| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03653/И |
| Дугаар | 182/ШШ2024/02902 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/02902
2024 06 26 182/ШШ2024/02902
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч.....-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ч.Н
Гэрч С.Д, Д.С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Ч. Нг миний бие 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хүнсний 1 дүгээр конторын харьяа, Хүнсний 33 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн нүүрний хуудас урагдаж үрэгдсэн тул баримт үгүй. Хүнсний 33 дугаар дэлгүүрт ажиллаж байсан баримт шүүлгэж үзэхэд миний нэрнээс өөр юу ч гарч ирээгүй байна. Улсаас 10 жил өгөх үед би ажлаа хийж нийгмийн даатгалаа төлж байсан учраас аваагүй. Иймд намайг 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1998 оны 5 дугаар сар хүртэл хүнсний 33 дугаар дэлгүүрт ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/
2.2 Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-3/
2.3 Архивын тодорхойлолт /хх-4-5/
2.4 Хүнсний их дэлгүүрийн даргын тушаал /хх-6-8/
2.5 33,44-р дэлгүүрийн ажилчдын хувийн хэрэг бүрдүүлэлтийн жагсаалт /хх-9-10/
2.6 Гэрч нарын тодорхойлолт /хх-11-19/
3. Шүүх гэрч С.Д, Д.С нараас 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авч, хүсэлт гаргагчийн 1988 оны хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны Нийгмийн даатгалын дэвтэрт үзлэг хийсэн болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1998 оны 5 дугаар сар хүртэл Хүнсний 33 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгоно гэжээ.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.Н нь 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хүнсний 33 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, даргын тушаалууд, гэрч С.Д, Д.С нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал, Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Хүнсний нэгдүгээр их дэлгүүрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Тооллого явуулж, цэг салбар шилжүүлэх тухай тушаалд ажилчдын хувийн хэрэг бүрдүүлэлтийн жагсаалтын 5 дугаарт.... гэж бичигджээ.
1991 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний үйлдвэрийн Барааны 33 дугаар дэлгүүрийн ажилчдын хувийн хэргийг шилжүүлэн өгч хүлээлцсэн актийн 5 дугаарт.... гэж бичигдсэнээс гадна түүний улсад ажилласан хугацааг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, худалдаанд ажилласан хугацааг 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэж бичсэн байна.
Шүүх хүсэлт гаргагчийн гэх Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрт үзлэг хийхэд хөдөлмөрийн дэвтэрт Худалдааны 1 дүгээр конторын даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 120 тоот тушаалаар Хүнсний барааны дэлгүүрт худалдагчаар ажиллуулав, 1990 оны 95 тоот зохион байгуулалтаар хүнсний 1-р мэдэлд шилжүүлэв, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр ЗЗББ ХК-ийн мэдэлд шилжүүлэн худалдагчаар томилов, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон ЧД-ийн НХД-ээс НД-ын .... тоот дэвтэр нээв гэжээ.
Уг дэвтэрт бичигдсэн нийгмийн даатгалын дэвтрийн .... дугаар нь мөн үзлэгийн ажиллагаа явуулсан Ч.Нийн нийгмийн даатгалын дэвтрийн дугаартай тохирч байна.
2.3 Дээр дурдсан үйл баримтуудын талаар гэрч Д.Сосор нь ...Ч.Н ТМС төгсөж ирээд 1988 оноос 1998 он хүртэл бид хамт ажилласан..., ...33 дугаар дэлгүүрт бид нар хамт ажиллаж байсан..., гэж,
Гэрч С.Даваацэрэн Би 1989 онд Хүнсний 33 дугаар дэлгүүрт ажилд орсон. Тэрнээс хойш ажиллаж байгаад Ч.Нтэй анх танилцсан. Би 1989 оноос 1996 он хүртэл худалдагчаар ажилласан, энэ хугацаанд бол хамт ажилласан гэж тус тус мэдүүлж байна.
Мөн тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ч.Нийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Үндэсний төв архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Ч.Нийн 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
4. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Ч.Нийг 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хүнсний 33 дугаар дэлгүүр /ЗЗББ ХК/-т худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчаас 1995-1998 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ Улсаас 10 жил өгөх үед би ажлаа хийж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учир аваагүй. Одоо нийгмийн даатгалын дэвтэр усанд норж, бичиг нь гаргагдахгүй болсны улмаас түүнийг үндэслэх боломжгүй болж ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хүсэлт гаргагч нь тухайн үед үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх боловч энэ талаараа Нийгмийн даатгалын байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагчийн 1995-1998 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй гэж үзэхгүй, холбогдох эрх бүхий байгууллагад хандах боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ч.Нийн хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн дээрх зохицуулалтад заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой үндэслэл тогтоогдож байх тул хүсэлтээс 1995-1998 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Ч.Нийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Мэргэд овогт.... /РД:ЧА69072309/-ийг 1988 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хүнсний 33 дугаар дэлгүүр /ЗЗББ ХК/-т худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Мэргэд овогт.... /РД:ЧА69072309/-ийн 1995-1998 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ч.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ