Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 217

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Б.Галсанжамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Галсанжамцад холбогдох 201719000346 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт баг Монгол 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хайрхан овогт Баатарын Галсанжамц /РД:НК66091317/ гэв.

 

Холбогдсон гэмт хэрэг:/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

            Шүүгдэгч Б.Галсанжамц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын “Дөхөм” 1 дүгээр багийн нутаг “Бүрэн” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Н.Бүрэнжаргалыг хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Галсанжамц шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч согтуу байсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түлхчихсэн юм. Хохиролд 900.000 төгрөг өгсөн. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэв.

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Н.Бүрэнжаргал мөрдөн байцаалтын шатанд: “Би 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багт байх өөрийн гэрээсээ сумын төв орж хоёр хүүхэдээ хичээлээс авах санаатай 16 цагийн үед мотоциклтой сумын төв дээр ирээд баз хүргэн Чулуунбазарын гэрт ирээд Чулуунбазарын хамт гэрт нь 2.5 литрийн савтай Боргио нэртэй пиво хувааж уугаад тэгээд эхнэрийн захисан юмыг дэлгүүрээс аваад тэгээд сургуулиас хоёр хүүхэдээ авах санаатай сумын төв гудамж руу мотоциклтой ирээд Баярбатын дэлгүүрийн зүүн урд талд мотоциклоо тавиад хойд талынх нь дэлгүүр лүү явж байтал Галсанжамц ах ирээд хавсарч унагчихаад яваад өгөөд өгсөн тэгээд би шууд баруун талынхаа хөлийн шилбэ хугарчихсан байхаар нь хоёр гараараа бариад авсан тэгээд тэндээсээ хүмүүсээр эмнэлэг рүү хүргүүлсэн юм. Тэгээд тэр өдрөө түргэний тэрэгээр Төв аймаг руу эмнэлэгт очиж мэс заслын тасагт 10 орчим хоног хэвтээд хөлөндөө хадаас хийлгээд гарсан юм. Би тэрийг сайн мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би согтчихсон байсан учир нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учир уусан пивондоо их амархан согтчихсон байсан. Бид хоёрт маргаж муудалцах ямар ч асуудал байхгүй. Бид хоёрт ах дүү амраг садангийн харицлаа холбоо байхгүй нэг нутгийн танил улс байгаа юм. Одоо гайгүй болж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Галсанжамц ах надад эмчилгээний зардал гэж 900.000 есөн зуун мянган төгрөг манай эхнэрийн дансаар шилжүүлсэн одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний баруун зүүн аль ч хөл урд өмнө гэмтэж бэртэж байгаагүй зөвхөн хавирга л нэг удаа гэмтэж байсан” гэжээ /хх-11-1 тал /,

Гэрч Ж.Энхцэцэг мөрдөн байцаалтанд: “2017 оны 05-р сарын 08-ны өдөр манай нөхөр Бүрэнжаргал хоёр хүүхэд болох Мөнх-Эрдэнэ, Мөнхбаатар нарыг Бүрэн сумын сургуулиас авахаар гэрээс 16 цагийн үед гарсан. Тэгээд орой 20 цагийн үед манай том хүү Мөнхбаатар 95406613 дугаарын утаснаас над луу залгаад аавын хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс мотоцикльтой сумын төв лүү орж ирсэн. Намайг сумын төвд орж ирэхэд нөхөр маань сумын эмнэлэгт хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Галсанжамц ах ирээд хавираад унагаасан чинь хөл хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би аптек орж өвчин намдаах лаа, тариа аваад эмнэлэг орж нөхөртөө хийлгэчихээд аймгийн нэгдсэн эмнэлэглүү авч явсан. Би сайн танихгүй зүс мэднэ. Нэг сумын хүмүүс байгаа юм. Би тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Нэг сумын хүмүүс гэдгээрээ л бие биенийгээ мэдэх байх. Өс хонзонгийн асуудал бол байхгүй. Урьд өмнө хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Бүрэн сумын төв лүү орж ирээд баз хүргэн болох Чулуунбазарын гэрт ирээд 2.5 литрийн хэмжээтэй боргио пиво уусан гэж хэлсэн. Өөр зүйл нэмж уусан эсэхийг нь мэдэхгүй байна.Н Бүрэнжаргал маань архи согтууруулах их хэрэглээд байдаггүй. Найз нөхөдтэйгээ нийлсэн үедээ л харин уудаг гэхдээ тийм их бол уудаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв төрлийн ааш аяг гаргаад байдаггүй биеэ зөв эвч явдаг. Манай нөхөр 1984 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. Сургуульд суралцаагүй. мал малладаг. Зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, хүмүүстэй маргалдаж муудалцдаггүй, ар гэрийнхэндээ хараа халамж сайтай ажилсаг хөдөлмөрч нэгэн. Элдэв янзын муу ааш байхгүй ар гэрийн хүмүүжил сайтай” гэсэн мэдүүлэг /хх-13 тал/,

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд: “2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бүрэн сумын эрүүл мэндын төв дээр ээлжийн жижүүртэй байхад 19 цагийн үед хөл нь гэмтсэн хүн ирлээ гэсэн дуудлага ирэхээр нь ирээд үзтэл манай Баянцогт багийн иргэн Н.Бүрэнжаргал гэх залуу баруун талынхаа хөлний шагайн хэсгээс дээш нарийн шилбэ яс нь хугарсан байдалтай ирсэн. Тухайн үед Бүрэнжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой бага зэрэг согтуу харагдаж байсан. Би үзээд өвчин намдаах тариа, боолт хийж өгөөд сумынхаа түргэнээр Төв аймаг руу хүргэж өгсөн. Сумын төвийн төв гудамжаар явж байхад нь Галсанжамц түлхэж унагаагаад хөлийг нь хугалчихсан гэж надад ярьсан юм. Би юунаас болсон яасан талаар асуугаагүй. Миний мэдэхээр Бүрэнжаргалын хөл нь урд өмнө хугарч байгаагүй. Тухайн үед үүссэн хугарал нь шинэ хугарал байсан. Үзэхэд ясны хавиралдах чимээтэй байсан. Нилээн хавдартай байсан. Тухайн үед Галсанжамц Бүрэнжаргалтай эмнэлэг дээр хамт ирчихсэн байсан. Галсанжамц ер нь архи дарс уугаад байдаггүй тухайн үед эрүүл байсан. Би тэр хоёроос хоёулангаас нь шинжилгээнд хүргүүлэх гэж цус авч өгсөн. Галсанжамц тухайн үед машинтайгаа явж байхад Бүрэнжаргал явуулахгүй байсан гэж ярьж байсан.Би хамт нэг газарт ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дуу муутай залуу байдаг өөрөөр сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Б.Эрдэнэулуун мөрдөн байцаалтын шатанд: “2017 оны 05 дугаар сарын 08-ны орой 17-18 цагийн үед би моринд тэжээл өгөх гээд мотоцикльтой гудамжныхаа үзүүрт явж байтал хүн дуудахаар зогсоод уулзаад зогсож байтал Бүрэнжаргал над дээр ирээд шууд миний мотоциклийн түлхүүрийг булагаад авчихсан тэгэхээр нь би буцаагаад булаагаа авчихсан тэгсэн нилээн согтуу миний өөдөөс агсам тавиад намайг хүндпэхгүй байна гээд хашигараад байхаар нь би хөдлөөд явах гэтэл Галсанжамц ах хогийнхоо машинтай хажуугаар явсан тэгсэн Бүрэнжаргал Галсанжамц ахын машины тэвшнээс зуурч аваад араас нь орилоод байсан би тэгээд шууд яваад өгсөн тэгсэн сүүлд нь дуулахад Бүрэнжаргал Галсанжамц ахтай ноцолдож байгаад хөлөө хугалуулсан сурагтай байсан. Нилээн согтуу уруул амнаас нь цус гарчихсан ганцаараа явган явж байсан. Боргио л гэж дууддаг юм. Ямар ч асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-15 тал/,

БУСАД БАРИМТ СЭЛТ

-Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04 тал/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10 тал/,

-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №278 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /шинжээчийн дүгнэлтэд

1.Н.Бүрэнжаргалын биед баруун шилбэ ясны хугаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ /хх-17 тал/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №5027 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Бүрэнжаргал НЛ84110218” гэсэн хаягтай цусанд 3,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-19 тал/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №5028 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. “Галсанжамц НК660911307” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-21 тал/,

-Н.Бүрэнжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-26-44 тал/,

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-71 тал/,

 -эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-65 тал/,

-ялын төрөл хэмжээний санал /хх-72 тал/,

            -шүүгдэгч Б.Галсанжамцийг 2017 оны 06 сарын 08-ны өдөр сэжигтнээр /хх-49 тал/, 2017 оны 06 сарын 29-ний өдөр яллагдагчаар /хх-51-52 тал/, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин /хх-66 тал / байцаасан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч Б.Галсанжамцийн ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-63 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Галсанжамц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын “Дөхөм” 1 дүгээр багийн нутаг “Бүрэн” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Н.Бүрэнжаргалыг хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Бүрэнжаргалын “...хоёр хүүхэдээ авах санаатай сумын төв гудамж руу мотоциклтой ирээд Баярбатын дэлгүүрийн зүүн урд талд мотоциклоо тавиад хойд талынх нь дэлгүүр лүү явж байтал Галсанжамц ах ирээд хавсарч унагачихаад яваад өгөөд өгсөн тэгээд би шууд баруун талынхаа хөлийн шилбэ хугарчихсан байхаар нь хоёр гараараа бариад авсан тэгээд тэндээсээ хүмүүсээр эмнэлэг рүү хүргүүлсэн” гэх, гэрч Ж.Энхцэцэгийн “..орой 20 цагийн үед манай том хүү Мөнхбаатар 95406613 дугаарын утаснаас над луу залгаад аавын хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс мотоцикльтой сумын төв лүү орж ирсэн. Намайг сумын төвд орж ирэхэд нөхөр маань сумын эмнэлэгт хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Галсанжамц ах ирээд хавираад унагаасан чинь хөл хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би аптек орж өвчин намдаах лаа, тариа аваад эмнэлэг орж нөхөртөө хийлгэчихээд аймгийн нэгдсэн эмнэлэглүү авч явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Нарантуяагийн “2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бүрэн сумын эрүүл мэндын төв дээр ээлжийн жижүүртэй байхад 19 цагийн үед хөл нь гэмтсэн хүн ирлээ гэсэн дуудлага ирэхээр нь ирээд үзтэл манай Баянцогт багийн иргэн Н.Бүрэнжаргал гэх залуу баруун талынхаа хөлний шагайн хэсгээс дээш нарийн шилбэ яс нь хугарсан байдалтай ирсэн. Тухайн үед Бүрэнжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой бага зэрэг согтуу харагдаж байсан. ..Сумын төвийн төв гудамжаар явж байхад нь Галсанжамц түлхэж унагаагаад хөлийг нь хугалчихсан гэж надад ярьсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэулууний “2017 оны 05 дугаар сарын 08-ны орой 17-18 цагийн үед би моринд тэжээл өгөх гээд мотоцикльтой гудамжныхаа үзүүрт явж байтал хүн дуудахаар зогсоод уулзаад зогсож байтал Бүрэнжаргал над дээр ирээд шууд миний мотоциклийн түлхүүрийг булагаад авчихсан тэгэхээр нь би буцаагаад булаагаа авчихсан тэгсэн нилээн согтуу миний өөдөөс агсам тавиад намайг хүндлэхгүй байна гээд хашигараад байхаар нь би хөдлөөд явах гэтэл Галсанжамц ах хогийнхоо машинтай хажуугаар явсан тэгсэн Бүрэнжаргал Галсанжамц ахын машины тэвшнээс зуурч аваад араас нь орилоод байсан би тэгээд шууд яваад өгсөн тэгсэн сүүлд нь дуулахад Бүрэнжаргал Галсанжамц ахтай ноцолдож байгаад хөлөө хугалуулсан сурагтай байсан. Нилээн согтуу уруул амнаас нь цус гарчихсан ганцаараа явган явж байсан. Боргио л гэж дууддаг юм. Ямар ч асуудал байхгүй” гэх мэдүүлэгүүд, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №278 шинжээчийн дүгнэлт, Н.Бүрэнжаргалын өвчний түүхийн хуулбар болон шүүгдэгч Б.Галсанжамцийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Галсанжамцад холбогдуулан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Галсанжамцийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

               Шүүгдэгч Б.Галсанжамцийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын албадлагын рага хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Галсанжамцийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Бүрэнжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

201719000346 тоот эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Галсанжамц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

        Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Баатарын Галсанжамцийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хайрхан овогт Баатарын Галсанжамцийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Галсанжамц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Галсанжамцад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ