Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Т.Жавхлантөгс шүүгдэгч Э.Загдзүсэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Загдзүсэм холбогдох эрүүгийн 201721000207 дугаартай, 178/2017/0074/э/ индекстэй хэргийг 2017 оны 7 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  1995 оны 01 дугаар сарын 07-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын, 8-р баг, Наран, 21-р гудамж 10 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Боргочин овогт Эрдэнэчулууны Загдзүсэм /РД: ПЮ95010713/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Э.Загдзүсэм нь 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-30 тоот хашаанд байрлах иргэн Ж.Цэндээгийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 500 000 төгрөг хулгайлж иргэн Ж.Цэндээд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Загдзүсэм нь шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-30 тоот хашаанд байрлах иргэн Ж.Цэндээгийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 500 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Загдзүсэм шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5 дугаар хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 8-10 дугаар хуудас/

Хохирогч Ж.Цэндээгийн “...гэртээ очтол манай гэрийн хаалганы цоож байхгүй болчихсон байсан. Тэгээд гэртээ ортол манай шар цоохор авдарны таг газарт уначихсан дотор нь байсан цүнхийг онгойлгоод дотор нь байсан шар өнгийн хэтэвчийг орон дээр гаргаад хаячихсан байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. ...манай гэрээс авдар дотор байсан 1 500 000 төгрөг алга болсон байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хохирол мөнгө бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/

2017 оны 6 сарын 21-ний өдрийн 82 дугаар шинжээчийн дүгнэлт: 1....Харин “3”, “6” гэж дугаарласан гарын 2 ширхэг мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй “6” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь гарын хээний Папилон сан дахь MN004810003297 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэчулуун овогтой Загдзүсэмийн зүүн гарын долоовор хурууны дардастай тохирно. /хх 27-31 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Загдзүсэмийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-30 тоот хашаанд байрлах иргэн Ж.Цэндээгийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 500 000 төгрөг хулгайлж иргэн Ж.Цэндээд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт холбогдуулан шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгчийн дээрх үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тооцогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 2015 оны 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан оногдуулах ялаас хөнгөн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Э.Загдзүсэмд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Загдзүсэмд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуульд баривчлах ял байхгүй тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэстэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Загдзүсэм нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Загдзүсэмийн эзэмшлийн 210 000 төгрөгийн үнэ бүхий Sanva  маркийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13  дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боргочин овогт Эрдэнэчулууны Загдзүсэмийг бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Загдзүсэмд 4 /дөрөв/ сарын хугацаагаар ялаар шийтгэсүгэй.
  3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Загдзүсэмийг баривчлах ялаас чөлөөлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Загдзүсэм нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Э.Загдзүсэмийн эзэмшлийн 210 000 төгрөгийн үнэ бүхий SANVA маркийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 24-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай. 
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Загдзүсэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН