Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Дуламжав шүүгдэгч Б.Сэнгэдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сэнгэдоржид холбогдох эрүүгийн 1736000230009 дугаартай, 178/2017/0079/э/ индекстэй хэргийг 2017 оны 8 сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-7 тоотод түр оршин суух хаягтай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р Хонгио багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Боролдой овогт Балгандамбын Сэнгэдорж  /РД: ПО91060710/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.Сэнгэдорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Б.Намсрайг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Сэнгэдорж шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 сарын 18-ны өдөр 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн хийж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17.-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж Б.Намсрайг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

  • Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэг  /хх-ийн 5-7 дугаар хуудас/
  •  Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/
  • Гэрч Н.Минжинсорын “2017 оны 6 сарын 18-ны өдөр би шалгалтаа өгчхөөд зах дээр очоод Эрдэнэбүрэн сум явах машин болох 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн цагаан өнгийн машинд суусан тэгээд жолооч Сэнгэдорж машинаа ухраагаад хөдөлтөл гадаа хүмүүс хүн мөргөчихлөө гэж хэлээд орилохоор нь машины жолооч Б.Сэнгэдорж машинаасаа буугаад мөргүүлсэн хүнийг өргөж босгоод гадаа юм яриад байсан тэгээд удалгүй Сэнгэдорж жолооч орж ирээд бид нар зүгээр үү гэж асуухад зүгээр юм шиг байна гэж хэлсэн тэгээд бид нар хөдлөөд бага гүүрэн дээр ирээд нэг хүн авах гээд байж байгаад жолооч Сэнгэдорж буцаад нөгөө мөргөсөн хүн дээр очих гээд зах дээр иртэл мөргүүлсэн хүн байхгүй эмнэлгийн машин аваад явсан хэргийн газар дээр цагдаа нар ирсэн байгаад Б.Сэнгэдоржийг аваад бид нар цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/
  • Гэрч Н.Болормаагийн “2017 оны 6 сарын 18-ны өдөр би таксинд явж байсан чинь манай аав Намсрай хүний утсаар залгаад захын дээд талын худагны хажууд машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь би яваад очсон чинь манай аав шороон дээр унасан 2 хөлөө жийсэн байдалтай сууж байхаар нь би аавыгаа та босож явж чадах нь уу гэсэн чинь чадахгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаа эмнэлэг 2 дуудаад эмнэлэг цагдаа 2 бараг зэрэг ирээд манай аавыг эмнэлгийн машин авч яваад эмнэлэг орж үзүүлээд зураг авахуулсан чинь хөл нь хугарсан байна гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн тэгээд би эмнэлэг дээр байж байгаад цагдаа дээр ирсэн чинь манай аавыг дайрсан гэх залуу цагдаад ирсэн байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/
  • 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 8137 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Намсрайн биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 32 дугаар хуудас/
  • Шинжээчийн 2017 оны 6 сарын 21-ний өдрийн 18 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ...3. 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн автомашин жолоодон явсан Б.Сэнгэдорж нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 4. МУ-ын ЗХД-ийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 5. Осол гарсан шалтгаан нөхцөл: 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн автомашин жолоодон явсан Б.Сэнгэдорж нь Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх гэсэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 36 дугаар хуудас/
  • Хохирогч Б.Намсрайн “2017 оны 7 сарын 08-ны өдөр би ...16 цагийн үед би захаас хойшоо гараад цагаан худагны хажуугаар гараад сумын машин явдгийн хажуугаар ногооны захруу алхаад явж байтал хүмүүс шуугилдахаар нь эргээд хартал нэг цагаан өнгийн Истана маркийн 14-91 ХОА улсын дугаартай машин намайг ухарч ирээд мөргөөд би цээжээрээ газар унатал тухайн машин зогссон. Тэгтэл машины жолооч бууж ирээд намайг өргөөд замаа чөлөөлөөд хажуу тийшээ холдуулчхаад надаас зүгээр үү гэж асуусан гэсэн тэгэхээр нь би зүгээр гэж хэлсэн гэж тэр залуу хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Намсрай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Б.Сэнгэдоржийн 2017 оны 06 сарын 18-ны өдөр 14-91 ХОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн хийж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж Б.Намсрайг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ...” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан нь 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл нь хөнгөрсөн тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд Б.Сэнгэдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Сэнгэдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон прокурорын шатанд прокурорын торгох саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 82 дугаар хуудас/ байх тул торгуулийн ялын доод хэмжээг оногдуулав.

Шүүгдэгч Б.Сэнгэдорж нь хохирогч Б.Намсрайд 2 000 000 сая төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 75 дугаар хуудас/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 24 дүгээр хуудас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/ тул шүүгдэгч Б.Сэнгэдорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боролдой овогт Балгандамбагийн Сэнгэдоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. Б.Сэнгэдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Сэнгэдоржийг торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Б.Сэнгэдорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэнгэдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН