Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/39

 

 

 

 

 

 

  

 

       М.Б, Г.Б нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Шүүгдэгч: Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Г.Нацагдорж

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолтой М.Б, Г.Б нарт холбогдох 1938009150337 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Энхболд, шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хонин хотгойд овогт Мөнхсайханы Б, ...... оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Монгол Улсын иргэн, Дэлгэр овогт Ганбатын Б,..........оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЖ........................./.

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт хохирогч Г.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт хохирогч М.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Дэлгэр овогт Ганбатын Б, Хонин хотгойд овогт Мөнхсайханы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэлгэр овогт Ганбатын Бг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Хонин хотгойд овогт Мөнхсайханы Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.Б, Г.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10.226.739 /арван сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулж хохирогч М.Бд олгож, хохирогч М.Б нь 1.773.261 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Бгаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 1938009150337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь шүүгдэгч М.Бгээс нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо:

... Үүнд: Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх талаар:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /11 дүгээр тал/ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь М.Б нь өөрт учирсан гэмтлийг УБ хот дахь “МВG” эмнэлэгт хоёр удаагийн мэс ажилбарын аргаар эмчлүүлсэн ба эхний удаагийн эмчилгээний төлбөр болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус эмнэлгийн ХААН банкинд байрлалтай дансаар шилжүүлсэн байдаг. Харин дараагийн эмчилгээний төлбөр болох 8,000,000 төгрөгийг 2019.12.27-ны өдөр “Эм Би Жи Мед” ХХК-ийн кассын орлогын 209 дугаартай ордер үйлдэн бэлнээр тушаасан гэх боловч тус баримт нотлох баримтын шаардлага хангахааргүй байсан учир төлбөр бодитой эсэхийг тогтоолгохоор өмгөөлөгчийн зүгээс 2020.08.21-ний өдөр гаргасан хүсэлтийг хяналтын прокурор хангаж шийдвэрлэсэн боловч нотлох баримтыг гаргуулахдаа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулалгүйгээр /тухайн байгууллагын санхүүгийн буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үзлэг хийх буюу эх хувиар нь нотлох баримтаар хураан авах гэх мэт/ “Лавлагаа явуулна уу” гэсэн утгатай албан бичиг явуулж лавлагаа авах төдийгөөр баримт гаргүулан шүүх түүнийг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтайгаас гадна шүүх нотлох баримтаар үнэлэхдээ дээрх эргэлзээ бүхий баримтыг /8,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн тухай/ХААН банкны дансаар 13,500,000 төгрөг тушаасан” гэж бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Хоёр: Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг болон хэргийг хуульд заасны дагуу бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо:

...1. Миний бие болон өмгөөлөгчийн зүгээс М.Бгийн гаргасан холбогдох баримтыг хуурамч буюу тухайн нөхцөл байдалд тохирохгүй баримт хэмээн үзсэн. Өмгөөлөгч В.Энхболдын хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ “мэс ажилбарт орсон гэх баримтыг гаргуулж, хохирлыг бодитойгоор тооцож өгнө үү” гэх хүсэлтийг хангасугай хэмээн хяналтын прокурор 2020.08.28-нд шийдвэрлэсэн. Гэвч мэс ажилбарт орсон тухай баримт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн байдлын тайлан ирээгүй байх тул хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй байна.

2. Эмчилгээтэй холбоотойгоор маягт бөглүүлдэг бөгөөд энэ нь мэс засал эсхүл мэс ажилбар уу гэдгийг тодорхойлохоос гадна өөрөө тухайн үед зөвшөөрсөн эсэхийг нотолно. Гэтэл ийм баримт байхгүйгээс гадна ямар бүрэлдэхүүнтэйгээр, хэний шийдвэрээр, ямар мэс ажил хэзээ хийгдсэн болох нь огт тодорхойгүй байна.

Амбулатороор эмчилгээ хийлгэсэн гэх уг дэвтэрт хэн нэгний гуйлтаар хэн ч ямар ч бичиг бичиж өгөх боломжтой ба харин нэг хувь нь архивт үлддэг баримтыг бол талууд хариуцлагатай үйлддэг тул тийм баримтыг л гаргуулъя хэмээн хүссэн.

3. Тухайн хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөөс гадна надад ч уг эрхийг тайлбарлаагүй ба миний мэдүүлгийг үндэслэн намайг яллагдагчаар татсан нь мөн л зөрчил болно.

Иймд хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй байх тул холбогдох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлсний дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар уг заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ... М.Б нь Г.Бг зодох ямар нэгэн шалтгаан тухайн үед байгаагүй, Г.Бд зодуулаад өөрийгөө хамгаалах, түүнийг эсэргүүцэх ямар ч чадваргүй байсан нь хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байдаг.

...Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь миний үйлчлүүлэгч М.Бг зодож биед нь гэмтэл учруулан алахыг завдсан байхад улсын яллагч Г.Бд холбогдох хэргийг буруу зүйлчилж, улмаар анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн миний үйлчлүүлэгч М.Б нь Г.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нотлох баримт хэрэгт байхгүй, /Г.Б нь зодуулсан талаарх эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй/ зөвхөн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн КТГ-ийн зургийг үндэслэж анхан шатны шүүх М.Б нь Г.Бд гэмтэл учруулжээ гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Г.Бд сонсгосон зүйл ангийг зөвтгөж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Энхболд, шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт хохирогч Г.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт хохирогч М.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Энхболд нарын давж заалдах гомдлын талаар:

Хохирогч М.Бгийн биед “хоёр нүдний ухархайн доод ханын цөмөрсөн далд хугарал, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацар, дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цээж, нурууны зулгаралт зэрэг гэмтлүүд” учирсан нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах,  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 52-54, 61-64, 84-88-р хуудас/-ээр тогтоогджээ.

Хохирогч баруун, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн далд хугаралд  металл бэхлэлт, хамар ясны далд хугарал засах мэс засал /мэс ажилбар хийлгэсэн нь хохирогчийн гавал тархины КТГ-ийн талаарх эмч С.Оюунбаясгалангийн дүгнэлт /1-р хх-ийн 89-р хуудасны ар тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хх-ийн 227-238-р хуудас/, өвчний түүх /1-р хх-ийн 239-250, 2-р хх-ийн 1-10-р хуудас/-ээр, төлбөрт 5,500,000 төгрөг,  8,000,000 төгрөг  төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-154-р тал/, кассын орлогын ордер, MBG гэмтэл согогийн эмнэлгийн тодорхойлолт /1-р хх-ийн 152, 222-р тал/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн төлбөр төлсөн баримтыг үгүйсгэх, тэдгээрийг хууль бус арга, хэрэгслээр цуглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр уг баримтууд эрх бүхий байгууллага, албан тушаалтны тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажжээ.

Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журамд нийцсэн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” болон бусад эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байна.

2. Шүүгдэгч М.Б, өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын талаар:

Шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Бг алахыг завдсан гэж үзэх үндэслэл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд”, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хохирогч Г.Бгийн биед “тархинд доргилт бүхий гэмтэл, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн,  ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах,  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын  гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 50, 69-71, 78-81-р хуудас/, хохирогчийн гавал тархины КТГ-ийн талаарх эмч С.Оюунбаясгалангийн дүгнэлт /1-р хх-ийн 72-р хуудасны ар тал/-ээр тогтоогджээ.

Дээрх гэмтэл шүүгдэгч М.Бгийн үйлдлийн улмаас үүссэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалд дугаарт ороогүй хуудсууд үдэж, хэргийн хуудсыг бүрэн дугаарлаагүй зөрчил, шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтын дугаар давхардуулсан зөрчил тус тус  гаргасан байх тул цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын  05-ны өдрийн  318  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ