Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

  2

 

П.Дид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Батзаяа,

Шүүгдэгч: П.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолтой П.Дид холбогдох 2038001870322 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Д болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бөөчүүд овогт Пүрэвжавын Д, ..... оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн Галт сумаас Мөрөн сум руу УАЗ-220695 маркийн 52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бөөчүүд овогт Пүрэвжавын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч П.Дид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн П.Дийн өмчлөлийн 17.729.166 төгрөгийн үнэлгээтэй, УАЗ-220695 маркийн 52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 106.140 төгрөгийн үнэлгээтэй, 36 ширхэг, 0.61 м.куб хэмжээтэй, 5 сантиметрийн зузаантай 31 ширхэг, 3 сантиметрийн зузаантай 5 ширхэг хушин банзыг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Дийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж П.Дийн өмчлөлийн 17,729,166 төгрөгийн үнэлгээтэй УАЗ-220695 маркийн 52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгчийн болон миний үйлчлүүлэгч П.Дийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч П.Дийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан болох нь хэрэгт цугларсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд хохирогч Б.Эрдэнэтөгсийн, гэрч Б.Нацагдоржийн, Д.Бат-Эрдэнийн, Д.Гүршарнайгийн .... гэх мэдүүлэг /хх-н 33-р тал/, Галт сумын ЗДТГ-ыг төлөөлж Галт суман дахь байгаль хамгаалагч Б.Эрдэнэтөгс, П.Д нарын нотариатаар баталгаажуулсан Эвлэрлийн гэрээнд: Дээрх банзыг ачиж Мөрөнд оруулж ирсэн асуудлаар экологийн үнэлгээ гаргуулахад хохирол тооцохгүй тул эвлэрсэн гэх бичгийн нотлох баримт    /хх-н 81-р тал/.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч П.Дийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумаас Мөрөн сум руу УАЗ-220695 маркийн        52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаас дүгнэж үзвэл П.Д нь Хөвсгөл аймгийн Галт сумын төв Ц.Гончигсүрэнгийн хашаанаас мод бэлтгэх эрхтэй мэргэжлийн байгууллага болох Б.Нацагдорж захиралтай “Галт хүрэмт” ХХКомпанийн бэлтгэсэн модны хаягдал зах, банзнаас гарсан 0.61 м3 хэмжээтэй хушин банзыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Б.Эрдэнэтөгсийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “Галт хүрэмт ойн мэргэжлийн байгууллага нь 2019 онд талбай тусгаарласан. Тус мэргэжлийн байгууллагын захирал Б.Нацагдоржийн хүсэлт гаргасны дагуу Сум дундын ой анги шийдвэрлэж Иргэдийн төлөөлөгчдийн хурал лимитийг нь баталдаг юм. Тус мэргэжлийн байгууллага нь Галт сумын Хужирт багийн нутаг Устын хар нахиу гэх газарт 8 га газарт талбай тусгаарласан. П.Дид холбогдох хэргийн талаар мэдэхгүй. Галт хүрэмт мэргэжлийн байгууллагаас авсан хушин банз юм шиг байсан. Тухайн үед Галт хүрэмтийн захирал Б.Нацагдорж байхгүй байсан. Мөн би тухайн үед хөдөө ажлаар явсан байж таараад П.Д гэх хүн яараад ямар нэгэн бичиг баримтгүй явсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч Ц.Гончигсүрэнгийн  2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “Манай хүргэн болох Гүршарнай гэх хүн 2019 оны зун Галт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Галт хүрэмт гэх ойн мэргэжлийн байгууллагын Б.Нацагдоржийн рамнаас 4 удаа Серс гэх ачааны машинаар зах хушин банз ачиж манай сумын төвд байх хашаанд надаар буулгуулсан юм. Уг хушин зах банзыг одоо хүртэл манай хашаанд байлгаж байгаа юм. Би 2 сарын 20-ны үеэр сумын төв ороход манай багийн Д гэх залуу Мөрөнгөөс өөрийн УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслээр тэжээл ачиж ирсэн гээд явж байсан. ...Д Мөрөн явах гэсэн ачаагүй болохоор машин донслоод байх юм гэхээр нь би хашаанд байсан хушин зах банзнаасаа машинд ачилцаж өгсөн юм. Тэгээд уг банзыг Мөрөн ороод Гүршарнайгийн хашаанд буулгачих гэж хэлсэн юм. Д нөгөө банзаа Мөрөн рүү ачиж ороод цагдаад баригдсан байсан. Тухайн үед ЗДТГ-ын байгаль хамгаалагч байхгүй хөдөө явсан байсан. Би Дтой хамт ЗДТГ-т очсон юм. Тэгээд зах банз гайгүй байлгүй гээд Д явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Ц.Гончигсүрэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...Д.Гүршарнай гэх хүн надтай анх 2019 оны зун Нацагдоржийн рамнаас хуш модны нэг хоёрдугаар банз зэргийг ачиж Галт сумын төвд байх хашаандаа буулгасан. ...уг банзнаас 2 метрийн цэвэр банз гарах боломжтой юм. Д гэх залуугаар ачуулсан банз нь манай хашаанд буулгуулсан зах банзнаас гарсан цэвэр банзнууд байсан юм. Тухайн машинд одоо санаж байгаагаар 36 ширхэг ачуулсан байх гэж бодож байна. Банзны урт нь 2 метр, өргөн нь 14-25 см, зузаан нь 5 см байсан. Одоо хашаанд үлдсэн байгаа зах банзнаас цэвэр банз гарах зах банзнууд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Б.Нацагдоржийн  2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “2019 оны зун манай Хужирт багийн Гончигсүрэн ах манай хөрөө рамны хашаанаас хушин зах банз ачиж байсан. Манайх банзны захаа ашигладаггүй. Гараар янз бүрийн зүйл хийдэг хүмүүс зузаан банзыг нь сонгож аваад дахиж зүсээд банз гаргаж авдаг юм. Тэгээд Гончигсүрэн ах хэдэн удаа машинаар ачиж авсныг би сайн мэдэхгүй байна. Би төлбөр мөнгө аваагүй, хүмүүс авч л байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.Нацагдоржийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...Би хэдэн ширхэг зах банз авсныг мэдэхгүй байна. Манай хөрөө рамнаас гардаг хаягдал банзыг хүмүүс ирээд авдаг. Тэр хүмүүсийн авсан банз дээр хараа хяналт тавиад байдаггүй. Хүмүүс ирж авахгүй байхаар нь уурын зуух дээр аваачиж хаядаг. ...манайхаас гарсан зах банзнаас цэвэр банз гарах боломжтой. Манай сумын мужаанууд ер нь зах банз авч байж эд зүйл хийдэг. Гарах боломжтой. Бүдүүн урт модны нэг тал нарийн нөгөө тал бүдүүн байдаг тул дээрх хэмжээтэй банз бүдүүн талаас нь гардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Д.Бат-Эрдэнийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Намайг ажиллаж байхад Ц.Гончигсүрэн өөрийн портер маркийн машинаар хөрөө рамны хашаанаас зах банзнууд ачиж байсан. Миний хувьд зарж худалдсан зүйл байхгүй. ... Дээрх асуултад дурдсан шиг цэвэр банз гарах боломжтой. Учир нь 4 метрийн урттай нэг тал нь бүдүүн нөгөө тал нарийн модны зах банз гардаг. Манай хашаанаас гайгүй цэвэр банз гарах боломжтой банзнуудыг шилж сонгож авдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Д.Гүршарнайгийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн ”2019 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сум орсон юм. Энэ үеэр Гончигсүрэнтэй хамт Нацагдоржийн рам ороход хэдэн ширхэг банз харагдаж байсан. Гончигсүрэнд захихдаа энэ раман дээр хэдэн ширхэг банз байна нийлүүлж байгаад 11 сард             ах руугаа явуулчихаарай гэж захиж байсан юм. Д банз ачиж яваад Мөрөнд цагдаад шалгагдахаас хэд хоногийн өмнө намайг Улаанбаатар хотод явж байхад Гончигсүрэн над руу утсаар залгаад ярихдаа “ах хэдэн ширхэг банз байгаа Д Мөрөн лүү явах гэж байна. Ачаад явуулчих уу” гэж асуухаар нь юу ч бодолгүй тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд л Д нөгөө банзыг ачиж яваад цагаад журамлагдсан. ...нөгөө банзыг манай гражид хураасан байсан. Хотоос ирээд тоолж үзэхэд 31 ширхэг 5 сантиметрийн банз, 3 сантиметрийн 5 ширхэг банз л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, ХӨА 042130, ХӨА 084554 серийн дугаартай “Галт хүрэмт” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичиг зэргээр нотлогджээ.

Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүх энэхүү гэмт хэргийн гол шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл П.Дийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, уг үйлдлийн улмаас ойн санд бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн диспозицод заагдсан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн” үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн мод, модон материал нь ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн эсэх байдал чухал бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэгдсэн, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдвол тухайн мод, модон материал  тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Дид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх П.Дид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 47 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, УАЗ-220695 маркийн 52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг П.Дид, 0.61 м3 хэмжээтэй 5 сантиметрийн 31 ширхэг, 3 сантиметрийн 5 ширхэг хушин банзыг Д.Гүршарнайд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Дид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Дийг цагаатгасугай.

2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 47 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, УАЗ 220695 маркийн 52-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг П.Дид, 0.61 м3 хэмжээтэй 5 сантиметрийн 31 ширхэг, 3 сантиметрийн 5 ширхэг хушин банзыг Д.Гүршарнайд тус тус олгосугай.

3. Шүүгдэгч П.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Н.БАЯРХҮҮ