Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/33

 

Д.Вандандоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Прокурор: Г.Баянбилэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаар захирамжтай Д.Вандандоржид холбогдох 2038003600300 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Хариад овогт Даваадоржийн Вандандорж, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ИЗ90041312/. Шүүгдэгч Д.Вандандорж нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн Байцын ар гэх газраас 5 метрийн урттай 205 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 10,018,107 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаар захирамжаар шүүгдэгч Д.Вандандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, Хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт урт 5 см, 205 ширхэг, 11 метр куб хуурай шинэс мод, Бонго маркийн 08-27 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Г.Баянбилэг эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд .... гэж дүгнэснийг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс эс зөвшөөрч байгаа болно. Учир нь Д.Вандандоржид холбогдох уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр яллагдагчид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Д.Вандандоржийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн зүгээс “Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр Д.Вандандоржийн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ маш өндөр байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шинжээчийн дүгнэлтийг бодитой эргэлзээгүй гаргахын тулд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэх хүсэлт гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээний аргачлал ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл огт байхгүй байдаг. Шинжээч нь шүүгдэгч Д.Вандандоржийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 205 ширхэг шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/76 тушаалын хүрээнд үнэлгээг аргачлалын дагуу гаргасан болно. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол шинжилгээтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасанчлан шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болох зохицуулалт байгаа болно. Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Д.Вандандоржид холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж дүгнэсэн байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж заасныг зөрчөөгүй хэргийн зүйлчлэл тохирсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай яллах дүгнэлтээр Д.Вандандоржийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Байцын ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай 205 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Вандандоржийг ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод болон ойгоос унаанги цэвэрлэж бэлтгэсэн мод нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө, экологи-эдийн засгийн үнэлгээгээрээ ялгаатай эсэх, мөн шинжилгээний аргачлалын талаар ойлгомжгүй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн аль шинжүүдээр нь зүйлчилж байгааг орхигдуулсан, бүрэн зүйлчлээгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэнтэй нийцэх юм. Шүүгдэгч Д.Вандандоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураасан атал энэхүү эд мөрийн баримтыг хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан “эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө”-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана гэж заасныг прокурор зөрчсөн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/455 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ Н.БАЯРХҮҮ