Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0335

 

 

 

 
2017 оны 05 сарын 11 өдөр     Дугаар 221/МА2017/0335             Улаанбаатар хот


“Эриккар вош” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, гуравдагч этгээд Ж.Батбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн захирал Б.Бат-Өлзийгийн давж заалдах гомдлоор, “Эриккар вош” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0180 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн Ж.Батбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн захирал давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөх 18638311991422 дугаар 1200 м.кв газартай гуравдагч этгээдийн 400 м.кв газар давхцалтай болох нь харагдах боловч гэж зөв дүгнэсэн атлаа 2014 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулаагүй байна гэж дүгнэсэн нь буруу юм.
Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1200 м.кв газрыг авто машин угаалгын төвийн зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Энэхүү гэрчилгээ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд газрын төлбөрийн зөрчилгүй болно.
Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний газрын хэмжээ өөрчлөгдөөгүй ч газар эзэмших талбай эргэлтийн цэг болон кадастр өөрчлөгдсөн түүнийг газар эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хийсэн байгаа үйлдлийг зөв гэж дүгнэсэн нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэснийг мөн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх “Эриккар вош” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн Ж.Батбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анх нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-д 5 эргэлтийн цэг бүхий кадастрын зураглалтай нэгж талбарын 18638311991422 дугаартай, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд 1200 м.кв талбай бүхий газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулан тус газрыг авто машины угаалын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Мөн нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн дээрх Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөнд Горькийн 1 дүгээр гудамжны 2 тоотын урд талд байршуулан 0.0655 га газар барилга барих зөвшөөрөл олгосон нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамж гаргасан байна.
“Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт” гэж хаяглан гаргасан 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/17 дугаартай “Эриккар вош” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргын 677 дугаар захирамжийг үндэслэн эргэлтийн 4 цэгтэй кадастрын зураглал, барилгын тэнхлэгээр 12.8мх51.2м хэмжээтэй, 0.0655 га талбайд авто угаалтын барилга барих 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №БГД-10/677/12 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар баталж, энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК нь авто угаалгын төвийн барилгыг “Тайгам констракшн” ХХК бариулан ашиглалтад оруулсан гэх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
“Эриккар вош” ХХК-ийн 2665 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044346 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000195280 дугаар гэрчилгээг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус компанид олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий газар нь  “нэгж талбарын 18638311999424 дугаартай 4 эргэлтийн цэг бүхий газрын байршлын кадастрын зураг” зэрэг баримтыг үндэслэн олгосон болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12/9167 тоот албан бичгээр нотлогдож байна.
Мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75 тоотод байршилтай, “Эриккар вош” ХХК-ийн 2394 м.кв талбайтай, Автомашины үйлчилгээний төвийн барилгыг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044346 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000238972 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-д олгосон байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1060 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлт болон түүнд хавсаргасан зураг, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9947 дугаар захирамжаар томилогдсон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/28 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр  гуравдагч этгээд Ж.Батбаатарт эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжаар олгосон 400 м.кв газар нь нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн эзэмшиж байгаа 1200 м.кв газартай давхцаагүй, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд 1200 м.кв талбай газарт автомашины үйлчилгээний төвийн барилга баригдсаны дараа “Эриккар вош” ХХК нь анхны нэгж талбарын 18638311991422 дугаартай, 5 эргэлтийн цэг бүхий кадастрын зураглалыг 4 эргэлтийн цэгтэй болгож, зүүн тийш 323 м.кв-аар шилжүүлэн өөрчилж нэгж талбарын 18638311999424 дугаартай кадастрын зураглалыг 2012 онд гаргуулж, 1200 м.кв газрыг бодит байдал дээр эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байгаа.
Дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 4 эргэлтийн цэгтэй, нэгж талбарын 18638311999424 дугаар бүхий кадастрын зураглалтай, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд 1200 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-д эзэмшүүлснээс хойш 2014 оны10 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/890 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1622/0097 дугаар бүхий 400 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Ж.Батбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.
Тодруулбал, бодит байдал дээр нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд байрлах 1200 м.кв газраа бүхэлд нь эзэмшиж байгаа. Тус компанийн автомашины үйлчилгээний төвийн барилга баригдсанаар анх олгосон 5 эргэлтийн цэг бүхий газрын кадастрын зургаа өөрчлөн 4 эргэлтийн цэг бүхий нэгж талбарын 18638311999424 дугаартай кадастрын зураглалтай болгож, эзэмшил газраа 323 м.кв хэмжээгээр зүүн тийш нь байршуулан эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд тус компанийн газар эзэмших эрх нь зөрчигдөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд Ж.Батбаатар нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.
“4 эргэлтийн цэг бүхий нэгж талбарын 18638311999424 дугаартай кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгах” тухай нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн барьсан барилга нь нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга барихаар зөвшөөрсөн талбайн хэмжээнээс нэмэгдсэн байх бөгөөд уг барилгадаа 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч бүртгүүлэхдээ мөн 4 эргэлтийн цэгтэй кадастрын зургийг хавсарган өгч байжээ” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болжээ.
Зүй нь шүүх, нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.
Учир нь нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК нь өөрийн өмчлөлийн 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044346 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000195280 дугаар гэрчилгээг авах үед буюу 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эзэмшил газрын кадастрын зураглал нь 4 эргэлтийн цэг бүхий нэгж талбарын 18638311999424 дугаартай болсныг мэдэж байсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0180 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн Ж.Батбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эриккар вош” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан “Кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Э.ЗОРИГТБААТАР
                    ШҮҮГЧ                         О.НОМУУЛИН
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР