатарсайхантай уулзсан. Тааралдаагүй удсан найзтайгаа уулзсан болохоор Баатарсайхан бид хоёр 0,5 литрийн Соёрхол архи нэг шилийг уусан. Тэрийгээ ууж дуусгачихаад Баатарсайханы эхнэр Сов дээр байдаг тул Сов оръё гээд хөдөлсөн. Туулын гүүр гарах гээд явж байтал мотоцикльтэй залуу нэг эмэгтэй хүн сундалчихсан явж байсан ба бид нарын дохиод зогсоосон. Тэгээд тэр эмэгтэй Сов явах уу, явах бол суугаад явчих уу? гэхэд тэр эмэгтэй манай машинд орж ирж суусан. Суугаад эгчийгээ Баянгол хүргээд өгчих эгч нь 10000 төгрөгөнд бензин хийж өгий гэсэн. Тэгэхэд нь бид нар хүргэж өгч чадахгүй Сов ороод цаашаа та унаандаа суугаад явчих гэсэн. Тэр эгч тэгвэл нэг юм авчихъя гэхээр нь та Сов орж байгаад бол гээд Туулын гүүрэн дээрээс авахуулаагүй. Тухайн үед Баатарсайхан хойд суудал дээр согтоод унтчихсан байсан. Тэгээд Сов орж явах замд сэрээд юун хүүхэн суулгачихсан юм бэ гэхэд нөгөө эгч та нар над шиг ээжгүй юу гээд хэрэлдсэн. Тэгээд хэрэлдээд Баатарсайханыг тэр эгч алгадаад авахаар нь Баатарсайхан хоёр удаа мангасдсан. Тэгээд энэ хүүхнийг буулга гээд буулгасан. Тэгээд харанхуй болж байсан тул эмэгтэй хүнийг хээр хаяад явчихаж болохгүй гээд буцаж ирж аваад Сов руу хүргэж өгсөн. Сов дээр очоод тэр эгч энэ айлд миний хувцас байгаа эгч нь энд буулаа гээд буугаад явсан. Миний харснаар хоёр удаа мангасдсан. Мөн Баатарсайхан машинаас буулгахдаа тэр эгчийг машинаас татаж буулгасан. Би тухайн үед нилээн согтуу явж байсан учир өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүллэг /хх-18 хуудас/”

Гэрч Б.Батбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найз учралын хамт уурхайд анкет бөглөхөөр Заамар сум руу явсан. Туулын гүүрэн дээр ирээд найз Баатарсайхантай уулзаад Учрал, Баатарсайхан хоёр нэг шил архи хуважж уусан. Тэрийгээ уучихаад Баатарсайханы эхнэр Сов дээр байгаа хүргээд өгөөч гэж хэлсэн. Хүргэж өгөх гээд Туулын гүүр гарах гээд явж байтал мотоцикльтэй хоёр хүн даллаад байхаар нь зогссон. Тэр хоёр ирээд Сов орох уу гэхээр нь орно гэсэн. Мотоциклиос үс гэзэг нь сэгсийсэн, энгэрийнхэн товч тайлагдсан эмэгтэй орж ирж сусан. Тэрийг суулгаад явж байтал Баатарсайхан унтаж байгаад сэрээд юун хүүхэн суулгачихсан юм буулга гээд бид хоёрыг загнасан. Тэгтэл тэр эмэгтэй Баатарсайхантай муудалцаад Баатарсайханы араас маажаад татчихсан юм шиг байна лээ. Тэгээд Баатарсайхан уурлаад нүүр лүү нь хоёр мангасдсан. Тэгээд Баатарсайхан зогс гэхээр зогсоход тэр эгчийг буулгасан. Би эмэгтэй хүн хээр яаж үлдээхэв гээд нөгөө эмэгтэйг буцаж очиж аваад Сов дээр хүргэж өгсөн. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Архи уучихсан согтолттой байсан. Бид хоёрыг очиж уулзахад уучихсан байсан. Мөн Учралтай хоёулханаа нэг шил архи хувааж уусан байсан. Цохиж зодсон асуудал байхгүй. Нүүр лүү нь хоёр удаа мангасдсан. Заналхийлсэн асуудал байхгүй. Үс нь сэгсийсэн, энгэр заам нь онгорхой байсан. Архи уучихсан согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэрч Г.Баасансүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “..2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ээлжинд гарч байх үед 17 цагийн үед ЦИ73041901 регистрийн дугаартай Ц.Соёл-Эрдэнэ гэгч нь Туулын гүүр гэх газраас Хайлааст 3 дугаар багийн төв рүү явах замд дайж явсан Ниссан ХТрайл маркийн 71-66 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 залууд зодуулсан гэж гомдол өгсөн. Би иргэн Ц.Соёл-Эрдэний гомдлыг материалжуулан шалгаж зодсон 3 залууг нь мэдэхгүй бааранд байхад нь очиж түр саатуулах арга хэмжээ авсан. Анх ирэхдээ үс нь сэгсийсэн, энгэрийн товч нь тайлагдсан, нүдний хэсгээрээ хөхөрсөн байдалтай ирсэн. Ирэхдээ нилээн айж сандарсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын зэргийг согтуурал тандагч alcktest-6510 маркийн драгер багажаар 0,00 заалтаас үлээлгэж үзэхэд 2,16 хувийн согтолттой гарсан” /гэх мэдүүллэг хх-20 хуудас/”

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №8001 дугаар “1. Ц.Соёл-Эрдэнийн биед тархи доргилт, 2 нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, баруун гуя, хонго, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

-Ц.Соёл-Эрдэнийн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл болон шүүгдэгч Б.Баатарсайханы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Баатарсайханд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүллэлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг байх тул торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Баатарсайханд оногдуулсан торгох ялыг 2018 оны 9 сарын 29-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Соёл-Эрдэнэ нь хохирлын төлбөрт 600000 төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжилсэн нэхэмжилэлийн шаардлагыг нотлох баримт нь хэргийн материалд авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч Б.Баатарсайхан нь хохирогч Ц.Соёл-Эрдэнэд хохирлын төлбөрт 400000 төгрөгийг төлсөн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баатарсайхан нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Баасанжавын Баатарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баасанжавын Баатарсайханыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарсайханд оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000/ дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баатарсайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Баатарсайхан нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баатарсайханд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Баатарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ