Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0097

 

     2024          01           29                                    128/ШШ2024/0097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б*******, Б.Б*******, А.Ц,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э нарын хоорондын

“Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. “О*******” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.8 дугаар зүйлийн 6.8.1-д заасны дагуу мэргэжлийн ур чадваргүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан прокурор Д.Мг өмгөөлөн хаацайлсан Ерөнхий прокурор Э.А ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасан,

1.2. Монгол Улсны Ерөнхий прокурорын газрын прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр “... Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Э.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэснийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 14/841 дүгээр албан бичгээр “О*******” ХХК-д мэдэгдсэн байна.

1.3. Үүний дараа тус байгууллагаас гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч*******аас “т/н Эд” гэж 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, цааш “Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн О.М*******т” гэж мөн сарын 09-ний өдөр цохож шилжүүлсэн.

1.4. “О*******” ХХК-иас дахин 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Я******* дугаартай албан бичгээр Улсын ерөнхий прокурорт хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 14/841 дугаарт хариу мэдэгдэх хуудсыг /дүгнэлтийг/ эс зөвшөөрч байгаа тул 14/841 дугаарт хариу мэдэгдэх хуудсыг /дүгнэлтийг/ хүчингүй болгох Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-т заасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасан

1.5. Улмаар Монгол Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдолд мөн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14/1716 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Прокурорын ёс зүйн зөвлөл нь Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, Зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн хариуг өгсөн байна.

1.6. “О*******” ХХК-иас Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус ББСБ нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн 13 дугаарт дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 7628 дугаар захирамждаа “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Улсын ерөнхий прокурор хянан шийдвэрлэхээр, харин Улсын ерөнхий прокурорын шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэх талаар нарийвчилсан журмаар зохицуулсан тохиолдолд Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчаас дүгнэтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна...”, Захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүх 0793 дугаар тогтоолдоо “...”Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын ... 6.13-д "Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана”, 6.14-д “Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

Дээрх журмын зохицуулалтын дагуу Улсын Ерөнхий прокурор нь прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 13 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байх бөгөөд 14/1716 дугаартай албан бичгээр өгсөн хариуг Улсын Ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэж тус тус дурьдан Улсын Ерөнхий Прокурор Прокурорын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу шийдвэр гаргах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймээс тус ББСБ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.5.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын тухай хуулийн 48-д улсын прокурорын бүрэн эрх гэж заачихсан байгаа. Хуулийн 48.1.13-д нь хуульд заасан бусад гэж байгаа энэ бусад нь 66.3 ороод байна гэдэг зүйлийг бид нар хэлж байгаа юм” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын ерөнхий зөвлөлийн 17 дугаар дүгнэлт хүчингүй болгохоор тус ББСБ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан боловч 7268 дугаар захирамжид Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Ерөнхий прокурор хянан шийдвэрлэж хариу өгнө. Иймд дүгнэлтэд танай байгууллага санал гаргах эрхгүй шүүхэд хандах эрхгүй юм байна гэдэг агуулгаар анхан шатын шүүх дүгнэсэн. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0793 тоот тогтоолоор Прокурорын ёс зүйн зөвлөл ажиллах журмын 6.13-д заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг нь Улсын ерөнхий прокурорт танилцуулан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий прокурор өөрт олгогдсон эрхийн дагуу шийдвэр гаргана гэсэн үг. Харин журмын 6.14-д нь улсын ерөнхий прокурорын эс үйлдэх шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэсэн энэ зохицуулалтыг прокурорын дүгнэлтэд шүүхэд гомдол гаргах эрхгүй, прокурор ямар нэгэн шийдвэр гаргаагүйгээс болж тус ББСБ-ын шүүхэд гомдол гаргах эрхэнд халдаж байгаа учраас бид нар үүнийг ерөнхий прокурор нь эс үйлдэхүйгээр шийдвэр гаргахгүйгээр прокурорын дүгнэлтийг үндэслэж ямар шийдвэр гаргах нь бүрэн эрхийн асуудал. Энэ шийдвэр гаргаагүйгээс үүдэж шүүхэд гомдол гаргах эрхэд халдаж байгаа учраас Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-д заасан прокурор заасан гомдол гаргаагүй нь улсын ерөнхий прокурорт танилцуулж дүгнэлтийг үндэслэн ерөнхий прокурор өөрийн олгогдсон эрхийн дагуу шийдвэр гаргана гэсэн энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй гэж үзэж хууль бус болохыг тогтоож дүгнэлт гаргахаар даалгаж өгөх ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Прокурор ямар шийдвэр гаргах нь өөрийн бүрэн эрхийн асуудал учир энэ эрхэд нь халдах ямар нэгэн байдалд нөлөөлөх зүйл байхгүй. Гэм буруутай юм уу, гэм буруугүй юм уу, зөрчил гаргасанд тооцохгүй юм уу энэ талаар ямар нэгэн гарын үсэгтэй шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байгаа. Түүнээс биш бид нар эрхэд нь халдаад заавал энд хариуцлага ноогдох ёстой заавал дүгнэлтийг үндэслэж ямар нэгэн шийдвэр гаргах ёстой гэдэг байр суурь бариагүй” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““О*******” ББСБ нь “... мэргэжлийн ур чадваргүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж, илт алдаатай тогтоол гаргасан Д.Мr Э.А өмгөөлөн хаацайлж, түүнд хариуцлага тооцохгүй байх хариу ирүүлсэн нь Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн” гэх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Аыг прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг шалгасан шалгалтын дүнг хэлэлцээд “Э.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй” талаар 13 дугаартай дүгнэлт гарсан. Дээрх шийдвэрийг “О*******” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Б*******т мэдэгдсэн бөгөөд уг шийдвэртэй холбоотойгоор гомдол гаргаагүй тул дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулсан. Эдгээр ажиллагаа нь “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу явагдсан. Прокурор Э.Аыг “Прокурорын ёс зүйн дүрэм” зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан, энэ шийдвэрт Б.Б*******аас гомдол гараагүй тул Улсын Ерөнхий прокуророос зөвлөлийн хуралдааны дүгнэлттэй холбогдуулан ямар нэг шийдвэр гаргаагүй болно. Учир нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас “Прокурорын ёс зүйн дүрэм” зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан нь эрх зүйн үр дагавар бий болгоогүй тул Улсын ерөнхий прокуророос шийдвэр гаргах боломжгүй юм. Харин Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас “Прокурорын ёс зүйн дүрэм” зөрчсөн талаар дүгнэлт гарсан тохиолдолд Монгол Улсын ерөнхий прокурор нь Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Ёс зүйн зөвлөлөөс шалгаад прокурорын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд ёс зүйг зөрчөөгүй талаар дүгнэлтийг гаргасан. Энэ талаар 13 дугаар дугаартай дүгнэлтийг гаргаад дүгнэлтийн дагуу хариугаа хүргүүлсэн байгаа. Үүнд гомдол гаргасан тохиолдолд Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.15 дугаар зүйлд зааснаараа дахин шийдвэрээ хэлэлцээд улмаар энэ асуудлыг хэлэлцээгүй тохиолдолд Ёс зүйн зөвлөлийн 6.15 дахь хэсэгт зөвлөлийн дүгнэлт эцсийн байна гэж зааснаар энэ дүгнэлт өөрөө эцсийн болсон. Ёс зүйн зөвлөлтэй холбоотой ерөнхий прокуророос шийдвэр гаргаж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг ерөнхий прокурорт танилцуулна, танилцуулаад ерөнхий прокуророос ямар нэгэн шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа Ёс зүйн зөвлөлтэй холбоотой асуудлыг Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлд тодорхойлж өгсөн байдаг. Энэ дүгнэлтийг үндэслээд ерөнхий прокуророос ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлогдчихсон. Үүнтэй холбоотойгоор ерөнхий прокурорын бүрэн эрхийн хүрээнд ерөнхий прокурор ямар шийдвэр гаргах вэ гэдэг маань өөрөө Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан байдаг. Улмаар хуулийн 13 шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой, энэнийхээ дагуу прокурорт сахилгын шийтгэл оногдуулах гэсэн асуудлыг шийдвэрлэх мөн прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай. Үүнээс үүдээд Ёс зүйн зөвлөл ажиллаад түүний шийдвэрийг үндэслээд ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь 66 дугаар зүйлд нарийвчлаад тодорхойлоод өгчихсөн байгаа. Тийм учраас ерөнхий прокуророос ямар нэгэн шийдвэр гаргах эрх зүйн үр дагавар үүсээгүй.

Хэрвээ Ёс зүйн зөвлөлөөс 2 прокурор ёс зүйн дүрэм зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг гаргасан тохиолдолд Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 48 дугаар зүйлд зааснаар бүрэн эрхийнхээ хүрээнд ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах уу үгүй юү гэдэг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үр дагавар үүсэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ ёс зүй зөрчөөгүй гэдэг шийдвэр гарчихсан учраас ямар нэг эрх зүйн үр дагавар үүсээгүй. Тэр хүнд ямар нэг сахилгын шийтгэл оногдуулах уу, үгүй юү гэдэг эрх зүйн үр дагавар үүсээгүй байгаа учраас үүнд ерөнхий прокурор ямар нэг шийдвэр гаргах эрх зүйн үр дагавар үүсээгүй, ямар нэг зохицуулалт байхгүй болчхож байгаа. Давхар ерөнхий прокуророос энэ дүгнэлт өөрөө эцсийнх болоод гарчихсан учраас шийдвэр гаргах боломжгүй. Ёс зүйн зөвлөлийн 9 гишүүнтэй хэлэлцээд ёс зүйн зөвлөлийн асуудлыг ёс зүй зөрчсөн байна уу, үгүй байна уу гэдэг асуудлыг зөвлөлөөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа, шийдвэр нэгэнт гарчихсан байгаа тохиолдолд тэрийг үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг шийдвэрлэх ганц ерөнхий прокурор шийдэх үр дагавар байхгүй. Яагаад гэхээр зөвлөлөөр 7 хүний бүрэлдэхүүнтэй шийдээд ёс зүйн зөвлөл зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдэг нэгэнт дүгнэлт гарчихсан учраас ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээх үү эсвэл үндэслэлгүй байна гэдэг шийдвэрийг гаргах боломж байхгүй. Энэ ёс зүйн зөвлөлийн ажиллах журам дээр ч гэсэн энэ талаар ерөнхий прокурор үндэслэлтэй юу үндэслэлгүй юу гэдэг асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг үсэг байхгүй байгаа учраас ерөнхий прокуророос ямар нэгэн гарах шийдвэр байхгүй. Харин ёс зүйн зөвлөлийн дүгнэлт маань өөрөө эцсийнх болсон гэдэг ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.16 дугаар зүйлд заачихсан заалтаараа энийгээ бариад шүүхэд ёс зүйн дүрэм зөрчихсөн байна уу, үгүй байна уу гэдэгт шүүхээр шийдвэрлүүлээд үүнд маргаан үүсээд явах эрх зүйн зохицуулалтууд байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “журамд заасны дагуу шийдвэр гаргаагүйн улмаас бид шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй болоод байна” гэж тайлбарлан маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. “О*******” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.8 дугаар зүйлийн 6.8.1-д заасны дагуу мэргэжлийн ур чадваргүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан прокурор Д.Мг өмгөөлөн хаацайлсан Ерөнхий прокурор Э.А ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасан,

2.2. Монгол Улсны Ерөнхий прокурорын газрын прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр “... Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Э.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэснийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 14/841 дүгээр албан бичгээр “О*******” ХХК-д мэдэгдсэн байна.

2.3. Үүний дараа тус байгууллагаас гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч*******аас “т/н Эд” гэж 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн О.М*******т” гэж мөн сарын 09-ний өдөр цохож шилжүүлсэн.

2.4. “О*******” ХХК-иас дахин 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Я******* дугаартай албан бичгээр Улсын ерөнхий прокурорт хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 14/841 дугаарт хариу мэдэгдэх хуудсыг /дүгнэлтийг/ эс зөвшөөрч байгаа тул 14/841 дугаарт хариу мэдэгдэх хуудсыг /дүгнэлтийг/ хүчингүй болгох Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-т заасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасан

2.5. Улмаар Монгол Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдолд мөн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14/1716 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Прокурорын ёс зүйн зөвлөл нь Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, Зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн хариуг өгсөн байх ба тус бичигт Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Э гарын үсэг зурж нэхэмжлэгчид хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдов.  

3. “О*******” ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7268 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн прокурор болон гомдол гаргагчийн гомдлыг шийдвэрлэсэн Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан, ... Улсын ерөнхий прокурорын шийдвэрт гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан тохиолдолд Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчаас дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 793 дугаартай тогтоолоор  “...журмын зохицуулалтын дагуу Улсын ерөнхий прокурор нь ёс зүйн зөвлөлийн 13 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй, ... Д.Эийн өгсөн хариуг ... ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгч “О*******” ХХК-иас гаргасан гомдолд тухай бүр хариу өгсөн, гомдлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал,

5.1. Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 тоот зарлигаар батлагдсан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-т “Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана”, 6.14-т “Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

5.2. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14/1716 дугаартай хариу мэдэгдэх хуудаст “... зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна ... прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийн талаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно” гэжээ.

5.3. Дээрхээс үзвэл хариуцагч Улсын ерөнхий прокурор нь гомдол гаргасан “О*******” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэх, хариу, өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлж хариу өгсөн байх тул хариуцагч нь хууль бус эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ.

5.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг Улсын ерөнхий прокурор хүлээж авсан болох нь дээрх 2, 3 дахь хэсэгт дурьдсан цохолтоор, мөн “зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна” гэх хариу өгсөн болох нь албан бичгийн агуулгаар тогтоогдож байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Эийн гарын үсэгтэй 14/1716 дугаартай албан бичгийг Улсын ерөнхий прокурорын хариу гэж үзэхгүй гэж дүгнэсэн” гэж тайлбарлан маргасан.

7. Гэвч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг шийдвэрлэх үед нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтнаас ёс зүйн зөвлөлийн даргад цохож шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байжээ.

8. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх баримтыг шүүх хуралдаанд гарган өгч “ёс зүйн зөвлөлөөс ёс зүй зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан тул Улсын ерөнхий прокуророос шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж тайлбарласан, түүнчлэн дээрх хариу мэдэгдэх хуудаст “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдолтой танилцлаа” гэж дурьдсан зэргээс үзвэл, Улсын ерөнхий прокурор нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг гомдлыг шийдвэрлэж хариу өгөх эрхийг холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн, уг албан тушаалтнаас хариуг өгсөн гэж үзэхээр байна.

9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бид Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нэр бүхий прокурор нь ёс зүй зөрчил гаргаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа, Улсын ерөнхий прокуророос ямар агуулгатайгаас үл хамааран журамд заасны дагуу шийдвэр гаргаагүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, бид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна” хэмээн тайлбарлах боловч,

9.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4103 тоот захирамжаар нэхэмжлэл гаргагчийн Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан гаргасан “...13 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг

9.2. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7268 дугаартай захирамжаар нэхэмжлэл гаргагчийн мөн Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан гаргасан “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/841 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна” гэх тайлбар үндэслэлгүй.

10. Өөрөөр хэлбэл, шүүхийн дээрх шийдвэрүүдэд ёс зүйн зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дүгнэсэн байхад нэхэмжлэл гаргагч нь Улсын ерөнхий прокурорт холбогдуулж дээрх 5.2 дахь хэсэгт дурьсан шийдвэрт холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, маргаагүй, харин Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байх тул гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн гэж үзэхгүй.

11. Иймд дээр дурьдсан үндэслэлээр “О*******” ХХК-иас Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан “О*******” ХХК-иас Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ