Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2024/0001

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:Х.Х,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Х.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчаас шүүхэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан.

2. Хариуцагчаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тус газарт 4х4 харьцаатай байшин барьсан нь кадастрын зураг, гэрчийн мэдүүлэг, үзлэгээр тогтоогдсон гэх үндэслэлээр Х.Х Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д  заасан зөрчил гаргасан гэж үзэж, 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай шийтгэлийн хуудсыг Х.Х эс зөвшөөрч, “...шийтгэлийн хуудсыг гардуулж өгөөгүй, уг шийдвэрийн талаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаж очих үедээ мэдсэн.” гэж маргаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх ба гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:

3.1. Би Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр баг Бага сэвс /хуучин Халиасхарын бууц/ 189 хаягт байршилтай, нэгж талбарын ........... дугаартай, 700 м2 газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/21 дугаар захирамжаар 23 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа юм.

Тухайн газар нь өмнө Ш.С гэгч хүний эзэмшилд байсан ба 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр миний нэр дээр шилжсэн.

Сумын Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал надад ........... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмших гэрээ байгуулж, кадастрын зураг гаргаж өгсөн. Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бага сэвс /хуучин Х бууц/ гэх газарт 2023 оны 05 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхээр байшин барьсан.

3.2. Гэтэл Алтанцөгц сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/97 дугаар захирамжаар надад газар эзэмшүүлсэн А/21 дугаар захирамжийг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байв. Тухайн үед надад дээрх захирамжийг гардуулж өгөөгүй, энэ талаар надад огт мэдэгдээгүй. Би энэ талаар 2023 оны 9 дүгээр сард сонсоод, Баян-Өлгий аймгийн Засаг даргад  гомдол гаргасан.

3.3. Миний эзэмшил газартай С.М гэгч булаацалдаж байсан ба тэрээр намайг ямар ч зөвшөөрөлгүй газар өвөлжөө барьсан гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргажээ. Түүний гомдлыг тус газрын улсын байцаагч Б.Ж шалгаж газар дээр нь очиж байсан. Гэтэл тухайн газар хоорондоо маргаантай байхад намайг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгосон байв. Би дур мэдэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаагүй. Тухайн газрыг зохих журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авч эзэмшиж байсан. Кадастрын зурагт зөрчил гарч, аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас кадастрыг сольж өгсөн.

3.4. Шийтгэлийн хуудасны хувийг надад гардуулж өгөөгүй. Би энэ талаар огт мэдэхгүй байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж,”... таныг торгосон улсын байцаагчийн шийдвэрийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж манайд ирүүлсэн, торгуулийн мөнгийг төл.” гэх үед мэдсэн.  Улсын байцаагч Б.Ж зөрчлийг бүрэн гүйцэт шалгаагүй, холбогдох ажиллагаануудыг хийхгүйгээр намайг дур мэдэн торгосон, шийтгэлийн хуудсыг гардуулж өгөөгүй явдалд гомдолтой байна гэв.

4. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

4.1. Иргэн С.М гаргасан гомдлын дагуу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Х зөвшөөрөлгүй хашаа байшин барьсан гэх гомдлын дагуу газар дээр нь, мөн холбогдох бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар иргэн Х.Х нь ............ нэгж талбарын дугаартай газраас өөр газарт /1600метр зайтай/ 4х4м харьцаатай цементэн блокоор байшин барьсан нь газрын кадастрын зураг, ............. тоот нэгж талбарын газрын холбогдох бичиг баримт, хувийн хэрэг болон газар дээр нь хийсэн үзлэг, хэмжилт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бага сэвс”-д байрлах .......... дугаартай нэгж талбарын газраас өөр байршилд газар ашигласан тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

4.2. Иргэн Х.Х үзлэгийн тэмдэглэл, шалгалтын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан ба холбогдогчийн мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулах зорилгоор би өөрийн ......... дугаартай утаснаас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11:57 цагт ............ утас рүү залгаж, мөн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16:24 цагт ............ болон .......... утас рүү мессеж илгээж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 1 давхрын зааланд хүрэлцэн ирэхийг дуудсан боловч холбогдогч Х.Х нь эрх бүхий байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад өмгөөлөгчтэйгөө хүрэлцэн ирэх талаар хариу мэдэгдсэн, гэвч дуудсан цагтаа ирээгүй ба зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой болох нь нотлогдсон тул  торгох арга  хэмжээ авсан.

4.3. Гомдол гаргагч Х.Х кадастрын зургийн дагуу тухайн газарт байшин барьсан, байшин барихаас өмнө кадастрын зурагт өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байна. 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр газрын мэдээллийн сангийн системээс холбогдох материалыг шалгаж үзэхэд, кадастрын мэдээллийн санд тухайн байршил нь байшин барьсан газраас 1600 метрийн зайтай байсан. Сүүлд нь газрын байршлыг өөрчилсөн кадастрын зургийг манай газрын албаны мэргэжилтэн болон сумын газрын даамал хоёр үйлдсэн байна. Тухайн кадастрын зургийг үйлдэхдээ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтыг зөрчиж, кадастрын зураг үйлдэж өгсөн. 

4.4. Газрын эзэмших эрхийг шилжүүлэхээс өмнө Геодези, газар зураг зүйн газрын даргын 2021 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан  “Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам”-ын  дагуу газар эзэмших гэрээг дүгнүүлсний  үндсэн дээр тухайн газрыг өөр этгээдэд шилжүүлэх ёстой.  Тухайн газрын төлбөр нь төлөгдсөн үү, зориулалтын дагуу ашигласан уу гэдгийг журамд зааснаар дүгнэх ёстой байгаа. Газрын кадастрын байршлыг өөрчлөхдөө сумын Засаг даргын захирамжийг гаргахгүйгээр газрын даамал шууд кадастрын зураг үйлдсэн. Тэрнээс болж маргаан гарсан. Хяналт шалгалт хийсэн үед өмнөх кадастрын зургаар Х.Х эзэмшсэн газар нь түүний байшин барьсан газраас 1600 метрийн зайтай н.С гэгч хүний өвөлжөөний газраас баруун урагшаа байршилтай газар байсан.

4.5. Иргэн Х.Х хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл  оногдуулах тухай 0219293 дугаартай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны  зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг газрын  даргын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар албан бичгээр шуудангаар хүргүүлсэн болно гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

5.1. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр Х.Х торгосон. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл “Газрын тухай хууль зөрчих”, 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” бол гэсэн гол ялгаа нь байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийг бүрэн шалгаж тогтоож, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр тухайн арга хэмжээг авах ёстой. Зөрчлийн материалаас харахад, энэ ажиллагаа бүрэн хийгдээгүй учраас маргаан үүссэн байна.

5.2.  Х.Х Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар тухайн 700 м2 газрыг Ш.С гэдэг хүнээс шилжүүлэн эзэмшүүлсэн. Эрх бүхий албан тушаалтан тухайн үед шийдвэрээ гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх хэмжээний хүрээнд хийсэн ажил байгаа. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, газар Х.Х нэр дээр шилжсэн тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Х.Х тухайн газарт байшингаа 2023 оны 5 сарын сүүлээр 6 сарын эхээр барьсан. Тухайн үед Засаг даргын захирамж хүчин төгөлдөр хэвээр байсан.

5.3. Маргаан гарсан гол асуудал нь газрын кадастрын зураг буруу хийгдсэнээс асуудал үүсэж байна. Үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Эрх бүхий байгууллагын захирамж гарсны дараа тухайн газрын кадастрын зургийг үйлдэж холбогдох байгууллагаас хүлээлгэж өгөх ажиллагааг тухайн сумын газрын даамал хийх ёстой.

Х.Х эзэмшсэн газар нь “Х бууц” гэх газар байгаа. Тухайн газар дээр байшингаа барьсан. Өмнөх кадастрын зургийг буруу үйлдсэнээс болж маргаантай асуудал үүссэн. Тухайн үед эрх бүхий албан тушаалтан кадастрын зураг хэний буруутай ажиллагаанаас болж буруу үйлдэгдсэн, ямар ч захирамж шийдвэр гараагүй байхад Х.Х байшин барьсан уу гэдгийг тодруулсны үндсэн дээр энэ ажиллагааг хийх ёстой байсан.

5.4. Х.Х ямар нэгэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч зөрчил гаргагчид эрх үүргийг нь  тайлбарлаж өгсөн, холбогдогч  тайлбар өгсөн, шийтгэлийн хуудсыг гардуулсан талаарх нотлох баримт зөрчлийн материалд байхгүй. Х.Х зурсан гарын үсэг байхгүй байгаа.

5.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчлийг  шалган шийдвэрлэх вэ гэдгийг мөн зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус заасан. Х.Х эхнээсээ эхлээд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил гаргасан нь бүрэн нотлогдоогүй байхад зөрчлөө хүлээн зөвшөөрсөн маягаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр үндэслэлүүдээр гомдол гаргагчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлтэй байна.

2. Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, уг шийдвэрийн үндэслэлийн талаарх хариуцагчийн тайлбараас  үзэхэд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн оршин суугч Х.Х  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмших эрхгүй газарт байшин барьсан зөрчил гаргасан гэж үзээд, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар  500 000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг гардуулж өгөөгүй, уг шийдвэрийн талаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаж очих үедээ мэдсэн гэж маргаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх ба энэ талаар хариуцагчаас шийтгэлийн хуудсыг иргэн Х.Х Газрын албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж тайлбарлаж, Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлжээ. Уг албан бичиг нь  “...Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэн Х.Х гэж явуулсан  баталгаат захиаг Алтанцөгц сумын шууданч Ж.Д нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Х.З гардуулсан байна. Х.З албан бичгийг тэмдэглэн авч, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг дарга Д.Ж Шуудангийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу гардуулсан. Д.Ж нь Х.Х бичиг ирснийг мэдэгдсэн боловч Х.Х авахаас татгалзсан гэсэн хариу өгсөн байна.” гэх агуулгатай байх ба уг албан бичгээр зөрчилд холбогдогч Х.Х нь  шийтгэлийн хуудастай танилцсан, уг шийдвэрийн талаар мэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар  гаргаж өгсөн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг албан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 110/ШЗ2023/0223 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой байх ба Х.Х шийтгэлийн хуудастай холбогдуулж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасныг хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;” зөрчил гаргасан бол ...хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор  гэж заасан.

5. Гомдол гаргагч Х.Х байшин барьж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх газар нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаардаг байх ба гомдол гаргагчаас уг газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаартай захирамжаар 23 жилийн хугацаагаар эзэмшсэн гэж тайлбарласан. Уг захирамжаас үзэхэд Х.Х нь  иргэн Ш.С тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “Бага сэвс” нэртэй газраас  өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг 700 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар тухайн газрыг эзэмшсэн байна.

             6.  Газрын байршлыг Ш.С газар эзэмшүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаартай захирамж, ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд,  мөн Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамжийн дагуу газар эзэмшигч Х.Х газрын даамлын байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдөр олгогдсон газар эзэмших эрхийн .......... дугаартай гэрчилгээнд тус тус “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвсийн ам” /Бага сэвс/  /Хуучин Х буйр/ гэж заажээ.

7. Гомдол гаргагч Х.Х нь “...Засаг даргын А/21 дугаартай захирамжаар эзэмшсэн газарт 2023 оны 05 дугаар сарын сүүлээр байшин барьсан. Газрын кадастрын зураг нь зөрчилтэй байсныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зөвтгөж өгсөн.” гэж, хариуцагчаас “Х.Х эзэмшүүлсэн газраас 1600 метрийн зайтай өөр газарт байшин барьж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан, энэ нь кадастрын зураг, үзлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон.” гэж тус тус тайлбарлан маргасан.

8. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Газрын мэдээллийн сан нь сум, дүүргийн, аймаг, нийслэлийн болон улсын сангаас бүрдэх бөгөөд дор дурдсан үндсэн хэсэгтэй байна:”, 17.1.1-д “газрын кадастрын зураг;” гэж тус тус заасан.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвс”-ийн хуучин Халиасхарын буйр” гэх газрын кадастрын зургийг эрх бүхий этгээдээс 3 удаа үйлдэж, газрын мэдээллийн санд бүртгэсэн, үүнд анхны кадастрын зураг нь маргаан бүхий газраас  27.5 км-ийн зайтай байршилд, хоёр дахь удаа  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн кадастрын зураг нь 1.5 км -ийн зайтай байршилд, харин  2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зөвтгөж үйлдсэн гэх кадастрын зургаар тодорхойлогдсон газрын байршил нь гомдол гаргагч Х.Хуанганы байшин барьсан орчны газар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 1,2,3 дугаартай кадастрын зургууд, “Иргэн Х.Х шилжүүлэн эзэмшүүлсэн 700 м2 газрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн болон шилжүүлсэн кадастрын зургийн хоорондох зайг харуулсан зураг” бүхий баримтуудаар тогтоогдож байна.

            10. Х.Х эзэмшсэн газрын байршлыг харуулсан кадастрын зураг өөр өөр байдлаар 3 удаа үйлдэгдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нөхцөл байдлын талаар гэрч Баян-Өлгий  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е “ ... Иргэн Ш.С нь 2016 онд тус газрыг эзэмших үедээ газрын кадастрын зураг үйлдэгдээгүй, Ш.С газар эзэмшүүлсэн захирамж болон гэрчилгээнд тухайн газрын нэршлийг зааж өгсөн ба энэ нь Алтанцөгц  сумын “Бага сэвсийн ам” нэртэй газарт оршдог, нутгийн ард иргэдээс “Х буйр” гэж нэрлэж ирсэн газар байгаа.

            Ш.С эзэмшил газрын мэдээллийг газрын мэдээллийн санд нөхөж оруулах үед газрын байршил нь солигдож буруу орсон байна. Энэ нь манай байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 1 дугаартай кадастрын зураг юм. Энэ нь Ш.С бодитой эзэмшиж байгаа газраас 27.5 км зайтай ба системд буруу байршил бүртгэгдсэн байна. Үүний дараа Алтанцөгц сумын газрын даамлаас манай мэргэжилтэн н.Е хандаж, Ш.С эзэмшлийн газрын кадастрын зураг нь мэдээллийн санд буруу орсон байна гэж мэдэгдэж, газрын байршлыг  зааж өгснөөр тус газрын байршлыг тогтоож 2-оор дугаарлагдсан кадастрын зураг үйлдэгдэж, системд бүртгэгдсэн байх боловч энэ нь Ш.С эзэмшил газраас 1,5 км зайтай  мөн  өөр газар болох нь тогтоогдсон.

Газрын кадастрын зураг нь буруу үйлдэгдсэн талаар анхны газар эзэмшигч Ш.С болон сүүлд газар эзэмшсэн Х.Х нар удаа дараа надад ирж газрын байршлын зургийг зөв гаргаж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ба үүнтэй холбоотойгоор Алтанцөгц сумын газрын даамал Б.К нь  “Х буйр” бүхий газрын координатын цэгийг тодорхойлж, 2023 оны 08 дугаар 31-ний өдөр тодорхойлолт бүхий баримтыг  манай байгууллагад ирүүлснээр газрын байршлын зургийг 3 дахь удаагаа үйлдэж, тус газрын зөв байршлыг тогтоож мэдээллийн санд бүртгэсэн юм.” гэжээ.

11. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд хариуцагчаас Х.Хуанганд Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын байршлыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.Х байшин барьсан газраас 1.5 км-ийн зайтай байршилд  үйлдэгдсэн кадастрын зургийг үндэслэж тодорхойлсон байх боловч уг кадастрын зураг нь газрын өөр байршилд буруу үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Алтанцөгц сумын газрын даамал Б.К, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е нарын мэдүүлэг,  2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Алтанцөгц сумын газрын даамлын тодорхойлолт, мөн өдөр үйлдэгдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

12. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн кадастрын зургаар тодорхойлогдож буй газрын байршил нь  Х.Х  барьсан байшингийн орчны газар байх ба хэдийгээр уг кадастрын зураг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа үйлдэгдсэн байх боловч газар эзэмшигч Х.Х эзэмшүүлсэн Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвс”-ийн хуучин Х буйр” гэх газар нь аль газар болохыг, тухайлбал Х.Х байшин барьсан газар болон уг газраас 1.5 км-ийн зайтай газарт кадастрын зураг үйлдэгдсэн газрын аль  нь Х.Х эзэмшүүлсэн газар болохыг эрх бүхий албан тушаалтнаас шалгаж тогтоохгүйгээр Х.Х эзэмшүүлснээс өөр газарт үйлдэгдсэн буруу кадастрын зургийг үндэслэж, эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

13.  Гомдол гаргагч Х.Х байшин барьсан газар нь Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Бага сэвс” гэх газарт байршилтай малын бууцтай газар болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба Х.Х эзэмшсэн газрын талаар гэрч Алтанцөгц сумын газрын даамал “...Газар нь байршлын хувьд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах, нутгийн ард иргэд “Х буйр” гэж нэрлэж ирсэн малын бууцтай, малын хашааны суурьтай газар байсан. Тус газарт дээр үеэс Х гэдэг хүн малаа оторлуулж, өвөлжөөний зориулалтаар эзэмшиж,ашиглаж суусан газар байсан бөгөөд хашааны суурийг тухайн үед Х барьсан.” гэж;

Гэрч Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг дарга Д.Ж “ Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах “Бага сэвсийн ам” гэдэг газарт орших “Х буйр” гэх  өвөлжөөний газрын байршлыг би мэднэ. Би багийн Засаг дарга болсноос хойш тус газарт дээр үед Х.Х хадам аав Х гэдэг хүн эзэмшиж сууж байсан талаар, иймээс нутгийн ард иргэд тус газрыг “Х буйр” гэж нэрлэж ирснийг мэдсэн. Дараа нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр уг газрыг Ш.С гэгч хүн эзэмшсэн байх ба газар эзэмших эрхээ сүүлд Х.Х шилжүүлсэн гэдгийг мэднэ. Тус газарт биечлэн очиж үзэж байсан ба уг газарт Х.Х болон С.М нар амбаар маягийн байшин барьсан байгаа.” гэж;

Гэрч М.Х “Би 1980 оноос 2012 он хүртэл Алтанцөгц сумын 1 дүгээр багт амьдарч байгаад 2012 онд Өлгий суманд нүүж ирж амьдарч байгаа.  Би Алтанцөгц суманд амьдарч байсан хугацаандаа “Бага сэвсийн ам” гэдэг газраас газар эзэмшсэн,...тус газарт олон жил мал маллаж сууж байсан. Тухайн үед би эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр тус газрыг эзэмшиж ашиглаж байсан. Миний эзэмшиж суусан тус газрыг нутгийн ард иргэд “Х буйр”,” Х бууц”  гэх мэтээр нэрлэж ирсэн. Тус газар нь ямар нэгэн объектгүй, малын бууцтай газар юм. 

Х.Х бол миний хүргэн хүү. Намайг нүүж явсны дараа уг газрыг өөр хүн эзэшсэн, тэр хүнээс Х.Х нь газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж хэлсэн ба тус газрыг эзэмшсэний дараа Х.Х байшин барьсан.” гэж тус тус мэдүүлжээ.

14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” заасан ба дээр гэрч   нарын мэдүүлэг болон 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн газрын кадастрын зургаас үзэхэд гомдол гаргагч Х.Х нь түүнд олгосон 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ........... дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээнд заасан “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, Бага сэвс/ Х буйр/“ гэх байршилд, тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж 2023 оны А/21 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан хугацаанд байшин барьж,  газрыг эзэмшиж ашигласан нь тогтоогдож байна.

15. Иймд хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасныг тус тус зөрчиж, Х.Х Зөрчлийн тухай хуулийн  8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг дутуу цуглуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, торгох шийтгэл оногдуулах болсон шийдвэрийн үндэслэлээ нотлохгүйгээр, 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

16. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад газрын мэдээллийн санд оруулсан кадастрын зурагт 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан нь хууль бус бөгөөд энэ нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.”-ыг хориглосон заалтыг зөрчсөн гэж маргасан.

17. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар "кадастрын зураглал" гэдгийг геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг;” ойлгох бөгөөд 4 дүгээр зүйлийн  4.7-д “Кадастрын зураглалд орох өөрчлөлтийг тухай бүр нь хийж кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа оруулна.” гэж заажээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.”, 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.2.1-д “газрын кадастрыг удирдах, зохион байгуулах;”, 10.2.2-т “газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;” гэж тус тус заасан.

            18. Алтанцөгц сумын газрын даамал нь Х.Х эзэмшүүлсэн газрын байршлын координатын цэгийг тодорхойлж, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлснээр, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  Х.Х эзэмшсэн газрын зөв байршлыг тодорхойлсон кадастрын зураглалыг газрын мэдээллийн санд оруулсан нь   Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.” гэж заасан үндэслэлд хамаарахгүй юм. Түүнчлэн иргэнд эзэмшүүлсэн газрын кадастрын зураглал нь өөр байршилд буруу үйлдэгдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нь газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа биш байгаагаас гадна газар эзэмших эрийн гэрчилгээгээр эзэмшсэн газартаа байшин барьж, тухайн газраа ашиглаж суусан Х.Х шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй тул  хариуцагчийн энэ талаарх маргаан нь үндэслэлгүй байна.

19. Зөрчлийн тухай хуульд  зааснаар  зөрчил үйлдсэн хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулах бөгөөд Х.Х нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтнаас  зөрчил үйлдээгүй хүнд шийтгэл оногдуулсан нь  3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.гэж заасантай тус тус нийцээгүй, хууль бус болжээ.

Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Х.Х шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х.Х шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  М.РИЗА