| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0953/З |
| Дугаар | 128/ШШ2024/0073 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0073
20******* 01 22 128/ШШ20*******/0073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш******* овогт Ч*******ийн Б*******, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ж,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ч, П.Б нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч Ч.Б******* Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан 2022 оны 8 дугаар сарын *******-ний өдөр “... дээрх иргэдэд нууран дотор өгч болоод байгаа нуурын газраас 20-40 м зайтай байрлах миний 2007 оноос хойш ашиглаж байгаа 300 мкв ч хүрэхгүй хашааны газрын гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот албан бичгээр “... тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
1.2. Тус хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/4822 тоот албан бичгээр “... дээрх асуудлаар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн бөгөөд тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүстэй давхацсан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэжээ.
1.3 Нэхэмжлэгч Ч.Б*******оос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргажээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Ч.Б******* миний бие нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ч (б) тоотод оршин суудаг ба өөрийн хадам эгч Ш.Гийн өмчилж буй газрын илүү хэсэг болох 300 м.кв газрыг эзэмших хүсэлтээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон тус дүүргийн Засаг Даргад 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдөр газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан. Гэвч энэхүү хүсэлтийг “... тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй...” гэх үндэслэлээр татгалзсан болохыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 17/10 тоот лбан бичгээр мэдэгдсэн. Уг үндэслэлийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь үерийн далангийн хамгаалалтын бүс гэх байршилд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийг манай улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа, мөн түүнчлэн ногоон нуурын бүсэд 2009 оноос хойш иргэд газар эзэмшиж, ашигласаар ирсэн бөгөөд тухайлбал, 2020 онд нэр бүхий иргэдэд 14, 146, 1461, 1461, 14615, 14615, 1461502, 14615, 146150, 1461, 14615, 146, 1461, 14, 14, 14615004, 14615005 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Үүнээс үзэхэд нэгдүгээрт, миний газар эзэмшихээр хүсэлт гаргасан ногоон нуур орчмын байршил нь иргэнд газар олгохыг хориглосон (хязгаарлалт тогтоосон) бүсэд хамаарахгүй болох нь тогтоогддог, хоёрдугаарт, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн Засаг дарга иргэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хэр нь бусад иргэдэд газар эзэмших эрхийг нь баталгаажуулан гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь ойлгомжгүй бөгөөд төрийн байгууллага хууль тогтоомжийг тэгш бус, ялгамжтай хэрэглэсэн гэж үзэхээр байна. Ингээд миний бие нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 17/10 тоот шийдвэр (хариу)-ийг эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст гомдол гаргасан. Гэвч энэхүү гомдлыг шийдвэрлэх боломжгүй гээд мөн адил үндэслэлээр татгалзсан болно. Ийнхүү татгалзаж байгаа нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул дээрх татгалзал, түүний үндэслэлийг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 17/10 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн газрын албанд иргэн Ч.Б******* 2007 оноос хойш газар эзэмших хүсэлтээ гаргасан байдаг. Хүсэлт гаргаж байгаа байршил маань өөрөө Сүхбаатар дүүргийн газрын алба болон Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ирүүлсэн өргөдөл шийдвэрлэсэн хариу ерөөсөө Ногоон нуурын далангийн хамгаалалтын бүс тул боломжгүй гэдэг хариу өгдөг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрөө үерийн хамгаалалтын далангийн бүс гээд байгаа тогтоолыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргаж ирүүлсэн нотлох баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан 2015 оны А, А1 дугаар тушаалаар хамаарч байгаа. Ногоон нуурын далангийн энгийн хамгаалалтын бүс гэдэгт хамаарч байна гэдэг хариуг ирүүлсэн байгаа. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас өгсөн нотлох баримтаар 2 сайдын тушаалаар батлагдсан журамд өөрчлөлт оруулах тухай хамгаалалтын бүсийг тогтоосноор энгийн хамгаалалтын бүсэд газар олгож болохгүй гэсэн ийм заалт байхгүй юм байна лээ. Тэр ч байтугай 2007 оноос хойш нийтдээ 15 жил гэрчилгээ авч чадахгүй 300м2 газрын хашаа голын горьдлогоос өнөөдрийн байдлаар 107 метр газар дээрх баригдсан байгаа далангийн ирмэгээс 50,6 метрт байрлаж байгаа. Энэ нь нуурын энгийн хамгаалалтын бүстэй ямар ч давхцаагүй гэх үндэслэлтэй байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-д хөдлөх үл хөдлөх хөрөнгийг иргэн шударгаар эзэмших өмчлөх өв залгамжлах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д эзэнгүй эдийн засаг шударгаар олж авснаас хойш бол өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээдэд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авах эрхтэй. Мөн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй гэж заасан байдаг боловч шударгаар өнөөдрийг хүртэл 16 жил Ч.Б*******ын ашиглаж байгаа 300м2 газарт ямар ч гэрчилгээ олгогдохгүй байгаа. Энэ нь дээрх хуулиудад заасан хууль ёсны газар эзэмших ашиглах болон эрхэд халдаж байна гэж үзэж байгаа. Тэгээд надад олгохгүй гээд байгаа атлаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нийтдээ 2020 онд 17 иргэн далангийн хамгаалалтынхаа бүс дотроо бүүр нууран дотроо оруулаад 17 иргэнд 2020 онд олгосон байдаг. Мөн 2019 онд 8 иргэнд газар дээр бүүр ямар ч ашиглалт байхгүй хов хоосон зүгээр усан дээр аваачаад дахиад 8 иргэнд нэмээд олгочихсон байдаг. Сая 2023 оны ******* дугаар захирамжаар нийтдээ 13 иргэнд мөн 700м2 газрыг дахин олгосон байдаг. Энэ маань өөрөө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 10 сарын 26-ны А гэдэг захирамжаар олгогдсон мод үржүүлгийн зориулалттай газрыг 13 иргэнд гэр бүлийн эрх зүйн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Энэ маань өөрөө эрх шилжиж байгаа захирамж уу эсвэл зориулалт өөрчлөөд өөрчилж байгаа гэж захирамжаа гаргасан боловч энэ 13 иргэнд мод үржүүлгийн зориулалтаар анх байсан газрыг 2023 онд сая гаргахдаа мод үржүүлгийн гэр бүлийн эрх зүйн зориулалтаар болгосон уу гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй байна. Миний хувьд бол эдгээр 38-ын иргэнд газар эзэмших эрх гэрчилгээ тухайн ногоон нуурын далангийн хамгаалалтын бүсээс бүүр дотогшоо нуурынхаа бүүр хязгаарлалтын бүсэд олгочхоод байгаа мөрлөө миний дүү болох Ч.Б*******од 15, 16 жил ашиглаж байгаа энэ 300м2 газрыг олгохгүй байгаа нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол 2022 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 8 сарын 29-ний өдрийн 10 дугаартай газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож газар эзэмшүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2015 онд анх энэ зэрэглэлтэй газрыг өмчлөх эрхтэй газрыг худалдан авснаар газрын зэрэглэлтэй илүү талбайг хашаалсан энэ хашаалсан талбайдаа өмчлөх эрх олж авах үүднээс мөн газар эзэмших хүсэлтүүдийг тухай бүр гаргаж байсан ч хариуцагч байгууллагын зүгээс хүлээж аваагүй. Ингээд 2022 оны 8 дугаар сард хүсэлтээ гаргаад дүүргээс татгалзсан хариуг өгч байгаа юм. Татгалзаж байгаа үндэслэлүүдээ Усны тухай хуульд заасан Ногоон нуурын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байна гэдэг. Өнөөдрийг хүртэл байгаль орчин Засгийн газрын 2015 оны тогтоол өгөхөөс өмнөх хүртэл ерөөсөө энэ хэдэн метр квадрат нь энгийн болон онцгой хамгаалалтын бүс дээр давхцаж байгаа нь төрийн захиргааны байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагуудтай холбоотой энэ асуудлууд дээр нэг ч тогтоол шийдвэр давхцаж байгаа гэдэг үг үсэг ер нь гардаггүй. Тэгсэн мөртлөө давхцаад байдаг. 2023 оны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг байж байгаа 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ногоон нуурын далангийн хамгаалалтын бүсийн мэдээлэл газрын газрын нэгдсэн мэдээллийн санд ерөөсөө огт тусгагдаагүй байна гэдэг үндэслэлтэй ерөөсөө тусгагдаагүй байгаад байдаг.
Хоёрдугаарт шүүхээс үзлэг хийсэн. Өнгөрсөн оны 3 дугаар сарын 2-нд шүүх үзлэг хийсэн энэ үзлэг дээр бодитоор нуур гэдэг зүйл ширгээд алга болчихсон. Нуур гэхээсээ илүүтэйгээр үерийн ус хуримтлагддаг ийм тогтоол усны шинжтэй зүйлүүд байсан. Ширгээд алга болчихсон энэ нуур нь дотроо сая дурдсан 2013 оноос хойш эхлээд хариуцагч байгууллагын Засаг дарга өөрөө газар эзэмшүүлээд явчихсан. Газар эзэмшүүлж байгаа процесс нь иргэн Ч.Б*******ын хүсэлт гаргасан цаг хугацаатай ч гэсэн зэрэгцүүлээд үүнээс хойш газар эзэмших шийдвэр болгоод зориулалтуудыг нь өөрчлөөд явж байгаа үйл баримтууд байгаа. Тэгэхлээр энэ дээр төрийн байгууллагаас өөрөө хууль тогтоомжуудыг нэг мөр хэрэглэхгүй асуудлууд гарч байна. Иргэн бүрт ялгамжтай асуудлуудаар авч үзэж байна. Хамгийн сүүлд дүүргийн Засаг даргын захирамж байгаа 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А дугаар захирамжаар нэр бүхий 13 иргэнд 700м2 хүртэл газрыг Ногоон нуурынхаа зүүн эргийнхээ газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгочхоод 2023 оныхоо 2 дугаар сарын 18-ны өдрийн энэ захирамжаар газар эзэмших зориулалтыг нь өөрчлөөд ахуйн хэрэгцээний зориулалттай олгоод явчихсан. Хамгийн сүүлийн үлдчихсэн байсан газар нь энэ нэр бүхий 13 иргэний газрын тэгээд сая дурдсан нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар нэр бүхий 8 иргэнд зэрэгцүүлээд дүүргийн Засаг даргын захирамжаар тасралтгүй олгосоор яваад байгаа. Энэ Ногоон нуурыг бүхэлд нь үзлэгийн зургаар баталгаажсан, ногоон нуурыг нь бүхэлдээ хашаалчихсан нэгж талбарын дугаарууд олгогдчихсон, иргэд нь дахин төлөвлөлтөд хамрагдчихсан асуудал байгаа. Ч.Б*******ын газар бол далангийн эргийн хамгаалалтын бүсээсээ 50 гаран метрийн зайтай, эндээс 2008 оноос хойш хашаалсан. Энэ холбогдох зүйлүүд нь бол кадастрын зураг хийлгэж байсан үйл баримтуудаар бүхэлдээ нотлогдож байгаа. Усны тухай хуулиар энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд огт газар эзэмшүүлж болохгүй гэхээсээ илүүтэйгээр газар эзэмшигч ашиглагч иргэн ААНБ тусгайлсан гэдэг юм уу нэмэлт үүргийг хүлээлгэж болохоор ийм зохицуулалт бий. Огт газар эзэмших гэдэг юм уу ашиглуулж болохгүй гэхээсээ илүүтэйгээр тэр газар эзэмших хүсэлт гаргасан иргэн ААН байгууллагуудад нь нэмэлт үүрэг хүлээлгэх зохицуулалтууд байдаг. Дараагийн нэг татгалзаж байгаа үндэслэл нь юу вэ гэхлээрээ энэ орон сууцын 7 дугаар нэгж хорооллын төлөвлөлт шинэ суурьшлын бүс батлагдаж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар энэ 1080 айлын орон сууцын барилгын ажлууд эхлээд явчихсан байгаа. Бүхэлдээ яг ижилхэн үндэслэлээр татгалзаж байгаа хэм хэмжээ бүхэлдээ ороод явж байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэгч Ч.Б*******ын хүсэлтийг шийдвэрлэхгүй татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө захиргааны байгууллага хууль тогтоомжийг нэг мөр тайлбарлаж хэрэглээгүй ялгамжтай байдлаар хэрэглэж байгаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа асуудлууд бий. Сая хавтаст хэргүүдийг шинжлэн судаллаа дандаа хариуцагч байгууллага руу нийслэлийн Засаг дарга руу, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Геодези, зураг зүйн газар гээд энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн давхцал нь яг ямар байгаа юм? Одоо хүртэл Ч.Б*******ын эзэмшихээр хүсэлт гаргадаг 300м2-ын давхцал гэдэг юмнууд нь ерөөсөө тодорхой болсон юм байхгүй. Нуурын хаана юм гэдэг нь ерөөсөө тодорхой байхгүй. Засгийн газрын 2013 оны сүүлд шинэчилсэн тогтоолуудыг авч ярьж байна. Энэ тогтоолууд яг бодитой нуур нь байхгүй болчихсон энэ зүйл дээр яригдах уу үгүй юү гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Тийм учраас татгалзаж байгаа үндэслэлүүд нь бүхэлдээ хууль бус байгаад байгаа учраас энэ газар эзэмшүүлэх хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг хууль бус болохыг тогтоож газар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн энэ нэхэмжлэлийн шаардлагаар дэмжиж байна.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ч.Б*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 17/10 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах тухай” шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Ч.Б******* нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдөр дүүргийн 9 дүгээр хороо, Чб тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр өргөдөл гаргасан. Хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг (Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ), 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна) гэж заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр дээрх өргөдлийн хариуг хүргүүлсэн байна. Иймд дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд иргэн Ч******* овогтой Б******* нь 2022 оны 8 сарын *******-нд газар эзэмшүүлэх ашиглуулах холбоотой өргөдөл гомдол гаргасны хариуд 2022 оны 8 сарын 29-ний 17/1050 дугаартай албан бичгээр тодорхой хариу өгсөн байгаа. Тухайн албан бичигт Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 буюу Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх хуулийн заалтаар 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шат, төсөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд олгогдохоор төлөвлөгдсөн газруудад эзэмших ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал 2015 оны А/ буюу хамтарсан 120 журам батлах тухай журмаар далангийн хамгаалалтын бүс нь онцгой хамгаалалтын бүсийг баталж өгсөн байгаа. Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно гэж байгаа юм. 2.3.3-д онцгой бүсийг дараах байдлаар хамгаал гэсний 2.3.4-д хот суурин газрын нутаг дэвсгэрт усан сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд газар олгох боломжгүй гээд журам баталсан. Энэ нь өөрөө 2023 оны А/3*******, А/******* дугаар тушаалаар өөрчлөн найруулсан байгаа. Тухайн газар эзэмших хүсэлт гаргаж байгаа байршил нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх боломжтой нэгж талбаруудын Ногоон нуурын дотор 17 айл маш ихээр авагдсан гэж дурдсан. Энэ нь өөрөө 2020 онд биш 2013 онд А/******* гэдэг захирамжаар газар эзэмшүүлсэн байгаа. 2020 онд гэж яриад байгаа нь болохоор хугацаа сунгасан байгаа. 2013 онд хүсэлтээ гаргаад дахин төлөвлөлтийн бүс учраас иргэдэд 2013 онд дүүргийн Засаг даргын захирамжаар нэгэнт газар эзэмшүүлсэн юм чинь дахин төлөвлөлтийн бүс учраас иргэдэд төрөөс нөхөн олговортой дахин төлөвлөлт болж байгаа гэсэн үндэслэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар чөлөөлөх хэлтсээс тухайн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлттэй холбоотой барилга байгууламжууд баригдаж байгаа учраас тухайн оршин суугчдыг 2013 оны дүүргийн Засаг даргын захирамжтай оршин суугчдын хугацааг нь сунгаж шийдвэрлэлээ гэсэн албан бичиг ирүүлсний үндсэн дээр хугацаа сунгасан байдаг. Тухайн иргэдийг хохироохгүй гэсэн. Нэгэнт Дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн учраас хугацааг нь сунгаад нөхөн олговроор эргээд төрд нөхөн олговроо өгөөрэй гэсэн байгаа.
Нэр бүхий 8 иргэнийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 169 гэдэг захирамжаар тухайн иргэдэд олгосон байгаа. Тэгэхлээр байршил нь ерөөсөө дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх боломжгүй. Дүүргийн Засаг дарга санал оруулдаг: Жишээ нь 2023 онд хүсэлт өгвөл 20******* онд газар олгохыг дүүргийн Засаг дарга санал болгоно. Санал болгоно гэдэг нь юу вэ гэхээр дүүргийн Засаг дарга нар Иргэдийн хурлаар 20******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж өгдөг. Ингээд иргэдээс ирүүлсэн жишээ нь Ч*******ийн Б******* гээд нэхэмжлэгч талын хүсэлтийг нь бид нар газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад Нийслэлийн Газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтэс гэж байдаг тэр хэлтэс рүүгээ кадастрын зургийг төлөвлөгөөнд тусгасан зургаа ингээд баталж өгөөч гээд явуулахлаар наад газар чинь өөрөө инженерийн шугам сүлжээ бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж ашиглуулах газар байна мөн далангийн хамгаалалтын бүс, усны усан сан бүхий газрын хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр төлөвлөгөө батлагддаггүй. Тэгээд саналаа өгөх гэхээр ингээд төлөвлөгөө батлагддаггүй учраас дүүргийн Засаг дарга тухайн гарсан төлөвлөгөөг батлагдсаны дараа Засаг даргын захирамж гаргадаг байх. Тэгэхээр тухайн байршил нь өөрөө Усны тухай хууль зөрчөөд дээр нь далангийн хамгаалалтын онцгой бүсэд байрлаж байгаа учраас дүүргийн Засаг дарга тухайн газрыг олох боломжгүй байгаа юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... өөр бусад иргэдэд нууран дотор газар өгсөн мөртлөө Ч.Б*******од газар эзэмших эрх олгохгүй байгаа нь ялгамжтай хандаж байна, газар эзэмших хүсэлт гаргасан газар нь үерийн далангийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдоогүй” гэх агуулгаар маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Хэргийн үйл баримтын тухайд,
3.1. Ч.Б******* Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан 2022 оны 8 дугаар сарын *******-ний өдөр “... дээрх иргэдэд нууран дотор өгч болоод байгаа нуурын газраас 20-40 м зайтай байрлах миний 2007 оноос хойш ашиглаж байгаа 300 мкв ч хүрэхгүй хашааны газрын гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан.
3.2. Сүхбаатар дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот албан бичгээр “... тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэсэн хариу өгсөн.
3.3. Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17/153 тоот албан бичгээр “...Ч.Б*******оос 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдөр 5404 дугаартай газар эзэмших хүсэлт гаргасан байна. Тус өргөдлийн хариуг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 дугаартай албан бичгээр хаасан байна” гэжээ.
4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
5. Нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн дээрх шаардлагыг хангаагүй болох нь,
5.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/3186 тоот албан бичигт “... тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т газар зохион байгуулалтын ногоон байгууламжийн бүсээр тусгагдсан бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08/22 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн “Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд архитектур орон зайн Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүсээр төлөвлөгдсөн ... далан сувгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын бүсэд орж ... нуурын 200 м-ийн хамгаалалтын зурваст орсон байна” гэснээр,
5.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/6307 тоот албан бичигт “... Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуурт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоосон байна” гэснээр,
5.3. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/3186 тоот албан бичгээр “Г*******” ХХК-ийн Ч.Б*******ын нэр дээр үйлдсэн кадастрын зургийн солбицол нь Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна” гэснээр тус тус тогтоогдов.
6. Энэ тохиолдолд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 17/10 дугаар албан бичгээр иргэн Ч.Б*******ын хүсэлтэд газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг өгснийг хууль бус гэж үзэх боломжгүй, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.
7. Улмаар хуульд заасан шаардлага болох иргэнд эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, усан сан бүхий газрын хамгаалалтын зурваст багтсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид шүүхээс даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
8. Нэхэмжлэгчээс “...тус дүүргийн Засаг дарга иргэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа бусад иргэдэд газар эзэмших эрхийг олгож байгаа нь тэгш бус ялгамжтай хандаж байгаа” гэж тайлбарласан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А дугаар захирамжаар маргаан бүхий газарт нэр бүхий 13 иргэнд мод үржүүлгийг зориулалтаар газар эзэмших эрх олгож, мөн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамжаар газрын зориулалтыг иргэний, ахуйн болгож өөрчилсөн байх хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх тул бусад иргэдийн газар эзэмших эрхэд дүгнэлт хийхгүй.
9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газарт бодит байдал дээр нуур байхгүй, хатсан, усны хамгаалалтын бүсийг мөрдөх үндэслэлгүй” зэргээр тайлбарлах боловч тухайн газарт хамгаалалтын бүс тогтоосон Монгол Улсын Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байхын зэрэгцээ маргаан бүхий газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон, газар эзэмшигч нар, түүний дотор нэхэмжлэгчийн оршин суудаг гэх тус дүүргийн 9 дүгээр хороо, Чб тоот хаягт байрлах газрыг эзэмшиж байсан хадам эгч Ш.Г нь мөн нөхөн төлбөр авч газраа чөлөөлж нүүсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан Ч.Б*******оос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/10 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН