| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/02614/И |
| Дугаар | 102/ШШ2024/02631 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02631
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/02631 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-0, Стадион Оргил-0, өөрийн байранд байрлах Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Шинэхэн хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух А овогт О-ын Ч-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 21.250.893 төгрөг 04 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Б ХК, хариуцагч О.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21.250.893 төгрөг 04 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Хариуцагч О.Ч 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б ХК-ийн Баянзүрх дүүргийн Сансар тооцооны төвтэй Зээл болон Барьцааны гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2.616.619.8 төгрөг, хүүд 941.150.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.009.8 төгрөг нийт 2.559.780.5 төгрөгийг төлсөн нь зээлийн бүртгэлийн картаар тооцоологдож гарсан. Хариуцагч зээл төлөлтийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлсэн. Иймээс банкны зүгээс О.Ч-ыг зээлээ төлөхийг шаардаж холбогдож мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагчаас үндсэн зээл 9.383.380.2 төгрөг, хүү 10.865.812.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985.710.9 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг нийт 21.243.893.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ******* ХК 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч О.Ч-тай зээлийн гэрээ байгуулж 12.00.,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Тухайн баримтаар нэхэмжлэгч үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй болох нь нотлогдоно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж ******* ХК болон хариуцагч О.Ч зээлийн гэрээг зөвшөөрсөн. Хариуцагч цалингийн зээлтэй холбоотой хүү төлөх, зээлийн хуацаа 36 сар байхыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурсан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан. Иргэний хуульд зааснаар гэрээний хугацаа дууссан үеээс хойш 3 жилийн хугацаанд гэрээний биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгчид байдаг. Нэхэмжлэгч шаардах эрхийн хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс тухайн маргаантай холбогдох гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцааны мөнгө болон иргэн бүрт олгосон 300.000 төгрөгийг үйлчлүүлэгчийн Х.Б ХК-ийн данснаас дураараа татаж авсан гэх тайлбарыг хэлж байна. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банканд харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутгаж авна гэсэн заалтыг зээлдэгч хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан учраас энэ заалтын дагуу дансанд орсон орлогыг суутган авсан. Хариуцагчийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийг төлөх боломжгүй болсон гэдгийг Х.Б ХК мэдсээр байж хүү тооцсон гэх асуудал яригдаж байна. О.Ч-ын зүгээс зээлийн төлөлт хийх боломжгүй болсон талаар бичгээр баримт бүрдүүлж өгч байгаагүй. Банкны зүгээс тухайн харилцагчид ямар нөхцөл байдал учирсаныг мэдэх боломжгүй. Хэрвээ хариуцагч зээл төлөх боломжгүй болсон тухай нотлох баримтаа бичгээр гаргаж өгсөн бол ******* ХК-аас зээлийн хүүг хойшлуулах боломж байсан эсэхийг үгүйсгэхгүй. Хариуцагч өөрийн нөхцөл байдлын талаар зээлдүүлэгчид огт мэдэгдээгүй байж Х.Б ХК төлбөр төлөх боломжгүй, ажилгүй байсан гэдгийг мэдсээр байж мөнгө нэхлээ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХК гэрээгээр заасан эрх, үүргээ хэрэгжүүлээд байгаа бөгөөд ямар нэгэн шунахайн сэдэлтэй үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч холбогдох хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс бусдад зээл олгох санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, банк бусад зээлдэгчийн хадгалуулсан мөнгөнөөс зээл авах хүсэлтэй хүмүүст зээл олгож, зээлд буцаан төлсөн хүүг хадгаламж эзэмшигчид олгох зарчмаар ажилладаг санхүүгийн байгууллага. Нэхэмжлэлийн шаардлагаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү,гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Хариуцагчаас нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. О.Ч 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б ХК-тай 12.000.000 төгрөгийн Цалингийн зээлийн гэрээ-г 36 сарын хугацаатай байгуулж мөн өдрөө 11.859.800 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан. Тухайн зээлж авсан мөнгөөр өөрийн том охин Ч.У-ыг Турк улс руу шатрын тэмцээнд явуулсан байдаг. Зээлийг авах үед О.Ч шатрын багшаар ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр шатрын багшаар ажиллахаа болиод ажлаасаа гарснаар зээлийг төлөх боломжгүй болсон. Зээлд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.565.000 төгрөгийг төлснөөс хойшхи хугацаандаа зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал руу шилжсэн. Мөн ******* ХК-аас О.Ч-ыг Монгол банкны муу зээлдэгч ангилалд шилжүүлснээр миний үйлчлүүлэгч банк болон банк бус санхүүгийн байгууллагатай харьцах боломжгүй байдалд орсон. ******* ХК О.Ч-ын зээлийн төлөлт тасалдаж байгааг мэдсээр байж гэрээний хугацаа дуусах хүртэлх зээлийн тооцоог гаргаж шүүхээр нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах үед шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ нөхцөл байдал шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хугацааны төлбөрийг бодож Х.Б ХК 2018 оны 05 дугаар сард хариуцагчийн данснаас хоёр удаа цалингийн зээлийн таталт хийсэн нь банк болон зээлдэгчийн хоорондын харилцах харилцаанд нийцэхгүй үйлдэл юм. Тодруулбал, Х.Б ХК-аас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 226.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 215.000 төгрөгийг О.Ч-ын данснаас татсан. 2020 онд цар тахлын нөхцөл байдалд шилжиж нэг сарын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас 300.000 төгрөгийг иргэн бүрт олгож байсан. Засгийн газраас О.Ч-т олгосон 300.000 төгрөгийг Х.Б ХК өөрийн хүсэлтээр зээлд суутгав гэх мэдэгдэлтэйгээр татан авснаараа миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн Эрдэнэс таван толгой ХХК-аас олгосон хувьцааны 2 удаагийн ногдол ашиг 179.550 төгрөг, 270.372 төгрөгийг 2024 онд 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтөд татаж авсан. Тухайн татагдсан мөнгө зээлийн эргэн төлөлтөд зориулагдсан мөнгө биш, Засгийн газраас иргэдийн амжиргаанд зориулан олгож буй дэмжлэг. Х.Б ХК-ийн дураараа мөнгө татсан арга хэмжээ үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн заалт нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас өмнө хүчингүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй хуулийн заалтыг үндэслэж гарсан болохыг шүүхээс анхаарах байх гэж бодож байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний төлөлт тасалдаж нэмэгдүүлсэн хүү бодогдож эхлэх үед нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй байсан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.565.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн төлөлтийг огт хийгээгүй ба зээл төлөлт тасалдсантай холбоотой Х.Б ХК-аас хариуцагч О.Ч-ыг М.Б-ы муу зээлдэгчийн ангилал руу шилжүүлсэн байдаг. Х.Б ХК, М.Б-д өөрсдийн эрх хөндөгдөж буй баримтаа гарган өгч зээлдэгчид холбогдох арга хэмжээг авахуулсан байж шүүхэд 2024 онд нэхэмжлэлээ гаргаж байгааг шунахайн сэдэлтэй үйлдэл гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 онд дууссан. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдснөөс 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. Иймээс тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Талуудын хооронд гэрээ байгуулсан эсэх дээр хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар харилцагчийн данснаас төлбөр татсан гэж талйбарлаж байна. Засгийн газраас ковидын үед ард иргэдийг хоолтой ундтай байлгахын тулд мөнгө олгож байхад банк өөрсдийн ашгийн төлөө тэр мөнгийг зээлэнд татан авах нь шудрага ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Банкны гэрээ Засгийн газрын бодлогоос илүү хүчин чадалтай гэж бодохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би банк бусад зээлдэгчиын хадгалуулсан мөнгөнөөс зээл авах хүсэлтэй хүмүүст зээл олгож, зээлд буцаан төлсөн хүүг хадгаламж эзэмшигчид олгох зарчмаар ажилладаг санхүүгийн байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ байгууллагад зээлийн эрсдлийн сан гэж байгаа. Ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд банк эрсдлийн сангаасаа мөнгөн хөрөнгийг татах боломжтой байдаг. Хариуцагчийн зээлийн хугацаа 2021 онд дууссан. 2021 оноос хойш банк тухайн зээлдэгчийн зээлийг эрсдлийн сангаас төлөх боломжтой боловч энэ асуудлыг бид мэдэхгүй. Миний үйлчлүүлэгч зээлж авсан мөнгөө ууж идээд дуусгасан юм биш. Өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ Монгол улсын нэрийн доор тэмцээн уралдаанд явуулахын тулд цалингийн зээл авсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлыг авч үзвэл Х.Б ХК хүн чанаргүй үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн цаг хугацаанаас эхлэн тоологдоно. Нэгэнт гэрээ биелэгдэхгүй нөхцөл тодорхой болсон учраас гэрээний хугацаа 2021 онд дуусангуут нэхэмжлэл гаргах ёстой байсан ч нэхэмжлэгч 2024 онд шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. ******* ХК 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийг дуудаж Х.Б-ы өр барагдуулах албанд хүсэлтийг бичүүлж авсан. Уг хүсэлтэд зээлийн төлөлт 40 хувьтай байна, Үлдэгдэл төлбөртэй танилцлаа, Одоогоор барилгын компанид ажиллаж байгаа тул захиралтай ярилцаад хариу мэдэгдье гэж О.Ч гарын үсгээ зурсан. Энэ баримт хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд бий. Манай үйлчлүүлэгч зээлийн гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд бүртгэлүүлсэн хаяг дээрээ амьдарч байна. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нээлттэй боловч тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Ц-д олгосон итгэмжлэл, бөйнууллагад очих баримт, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, О.Ч-ын хүсэлт, зээл хүсэгчийн анкет, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Төгс нүүдэл шатрын клубын тодорхойлолт, О.Чын зээлээ төлөхөө илэрхийлсэн хүсэлт, зээлийн бүртгэлийн карт, О.Ч-ын *******ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга
7.Хариуцагчаас хариу тайлбар, Д.Ж-д олгосон итгэмжлэл, О.Ч-ын Х.Б-ы зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Төгс нүүдэл ХХК-ийн ажлаас чөлөөлсөн захирлын тушаалыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй учраас хууль болон гэрээнд зааснаар зээлээ төлөх ёстой. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч зээлээ төлөх боломжгүй нөхцөл үүссэн үед шаардах эрх нь байсаар байхад цаг хугацааг явуулж зээлийн төлбөрөө нэмэгдүүлсний дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Х.Б ХК, хариуцагч О.Ч-тай 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 00000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан улсын бүртгэлийн 000280000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Х.Б ХК зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.
8.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч хариуцагч авсан зээлээ төлөх үүрэгтэй мөн хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, хариуцагч гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
9.Тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 2.559.780.5 төгрөгийг зээлдэгч О.Ч төлсөн үйл баримтад маргаагүй.
10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
11.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч хариуцагчийн *******ны зээл төлөлтийн дансанд 2020 оны цар тахлын үеийн хөл хорио тогтоосонтой холбоотой Монгол улсын Засгийн газраас иргэн бүрт олгосон 300.000 төгрөг, Эрдэнэс таван толгой ХХК-ийн хувьцааны 2 удаагийн ногдол ашиг 179.550 төгрөг, 270.372 төгрөгийг 2024 онд 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжин орж ирснийг нэхэмжлэгч хариуцагчийн зээлийн төлөлтөд татан авч төлбөрөөс хасаж тооцсонд төлөлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг гаргаж мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасны дагуу нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
12.Иймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь бичгийн баримтаар нотлогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй, хариуцагчийн ажлаас гарсан учраас зээлийг төлж чадаагүй гэх тайлбар зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул зээлээ төлөх үүрэгтэй.
13. Хариуцагчийн зээлийн тооцоололыг бодоход:
-12.000.000 төгрөг х 20.4 хувь = 2.488.000 төгрөг /жилийн хүү/
-12.000.000 төгрөг х 1.7 хувь = 204.000 төгрөг /сарын хүү/
-3 жил х 2.488.000 төгрөг = 7.464.000 төгрөг /хүү/
-12.000.000 төгрөг + 7.464.000 төгрөг = 19.464.000 төгрөгийг гэрээний хугацаа дуусах хүртэл төлөхөөс хариуцагчийн төлсөн 4.814.602 төгрөгийг хасаж тооцоод 19.464.000 төгрөг - 4.814.602 төгрөг = 14.649.398 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 21.234.893 төгрөг -14.649.398 төгрөг = 6.584.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.204 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231.197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ч-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14.649.398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХК-д олгож, үлдсэн 6.584.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.204 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231.197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА