Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

Д.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 433 дугаар захирамжтай Д.Тд холбогдох 2038000000274 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хаахаа овогт Дамдинсүрэнгийн Т, .......... оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Д.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 15-20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Урт цагаан гэх газраас иргэн Б.Эгийн хаваржааны хашааг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин техник ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 433 дугаар захирамжаар яллагдагч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ:  ... Дээрх шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

1. Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “... аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...” гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай таарахгүй буюу прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй зүйл ангийг бичсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “... Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Шүүгчийн захирамжид “...Шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, эргэлзээтэй байна” гэж үзжээ. “Шинжээчээс авсан мэдүүлгээс үзэхэд уг хашааг яллагдагч нөхөн төлнө гэсэн үндэслэлээр үнэлгээг бууруулсан байна.... гэж тус тус үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэжээ.

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Энхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилох тогтоолыг үйлдэж хүргүүлсний дагуу шинжээч дүгнэлт гаргасан байна.

Шинжээч, үнэлгээчин Б.Мядагмаа нь Шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд хуульд заасан тусгавал зохих зүйлийг бүрэн тусгасан байна. Мөн үнэлгээг бууруулж гаргаагүй болох нь шинжээчийн дүгнэлтэд заасан арга, аргачлалаар харагдаж байна.

Шинжээчийн дүгнэлтэд үнэлгээ өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 аргаар үнэлдэг гэсэн байх бөгөөд тухайн хашааны үнэлгээг “Өртгийн хандлага” аргыг сонгож үнэлсэн талаар тодорхой тусгажээ.

Тухайн хашааны зах зээлийн үнэлгээ 5,000,000 төгрөг боловч тухайн хашааны мод нь байгаа, эргүүлэн өгнө гэсний дагуу тухайн хашааг буцаан барихад зарцуулах буюу өртөгийг гаргаж үнэлсэн талаар шинжээч мэдүүлэгтээ тодорхой дурдсан байна.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 433 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Д.Тд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хохирол нөхөн төлөх эсэхээс үл хамааран бодит байдлаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооход нотлох баримт нь эргэлзээгүй байх нь чухал юм.

Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар 25-ны өдрийн 114/130 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 8 байр хашааны модыг 1,995,470 төгрөгөөр үнэлжээ.

Гэтэл үнэлгээ тогтоосон Б.Мядагмаа нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шинжээчээр мэдүүлэг өгөхдөө “...тухайн хашаа бол зах зээлийн үнээр доод тал нь 5 сая төгрөг байгаа. Аймгийн ханшаар бол 5 сая төгрөг байгаа. Тухайн хүнийг хохиролгүй болгож хашааг нь нөхөн төлнө гэсэн болохоор 1,995,470 төгрөгөөр үнэлсэн” гэж мэдүүлсэн байна.

Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтэд 8 байр хашааны модыг 78.5 м2 хэмжээтэй гэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан 8 байр хашааны модыг эзэлхүүний хэмжүүрээр тооцох ёстой атал талбайн хэмжүүрээр тооцсон нь ойлгомжгүй байна.

Прокурор нь Д.Тыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн атлаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмийг бүрэн нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл гэрчүүдийн мэдүүлэгт Д.Тыг ямар тээврийн хэрэгслээр хулгайн эд зүйлийг тээвэрлэсэн талаар огт тусгагдаагүй байх ба ашиглалтаас гарсан, үнэлэх боломжгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөн ЗИЛ-130 маркийн 02-34ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж ялласан нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэхээр байна.

Учир нь ЗИЛ-130 маркийн 02-34ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болон ямар тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласныг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдлыг нотлоогүй гэж үзэх юм.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Д.Тд холбогдох хэргийг прокурорт буцаан, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 433 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                              Н.БАЯРХҮҮ