| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038000000283 |
| Дугаар | 2020/ДШМ/37 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ДШМ/37
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Шүүгдэгч: М.Б,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 503 дугаар захирамжтай М.Бд холбогдох 2038000000283 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Харь буриад овогт Мөнх-Очирын Б, ..... оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЛ............./.
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уртын гол” гэх газарт Аксент маркийн 39-77 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.У, Ц.С нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж Ө.Угийн эрүүл мэндэд хүнд, Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 503 дугаар захирамжаар шүүгдэгч М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч М.Бгийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №993309 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдсан болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “хэргийн байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч ,шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гэж дүгнэснийг өмгөөлөгч миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдэл үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болгоомжгүйгээр зам тээврийн осол гарган хохирогч Ө.Угийн эрүүл мэндэд хүнд, Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ө.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд: “Тухайн үед Б бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй ....” /хх-ийн 27-р тал/,
Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд: “2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхнэртэйгээ Аксент маркийн 39-77 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төмөрбулаг сумын төв рүү ороод буцах замдаа эхнэрийн хамт 0,5, 0,75 литрийн 2 шил архи аваад уусан. Манай эхнэр бага зэрэг уусан, би ихэнхийг уугаад согтсон байсан. Төмөрбулаг сумын 1-р баг Уртын голын аманд машин барьсан, эхнэрийгээ хажуудаа суулгаад явж байсныг санаад түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх юм байхгүй, би тасарсан байсан . ..” /хх-ийн 35-р тал/,
Гэрч Ш.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд: “2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Бгийн хамт Аксент маркийн 39-77 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төмөрбулаг сумын төв рүү ороод буцах замдаа манай нөхөр 05, 075 литрийн 2 шил архи аваад уусан. Би бага зэрэг уусан, манай нөхөр ихэнхийг уугаад согтсон байсан. Төмөрбулаг сумын Уртын гол өгсөөд явж байтал би хэсэг унтсан байсан. Бид 2 тэр 3-тай уулзаад манай машинд У орж ирээд манай 2 найз юу хийж байна гээд машинаас буугаад явсан. Манай нөхөр хөдлөөд Уг шүргээд унагаасан. Төмөрхуяг хүн дайрчихлаа гээд машины цонх руу цохисон. Би болохоор яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Машинтай цаашаа өгсөж явж байгаад машин унтарсан, манай нөхөр цаашаа явган гэртээ харилаа гээд явсан. Өглөө би гэртээ очиход манай нөхөр унтаж байсан ба нөхөр надад хэлэхдээ би тасарсан, нэг мэдсэн модон дотор явж байхаар нь гэртээ ирлээ ...” /хх-ийн 36 -37 -р тал / гэж мэдүүлжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч магадлагааг гаргасан байх ба уг магадлагаа хуульд заасан журмын дагуу гарсан, магадлагааны талаар оролцогч нар гомдол хүсэлт гаргаагүй байх тул зам тээврийн ослыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хийлгэх нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/503 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай яллах дүгнэлтээр М.Бг согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уртын гол” гэх газарт Аксент маркийн 39-77 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.У, Ц.С нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж Ө.Угийн эрүүл мэндэд хүнд, Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй байх тул зам тээврийн ослыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч М.Бг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл прокурор яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа “...явган зорчигч Ө.У, Ц.С нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж Ө.Угийн эрүүл мэндэд хүнд, Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэжээ.
Гэтэл хохирогч Ө.У, Ц.С, гэрч Б.Төмөрхуяг нарын мэдүүлгээс үзэхэд хохирогчийг автомашинаар дайрч унагаад дахиж эргэж ирэн дээгүүр нь дайрч гарсан нөхцөл байдал тогтоогдож байхад хохирогч нарыг мөргөсөн гэж яллаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг прокурор зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн яллах дүгнэлтэд “...хохирогч Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд энэ зүйлд зааснаар зүйлчлэгдэх боломжгүй бөгөөд хүндэвтэр болон түүнээс дээш зэргийн гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд тохирох зүйл хэсгээр зүйлчлэгдэнэ.
Гэтэл прокурор хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй болжээ.
Мөн М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн тохиолдолд жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож, тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байгааг мөрдөгч, прокурор нь анхаараагүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ