Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02170

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 27

181/ШШ2024/02170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .тоотод байрлах, Т ХХК /регистрийн дугаар: 2891298/,

Хариуцагч:............. байрлахС ХХК /регистрийн дугаар:6073964/ -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 301.686.077 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс учирсан хохиролд 46.064.388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жа., Ц.С., гуравдагч этгээд Э.А., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ө.г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 301.686.077 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байр 11 тоот 107,5 мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: Үүнд:

Т ХХК,С ХХК нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр №20-59 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний нийт үнэ 772.372.154 төгрөг, 4.2-т гэрээний үнийг 100 хувь бартераар тооцно, 4.3-т бартераар тооцох хөрөнгийн мэдээлэл болон үнийг талууд харилцан тохирсон. Дээрх гэрээний ажлыг гүйцэтгэгч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохоор хугацааг тохирсон боловч гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэрээгээр Премиум болор төслийн барилгын дотор цахилгаан угсралт, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч, манай зүгээс гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хоёр ширхэг орон сууцны хамт шилжүүлсэн.

Гэтэл гүйцэтгэгч нь гэрээт ажлыг сайн чанарын материалаар хүн хүч, техник тоног төхөөрөмжийг бүрэн хангалттайгаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр заасан ч гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй. Манай талаас удаа дараа албан бичгээр болон уулзалт хийж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхдээ нарийн утсаар хийх, утсыг залгаатай хийх, разетка газардуулгагүй хийх зэргээр доголдолтой, чанарын шаардлага хангахгүй хийснийг гэрчүүд нотлосон. Гүйцэтгэсэн ажлыг хоёр талын инженерүүд оролцоод 2023 оны 5 дугаар сард сар гаруй хугацаанд хамтран ажил хүлээлцсэн. Актаар гүйцэтгэгчийн хийсэн ажлыг 385.348.390 төгрөгний ажил гүйцэтгэсэн болохыг баталгаажуулсан тул энэ хэмжээгээр зөвшөөрч байна. Харин ашиг өгөхгүй гэдгийг компанийн захирлууд уулзахдаа хэлсэн.

Нэхэмжлэгч талаас анх машиныг гэрээ байгуулсан өдрөө, Багц-6 заасан байрыг гүйцэтгэлээр гэж дурдсан боловч мөн л тэр даруйд нь хүлээлгэн өгч, өмчлөлийг шилжүүлж өгсөн. Тэр орон сууцаа гуравдагч этгээдэд худалдан борлуулсан ч мөнгөө авч чадахгүй байгаа талаараа хэлж байсан. Ингээд тооцоход бартераар өмчлөлд шилжүүлсэн 2 хөрөнгө болох Toyota-CHR суудлын автомашин 65.000.000 төгрөг, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, Номун таун хотхон 81 дүгээр байрны 14 давхарын 76 тоот 79,11мкв 3 өрөө орон сууцыг 1 мкв 2.500.000 төгрөгт тооцож, 197.775.000 төгрөгөөр тооцож нийт 262.775.000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйдаа өгсөн.

Гэрээгээр анхнаасаа төлбөрийг бэлэн бусаар дандаа бартерт хөрөнгө өгөх нөхцөл тавьсан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, ажилд хэрэглэгдэх хүн хүч, бараа материалаа гүйцэтгэгч өөрөө бүрэн гаргахаар тохирсон байсан. Мөн гүйцэтгэлээр тооцож бартерийн орон сууцнуудыг нэмж шилжүүлэхээр тохирсон ч манайх үндсэндээ 1 ширхэг байр, 1 тээврийн хэрэгслийг ажил эхлэхээс өмнө тэр даруйд нь шилжүүлж өгсөн. Түүний дараа дахиад Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байрны 11 тоот 107,5 мкв 4 өрөө 290.250.000 төгрөгний орон сууцыг гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу зөвхөн эзэмшил ашиглалтад 2020 оны 8 дугаар сард хүлээлгэн өгсөн. Өмчлөлийг шилжүүлж өгөөгүй. Энэ орон сууцыг хариуцагч Э.Алтангэрэлийн ашиглалтад шилжүүлж түүнээс орон сууцны төлбөрийг хүлээж авсан хэрнээ санхүүжилтгүй, мөнгөгүй шалтгаанаар бараа материалаа татахгүй эсхүл ажиллах хүнгүй ажлыг удаашруулсан.

Гэрээт ажлын явцад зурагт бүхэлдээ өөрчлөлт ороогүй. Зургийн өөрчлөлт зөвхөн нэг давхартаа орсон гэдгийг хариуцагчийн гэрч өөрөө мэдүүлсэн. Манай зүгээс удаа дараа ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан.

Иймд дараах шаардлагуудыг гаргаж байна.

1.Ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т Гүйцэтгэгч гэрээт ажлыг цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн хийгдээгүй ажлын нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Ажил дуусах хугацаанаас 27 сарын хугацаа хэтэрсэн тул гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын дүн 387.372.154 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги 193.686.077 төгрөгийг тооцсон. Ингэхдээ манайх зөвхөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд алданги шаардаж байна.

2.Орон сууц захиалгын гэрээний 7.4-т Захиалагч үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээг цуцлах тохиолдолд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно, орон сууцыг хүлээн авсан өдрөөс эхлэн хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нэг сар тутамд 3.000.000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсон. Удаа дараагийн уулзалтад энэ талаар хэлсэн. Иймд 36 сард орон сууцыг ашигласны төлбөрт сар бүрийн 3.000.000 төгрөгөөр тооцон 108.000.000 төгрөг гаргуулна.

3.Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байрны 11 тоот 107,5 мкв 4 өрөө орон сууц 290.250.000 төгрөгийн үнэтэй тул орон сууцаа биет байдлаар буцаан авна. Манай хувьд алданги, хохирол шаардсан. Хэрэв зөрүү гарвал бэлэн мөнгөөр хариуцагчид төлөхөд татгалзахгүй. Гуравдагч этгээдийн тухайд энэ ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтээс хамаарна гэдгийг мэдэж байсан тул хохирлоо Стар интэлижент технологи ХХК-иас тусдаа шаардах нь зүйтэй тул 4 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хоёр: Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

С ХХК нь Т ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20-60 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 772.372.154 төгрөгийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

МанайС ХХК-ийн зүгээс дээрх саналыг хүлээн зөвшөөрч гэрээний 4.3-т заасан Toyota-CHR суудлын авто машин, Номун таун хотхон 78.11 мкв 3 өрөө байрыг 1мкв талбайг 2.500.000 төгрөг буюу 197.775.000 төгрөг, нийт 262.775.000 төгрөгийн үнэтэй бартерын байр, авто машиныг шилжүүлэн авч ажил үйлчилгээгээ гүйцэтгэж эхэлсэн.

Харин гэрээний 4.3-т заасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Зайсан номун виллаж хотхоны 107,5 мкв бүхий 4 өрөө орон сууцыг манай компанийн эзэмшилд шилжүүлэн өгсөн атлаа өмчлөлд шилжүүлэн өгөөгүй ч гэсэн хувь лизингээр бусдад шилжүүлэн өгч ажил үйлчилгээгээ гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг нэхэмжлэгч Т ХХК мэдэж байгаа. Энэхүү орон сууцны 1 мкв талбайг 2.700.000 төгрөгөөр тооцож, нийт 290.250.000 төгрөгийн бартераар тооцохоор нэхэмжлэгч Т" ХХК-тай тохиролцсон. Ингээд эхнэр Д.Лхамсүрэн нь бартерын орон сууцыг авахаар Э ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А-11 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн орон сууцыг 290.250.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх орон сууцны үнийн дүнг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 1 мкв талбайг 3.600.000 төгрөгөөр тооцож төлбөр барагдуулах талаар санал тавьсан. Үүнийг манай компани зөвшөөрөх боломжгүй,

Тухайн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд бэлэн мөнгө шаардлагатай болсон тул дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч чадаагүй ч нэхэмжлэгч Т ХХК-ийн зөвшөөрлөөр Э ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээг үндэслэн иргэн Э.Алтангэрэлтэй 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээг эхнэр Д.Лхамсүрэн, иргэн Э.А нарын хооронд байгуулагдсан. Учир нь, орон сууц захиалгын гэрээ Д.Лхамсүрэн, Э ХХК-ийн хооронд байгуулагдсан юм. Иргэн Э.А нь уг орон сууцанд багагүй хэмжээний тохижилт хийж эхнэр, хүүхдүүдийн хамт суурьшин тухайн хотхонд гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дуүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан номун виллаж хотхоны 107.5 мкв 4 өрөө орон сууцны төлбөрийг бартераар төлсөн учраас энэхүү захиалгын байрыг бусдад шилжүүлэхээр гэрээ хийж тохиролцсон юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн ажлыг зөвхөн манайС ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй мэтээр тайлбарлажээ. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, мөн нэхэмжлэгч Т ХХК-аас өөрөөс нь шалтгаалж ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй. Нэхэмжлэгч Т ХХК ажлын гүйцэтгэлийн зургийг удаа дараа өөрчлөх, ерөнхий инженерийн буруу тайлбар зэргээс болж ажил гүйцэтгэхэд маш хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

МанайС" ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа ажил нь нэхэмжлэгч Т ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа барилгын ажилтай нягт холбоотой. Т ХХК-ийн барилгын ажил дуусаагүй байхад манайС ХХК-ийн ажил гэрээнд заасан хугацаанд хийж дуусгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т ХХК-ийн барилгын ажлаас болж ажил хүлээгдэх, ажилчдыг ажлын байран дээр байлгах эсэх зэрэг бусад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

Манай компани 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 20-50 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 630 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч янз бүрийн шалтаг шалтгаанаас болж ажлын гүйцэтгэлийн актаар 412.322.777 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгчээс манай хийсэн ажлаас ашиг 26.974.387 төгрөгийг хасч тооцож байгааг зөвшөөрөхгүй. Анхнаасаа гэрээний 4.1-д ашиг өгөхөөр тооцсон байгаа тул хасах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч өөрөө барилгын ажлаа гүйцэтгэж дуусгаагүй байж зөвхөн манай компанийг буруутгаж, ажил үүргийг үргэлжлүүлэн хийлгэж дуусгаагүй. Манай компани ажлыг хаяж явсан зүйл байхгүй. Хугацаандаа гүйцэтгээгүйн шалтгаанд зураг төсөл ажлын явцад хоёр удаа өөрчлөгдсөн. Нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Т ХХК манай компанийг цаашид ажил үйлчилгээ хийх боломжгүй болгож өөр компани оруулж ирсэн.

Алдангийн тухайд хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийтээр цар тахал болж хөл хорио тогтоосон. Давагдашгүй хүчин зүйл болж гэрээний 1.4-т зааснаар ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул алдангиас чөлөөлөгдөнө. Орон сууцыг хөлслөхөөр тохироогүй тул 36 сарын төлбөр шаардсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бартерийн орон сууцыг буцааж өгөх боломжгүй, харин мөнгөн хэлбэрээр зөрүү үүсвэл төлж болно гэв.

 

Гурав.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбараа: Э.А би 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г Д.Лхамсүрэнтэй хийж түүнээс хойш Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номуун виллаж хотхоны 100/8 байр 11 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдран суудаг. Д.Лхамсүрэн бид 2 нийт 107.5 мкв байрыг 290.000.000 төгрөгөөр үнэлж 42 сарын хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн. Миний зүгээс гэрээний дагуу сар бүрийн төлөлтөө хийж үүргээ хүлээсэн. Манай 2 хүүхэд 32 дугаар сургуулийн бага ангид суралцдаг. Анх байрандаа ороход тохижуулж гал тогооны тек, үүдний шкаф орсон ба одоо дээрх 2 компанийн байдлаас болж өөрийн гэрээний үүргээ биелүүлэн амар тайван ажил амьдралд минь асуудал тулгарч хүүхдүүд болон бидний эрх ашиг зөрчилдөж байна. Миний бие энэ хугацаанд нийт 235.000.000 төгрөгийг Д.Лхамсүрэнд төлсөн тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэв.

 

Дөрөв.Хариуцагч нь Т ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 46.064.388 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу "С ХХК нь бараа матөриал нийлүүлж ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Т ХХК үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч 330.049.377 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй юм. Хэрэв манай компани тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн бол 46.064.388 төгрөгийн ажлын хөлс олох байсан. Иймд Т ХХК-аас дээрх гэрээний дагуу олох байсан орлогод 46.064.388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Тав. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээт ажлыг С ХХК нь дутуу орхин явсан. Хийсэн гэх ажил нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан. Харин ч манай компани илүү төлөлт хийсэн байгаа гэв.

 

Зургаа.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 20-59 тоот Ажил гүйцэтгэх гэрээ,С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22/431 тоот мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/112 тоот мэдэгдэл, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21/346 тоот, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 21/380 тоот, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 23/142 тоот,

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Э ХХК, Д.Лхамсүрэн нарын хоорондох орон сууц захиалгын гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэлийн төсөв, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн дүрэм хуулбараар, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2014/788 дугаартай Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгсөн баримт, СД бичлэг зэргийг ирүүлжээ. /1хх 4-14, 56-59, 111-115, 116, 130-133/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Д.Л., Э.А. нарын хоорондох Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Д.Л., Э.А. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актууд, үнийн санал хүснэгтээр, "С ХХК 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт хуулбараар, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 008 тоот албан бичиг, мэссэнжерээр харилцсан чат зэргийг ирүүлжээ.

/1хх 19, 67, 68, 72-76, 187-232, 2хх 72-105, 118-123, 133-141/

Гуравдагч этгээдээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хаягийн өөрчлөлтийн мэдээлэл, Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн тодорхойлолт, Номун виллаж СӨХ-ийн 2023/20 тоот тодорхойлолт, контор, хэрэглээний төлбөр төлсөн баримтууд, Хаан банкны дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /1хх 90-109, 123-124, 134-141/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гэрч Ц.Н ыг асуусан тэмдэглэл, хариуцагч талын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч Б.Батсайханыг асуусан тэмдэглэл, СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /2хх 14-20, 47-56, 57-70/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т ХХК ньС ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 301.686.077 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байр 11 тоот 107,5 мкв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 46.064.388 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэгч ажлыг бүрэн, зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан тул төлбөрт тооцож шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулна, хугацаа хэтрүүлсний алданги, хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Захиалагч ажлын явцад зураг төсөлд 2 удаа өөрчлөлт оруулсан, ажлыг хаяж яваагүй, санхүүжилтгүйгээс ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, орон сууцыг бусдад шилжүүлсэн тул буцаан өгөх боломжгүй гэж тайлбарлав.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс татгалзлын үндэслэлээ: орон сууцыг зээлээр худалдан авсан, төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн тул буцаан өгөх үндэслэлгүй, хоёр компанийн ажил гүйцэтгэх гэрээний асуудал хамааралгүй гэв.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас Т ХХК, нөгөө талаасС ХХК нар 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн хэрэгжүүлж буй Налайх дүүргийн Горхи-Тэрэлжид байрлах Премиум болор төслийн амралт, аялал жуулчлалын цогцолбор барилгын дотор цахилгаан угсралт болон дотор холбоо дохиолол, угсралтын ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зураг төсөл, холбогдох норм дүрэм, стандартын дагуу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, Захиалагч нь ажлын хөлс 772.372.154 төгрөгийг гүйцэтгэлээр тооцож нэр бүхий орон сууц, тээврийн хэрэгслийг төлөхөөр тохирч 20-59 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1хх 6-8/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

5.2.Гэрээний 4.3-т зааснаар захиалагч төлбөрт тооцож, Toyota-CHR суудлын автомашин 65.000.000 төгрөгт, Багц 6-д заасан Номун таун хотхоны 79,11 мкв гурван өрөө орон сууцыг 197.775.000 төгрөгт, нийт 262.775.000 төгрөгийн хөрөнгийг гүйцэтгэгчид гэрээ байгуулсны дараахан шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр, мөн гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зохицуулжээ.

 

6.Зохигчид гүйцэтгэсэн ажлын өртөг, хугацаа хэтрүүлсэн эсэхэд тус тус маргаж, улмаар хэн алинаасаа хохирол гаргуулахаар маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан.

6.1.Зохигчид 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэж, ажлын хөлсийг тооцсон баримтуудыг хэрэгт ирүүлсэн. /1хх 73-76/

Хариуцагчаас 630 орчим сая төгрөгний ажил гүйцэтгэсэн ч ажлын доголдол гарч хассанаар 412.322.777 төгрөгөөр тооцоо нийлсэн. Үүнээс ашиг 26.974.387 төгрөгийг нэхэмжлэгч хасна гэснийг зөвшөөрөхгүй, анхнаасаа гэрээгээр ашиг өгөхөөр тохирсон гэж тайлбарлав. Харин нэхэмжлэгчээс талууд ажлыг хамтран хүлээлцэж хийсэн ажлыг 412.322.777 төгрөг гэж гаргаснаас харилцан ярилцаад ашиг 26.974.387 төгрөгийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн тул хасч тооцно, гүйцэтгэгчийн хийсэн ажил 385.348.390 төгрөг гэв. Ажлын доголдлыг манайх бусдаар дахин засварлуулж гүйцэтгүүлж байгаа гэж тайлбарлав.

6.1.1.Хэрэгт баримтаар хариуцагчийн хийсэн ажлыг 630 сая төгрөгөөр тооцож байсан талаар дэмжих баримт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан ч баримтаар ирүүлээгүй тул энэ талаарх тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

6.1.2.Харин талууд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ажлыг дүгнэж тооцсон баримтын бусад хэсэгт маргахгүй гэж хэн алин нь хуралдааны явцад тайлбарласан тул тухайн баримтад тулгуурлаж маргааныг шийдвэрлэнэ. /1хх 73-76/

Хэргийн 73 дах талд авагдсан 412.322.777 төгрөгөөр тооцсон баримтын ашиг 26.974.387 төгрөг гэсэн хэсгийг өгөхгүй гэж ард нь тэмдэглэжээ. Гэвч талуудын хоорондох гэрээний 4.1-д гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажилбар тус бүрээр үнийг тооцоолохдоо нийт ашиг 47.912.197 төгрөг гэж тусгагдсан байна. Иймд зохигчид анхнаасаа ашиг тусдаа тооцож өгөхөөр тохирсон байх тул шүүх гүйцэтгэгчийн нийт хийсэн гүйцэтгэсэн ажлыг 412.322.777 төгрөгөөр тооцно, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

6.2.Гэрээнд ажлыг хийж гүйцэтгэх эцсийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байхаар заасан, захиалагч 2023 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй үйл баримт тогтоогдсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар захиалагч гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

7.Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдахад захиалагч гүйцэтгэгч талын гэм буруу, ажлын хугацаа хэтрэх болсон шалтгаанд маргасан.

7.1.Ажлын явцад зураг 2 удаа өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч ажлын зурагт өөрчлөлт орсныг хуралдааны явцад эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагчаас ажлын зурагт их хэмжээтэй өөрчлөлт орсон гэж нэхэмжлэгч зөвхөн нэг давхарт өөрчлөлт орсон, үүнийг гэрч мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлт биш гэж тус тус маргасан. Гэвч зохигч талуудын тайлбарыг дэмжих бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлнэ.

Гэрч Ц.Н аас /Хувьсах цэнэг ХХК/ би 2023 оны 5 дугаар сард ажил хүлээлцэхэд хамт байсан, энэ компанийн гүйцэтгэсэн ажлын дутуу, доголдлыг манай компани засварлах, шинээр гүйцэтгэх ажлуудыг хийсэн, зураг төслийг үзсэн. Зургаар бол өөрчлөлт ороогүй. Намайг очихоос өмнө энэ хоёр компани амаараа яриад өөрчлөлт хийсэн байсан. Уг барилгын 1 дүгээр давхрын рестораны хоол идэх заалны шалны разетканы өөрчлөлт байсан. Дээш давхруудын хувьд өөрчлөлт байсан эсэхийг сайн санахгүй байна. Нийт ажлын зургийнхаа хувьд нээх их биш, багцаагаар 5 орчим хувьд өөрчлөлт байсан байх, ажлын явцад захиалагч гүйцэтгэгч хоёр тал зөвшилцөөд бага зэрэг өөрчлөлт оруулдаг тал бий гэж,

гэрч Б.Б. /Хариуцагч компанийн цахилгааны инженерээр ажлын талбайд ажилласан/ ажлын явцад зурагт 2 удаа өөрчлөлт орсон. Барилгын нэг тал нь 3 давхар, нөгөө тал нь 5 давхар, нийтдээ 118 өрөөтэй барилга. Тэр өрөөний өөрчлөлтүүд гайгүй. Харин нэгдүгээр давхарын жигүүрийн өрөөнүүд их өөрчлөлт орсон. Бусдаар гайгүй. Зурагт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ажлыг гүйцэтгэхэд хугацаа их орохгүй. Зургийн өөрчлөлт бидэнд файлаар, бас телеграммаар ирсэн. Энийг жаахан өөрчилсөн, энийг жаахан өөрчилсөн гээд бидэнд хэлсэн гэж мэдүүлж байна. Гэрчүүдийн дээрх мэдүүлгээс үзвэл захиалагчийн хүсэлтээр ажлын явцад анхны зураг төсөлд тодорхой хэмжээнд 2 удаа өөрчлөлт орсон, түүнчлэн тухайн зургийн өөрчлөлт нь барилгын 1 дүгээр давхрын тодорхой хэсэгт хамаарах их хэмжээний өөрчлөлт биш, мөн тухайн өөрчлөлтөд нийцүүлж ажлыг гүйцэтгэхэд нэмэлтээр цаг хугацаа ихээр шаардагдахааргүй хэмжээний байсан болох нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд шүүх зөвхөн захиалагч зураг төсөлд өөрчлөлт оруулснаас хугацаа хоцорсон гэж үзэх боломжгүй, мөн гэрээгээр хөлсийг бэлэн бус хэлбэрээр төлөхөөр анхнаасаа тохирсон тул захиалагчийн санхүүжилтээс шалтгаалсан гэх байдал тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй, улмаар хугацаа хэтрүүлсний хариуцлагаас бүрэн хэмжээнд чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

7.2.Гэрээгээр ажлыг 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж дуусгахаар тохирсон, гэрээний хугацаанд харилцан тохирч өөрчлөлт оруулсан баримтгүй тул 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн.

Нэхэмжлэгч алдангийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож шаардсан, талуудын хоорондох гэрээний 7.3-т ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Захиалагчид төлөхөөр тохирсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэлх хугацаанд алданги шаардах эрхтэй.

Хуралдааны явцад хариуцагч талаас захиалагч хамгийн сүүлд зургийн өөрчлөлтийг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд оруулсан гэж тайлбарласан.

Шүүх 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-нд зурагт өөрчлөлт орох хүртэлх хугацааны алдангийн тухайд нэхэмжлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдсан гэж үзнэ. Харин 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцалсан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 99 хоногт ногдох алдангийг тооцно. Нийт алданги 178.219.404 төгрөг байна.

/ 772.372.154 - 412.332.777 = 360.039.377 * 0,5 %= нэг хоногт 1.800.196 төгрөг/

7.3.Гэрээний 11.1-д давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тохирчээ.

Коронавирус цар тахал давагдашгүй хүчин зүйлд тооцогдох ч Монгол улсад 2021 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хөл хорио тогтоох шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргаагүй, мөн нэхэмжлэгч 2022 оноос өмнөх хугацаанд алданги шаардаагүй болно. Түүнчлэн хэтэрсэн гурван жилийн хугацааг бүхэлд нь давагдашгүй хүчин зүйлд хамааруулж алдангиас чөлөөлөх үндэслэлгүй, зөвхөн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухайн цаг хугацаа гэрээний 11.1-д хамаарах учиртай. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

7.4.Ажлын гүйцэтгэлийг хэтрүүлсэн хоног хугацаа, анх хөлсөд хөрөнгө тооцож авсан дүн, гүйцэтгэсэн ажлын чанарын доголдол ноцтой /зарим ажил норм дүрм, стандарт баримтлаагүй, цахилгааны утсыг хамгаалах хар хоолойгүй сүвэгчилсэн, газардуулга хийгээгүй, цахилгааны утас шитнээс разетка хүртэлх залгаагүй байхыг залгаатай утсаар хийсэн, кабелийн утсыг заасан хэмжээнээс нарийхан кабел утсаар хийсэн талаар гэрчүүд мэдүүлсэн, үзлэгийн тэмдэглэл, СД бичлэгээр тогтоогдсон/ зэргийг харгалзаж шүүх анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгах, эсхүл чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв. Иймд алдангиас чөлөөлөх, багасгах тухай хариуцагч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй.

 

8.Орон сууцны тухайд:

8.1.Маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байрны 11 тоот 107,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 290.250.000 төгрөгт тооцож, үнийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлж барагдуулахаар тохирч Э ХХК, Д.Лхамсүрэн нар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулсан, улмаар орон сууцыг биет байдлаар хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй. /1хх 56-58/

8.2.Маргаанд хамаарах орон сууцыг 2014 онд улсын комисс хүлээн авсан, тухайн барилгын захиалагч нь Э ХХК гэж тэмдэглэгдсэн, 11 тоот орон сууцны тухайд өнөөг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх салгаж бүртгэгдээгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, үүнд маргаагүй. /1хх 130-133/

Хэрэгт Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр маргаанд хамаарах орон сууцыг захиран зарцуулах эрхийг Т ХХК-д олгосон баримт авагдсан, үүнд хариуцагч маргаж эсэргүүцсэн тайлбарыг мөн гаргаагүй тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар эрхээ шилжүүлсэн гэж үзнэ. /1хх 111/

Түүнчлэн нэхэмжлэгч Т ХХК болон Э ХХК нар хамаарал бүхий хуулийн этгээдүүд, хариуцагчС ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баттөр болон Д.Лхамсүрэн нар нэг гэр бүлийн хүмүүс болох нь зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдсон.

8.3.ДЛс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Э.Алтангэрэлтэй эрх шилжүүлэх гэрээг хийж, улмаар тухайн дөрвөн өрөө орон сууцыг гуравдагч этгээд Э.А тухайн өдрөөс хойш өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа үйл баримтад маргаагүй. Энэ хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс орон сууцны төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн нийт 245 сая төгрөгийг иргэн Д.Лхамсүрэнд төлсөн нь тогтоогдсон. /1хх 67, 107-109, 147-175/

8.4.Т ХХК болон Стар интележент ХХК нарын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч ажлын хөлс төлөх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үүргээ, Э ХХК, иргэн Д.Лхамсүрэн нарын хоорондох худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ тус тус харилцан тохирч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг сольжээ.

Гэхдээ ийнхүү үүрэг солих үед Худалдах худалдан авах гэрээний 3.2-т байрны нийт төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлж барагдуулахаар тохиролцов гэж, 4.6-д төлбөрийг төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэж тухайлсан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн хэдий ч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, энэ нь тусгаарлах зарчмын дагуу үүргийн хэлцэл хийгдсэн ч өмчийн хэлцэл анхнаасаа хийгдээгүй байна. Түүнчлэн өмчийн хэлцэл хийгдэх эсэх нь Ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтээс шууд хамаарах болохыг талууд анхнаасаа ойлгож ухамсарлаж гэрээг хийжээ. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний бартерийн байруудыг ажлын гүйцэтгэлээр тооцож шилжүүлэх тухай 4.3-т заасан тохиролцоо болоод хариуцагчийн орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөөгүй тухай тайлбар зэргээр илэрхийлэгдэж байна.

8.5.Гуравдагч этгээд Э.Алтангэрэлээс Д.Лхамсүрэнтэй эрх шилжүүлэх гэрээг хийхдээ энэ нөхцөл байдлыг сайн ойлгоогүй гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан Э.Алтангэрэл, Д.Лхамсүрэн нарын хоорондох захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-ний 1.1-д эрх шилжүүлэгч тал 2020.09.10-ны өдөр Э ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн гэрээний эрхийг шилжүүлж гэж дурдснаас үзвэл гуравдагч этгээд мөн л адил дээрх нөхцөл байдлыг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна. Иймд тэрээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол шударгаар олж авсан гэж үзэхгүй талаар заасан тул түүнийг шударга эзэмшигчийн хувиар хамгаалах боломжгүй гэж үзлээ.

 

9.Гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгч 108.000.000 төгрөг, харин хариуцагч 46.064.388 төгрөг тус тус шаардсан.

Худалдах худалдан авах гэрээний дагуу хохиролд орон сууц ашигласны төлбөрийг сард 3.000.000 төгрөгөөр тооцож 108.000.000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан гэрээнээс учирсан бодит хохирол, зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй, баримтаар нотлогдоогүй гэж үзэв.

Харин гэрээ цуцлагдахад гүйцэтгэгч буруутай гэж дүгнэсэн тул тэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс учирсан хохирол шаардах эрх үүсээгүй, урьдач нөхцөл бүрдээгүй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэхгүй, энэ талаарх баримтгүй. Иймд хэн алинаасаа хохирол шаардсан энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

 

10.Дээрх бүгдийг нэгтгэвэл захиалагчийн төлсөн хөлс 197.775.000 +65.000.000 =262.775.000 төгрөг + маргаанд хамаарах орон сууцны үнэ 290.250.000 = 553.025.000 төгрөг байна. Үүнээс гүйцэтгэл 412.322.777 төгрөг тул илүү төлсөн дүн 140.702.223 төгрөг болно. Шүүх алдангид 178.219.404 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нийт 318.921.627 төгрөг болно. Маргаанд хамаарах орон сууц 290.250.000 төгрөг, нэхэмжлэгч хөрөнгийг биет байдлаар буцаан авахаар шаардсан тул шүүх харилцан тооцож, орон сууцыг буцаан нэхэмжлэгчид олгож, үлдэх 28.671.627 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхив.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтланС ХХК-иас 28.671.627 /хорин найман сая зургаан зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/8 дугаар байрны 11 тоот 107,5 мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 273.014.450 төгрөг болон Т ХХК-иас хохиролд 46.064.388 төгрөг гаргуулах тухайС ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.315.908 төгрөг /70.200+1.029.328+1.216.380/, хариуцагчаас төлсөн 388.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.752.558 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ