Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 271

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Г.Баасанноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Цэнгэлд холбогдох эрүүгийн 1734000840019 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн. 19 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм улс төр судлаач мэргэжилтэй, Дуган хад амралтын газар менежер ажилтай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шилтгээ хотхоны С-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Олхонууд овгийн Лханаажавын Баасанноров РД/ШЖ76070294/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Баасанноров нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас У.Энх-Амгалантай маргалдан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Баасанноров нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас У.Энх-Амгалантай маргалдан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

 

МЭДҮҮЛГИЙН БАРИМТ БОЛОХ  нь:

 

Хохирогч У.Энх-Амгалангийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн “ 2017 оны 07-сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос 11 цагийн үед хадамууд хамаатангуудаараа нийлж салхинд гарцгаая гэж санал тавьсан. Тэгээд  би эхнэр Солонгийг хоёр хүүхдийн хамт аваад Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох “Бор хужирын” голын эрэг дээр 16 цагийн үед очоод майхан бариад хонохоор болсон. Тэгээд хоол унд хийж архи ууцагаасаан. Тэгээд 22 цагийн үед миний хоёр хүүхэд миний өөрийн машинд сууж байгаад өөрийнхөө гарыг хаалганд хавчаад уйлаад байхаар нь би гүйж очоод жолоочын талын хаалгыг онгойлгож том хүүхдээ татаж  гаргаад хаалганд хавчуулсан хүүхдийн хаалгыг дотроос нь онгойлгосон. Тэгтэл хадам ээж Бурмаа над руу орилж хашгирч “намайг чи хүүхэд рүү орилж хашгирлаа, хүүхдийг машины хаалгаар гаргаж шидсэн, чамд ингэх эрх байхгүй “ гэж дайрсан. Тэгсэн чинь хадам ээжийн бүх хүүхдүүд болох Цэцэг, Баярмаа,Баасанноров,Солонго над руу дайрахаар нь би тэд нарт хандаж та нар намайг яагаад дээрэрхээд байгаа юм бэ? Би ажилгүй мөнгөгүй болохоор дээрэлхээд байгаа юм уу? гээд би явлаа гээд алхаад яваад өгсөн.Тэгсэн чинь Баасанноров, Солонго, Бат-Эрдэнэ нар ирээд намайг явуулахгүй гээд зууралдсан. Тэгсэн чинь Баасанноров нь араас ирээд цахилгаан бороохойтой ирээд араас боож унагаагаад дээрээс өвдөглөж байгаад намайг цахилгаан бороохойгоор цохиод нүүр нүдгүй балбасан. Тэгээд би босоод зугатаасан чинь араас хөөж  ирээд зүүн гараараа миний баруун нүд рүү цохиж хамар гэмтээсэн. Тэгээд би утасаараа цагдаа дуудсан. Миний эхнэрийн эгчийн нөхөр нь байгаа юм бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би үйлдэлээ санаж байна. Гайгүй байсан. Баасанноров согтуу байсан” /гэх мэдүүллэг хх-4-5хуудас/”

Гэрч Ө.Бурмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “Энэ өдөр  охин хүргэн зээ нартайгаа салхинд гарсан. Тэгээд байж байтал бага охин Солонгоогийн нөхөр Энх-Амгалан хүүхдээ уйлуулчихаар нь би очоод Энх-Амгаланд хандаж чи хүүхдээ яагаад шидээд уйлуулж байгаа юм бэ? гэхэд Энх-Амгалан би хүүхдээ яасан ч байсан чамд хамаагүй гэж хэлсэн. Нэгнийхээ гарыг хаалганд хавчихсан гэж хэлсэн. Тэгээд Солонгоог цохиж аваад гар утсыг нь булааж аваад шидчихсэн. Тэгээд Баасанноров ирсэн. Тухайн үед 21 цаг болж байсан. Гадаа гэгээтэй байсан. 10 орчим метрийн зайнд байсан. Баасанноров нь Энх-Амгаланг  нэг удаа цохьсон. Тэгээд хоорондоо ноцолдож байхад нь байсан. Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй” /гэх мэдүүллэг хх-7 хуудас/”

Гэрч Х.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “ ...тэгээд бид нар майханаа бариад төвхөнөөр асарын урд талын ширээн дээр базуудтайгаа тойрч суугаад ганц шил архи уугаад сууж байсан чинь баг баз Энх-Амгалан хүүхдийн гар хавчлаа гээд том хүүхдээ шидсэн. Тэгсэн чинь эхнэр Солонгоо очсон. Эхнэрийгээ цохьтол Баасанноров би тайвшруулаад яръя гээд явсан. Баасанноров буцаад эргээд явтал Энх-Амгалан боогоод унгааж байгаа харагдсан. Тэгсэн Баасанноров дээр нь гараад цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,

Гэрч Ц.Солонго хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “.. 2017 оны 07 сарын 10-ны өдөр манай хамаатнууд Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд голын эрэг дээр наадмын баяр тэмдэглээд хээр хонохоор ирсэн юм. Тэнд очоод бүгд ууж идэцгээгээд харанхуй болсон байхад цагийг нь сайн санахгүй байна манай бага хүүхэд машины хаалганд гараа хавчуулсан тэрнээс болж манай нөхөр Энх-Амгалан уурлаад цаашаа явсан би хүүхдээ аргадаад байж байхад хүргэн ах Баасанноров Энх-Амгаланг тайвшруулаад ирье гээд ардаас нь явсан. Би хүүхдээ тайвшируулчихаад тэр 2-ын араас очиход Энх-Амгалан, Баасанноров 2 зууралдсан байдалтай байж байхад нь би очиж салгаад Энх-Амгаланг тэврээд байж байхад намайг хазаад, цохиод Баасанноров ахтай зодолдоод цаашаа яваад өгсөн би цохиулаад байсан газраа үлдсэн. Би хэсэг хугацааны дараа тэр 2 дээр очиход Баасанноров ах Энх-Амгаланг дараад унагачихсан дээрээс нь 3 удаа толгой хавьцаа цохиж боссоных нь дараа нуруу руу днь 2 удаа өшиглөсөн тэгээд тэр 2-ыг салгасан.Тэгээд харахад Энх-Амгалангийн хамраас нь цус гарчихсан цамц руу нь урсаж байсан. Тэрнээс хойш тэр 2 дахиж зодолдоогүй” /гэх мэдүүллэг хх-10 хуудас/”

Гэрч Ц.Цэцэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “Орой дөнгөж харанхуй болж байхад У.Энх-Амгалангийн хоёр хүүхэд машиндаа тоглож байгаад том хүү нь бага дүүгийнхээ гарыг нь машины хаалганд хавчсан тэгтэл У.Энх-Амгалан гүйж очоод машиныхаа урд талын хаалгыг онгойлгоод том хүүгээ авч шидээд бага хүүгээ хаалга онгойлгоод авсан. Тэгтэл манай дүү Ц.Солонгоо болон ээж хоёр хамт хүүхэд дээрээ очтол Энх-Амгалан чи хүүхдээ харсангүй гээд Ц.Солонгоог нэг удаа гараараа алгадсан, тэгээд манай ээжтэй У.Энх-Амгалан барилцаад авсан тэгэхээр нь ээжээс У.Энх-Амгаланг салгах гээд Х.Бат-Эрдэнэ ах манай нөхөр Баасанноров хоёр ирээд манай нөхөр У.Энх-Амгаланг тайвшруулах гээд цаашаа аваад явсан. Энэ хооронд нь би дүү Солонгоог тайвшруулаад байсан чинь манай нөхөр Л.Баасанноров У.Энх-Амгалан боож унагаагаад миний хэлийг хазуулчихлаа гээд амнаас нь цус гараад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Шүүгдэгч Л.Баасанноров хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлсэн “Энх-Амгалан араас ирээд намайг боож унахдаа би хэлээ хазчихсан юмаа. Тэгээд би босч ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр ноцолдсон. Эхнэрүүд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,

ШинжээчЭ.Дэлгэрхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “Би 2017 оны 07 сарын 27-ны өдөр иргэн У.Энх-Амгалангийн биед өөрийн биеэр үзлэг хийж эмнэлгийн холбогдолтой бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг нь үйлдсэн. 2017 оны 07 дугаар сарын 11-ний ГССҮТ-ийн хүлээн авах эмчийн үзлэг рентген зураг байсан. У.Энх-Амгалангийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /,

-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №47 дугаар “1. У.Энх-Амгалангийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.  2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Л.Баасанноровын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.Баасанноровт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүллэлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахдаа улсын яллагчийн гаргасан ялын саналыг харгалзав.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Л.Баасанноровт оногдуулсан тогрох ялыг 2018 оны 9 сарын 18-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч У.Энх-Амгалан нь шүүгдэгч Л.Баасанноровоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Баасанноров нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Олхонууд овгийн Лханаажавын Баасанноровыг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лханаажавын Баасанноровыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Баасанноров нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Баасанноров нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Баасанноров нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баасанноровт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Лханаажавын Баасанноровт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ