Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

Б.Гунгаадоржид холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Д.Гончигсумлаа  
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
      Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
           Шүүгдэгч Б.Гунгаадорж
           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Б.Гунгаадоржид холбогдох 2022001380081 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг, “Улаан худаг” гэх газарт оршин суух хаягтай, регистрийн дугаар ЗК95061816,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай /2015-8-11/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж 1 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан 
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан  Ганжуур овогт Болдбаатарын Гунгаадорж нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хажуугийн бууц” гэх газар иргэн Д.Гончигсумлаатай мал хөөлөө гэж маргалдан улмаар аавыг зодсон гэж түүний нүүрэнд мөргөх, унагаж өшиглөх зэргээр зодсоноос зүүн дээд-1, зүүн доод 2 дугаар шүдийг унагаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүний үйлдлийг Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
          Шүүгдэгч Б.Гунгаадоржид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гунгаадорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Гончигсумлаад хохирол 400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гунгаадоржоос 6.111.900 төгрөг гаргаж хохирогч Д.Гончигсумлаад олгож, хохирогч Д.Гончигсумлаагийн нэхэмжлэлээс 68.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гунгаадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгч Б.Гунгаадорж давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх надаас 6.111.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Гончигсумлаад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Д.Гончигсумлаа нь яс нөхүүлэх, шүд суулгуулах эмчилгээ хийлгэхэд урьдчилаад 6.180.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж ирүүлсэн. Тухайн баримтаар Д.Гончигсумлаа энэ мөнгийг төлсөн эсэх, цаашид тухайн эмнэлэгт эмчлүүлэх эсэх нь эргэлзээтэй байхад эмнэлгээс хохирогчид санал болгосон эмчилгээний үнийг төлсөн гэх хуулбар баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, хохирлыг гаргуулсанд гомдолтой байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө. Одоогоор шууд гаргаад өгчих мөнгөгүй байгаа. Шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтад миний эцгийн нэрийг буруу бичсэн байна. Миний гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Гончигсумлаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Гэмтэл согогийн үндэсний төв болон Дентасис эмнэлгүүдэд үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 22-нд үзүүлэхэд хамгийн тохиромжтой нь имплят шүд хийлгүүл гэсэн. 3 удаа эмчилгээ хийнэ гэсэн бөгөөд 3 сарын хугацаагаар завсарлагатайгаар эмчилнэ гэсэн. Эмчилгээнийхээ зардлыг урьдчилаад эмнэлгийн дансанд оруул гэснээр тушаасан. Интернет банкаар тушаасан тул эргэлзэх зүйлгүй. Би унааны зардал зэрэг гэмт хэргийн улмаас учирч байгаа бусад зардлаа нэхэмжлээгүй. Зөвхөн шүд хийлгэх зардлаа л нэхэмжилж байгаа болно” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн улмаас хохирогчийн 2 шүд булгарсан. Хохирогч шүд хийлгүүлэхээр эмчилгээ хийлгэж байгаа. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 6.111.900 төгрөгийг шүүгдэгч аль болох богино хугацаанд хохирогчид өгөх хэрэгтэй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд хохирогчид эмчилгээний зардлыг зохих хэмжээгээр төлж барагдуулж байгаа. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 2020/ШШТ/72 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж, эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж байна. Шүүгдэгч Б.Гунгаадорж нь хэргийн зүйлчлэл, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдоогүй бөгөөд хохирогч Д.Гончигсумлаагийн эмчилгээний зардалд 6.111.900 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргажээ. Хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд эмчилгээний төлбөр төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн 6.111.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
  
           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 
          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гунгаадоржийн гэм бурууг зөв тогтоож, гэм бурууд тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Д.Гончигсумлаагийн шүүх хуралдаанд гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 
         Шүүгдэгч Б.Гунгаадорж давж заалдах гомдол болон давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хохирогч Д.Гончигсумлаа нь яс нөхүүлэх, шүд суулгуулах эмчилгээ хийлгэхэд урьдчилаад 6.180.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд мөнгийг Гончигсумлаа төлсөн болох нь эргэлзээтэй” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй байна гэж дүгнэв. Хохирогч Д.Гончигсумлаа нь шүд суулгуулах болон эмчилгээний төлбөрт  DENTA SIS эмнэлэгт 6.180.000 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаас /х-146/ гадна хавтаст хэрэгт авагдсан Denta sis эмнэлгийн карт /х-108, 145/, уг эмнэлгийн төлбөрийн үнийн дүн /х-101/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс дүгнэн эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 
           Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 болон 2 дугаар заалтад Гунгаадоржийн эцэг Болдбаатарын нэрийг бичихдээ “Бодлсайхан” гэж үг, үсгийн алдаа гаргасан боловч шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт овгийг алдаагүй зөв бичсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв. Цаашид шүүх, шүүгчээс үг үсгийн алдаагүй эрхийн акт гаргаж байх нь зүйтэй. 
         
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Болдбаатар овогтой Гунгаадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 


           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ