Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02159

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02159

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.А-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй 17 826 275 төгрөг, алданги 9 728 137 төгрөг, нэмэлт зардал/сургалтын төлбөр/ 4 419 100 төгрөг нийт 31 973 512.50 төгрөгийг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002.12.23-ны өдрийн 1029 дугаартай шийдвэрээр Д.Алтанхуягийг охин Н.Ариунномтын эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 1 630 000 төгрөгийг л албадан гаргуулсан. Нэхэмжлэл гаргах үед нийт төлөх ёстой тэтгэлэг 19 456 275 төгрөгөөс төлөгдсөн 1 630 000 төгрөгийг хасч 17 826 275 төгрөг төлөгдөөгүй. Н.Ариунномт нь 2019.08.04-ний өдөр 18 нас хүрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хуульд заасан хугацаа дуусгавар болох тул хууль ёсоор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгээ авах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Д.Алтанхуяг нь 5 000 000 төгрөг өгье, сайн дураар хаалгах хүсэлт бичиж өг гэх мэтчилэн дарамталж, хугацаа хожиж, худал хэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд саатуулсан. Алдангийг шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт тэтгэлгийн дүн 19 456 275 төгрөгийн 50 хувиар тооцож 9 728 137 төгрөг болж байна. Хүүхдийн тэтгэлгийн төлөгдөөгүй дүн 17 826 275 төгрөг, алданги 9 728 137.50 төгрөгийн хамт нийт 27 554 412.50 төгрөгийн хохирол учруулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019.8.09, 13-ны өдрүүдэд 16 640 775 төгрөгийг хувааж төлсөн ч энэ төлсөн мөнгө нь алдангиас тооцогдох ёстой. Мөн охин маань 2018.6 сараас их сургуульд элсэн орж, одоо 2 дугаар курст суралцаж байгаа. Зөвхөн их сургуулийн сургалтын төлбөрт гэхэд бусдаас зээл авч байж 2018-2019 оны сургалтын төлбөр 2 696 400 төгрөгийг төлсөн. 2019-2020 оны эхний хагас жилийн төлбөр 1 722 700 төгрөгийг сургууль нэхэмжилсэн байгаа. Сургалтын төлбөрийн нийт зардал 4 419 400 төгрөг болж байгааг Д.Алтанхуягаас нэхэмжилнэ. Ингээд төлөгдөөгүй үлдсэн, нөхөн гаргуулах хүүхдийн тэтгэлэгт 441 977 төгрөг, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй учир алдангид 9 356 376 төгрөг, мөн хүүхдийн сургалтын 2 жилийн төлбөр 4 419 400 төгрөг, нийт 14 239 753 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр болох 17 826 275 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан. Анз 9 728 137.50 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх боломжгүй. Санаатай мөнгө өгөхгүй хугацаа хожих гэсэн зүйл байхгүй. Охиныг 17-18 нас хүрэхээр нь туслана гэсэн бодолтой байсан. Зээлж байгаад ямар ч байсан төлсөн. Зугатаж барьсан зүйл байхгүй. Би өөрөө 3 хүүхэдтэй хүн. Эхний хүүхэд маань МУИС-д суралцаж байгаа. Нэг нь дунд сургууль, нэг нь цэцэрлэгт явдаг. Алданги төлөх боломжгүй. Сарын дотор 16 000 000 төгрөг арай гэж хүнээс зээлж байж өгсөн. Би 3 хүүхэдтэй. Нарансүрэнгийн хүүхдийн эрх ашиг байгаа бол миний 3 хүүхэд сурч боловсрох эрхтэй. Аавын алдаанаас болж миний үр хүүхэд хохирч болохгүй. Үндсэн төлбөрөө төлсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3, 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-аас 10,331,553 /арван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун тавин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 180 254 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн тэтгэлэгийг бүрэн төлж барагдуулсан гэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргуулсан баримтад шүүх дүгнэлт хийгээгүй, хүүхдийн тэтгэлэгээс 441 977 төгрөг дутуу гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Мөн алданги 8 541 376 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Сургалтын төлбөр 1 348 200 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.А-т холбогдуулж хүүхдийн тэтгэлэгт 17 826 275 төгрөг, алдангид 9 728 137 төгрөг, сургалтын төлбөр 4 419 100 төгрөг нийт 31 973 512 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 35/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хүүхдийн тэтгэлэгт 17 082 752 төгрөг, алдангид 9 356 376 төгрөг, сургалтын төлбөр 4 441 400 төгрөг нийт 30 880 528 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ. /хх-65/

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1029 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.А-гийг Н.Ариунномтын эцэг мөн болохыг тогтоож, Н.Ариунномтыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар тогтоосон, 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн, Д.А нь 2002 оны 12 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд 1 630 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан төлсөн, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүүхэд 18 нас хүрсэн үйл баримтууд тогтоогджээ. /хх-10, 14-24/

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 6 640 775 төгрөгөөр нийт 16 640 775 төгрөгийг төлсөнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлгаа багасгаж хүүхдийн тэтгэлэг 441 977 төгрөг, алданги 9 356 376 төгрөг, сургалтын төлбөр 4 441 400 төгрөгөөр тооцон, нийт 14 239 753 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх-65/

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэр тусмаа хүүхдийн тэтгэлгийг шүүхээс тогтоосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэв хариуцагч буюу тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулийн дагуу ажиллагаа явуулах, нуусан орлогыг илрүүлэх, хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай юм.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлсөн 16 640 775 төгрөгийг төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэгийн үлдэгдэл 17 082 752 төгрөгөөс хасч тооцвол нөхөн гаргуулах тэтгэлэг 441 977 төгрөг байх бөгөөд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан.

 

Харин Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзлээ. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, шүүхийн шийдвэр гарахаас өмнө үлдэгдэл төлбөрийн ихэнхи хэсгийг төлсөн, сургалтын төлбөр буюу нэмэлт зардал 1 348 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан, анзын 50 хувийн дээд хэмжээнээс дахин 50 хувиар бууруулж 4 270 688 төгрөгийг алдангид гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. /хх-69-71/

 

Иймд хариуцагчаас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 441 977 төгрөг, алданги 4 270 688 төгрөг, сургалтын төлбөр 1 348 200 төгрөг, нийт 6 060 865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10 331 553 гэснийг 6 060 865 гэж, 2 дахь заалтын 180 254 гэснийг 111 923 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ш.ОЮУНХАНД