Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 281

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч Т.Гүндсамбуу,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Б.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Батцогтын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201719000323 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн. 1960 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг “Далай өвөлжөө” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Алаг адуу овгийн Батцогтын Бямбадорж РД/НЩ60022877/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоод дурдсанаар/

Шүүгдэгч Б.Бямбадорж нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг Гурван хөтөл гэх газар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.Гүндсамбуугийн сүргээсээ тасарч очсон 44 тооны алдуул бог малыг Цээл сум руу Дамдинсүрэнд өгч алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Б.Бямбадорж нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг Гурван хөтөл гэх газар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.Гүндсамбуугийн сүргээсээ тасарч очсон 44 тооны алдуул бог малыг Цээл сум руу Дамдинсүрэнд өгч бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

Хохирогч Т.Гүндсамбуугийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн “2017 оны 03 сарын 20-ны үеэр манай бог малын сүргээс 50 бог мал тасарсаныг мэдээд ойр хавийн айлуудаар асууж сураглаж явсан. Манай хаваржааны урд байдаг Бямбадоржийнд очиж асуухад мэдээгүй гэж хариулсан. Дараа нь Бямбадорж манайд 1 ишигтэй ямаа байна гэж хэлсэн хэсэг хугацааны дараа мөн 1 ямаа байна гэсэн. Би тэднийд очоод 2 ямаа авах гэхэд 3 ямаа байсан. Тэрийгээ аваад би ерөнхийдөө хардсан. Бямбадоржийн ах дүүг нь судлахад авгайн дүү нь Цээлд байдаг Батчулуун гэдэг нэртэй хүн байдаг гэж сонссон. Тэгээд Цээлд очиж малыг нь шүүхэд манай хонь ямаа зүсээрээ байсан ба имийг нь өөрчилсөн байсан. Тэгээд Цээл сумын хэсгийн төлөөлөгч Содбаяраар шалгуулахад Бямбадоржийн баз хүргэн Дамдинсүрэн Бямбадоржийнхоос 07-71 ТӨВ гэсэн дугаартай Портер машинаар 2 ачиж ирсэн тэр бог малыг Батчулуун гэдэг дүүгийндээ аваачиж өгсөн гэдгээ хэлсэн. Тухайн үед цас орсон байсан бөгөөд уг бог малууд нь хаваржааруугаа гүйх замдаа хаваржааны урд байдаг Бямбадоржийнд тасарч очсон байх гэж бодож байна. Хужир дээрээс тасарсан бөгөөд хариулга сул байсан учраас тасарч алга болсон. Манайхаас 56 бог тасарсан. 3 бог нь хаваржаан дээр байсан ба 3-ыг нь Бямбадоржийнхоос авсан. Тэгээд 5 бог мал алдсан. Дамдинсүрэнгээс 44 бог мал хүлээж авсан. Би ямаа самнаж авсан 6 кг ноолуурын мөнгө 510000 төгрөг, мөн бизнесийн мөнгө болох 200000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Бог мал 6 дутаж байгаа” /гэх мэдүүллэг хх- 10 тал/”

Гэрч Б.Дамдинсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “..2017 оны 03 сарын 20-нд гарчихсан байсан. Нэг өдөр Бямбадорж нь намайг хүний машин янзлаад хүргээд өг хүрээд ир гэхээр нь би хажуу айлынхаа хүний машиныг үзчихээд Бямбадоржийн гэрт нь очсон юм. Тэгээд би үдээс хойш нь буцаж гэж байхад Бямбадорж ах чи энэ хэдэн малыг аваад төллүүлээд хэдэн малтай болчих гэхээр нь би тэр өдөр 24 толгой хонь ямаа ачаад гэрлүүгээ яваад Цээл сумын төвийн аавынхаа хашаанд хийсэн. Манай хадам ах Чулуунбатын нэг адуу нь Бямбадоржийн адуутай хамт үлдсэн юм. Тэгээд 2017 оны 04 сарын 10-ны дотор манай хадам ах Чулуунбат нь чи Бямбадоржийнхоос очоод миний адууг аваад ир гээд түлшний мөнгө өгөөд явуулсан. Тэгэхээр нь би Бямбадоржийнд очоод хадам ахынхаа гүүг нь ачаад буцаад явж байх замдаа адууг нь машин дээрээс унагаагаад алдчихсан юм. Тэгээд гурав хоногийн дараа нөгөө адуу нь ижилдээ ирчихсэн байна гэхээр нь буцаж очоод авах гэсэн чинь Бямбадорж наад адуу чинь ижилдээ байгаа юм чинь наанаа байж байг харин чи дахиад хэдэн мал ачаад яв гэхээр нь би машиндаа 20 толгой хонь ямаа ачаад буцаад Цээл сум руу яваад аавынхаа хашаанд өмнө нь авсан малтайгаа нийлүүлсэн. Тэгээд хавар болоод төллүүлээд 44 толгой малаас 2 ямаа нь үхээд 18 ишиг төллөөд 21 хурга төллөсөн байсныг тэжээгээд байж байтал 2017 оны 05 сарын 01-ний үеэр хонв ямаагаа төлтэй нь дүү Батчулууны малтай нийлүүлээд орхисон. 2017 оны 05 сарын 07-ны өдөр тухайн хонь ямааны эзэн нь гэх Гүндээ гэх хүн ирээд манай мал байна гээд мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тухайн үед Бямбадорж нь хүний мал гэж ерөөсөө хэлээгүй эхнэр бид хоёрыг хэдэн малтай бол гэж өгсөн. Харин оронд нь төлбөр мөнгө гэж өгөөгүй. Эхнэр бид хоёр малгүй учраас малтай бол гэж л өгсөн юм. Одоо миний санаж байгаагаар зүүн талын чих нь урдаасаа ухам, буруу талын чих нь хойноосоо догол имтэй байсан. Тэгээд би эдгээр малнуудыг дүүгийнхээ малтай нийлүүлэхдээ имилж гаргасан ба тухайн үедээ ухамтай талын чихийг нь догол имтэй болгоод буруу талын чихийг нь хойноос нь догол имтэй болгосон. Бямбадорж нь өөрөө малтай гэхдээ би хонь ямааных нь имийг нь мэдэхгүй. Тэр үед өдөр байсан болохоор хүний мал надад өгч байгааг нь ерөөсөө мэдээгүй санаанд ч ороогүй” /гэх мэдүүллэг хх-14-15 тал/”

Гэрч Т.Чулуунбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “Бямбадоржийнд манай нэг халиун зүсмийн гүү байдаг юм. Унага байх цагаасаа тэднийд байсан юм. Өнгөрсөн жил тэр гүү унагалаад унага нь удалгүй үхчихсэн болохоор би гүүгээ өөр дээр авий гэж бодоод Дамдинсүрэнгээр авахуулсан юм. Тэгэхдээ Дамдинсүрэнгийн портер машинд 30000 төгрөгөнд бензин хийж өгсөн юм. Дамдинсүрэнд авч ирэх замдаа уг адууг алдаад явуулчихсан байсан бөгөөд авч ирж чадаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Шүүгдэгч Б.Бямбадорж хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “ 2017 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 24 хонь 23 ямаа манай бог малын сүрэгт нийлсэн. 03сарын 20-ны үеэр манайд Дамдинсүрэн портертэй манайд ирэхээр нь согтуу байсан учир ачаад яв гээд 44 бог мал өгөөд явуулсан юм. Тэгж өгч явуулахдаа энэ малыг авч яваад өсгөөд байж бай, битгий зарж үрэгдүүлээрэй гэж хэлсэн. 04 сар гараад Гүндсамбуу манайд ирээд асуухаар нь манайд байсан 3 ямааг нь өгч явуулсан. Өөр хонь ямаа манайд нийлээгүй гэж хэлсэн. Би мөнгө эсвэл эд зүйл нэхээгүй. Дамдинсүрэн ямар нэгэн малгүй учир би дээрх бог малуудыг аваачиж малтай бол гэж өгч явуулсан. Би Дамдинсүрэнд эдгээр малнууд нь хүний мал гэж би хэлээгүй. Би малыг нь ачуулсан болохоор санаа зовоод хэлж чадаагүй юм. Тэгээд манай сүрэгт танай 3 ямаа байна гээд өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/ болон шүүгдэгч Б.Бямбадоржийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Бямбадоржид холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт “ Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2  дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Б.Бямбадоржийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй”, 72.1.1. дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Бямбадорж нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.Гүндсамбуу нь шүүгдэгч Б.Бямбадоржоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бямбадорж нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуу овгийн Батцогтын Бямбадоржийг алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Батцогтын Бямбадоржид холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Бямбадорж нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ