Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгч: Ц.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоолтой Ц.Бд холбогдох 1738003520114 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Барнууд овогт Цэдэн-Ишийн Б, ..... оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЮ.................../.

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Гын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бг цагаатгаж, шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Д.Эийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Отгончимэг эсэргүүцэлдээ:  ...  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 273 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод харшилсан, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгах ажиллагааг хуульд зааснаар харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй алдаа гаргажээ.

Шүүгдэгч Ц.Бг тухайн үед 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста загварын тээврийн хэрэгслийг жолоодож, осолд орох үедээ тархинаас нь цус гарч жолоочийн суудаг суудлын бүрээсэнд наалдсан талаар улсын яллагч шүүх хуралдаанд энэ талаар “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/-г нотлох баримтаа болгожээ. Уг нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ...эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийн байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байна. Тодруулбал уг үзлэгийг хийхдээ мөрдөгч нь хөндлөнгийн хоёр гэрч, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна гэжээ.

Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Мөрөн Хатгалын чиглэлийн засмал замд зам тээврийн осолд орсон тухай гэмт хэргийн талаарх мэдээллийг холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан ирүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан хэргийн газрын үзлэг хийх журмын дагуу хэргийн газарт үзлэг хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулах талаар хуульчлаагүй байна. Уг үзлэгээр тээврийн хэрэгслийн ерөнхий байдал болон эвдрэл гэмтлийг харуулсан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал амьтан, цогцос зэргийг хамруулан хийхээр заажээ. Энэ заалтын хүрээнд мөрдөгч хэргийн газарт үзлэг хийсэн ба осолд орсон тээврийн хэрэгсэлд хэргийн газрын үзлэгийн хүрээнд хамруулан үзлэг хийсэн байна.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй талаар дурдсан байх ба дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэх заалтын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.10-т зааснаар гэрэл зургийн аргаар үзлэгийн явцыг бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Гын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт нь дээрх үзлэг хийх үер хураан авсан жолоочийн суудлын түшлэгийн бүрээсэн дээрх цусанд ДНХ-н тогтоцыг тогтоосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”-д хүрч байна гэжээ. Шинжээчийн дүгнэлт нь мөн зүйлд заасан баримтат мэдээлэлд хамаарах бөгөөд уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагад нийцсэн байхад тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүх тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэргийн газарт анх очиж хохирогч Ц.Гтой болсон хэргийн талаар ярилцаж энэ тухайгаа мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн цуснаас этилийн спирт илэрсэн тул үнэн зөв эсэхэд эргэлзэж байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болжээ. Тодруулбал гэрч Т.Батбэх мэдүүлэхдээ:. “..тэр залуу бараг хөлдөж байна уу гэлтэй байсан. Өөрөө даараад байна., хөлдөж үхлээ гэж байсан яагаад унасан юм бэ? яагаад ийм юм болчихвоо гэхэд тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Би машиныг хэн унаж явсан юм бэ? гэхэд балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Яг ингэж хэлсэн. Тэр залуу газар хэвтэж байхдаа даргыг таниад Үүрийнбаяр ахаа гэж байсан, тэр залуу хүн таниад юм яриад бас ухаан санаа нь эрүүл, асуусан асуултад хариулаад юм ярьж байсан, ....өвдөөд байна, даараад байна” гэж хэлж байсан талаар /ХХ-ийн 35 дугаар тал/, гэрч М.Үүрийнбаяр мэдүүлэхдээ: “...тэр залууг өргөөд машин руу оруулахаас өмнө тэр залуугийн дэргэд зогсож байхад нөгөө залуу намайг Үүрээ ахаа гэхээр нь гайхаж хараад Г болохыг нь таньсан. Тэгээд яасан яаж яваад ингэчихвээ, машин нь хэнийх юм бэ гэсэн чинь Г энэ балай хүүхнээс болчихлоо, машин миний машин байгаа юм гэхээр нь энэ юун хүүхэн юм чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй манай ангийн хүүхэд байгаа юмаа гэж хэлсэн ...” талаар тус тус мэдүүлжээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Ц.Г тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж хүнийг таньж, өөртөө байгаа зовуурь шаналлыг хэлж, осол юунаас болж хэрхэн гарсныг тайлбарлаж амжжээ. Хохирогчийн энэ байдлыг нүдээр харсан, харилцан ярилцсан гэрчүүдийн мэдүүлгийг хохирогчийн цуснаас этилийн спирт илэрсэн гэх үндэслэлээр эргэлзээтэйд тооцож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзэж байгааг дурдсан боловч түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй орхигдуулжээ. Мөн дээрх гэрчүүдийн мэдүүлэгт гарч байгаа “балай хүүхэн” гэсэн нь хэнийг хэлээд байгаа нь эргэлзээтэй гэжээ. Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр талийгаач бид хоёр явсан, өөр хүн байгаагүй, хэргийн газарт хохирогч Ц.Г, шүүгдэгч Ц.Б нар байсан талаар хангалттай тогтоогдсон байхад ийнхүү хэнийг хэлээд байгаа нь эргэлзээтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан атлаа эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг прокурорын газарт буцаахыг даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүгдэгч нь тухай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ц.Б прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэд: Талийгаач Ц.Г нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч, цус алдалтын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5% этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна.

Үүнээс үзэхэд Талийгаач Ц.Г нь хүчтэй зэргийн согтолттой хүнд зэргийн гэмтлийн улмаас нас барсан байна. Бие муу согтолтын зэрэг өндөртэй гэж баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй гээд 4.4-д “Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн”, мөн хуулийн 8 дахь заалтад “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.4-д “өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг” зэргийг шүүх үндэслэл болгож шүүх шийдвэрээ үнэн зөв гаргажээ. Үүнээс үзэхэд Талийгаач Ц.Гоос мэдүүлэг авахгүй, авсан ч шүүх үнэлэх боломжгүй нь дээрх заалтын дагуу нотлогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл 14 дэх хэсэгт “эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан журмыг шүүх баримталжээ.

Шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилтод нийцсэн гэж үзэж байна.

Гэрчүүдийн мэдүүлгийн тайлбар: “Балай хүүхэн” гэх үгийг гэрчүүд ам дамжин ярьсан байдаг. Түүнчлэн эрх зүйн шинжлэх ухаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг тайлбар авдаггүй, нотлох баримтаар үнэлдэггүй нь тухайн этгээд өөрийгөө хянаж удирдан жолоодох чадвараа алддаг бөгөөд балай хүүхэн гэдэг үг нь хэн нэгнийг машин барьж явсан гэдгийг нотлохгүй. Тухайн үед Талийгаач Ц.Г нь машин хэн барьж явсныг хэлээгүй бөгөөд зөвхөн балай хүүхнээс боллоо гэх үгийг машин барьж явсан мэтээр гэм буруугүй хүнийг гүтгэн хилс хэрэгт унагахгүй байхыг хүсэж байна. 2017 оны 10 дугаар сарын 29-нд талийгаач Ц.Г миний бие Ц.Бтэй уулзаж байх үедээ өөрийн эхнэрийг “Балай хүүхнээс болоод миний амьдрал сүйрчихлээ” гэж ярьж байсан билээ. Энэ үг түүнийг үхэлд хүргэсэн буруутан нь хэмээн ойлгож болохгүйтэй адил зүйл юм. Мөрдөгч, прокурор нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж байгаа боловч миний бие Ц.Бгийн өгсөн үнэн бодиттой мэдүүлэгт огт үнэлж итгэхгүйд нь гайхаж байна. Зөвхөн нэг талыг барьж нотлох баримтууд цуглуулсан гэж үзэж байна.

... 2017 оны 10 сарын 29-30 нд шилжих шөнө осолд орсноос хойш ажилгүй болсон, эрүүл мэнд муудсан. Одоо ч бүрэн эдгэрээгүй эмчлүүлсээр байна. Би машин бариагүй гэдгээ шүүх хуралдаан бүрт хэлж ирсэн. Прокурор, мөрдөгч нар зөвхөн нэг талыг барьж хандаж байгаа нь үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийн талд үнэн бодит мэдээлэл өгөхгүй, түүний төсөөллийн дагуу ажил хэргээ явуулж байгаад харамсаж байна. Шүүх намайг цагаатгасан явдал нь үнэний талд зогсож чаддаг юм байна гэж ойлгож байна. Цаашид намайг цагаатгаж гэм зэмгүй хүнд хэрэг хүлээлгэхгүй байх гэж итгэж байна. Хүний эрх, шударга ёсыг урьтал болгон шударгаар шүүж өгнө үү хэмээн шүүхийн байгууллагаас хүсэж байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №273 дугаартай цагаатгах тогтоол нь үнэн зөв, шударга гарсан гэж үзэж байна. Цаашид өөрийн нэрээ сэргээж цагаатгуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 221 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Бг согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд зорчиж явсан Ц.Г нас барсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг нь эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл нь хууль зөрчиж хийгдсэн байх тул нотлох баримтад тооцож болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Зам тээврийн ослын улмаас Ц.Г амь хохирсон хэргийг шүүгдэгч Ц.Б үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан учир прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “...Шүүх Ц.Бгийн үйлдлийг ...гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан атлаа ...хэргийг прокурорын газарт буцаахыг даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх ...заалтыг зөрчсөн” гэх хэсгийг мөн адил хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дээрх асуудлыг тусгахаар хуульчилсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасныг буруутгах боломжгүй юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/273 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.Б