Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/02330

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/02330

Улаанбаатар хот

 

 

2024 06 10

181/ШШ2024/02330

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, Б.О /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... тоотод оршин суух, О.Н /РД:../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 57.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ё.М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б. хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д.н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч нь О.Н. холбогдуулан гэрээний үүрэгт 57.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.О би О.Н тай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1272 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр түүнд 30.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг тус өдөр би өөрийн ээж Ё.М ын Хаан банкны 5176161653 тоот данснаас 12.000.000 төгрөгийг О.Н ын Хаан банкны 5062147117 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 17.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн болно.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож О.Н тай 2019 оны 9 дүгээр 17-ны өдөр 1272 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж, 69 тоот хаягт орших Г-2203012342 дугаартай, 1461502656 нэгж талбарын дугаартай, 193 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байдаг. Мөн зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байдаг.

О.Н гэрээний үүргээ одоог хүртэл огт биелүүлээгүй бөгөөд түүнд зээлийн гэрээний гүйцэтгэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ямар ч үр дүн гарахгүй байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 7.200.000 (4%*6) төгрөг, зээлийн гэрээний үүргийн алдангид 15.000.000 төгрөг, нийт 52.200.000 төгрөгийн өр төлбөртэй байна.

Гэрээний хугацаа дуугавар болсноос нийт 44 сарын хугацаа өнгөрсөн ба Иргэний хуулийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 тус тус заасны дагуу алдангийн нийт дүнг үндсэн зээлийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн.

Иймд О.Н аас 1272 тоот зээлийн гэрээний үүрэгт 52.200.000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж, 69 тоот хаягт орших Г-2203012342 дугаартай, 1461502656 нэгж талбарын дугаартай, 193 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулж өгнө үү.

Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр сарын 01-ний нэмж 5.000.000 төгрөгийг зээлсэн. Ээж Ё.М ын данснаас 1.816.000 төгрөг, миний эзэмшдэг Б ХХК-ийн 5084521349 тоот дансаар 1.199.000 төгрөг, иргэн Д.Т гийн данснаас 985.000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн.

Нийтдээ түүнд 35.000.000 төгрөг зээлсэн боловч нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Эхний зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авахад хэрэглэсэн гэдгээ хариуцагч зөвшөөрч байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг барьцаа болгож нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн ч бодитоор өнөөг хүртэл хариуцагч өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Тус зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зээлийг аваагүй. Манай нөхөр П.Мэндбаяр авто машин зээлээр худалдан авъя гээд Ё.М эгчээс Тоуоtа SА1 маркийн 8719 УНБ улсын дугаартай авто машин зээлээр авсан байдаг.

Уг гэрээний хувьд би нэхэмжлэл гаргасан хүнийг сайн танихгүй, авто машин нь Б.Оюун-Эрдэнийн нэр дээр байдаг ба тус машиныг авахдаа л 1, 2 удаа харсан.

Би ээж Ё.М эгчийг л тухайн үеэс л мэдэхээс өөрөөр Б.О сайн танихгүй. Миний нэр дээр бүртгэлтэй хашаа байшин байдаг байсан, манай нөхөр барьцаа нэхээд байна, Чи хашаа байшингаа барьцаалаад гэрээнүүд дээр гарын үсэг зураад өгөөч гэснийх нь дагуу, би гэрээнүүдийг зурж байсан. Тухайн үед уншаагүй, сүүлд ийм өндөр зээлийн хүү нэхэж байгааг сайн ойлгохгүй байгаа бөгөөд надад бэлнээр мөнгө өгөөгүй, машин зарсан хүнд өгсөн байх. Би бэлнээр мөнгө төгрөг аваагүй. Тухайн үед нөхөр маань дансанд чинь н.Мөнхбаяр эгч мөнгө хийсэн гэнэ, тэр хүн рүү шилжүүлээдэх гээд нөхөр маань хэлж тэр дор нь шилжүүлэг хийж байсан шиг санагдаж байна.

2021 онд нөхөр маань нас барсан учир Ё.М эгчид би төлж чадахгүй болсноо хэлээд машинаа хүлээлгэн өгье, хашааны бичиг баримтаа авъя гэж хэлсэн боловч надаас их мөнгө нэхээд машинаа буцаан аваагүй. Сүүлд ирж уулзаад хүн дарамталж бас нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан би тухайн үед сэтгэл санааны хувьд их хүнд байсан болохоор нь юу ч бодолгүй зураад явуулсан бас сүүлд ийм аймаар их мөнгө нэхэж хүнд байдалд оруулах вий гэж их айж байна.

Ийм учиртай байсныг сая л ойлгож байгаа учир бий уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад үнэхээр хүнд байна нөхөр маань нас барснаар энэ тэндээс хүмүүс ийм ч мөнгө авсан мөнгөө авъя гээд худал үнэн мэдэгдэхгүй зүйл гарч ирээд байгаа учир би сайн ойлгохгүй байна.

Миний хувьд Б.О эс мөнгө зээлэхээр ярьсан зүйл огт байхгүй, өөрөө очиж бэлнээр авч байсан удаагүй. Тухайн үед талийгаач нөхрийн данс хаагдсан гээд миний карт, интернэт банк зэргийг ашиглаж байсан.

Мөн Б ХХК, Д.Т гийн дансаар, нэхэмжлэгчийн ээж Ё.М аас шилжүүлсэн мөнгөнүүдийг нэхэмжлэгч О.Н шаардах эрхгүй, энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Миний дансаар 4.000.000 төгрөг яалт ч үгүй шилжүүлж авсан байх боловч мөн өдрөө хоёр удаагийн гүйлгээгээр 3.650.000 төгрөгийн зарлагын гүйлгээг PS Z гэсэн утгаар шилжүүлсэн байна. Энэ юуны мөнгө ямар учраас дансаар орсныг огт мэдэхгүй байна. Талийгаач нөхөр шилжүүлж байсан гэв.

 

Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, Депозит дансны хуулга, гараар бичсэн баримтууд, эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, Цагдаагийн тодорхойлолт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулга, Д.Т гийн шүүхэд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 7-17, 45, 71-78/

Хариуцагчаас баримтаар: 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 8719УНБ Toyota SAI авто машины техникийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 46-50, 85/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2024/04164 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29/2347 тоот хариу, түүний хавсралтаар дансны хуулга, Хариуцагч талын хүсэлтээр 181/ШЗ2024/06870 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 29/4259 тоот хариу, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 66 тоот хариу, түүний хавсралтуудыг бүрдүүлжээ. /хх 32-38, 61-68/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцлэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.Н ад холбогдуулан хоёр удаагийн зээлийн гэрээний үүрэгт 57.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2019 оны 11 сарын 01-нд 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг зээлсэн тул зээлийг хүү, алдангийн хамт буцаан гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: зээл аваагүй, тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан, мөнгийг бэлнээр хүлээж аваагүй, түүний дансыг талийгаач нөхөр ашиглаж байсан тул мэдэхгүй, түүнчлэн Ё.М , Б ХХК, Д.Т гийн дансаар шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Б.О , нөгөө талаас О.Н нар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 30.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 4 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаанд эргүүлэн төлөхөөр гэрээг байгуулжээ. /хх 7/

4.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Н ын өмчлөлийн Г-2203012342 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж 69 тоотод байрлах, нэгж талбарын 1461502656 дугаартай 193 мкв газраас хангуулахаар тохирч барьцааны гэрээг байгуулжээ. /хх 8-10/

4.3.Хэргийн баримтаар маргаанд хамаарах 87-19 УНБ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б.О болоод Г.Шижирбаатар нарын хоорондох худалдах худалдан авах гэрээгээр Б.Оюун-Эрдэнийн нэр дээр шилжиж бүртгэгдсэн болох нь Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. /хх 64-68/

5.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

5.1.Хэргийн баримтаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр О.Н ын Хаан банкны 506. тоот дансанд Ё.М ын 5176161653 тоот данснаас 12.200.000 төгрөг, мөн тухайн өдрийн 20:44-20:57 цагийн хооронд АТМ-ээр бэлнээр 7 удаагийн 12.490.000 төгрөгийн орлого хийгджээ. /хх 34/

Нэхэмжлэгчээс 30.000.000 төгрөгийг өөрийн ээж Ё.М ын дансаар дамжуулж 12.200.000 төгрөгийг /хх12/, үлдэх 17.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан.

Зохигчид маргаанд хамаарах зээлээр Тоёота Сай маркийн 87-19УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан гэж тайлбарласан тул шүүх тухайн өдөр 30.000.000 төгрөгийн бус бодитоор 24.690.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Бэлэн мөнгийг өөрийн дансанд орлогоор хийсний дараа О.Н аас тээврийн хэрэгслийн үнийг бусдад төлсөн байх тул шүүх бэлнээр болон бэлэн бусаар мөнгөн хөрөнгийг олгосон гэж үзэв.

5.2.Хариуцагчаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бус зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж маргасан.

Шүүх талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь: Худалдах худалдан авах гэрээний худалдагч тал нь Б.О бус харин Г.Шижирбаатар байх бөгөөд хариуцагч О.Н ын данснаас худалдагч Г.Шижирбаатарын данс руу сувдаа сай төлбөр утгаар 2 удаагийн гүйлгээгээр 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн.

Тээврийн хэрэгслийг хариуцагч бодитоор эзэмшиж ашиглаж байгаа үйл баримтад маргаагүй. Мөн барьцааны гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгө хэсэгт 87-19 УНБ улсын дугаартай Тоёота Сай маркийн 2012 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгийн суудлын автомашин байхаар тусгаж, 2.2-т дээрх тээврийн хэрэгслийг барьцаалагч Б.Оюун-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгсөн ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд барьцаалуулагч О.Н ын нэр дээр эргүүлэн шилжүүлж өгнө гэж заасан байна. Иймд зээлийн барьцаа болгож тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр гэрээг хийж түр шилжүүлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй гэж үзэв.

5.3.Иймд шүүх бодитоор 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 24.690.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул гэрээгээр тохирсон хүү 5.925.600 төгрөгийг тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцнэ.

/ 24.690.000 * 4 хувь = 987.600* 6 сар = 5.925.600 төгрөг/

5.4.Зээлийн гэрээний 3.7-д хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан тул шүүх мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцвол 12.345.000 төгрөг байна.

Зээлдэгчээс энэ хугацаанд төлөлт огт төлөөгүй гэж тайлбарласан тул үндсэн зээл 24.690.000 төгрөг, хүү 5.925.600 төгрөг, алданги 12.345.000 төгрөг, нийт 42.960.600 төгрөг гаргуулав.

6.Энэ шийдвэрийн 5.2-т дурдснаар талууд барьцааны гэрээнд 87-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар тусгасан. Гэвч энэ тохиролцоо өөрөө Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар баталгаажилт хийгдээгүй тул барьцааны эрх үүсээгүй. Мөн талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар барьцааны гэрээний 2.1, 2.2 дах хэсгийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэсэг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Харин барьцааны гэрээний бусад хэсэг хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулав. Нэгэнт шүүх барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тээврийн хэрэгслийг О.Н ын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгав.

7.Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ээж Ё.М ын Хаан банкны дансаар 1.816.000 төгрөг, Д.Т гийн Хаан банкны .. тоот дансаар 985.000 төгрөг, өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг Б ХХК-ийн Хаан банкны 5084521349 тоот дансаар 1.199.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийн зээлийг олгосон үндэслэлээр шаардсан.

Хэргийн баримтаар Д.Т , Ё.М , Б ХХК-ийн Хаан банкны данснуудаас тухайн өдөр хариуцагч О.Н ын дансанд гурван удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөг шилжиж орсон үйл баримт тогтоогдсон. /хх 71-74, 75, 76-78/

Мөн Ё.М аас /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ охин Б.Оюун-Эрдэнийн хэлсний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж хуралдаанд тайлбарласан, иргэн Д.Т гээс Б.Оюун-эрдэнийн хүсэлтээр өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн тухай бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Түүнчлэн хариуцагчаас иргэн Д.Т , Б ХХК, Ё.М нартай аливаа эрх зүйн харилцаанд оролцоогүй хэмээн хуралдаанд тайлбарлаж байна. Иймд шүүх нэгмөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 -т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, гэж 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээний тухайд бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хуулиар шаардаагүй, харин мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн бодит үйлдлээр гэрээ байгуулагдсанд тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан. Иймд мөнгөн хөрөнгийг О.Н ын данс руу шилжүүлсэн Ё.М , Д.Т , Б ХХК нарын шаардах эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан гэж дүгнэв.

Хариуцагчаас өөрийн банкны дансаа талийгаач нөхөртөө ашиглуулж байсан гэж тайлбарласан ч дээрх тайлбар хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хэрэгт дэмжих өөр баримт авагдаагүй болно.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Н аас 46.960.600 /дөчин зургаан сая есөн зуун жаран мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.239.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг О.Н ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203012342 дугаартай, нэгж талбарын 1461502656 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж 69 тоотод байрлах, 193 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Барьцааны гэрээний 2.1-ийн бусад хэсэг, 2.2 дах заалт тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 87-19 УНБ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг О.Н ын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Б.О д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 585.100 /70.200+418.950+94.950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 462.953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ