Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2024/0003

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “З” нөхөрлөл

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н

              Гуравдагч этгээд: “К” нөхөрлөл, дарга Х.Ханат нарын хоорондын бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой  холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Я.Сьезд, К.Зулкаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, гуравдагч этгээд Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.  Нэхэмжлэгч “З” нөхөрлөл нь  анх Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаас татгалзсан Толбо сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гэрээг байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.   

              2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа “Толбо сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/83, А/84 дугаартай захирамжуудыг, “К” нөхөрлөл, “Х” нөхөрлөл, “Т” нөхөрлөлүүдтэй байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнүүдийг, мөн Толбо сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Толбо сумын “Хашаатын ам” гэх газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн.

              3. Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,

              “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А\83, А/84 дугаартай “Газар ашиглуулах” захирамжуудыг (1), Толбо сумын Засаг дарга Н.Е, “К” Нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 24, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-үүдийг (2) тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е “З” нөхөрлөл азар ашиглуулах тухай захирамжийг гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “З” нөхөрлөл газар ашиглуулах эрхийн актыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгах (3) гэж тодруулсан.

              4. Нэхэмжлэгч талаас 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энэхүү маргаж буй асуудлын талаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба аймгийн  Засаг даргаас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 8-03/849 дугаартай албан бичгээр  хуулийн байгууллагаар шалгуулах тухай хариу өгснөөр нэхэмжлэгчээс шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

              5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:

              5.1. “З” нөхөрлөл нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан улсын бүртгэлийн 3082903 регистрийн дугаартай байгууллага юм. Тус нөхөрлөл нь дүрэмд зааснаар уул уурхайн туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэгтэй юм. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаартай тогтоолын хавсралтаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам батлагдсан.

              5.2. Ашигт малтмалын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т “сум, дүүргийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд  авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргах” гэж заасан чиг үүрэг, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн  “Журам шинэчлэн батлах тухай” 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 9.1.6-д “энэ журмын 8.1.2-т заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, 4.1-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-гаас ихгүй байна гэж заасантай нийцэж байгаа тул Толбо сумын нутагт доор дурдсан солбицол бүхий талбайд  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг  гаргав” гэжээ.

              Ингээд тус нөхөрлөл нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны журам шинэчлэн батлах тухай 296 дугаар тогтоолд зааснаар дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Тус нөхөрлөл нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Хашаатын ам” гэдэг газарт алт олборлох чиглэлээр хамтран ажиллахаар Толбо сумын Засаг дарга Н.Е бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр санал болгосон. Гэтэл тус нөхөрлөлийн саналыг Толбо сумын Засаг дарга Н.Е нь хүлээн авахаас татгалзсан учир аймгийн Засаг даргад 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан юм.

              5.3. Толбо сумын Засаг дарга Н.Е нь Монгол улсын Засгийн газраас баталсан бичил уурхай ашигт малтмал олборлох журмын 1.3, 2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж тус суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “К” нөхөрлөлд илт давуу байдал үүсгэж, хуурамч буюу хууль бус гэрээ байгуулсан.

              5.4. Нэхэмжлэлийн шаардлагаа Толбо сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/83, А/84 дугаартай захирамжуудыг, “К” нөхөрлөл, “Х” нөхөрлөл, “Т” нөхөрлөлүүдтэй байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг, мөн Толбо сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Толбо сумын “Хашаатын ам “ гэдэг газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар ихэсгэж байгаа бөгөөд маргаан бүхий газарт алтны нөөц маш бага хэмжээтэй, зөвхөн нэг нөхөрлөл үйл ажиллагаа явуулах ёстой юм.

              Ингэхээр дээрх нэр бүхий нөхөрлөлүүдэд үйл ажиллагаа эхлүүлснээр манай нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөнө гэж үзэж байна гэжээ.

              6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е нь Монгол улсын Засгийн газраас баталсан “Бичил уурхай ашигт малтмал олборлох” журмын 1.3, 2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “К” нөхөрлөлд илт давуу байдал үүсгэж, хуурамч буюу хууль бус гэрээ байгуулсан.  Манай нөхөрлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Ш.Е танаа гэж хаяглан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл гаргасан. Тухайн үед өргөдлийн маягтын хамт 3 хуудастай нотлох баримт өгсөн нь үнэн.

6.2. “З” нөхөрлөлөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Толбо сумын Засаг дарга Н.Е холбогдох бичиг баримтуудыг өгье гэсэн боловч Толбо сумын Засаг дарга Н.Е нь “манайх 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “К” нөхөрлөлтэй гэрээ байгуулсан” гэж манай нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан байна.

 6.3. Ингээд Толбо сумын Засаг дарга Н.Е гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Баян- Өлгий аймгийн Засаг даргад 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын хариуг аймгийн ЗДТГ-ын 2023. 09.21-ны өдрийн 8-03\849 дугаартай албан бичгээр “уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх зүйтэй гэж үзлээ” гэсэн тул шүүхэд хандаж байна. Гэтэл Толбо сумын Засаг дарга “К” нөхөрлөлтэй 2023 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр гэрээ байгуулсан байна. Засгийн газраас баталсан журмаар эхний удаа өргөдөл өгсөн нөхөрлөлтэй сумын Засаг дарга гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна.

6.4. Иймд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А\83, А/84  дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг болон Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е “К” Нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд  байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 24, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” үүдийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е “З” нөхөрлөлд газар ашиглуулах тухай захирамж гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “З” Нөхөрлөлд газар ашиглуулах эрхийн актыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

              7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна.

“З” нөхөрлөл хуулийн дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь бичил уурхайд үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу тухайн компанийн нөхөрлөлийн дарга Б.Е 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Толбо сумын Засаг дарга Н.Е өргөдөл гаргасан нь нотлогдож байна. Өргөдөлд үүсгэн байгуулсан нөхөрлөлийн гэрчилгээ, бичил уурхайн үнэмлэхийн хуулбар, олборлолт явуулах талбайн байршлын зураг, бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тухайн талбайг сонгосон гишүүдийн тайлбар, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ зэргийг хавсаргаад  өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Е “... улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр баримт байхгүй учраас өргөдлийг буцаав” гэж буцаасан байна.

7.2. Гэхдээ Засаг дарга Е албан ёсоор буцаасан асуудал тогтоогдоогүй. Өргөдөл нь бичиг хэргээс гарч байгаа учраас бичиг хэрэгт байгаа өргөдлийг Б.Е өгсөн. “К” нөхөрлөл Толбо сумын Засаг даргад өргөдлөө он гарсны дараа өгсөн. Өргөдлийг хүлээж аваад Засаг дарга бичил уурхай ашигт малтмал олборлох журмын   6.1.2-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;” гэж заасан учраас Засаг дарга уламжлах ёстой. Нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж 2023 оны 8 дугаар  сарын сүүлээр дүгнэлт болон бусад холбогдох баримтууд, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ц, “З” нөхөрлөлийг төлөөлж Б.Е баталгаажуулж 2023 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр Засаг даргад үзүүлсэн.

7.3. Засаг даргаас уг өргөдлийг хүлээж авахаас татгалзсан. Учир нь, 2023 оны 8 дугаар  сарын 24-ний өдөр  “К” Нөхөрлөлтэй  гэрээ байгуулсан гэж татгалзсан. 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Толбо сумын Засаг дарга Н.Е татгалзсан үйлдлийг журмын 8.1.1-д заасны дагуу аймгийн дээд шатны Засаг даргад гомдол гаргасан. Засаг даргаас 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн тул мөн өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.4.  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзал нь  “... манайд хандаагүй” гэх үндэслэл  ярьж байна. Засаг даргад хандсан гэдэг нь 2022 оны 12 дугаар сард гаргасан өргөдлөөр нотлогдож байна. Тухайн үед 1 сая төгрөгөө байршуулсан. Жилийн эцсээр буцааж авсан, тэр талаар нотлох баримтаа гаргаж өгсөн. Тэр 1 сая төгрөгийг буцааж авснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа үндэслэл биш.  

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Засаг даргын бичиг баримт нь дутуу гэсэн үндэслэл нь  үгүйсгэгдэж байгаа учраас газар ашиглуулах гэрээ байгуулахыг даалгах ёстой.

7.5. “К” Нөхөрлөлтэй байгуулсан гэрээ нь өөрөө хууль бус. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “К” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Х.Х, “Х” Нөхөрлөлийн ахлагч Б.Ж, “Т” Нөхөрлөлийн ахлагч Ш.С, “С” Нөхөрлөлийн ахлагч О.Е нар харилцан тохиролцсон гэсэн байна. Засгийн газрын журмаараа уг талбайг ганцхан нөхөрлөлд олгох ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхашийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбар:

8.1. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжтой. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хоёр дахь хэсэгт Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх аргыг  тусгасан. Энэ журамд зааснаар нэхэмжлэгч өргөдлөө 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий этгээд Засаг даргад гаргасан. Өргөдөлдөө хавсаргасан материалыг тодорхой дурдсан. Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ, бичил уурхайчдын үнэмлэх, нөхөрлөл хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, олборлолт явуулах талбайн байршлын зураг, татвар төлөгчдийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбар, нөхөрлөлийн гишүүдийн бичил уурхайн сургалтад хамрагдсан гэрчилгээ зэрэг бүх материалуудыг хавсаргасан. Журмын 2-д зааснаар бүрдүүлбэл зохих материалд заагдсан материалыг бүгдийн хавсаргасан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулах боломжгүй байсан. Яагаад гэвэл, ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарч “Хашаатын ам” дахь бичил уурхайгаар ашиглах талбайн газрын солбицлын зөвшөөрөл гаргаагүй байсан учраас гэрээ байгуулаагүй.

8.2. Журмын 3 дахь заалтын 3.1.3-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах”  гэж заасан. Энэ дараалалд зааснаар нэхэмжлэгч “З” Нөхөрлөл өргөдөл хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан. Энэ дарааллыг Толбо сумын Засаг дарга хэдийд ч баримтлах ёстой. Хариуцагч үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч тайлбар гаргахдаа өргөдлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй гэсэн байна. Нотлох баримтаа дутуу хавсаргасныг хариуцагч нотолж чадахгүй байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тус “З” Нөхөрлөлийн дарга Е,  мэргэжлийн нэгдсэн холбооны захиралтай гэрээгээ байгуулаад Засаг даргад ороход, Засаг дарга гарын үсэг зурахаас татгалзсан.

8.3.  Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байна. Гэрээ байгуулахаас татгалзсан үндэслэлээ хариуцагч Н.Е тайлбарлахдаа тухайн үед өргөдлийн баримт бичиг дутуу байсан гэж тайлбарлаж байгаа. Өргөдлийн баримт бичиг дутуу байсан асуудал хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Журмын  6.1.1-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. Аливаа нөхөрлөлийн материал дутуу байвал бүрдүүлбэр хангуулах талаар Засаг дарга өөрөө санаачилга гаргах хэрэгтэй. Засаг дарга журмын 2, 3 дахь заалтууд болон 6-д заасан 6.1.1, 6.1.2 дахь заалтуудыг илт зөрчсөн нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

              9. Хариуцагч Толбо сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

              9.1. “З”  нөхөрлөл нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн хавсралтад нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж ирүүлсэн. Өөр ямар нэгэн бичиг баримт хавсаргаагүй байсан. Манай сумын “Хашаатын ам” гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт Ашигт малтмал газрын тос олборлох газраас ирээгүй байсан тул шийдвэрлэх боломжгүй байсан.

              9.2. 2023 оны 8 дугаар сард уг дүгнэлт манайд ирсний дараа манай байгууллагад ирүүлсэн нөхөрлөлүүдийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлүүдийг судлан үзэж хариу өгсөн болно. “З” нөхөрлөл нь холбогдох бичиг баримтуудаа Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д зааснаар бүрдүүлж ирүүлээгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрийн 1/182 дугаар албан бичгээр өргөдлийг буцааж, гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн.

              9.3. “З”  нөхөрлөл нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш дахин өргөдөл гаргаж байгаагүй. Нэхэмжлэлдээ 2023 оны 9 дүгээр сард өргөдөл гаргасан гэж худлаа бичсэн байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2-т заасан шаардлагыг хангасан, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх ёстой байсан. “З” нөхөрлөлд тухайн өргөдлийг ирүүлэх үед холбогдох журмыг хангаж ажиллахыг шаардсан, бичиг баримтуудаа бүрэн бүрдүүлж өгөхийг удаа дараа амаар анхааруулж байсан боловч энэхүү шаардлагыг хангаагүй тул бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгоогүй юм.  

              9.4. Нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүлээн авах боломжгүй. Энэхүү шаардлагыг хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх нь хууль бус юм гэжээ.

              10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1. Толбо сумын Засаг даргын албан бичгээр тайлбараа гаргасан. Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу сумын Засаг дарга эрх хэмжээгээ хэрэгжүүлэн ажилласан.

10.2. “З” Нөхөрлөлтэй холбоотой бичиг баримтыг хүлээж аваагүй, татгалзсан шийдвэр гаргасан гэж байна. “З” Нөхөрлөлийн гаргасан гэх нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үзлэг хийж, тухайн үед бичиг хэрэгт ямар бичиг баримт өгсөн, тухайн баримт бичиг нь Засгийн газрын 2022 оны тогтоолын дагуу баталсан журамд заасан шаардлагыг хангаж  байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан байгаа.

10.3.  Нэхэмжлэгч нь журамд тавигдсан шаардлагыг хангаагүй, бүрдүүлэх нотлох баримтыг бүрдүүлээгүй учраас зөвхөн өргөдөл, нөхөрлөлийн баталгаажуулаагүй канондсон гэрчилгээг өгсөн. Өөр ямар ч нотлох баримт байгаагүй. Журамд зааснаар холбогдох бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан.  “З” Нөхөрлөл нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхой бус учраас тухайн нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох шийдвэр гаргуулж, гэрээ байгуулах ямар ч боломжгүй байсан.

10.4. Тиймээс шаардлага хангасан бусад нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг дэмжиж байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бичиг баримтаа бүрдүүлж авчирсан байхад шийдвэр гаргачихсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хэзээ хэрхэн, яаж хандсан нь үзлэгийн явцад тогтоогдсон. “З” Нөхөрлөл нэгэнт бүрдүүлэх нотлох баримтаа бүрэн бүрдүүлж өгөөгүй учраас түүнтэй холбоотой шийдвэр гараагүй гэдгийг тайлбарласан. Шаардлага хангасан нөхөрлөлтэй гэрээ хийсэн нь  хуульд нийцэж байгаа гэв.

              11. Гуравдагч этгээд “К” нөхөрлөлийн дарга Х.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

11.1. Тус нөхөрлөл нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Засгийн Газрын 296 тогтоолын 2.3.4 дүгээр заалтын дагуу 2023 оны 01 дүгээр сарын 05-07 өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдсан Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны сургалтад нөхөрлөлийн бүх гишүүдээ хамруулж, бичил уурхайн талаарх анхан шатны мэдлэгтэй болж, сертификат авсан. Журмын 2.3.5, 3.2.6 дугаар заалтуудын дагуу харьяаллын татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэст бичиг баримтыг нэг бүрчлэн бүртгүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 296 дугаар тогтоолын 2.1-т заасан заалтын дагуу 1 дүгээр хавсралтын загварын дагуу Толбо сумын ЗДТГазрын бичиг хэргийн ажилтан С.Е нийт 57 хуудастай нөхөрлөлийн бичиг баримтыг 2023 оны 01- сарын 10-ны өдрийн 17 цаг 20 минутад 03 дугаарт бүртгүүлж, зурагжуулан, гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан болно.

11.2. 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр бүх гишүүдийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөө болон нөхөрлөлийн журмыг 12 дугаар гүйцэтгэх захирлын тушаал гаргаж баталсан. Тухайн өдрийн шийдвэрийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажилгүй түр зогсолтын үед ажилчдыг хөдөлмөрийн доод хэмжээгээр цалингийн ашиг орлогын албан татвар болон нийгмийн даатгалд хамруулах шийдвэр гаргаж, сар бүр тайлагнах ба мөнгөн дүнгээ төлж ирсэн. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас “Хашаатын ам” гэх газарт 4.76 га талбайд бичил уурхай эрхлэх дүгнэлт гарсныг мэдсэн.

11.3.  2023 оны 08 дугаар сарын 04 өдөр Улаанбаатар хотод Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны оффист гүйцэтгэх захирал Б.Ц бүрдүүлсэн бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгуулан 4.76 гагаар нь тусгаж гарын үсэг зуруулсан юм. 296 дугаар тогтоолын 2.5 -т: Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2-дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна”  гэж заасан байдаг.

11.4. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Толбо сумын Засаг дарга Н.Е уулзаж, бичиг баримтыг үзүүлэн, энэхүү журмын дагуу ажлын 10 өдөрт багтааж гэрээ байгуулахыг хүссэн боловч намайг бүтэн нэг сар чирэгдүүлсэн. Энэхүү нэг сарын хугацаанд сумын Засаг даргад удаа дараа албан тоот, шаардах бичиг, аймгийн Засаг дарга, Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоонд хүртэл удаа дараа албан бичиг явуулсан.

11.5. Сумын Засаг дарга нь сумын бүх иргэд, байгуулагдсан бүх нөхөрлөлүүдийг эрх тэгш оролцуулах гэж үзсэн. Засгийн Газрын 296 дугаар тогтоол, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах талаарх, Экологийн Цагдаагийн алба, Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо, Аймгийн Засаг даргын бичиг,  Ашигт малтмал, газрын тосны газруудаас ирүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 06 өдөр бүх нөхөрлөлүүдийн ахлагч нарыг цуглуулж байгаад хуралдаж, 296 тогтоолд заасан өргөдлийн дарааллын дагуу буюу шаардлага хангасан нөхөрлөлтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

11.6. Тухайн үед “К” нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох 3 га газарт гэрээ байгуулсан. Олборлолтын талбай болох 3 га газар, суурьшлын бүс болох 1000 м2 газар, хогийн цэг байгуулах газруудыг сумаас комисс гаргаж, газар дээр нь очиж зааж өгсөн. Тухай өдөр аймгийн төвөөс кадастрын мэргэжлийн байгууллага болох “Э” ХХК-ны мэргэжилтнийг байлцуулан хэмжилт хийсэн. 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотоос Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны тэргүүн Нарантөгс, гүйцэтгэх захирал Б.Ц хоёр ирж, сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч Х.Б, бусад нөхөрлөлүүдийн ахлагч нарыг цуглуулж энэхүү журмын хэрэгжилтийн талаарх мэдээлэл өгч. Сумын Засаг даргын шийдвэрийг хүндэтгэн үзэж манай нөхөрлөлд олгогдсон 3 га талбайн гэрээнд баталгаажуулан гарын үсэг зурцгаасан.

11.7. Тухайн газарт хашаагаа татаж, кемп байрлуулан, бэлтгэл ажлаа бүрэн хангасны дараа 2023 оны 10-дугаар сарын 18-ны өдөр сумаас комисс очиж хүлээлцэж үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгогдож албан ёсоор болсон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос “Өндөр сонор” гэх харуул хамгаалалтын 15 хүн, нөхөрлөлийн 9 хүн. тогооч 2, туслах 1, жолооч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллан 296 тогтоолд заасан журмын дагуу үйл ажиллагаа явагдаж байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээр байгуулан ажиллаж байгаа болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              1. Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд, нэхэмжлэгч “З”  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж дүгнэлээ.

              2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэр дэх “Хашаатын ам” нэртэй газрын 4.76 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[1]  Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн, улмаар Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг[2] гаргажээ.

              3. Дээрх  нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэсний дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна”,  6.1.2-т  “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах”,  8.1.2-т “энэ журмын 6.1.2-т заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг ажлын 10 хоногт багтаан хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;”,  9.1.1-т “энэ журмын 8.1.2-т заасан саналыг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх ба шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах”, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” гэж заасантай  тус тус нийцжээ.

              4. Нэхэмжлэгч нь “... бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай өргөдлийг сумын Засаг даргад анх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн, дараа нь бичиг баримтуудаа бүрдүүлээд өөрт нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгөхөд хүлээж авахаас татгалзсан,  гуравдагч этгээд нь ашигт малтмал олборлох тухай өргөдлөө сумын Засаг даргад манай нөхөрлөлийн  дараа өгсөн байх ба журамд  өргөдлийн дарааллаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулна гэж  заасныг хариуцагч  зөрчсөн” гэж тайлбарлаж маргасан бол хариуцагч нь “... нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичиг хэргийн ажилтнаар дамжуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай өргөдөл гаргасан нь үнэн, гэхдээ журамд заасан бүрдүүлэх бичиг баримтуудыг гүйцэт бүрдүүлээгүй байснаас гадна тухайн үед холбогдох дээд байгууллагаас ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй байсан,  дүгнэлт гарсны дараа дахиж нэхэмжлэгчээс өргөдөл болон бичиг баримтыг бүрдүүлж ирүүлээгүй,  нэхэмжлэгчийн анхны өргөдлийн хариуг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр  хүргүүлсэн” гэж  тайлбарлажээ.

            5. Засгийн газрын 2022 оны 296 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.1-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана”, 2.2-т “Өргөдөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход ашиглах техник хэрэгслийн гэрэл зураг, техникийн үзүүлэлтийг хавсаргасан байна”, 2.3-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараахь шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна”, 2.3.1-т “18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн”, 2.3.2-т “тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн”, 2.3.3-т “нөхөрлөл, хоршооны гишүүн”,  2.3.4-т “бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан”, 2.3.5-д “харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн”, 2.4-т “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн  гаргасан өргөдлийг хүлээн авахгүй” гэж тус тус заажээ.

              6. Толбо сумын Засаг даргад нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл” гаргасан нь, уг өргөдөлтэй цуг зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг[3] хавсаргасан нь, гуравдагч этгээд “К” Нөхөрлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл” гаргасан нь, уг өргөдөлд 57 хуудас бүхий бичиг баримтуудыг хавсаргасан нь, мөн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 88 хуудас бүхий нэмэлт бичиг баримтыг дахин гаргасан зэрэг  үйл баримт нь  хэрэгт авагдсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын дэвтэрт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл[4], гэрч С.Е мэдүүлэг[5], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд харин нэхэмжлэгчийн тайлбарласан сумын Засаг даргын өөрт нь биечлэн 2023 оны 09 дүгээр  сарын 04-ний өдөр бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд авахаас татгалзсан гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна.

              7. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлөө сумын Засаг даргад гуравдагч этгээдээс дэс дарааллын хувьд түрүүлж өгсөн боловч журмын дээрх заалтуудад заасан бичиг баримтуудаа гүйцэт бүрдүүлээгүй, тодруулбал 1 дүгээр хавсралтад заасан бүрдүүлэх шаардлагатай  “1.Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар 1, 2.Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар 1, 3. Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1, 4.Олборлолт явуулах талбайн байршлын зураг 1, 5.Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 1, 6.Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 1, 7.Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар 1, 8.Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн "Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ"  зэргийг хавсаргаагүй байх тул нэхэмжлэгчийн  өргөдлийг хүлээн авалгүй, буцаасан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

            8. Гуравдагч этгээд нь анх 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг даргад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай өргөдлөө журамд заасан бичиг баримтуудын хамт гүйцэт бүрдүүлж өгснөөр хариуцагч болон Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Ц, гуравдагч этгээд хоорондын байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” нь  журмын 2.5-д заасан “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна” гэсэнтэй нийцжээ.  

            9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А\83, А/84 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг[6] (1), Толбо сумын Засаг дарга Н.Е, “К” Нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд  байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 24, 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрүүдийн  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” үүдийг [7](2) тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е “З” Нөхөрлөлд газар ашиглуулах тухай захирамжийг гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “З” Нөхөрлөлд газар ашиглуулах эрхийн акт гаргахыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгах (3)  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.23 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” Нөхөрлөлийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А\83, А/84 дугаар “Газар ашиглуулах” захирамжуудыг (1), Толбо сумын Засаг дарга Н.Е, “К” Нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд  байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 24, 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-үүдийг (2)   тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е “З” Нөхөрлөлд газар ашиглуулах тухай захирамжийг гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “З” Нөхөрлөлд газар ашиглуулах эрхийн акт гаргахыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгах (3) шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                  

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 43-44 дүгээр тал

[2] Хэргийн 230, 231  дугаар тал

[3] Хэргийн 41,42 дугаар хуудас

[4] Хэргийн 221-222 дугаар тал

[5] Хэргийн 235-235 дугаар тал

[6] Хэргийн 197,198 дугаар тал

[7] Хэргийн 199-206 дугаар тал