Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0095

 

2024 01 29 128/ШШ2024/0095

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******гийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага буюу Сангийн яамны албан бичгийн дагуу тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо дахин тендерийг үнэлж манай компанийг шалгаруулсан тул итгэмжлэлд заагдсан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Э******* ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМ******* дугаартай Д******* ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх үүссэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/1403 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/14 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/0863 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Э******* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яаманд холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМ******* дугаартай Д******* ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх үүссэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/1403 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/14 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ