Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/02

 

П.Л холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Шүүгдэгч П.Л-ийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 234 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.О-ийн эсэргүүцэлээр П.Л холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд бага ангийн багш ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДГ............ регистрийн дугаартай, Д овогтой П.Л нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуульд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “багш, ажилтнуудад хоолны мөнгө олгох тухай” А/24 дугаартай тушаал гарган өөртөө 94.000 төгрөг, Л.Б-д 34.000 төгрөг, Б.М, Х.Ц, Ж.Б, М.У, Т.С, П.М, М.Б нарт тус бүр 128.000 төгрөгийг олгож давуу байдал бий болгон улсад нийт 1.024.000 төгрөгний хохирол учруулж, цалингийн сангаас хоолны мөнгө олгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П.Л холбогдох 1916001320131 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш прокурор ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжинд урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч П.Л-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан хүсэлтийг хангаж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой, хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

 

Нэгдүгээрт: “...Хавтаст хэргийн материалаас үзвэл гэрчээр тогтоогдсон нягтлан бодогч Э.Ө нь тушаал гараагүй байхад хоолны мөнгөний тооцоог бодож захиралд танилцуулан, тухайн үед захирлаар ажиллаж байсан П.Л тушаал гаргаагүй байхдаа нягтлан бодогч Э.Ө-ы хэлсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нягтлангийн хамт гарын үсэг зурж, гүйлгээ хийж мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад 1.024.000 төгрөгний хохирол учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нягтлан бодогчийн үйлдлийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Энэ байдал нь санхүүгийн баримтад захирлын тушаал байхгүй бөгөөд нягтлан бодогч Э.Ө-ы гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр батлагдаж байна” гэжээ. Нягтлан бодогч Э.Ө Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” болохгүй, мөн хуулийн 22.8 дугаар зүйлд заасан “төсвийн захирагч” биш болно. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл Нягтлан бодогч Э.Ө нь бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл нь тогтоогдоогүй байна. Нягтлан бодогч Э.Ө-ы анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийсэн үйлдлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлуудыг шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, түүний үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн байна. Шүүх шийдвэртээ нягтлан бодогч Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нь батлагдсан талаар, зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь яагаад үндэслэлгүй болох талаар ойлгомжтой тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

 

Хоёрдугаарт: “...Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01/11/27 дугаартай төлбөр хариуцуулах тухай актаар “... үндэслэлгүйгээр олгосон хоолны мөнгө 1.024.000 төгрөгийг Аймгийн төрийн сан банк дахь 100050000954 тоот дансанд төвлөрүүлэхээр” заасан байхад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Б-ийг тогтоосон нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлсон.

 

Хавтаст хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Б тогтоогоогүй харин Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг тогтоож, газрын дарга Р.Б танилцуулан гарын үсэг зуруулж, хохирогчоор мэдүүлэг өгөх албан тушаалтныг томилж ирүүлэх талаар албан бичгээр хандахад газрын дарга Р.Б нь өөрөө мэдүүлэг өгөх талаар албан бичигт хариу өгсөн. Хохирогчоор Р.Б мэдүүлэг авсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуулийн хариуцсан дээд шатны байгууллага нь Боловсрол, соёл, урлагын газар бөгөөд уг газраар дамжин төсвийн мөнгө хувиарлагддаг, төсвийн мөнгө зарцуулах талаар чиглэл өгч ажилладаг шууд харьяалах дээд байгууллага  болдог.

 

Төрд учирсан мөнгөний бүрдүүлэлт төрийн санд төвлөрдөг, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 21-01/11/27 дугаартай төлбөр хариуцуулах тухай актаар үндэслэлгүйгээр олгосон хоолны мөнгө 1.024.000 төгрөгийг Аймгийн төрийн сан банк дахь 100050000954 тоот дансанд төвлөрүүлэхээр заасан нь үндэслэлтэй.

 

Төрд учирсан мөнгө болгоныг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх нэрийдлээр төрийн сан ийм төрлийн гэмт хэрэг болгоны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авах нь учир дутагдалтай. Тухайлсан чиглэлийн байгууллагын хэрхэн ажиллах, ямар хохирол учирсан талаар тухайн дээд шатны харьяалах байгууллага л мэдэж байх боломжтой тул Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, газрын дарга Р.Б-өөс хохирогчоор мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны актад төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр заасан бөгөөд харин хохирсон байгууллага нь төрийн сан гэж үзээгүй, мөн уг актын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх захирамжийн үндэслэл хэсэгтээ “...хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Б тогтоосон нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэдэг нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг тодорхой дурдаагүй, ойлгомжгүй, шүүхийн шийдвэр өөрөө эргэлзээ төрүүлсэн болжээ.

 

Гуравдугаарт: “...Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуулийн “Багш ажилтнуудад хоолны мөнгө олгох” тухай захирлын тушаал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б нь мэдүүлэгтээ: “...Засгийн газрын 2016 оны 393 дугаар тушаалыг үндэслэж сургуулийн захирлуудад нэмэгдэл олгохдоо тухайн аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар олгодог байсан...”, талаар, гэрч Э.Ө нь “...Засгийн газрын 393 дугаар тогтоолоор улирал тутамд багш нарын ажлын үр дүнгээр 45 хувь хүртэл нэмэгдэл олгодог” талаар тус тус мэдүүлэг өгчээ. Гэтэл 2013 оны 393 дугаар тушаал нь 2017 оны 346 дугаар тушаалаар хүчингүй болсон, мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 21-01/11/27 дугаартай төлбөр хариуцуулах тухай акт, 1 дүгээр хавтаст хэргийн 144-149 дүгээр хуудсан дахь мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу санхүүгийн хяналт, шалгалт хийсэн дүнгийн тухай материал зэрэг нь “2012 оны 205 дугаартай Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг үндэслэж гарсан байх бөгөөд дээрх тогтоолоор баталсан журмыг Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх тул яллагдагч П.Л-ийн үйлдэл нь хүчинтэй байгаа ямар журмын заалтыг зөрчсөнийг шалгаж тогтоох шаардлагатай байна. Мөн Засгийн газрын 287 дугаар тогтоол нь 2015 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байгааг тэмдэглэх нь зүйтэй байна гэжээ.

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуулийн “Багш ажилтнуудад хоолны мөнгө олгох” тухай захирлын тушаал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаартай тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, уг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай тогтоолын үйлчлэл хамаарахгүй байна.

Санхүүгийн хяналт, шалгалт хийсэн дүнгийн тухай материалд 2012 оны 205 дугаартай Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэж бүхэлд нь дүгнэлт гаргаагүй, журмын 8.1 дүгээр зүйлд заасан “Төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу хянаж, төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ” гэх заалтыг зөрчсөн гэсэн нь П.Л-ийн үйлдэлд бус төрийн санд хамаарах заалтыг дурдсан нь хэрэгт ач холбогдолгүй байна.

 

Дөрөвдүгээрт: “...Хавтаст хэргийн материалд Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуулийн зарим багш, ажилчдын харилцах дансны хуулгыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргасан нь зориулалтын бусаар олгогдсон гэх хоолны мөнгө багш, ажилчдын дансанд хэзээ шилжиж орсоныг тодорхойлох боломжгүй нөхцлийг бий болгож байна” гэжээ.

 

Гэрч М.Б өгсөн “...захирлын тушаалаар 2017 оны 12 дугаар сарын цалин дээр хоолны 128.000 төгрөг Хаан банкны 5319013..... дугаарын дансанд орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,

 

гэрч Б.М өгсөн “...Бага сургуулийн захирлын тушаалаар хоолны мөнгө болох 128.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 2403003...... дугаартай дансаар авсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-н 76 дугаар хуудас/,

 

гэрч Ж.Б өгсөн “...хоол мөнгө авсан тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 531908....... дугаарын дансаар авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 78 дугаар хуудас/ гэрч Т.С өгсөн “...128.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 24030002......... дугаарын дансаар авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79 дугаар хуудас/, гэрч П.М өгсөн “...хоолны мөнгө авсан, тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 240300020........ дугаарын дансаар авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрч М.У өгсөн “...цалин дээр нэмэгдээд 120 орчим мянган төгрөг орж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч Х.Ц өгсөн “...миний цалин дээр нэмэгдэж 128.000 төгрөг хоолны мөнгө гэж орсон. Миний 53190....... Хаан банкны цалингийн данс руу орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын цалин олгосон хүснэгт /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар П.Л, Д.Б, Б.М, Х.Ц, Ж.Б, М.У, Т.С, П.М, М.Б нарт хоолны мөнгө олгогдсон нь нотлогдох бөгөөд дээрх хүмүүсийн цалингийн данстай Хаан, Төрийн банкуудаас прокурорын зөвшөөрлөөр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дансны хуулгыг авсан нь хэрэгт хавсаргагдсан болно. Хоолны мөнгө 2017 оны 12 дугаар сарын цалинтай хамт бодогдож 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гүйлгээ хийгдэж орсон дансны хуулгуудаар хангалттай нотлогдсон байдаг.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болоогүй байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын бага сургуулийн нягтлан бодогч Э.Ө анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийсэн үйлдлийг шалгаж, Э.Ө нь нийтийн албан тушаалтан биш, төсвийн захирагч биш учраас тухайн гэмт хэргийн субъект болохгүй тул Э.Ө үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж дүгнэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн тухайн хэрэгт Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь болон тухайн байгууллагыг төлөөлж Р.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчимд харшлахгүй байна.

 

Анхан шатны шүүх П.Л-ийн үйлдэл нь хүчинтэй байгаа ямар журмын заалтыг зөрчсөнийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн талаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад шалгаж тогтоосон байна.

 

Мөн Санхүүгийн хяналт, шалгалт хийсэн дүнгийн тухай материалд 2012 оны 205 дугаартай Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг үндэслэж дүгнэлт гаргасан нь дангаараа хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл, нэмэлт эсвэл дахин шинжээч томилох буюу шинжээчээс асууж тодруулах замаар эргэлзээг арилгах боломжтой байна.

 

Түүнчлэн зориулалтын бусаар олгогдсон гэх хоолны мөнгө багш, ажилчдын дансанд хэзээ шилжиж орсоныг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, бусад байдалтай харьцуулан судалж, шалган, үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг прокурорт буцаасан байх тул тухайн шатнаас хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 234 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч П.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээдүүд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ш.Б

     ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                   Ч.Э