Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 293

 

“Ю ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн дарга,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0222 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нар.

Нэхэмжлэгч “Ю ...” ХХК-ийн захирал Т.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тус тус холбогдуулан гаргасан “Ю ...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0222 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.4, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ю ...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Ю ...” ХХК-ийн захирал Т.Баярхүү гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзэхдээ нэхэмжлэгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гол нөхцлүүдээ биелүүлээгүй гэж үзэж, улмаар энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасантай нийцэж байгаа, энэ зүйлд заасны дагуу маргаан бүхий 429 дүгээр шийдвэрийг гаргасан, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.5-ыг баримтлах шаардлагагүй байсан гэжээ.

4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомжуудыг тодорхойлж дурдсан бөгөөд 2.3 дахь хэсэгт “Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна” гэж заасан байдаг.

5. Эндээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж болохыг эргэлзээгүй ойлгож болохоор байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.

6. Давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргуулаагүй байхдаа үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Ашигт малтмалын хуульд заагаагүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг хэрэглэх ёстой гэж үзсэн.

7. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 39.7 дахь хэсгүүдэд энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахыг заасан байдаг. Эдгээр заалтуудын дагуу үйл ажиллагааг зогсоох, дараагийн жилийн ажлыг эхлүүлэхгүй байх эрх бий. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, цаашлаад Зөрчлийн хуульд ч тэр тодорхой арга хэмжээнүүдийг авах боломжийг олгож өгсөн байдаг.

8. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заагдсан үндэслэлүүдээр цуцлах боломжтой болохоос 56.1-д энэ талаар ороогүй байгаа болохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-ийг хэрэглэх ёстой гэх давж заалдах шатны шүүхийн үндэслэл нь огт үндэслэлгүй асуудал буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болжээ.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын 429-р шийдвэр гарах болсон гол шалтгаан нь уг дүгнэлт гэж нэрлээд байгаа 1 нүүр албан тоотын “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг энэхүү дүгнэлтийн дагуу цуцалж өгнө үү” гэсэн хэсэг юм.

10. Гэхдээ давж заалдах шатны шүүх “БОАЖЯ-ны ажлын хэсгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтэд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн нь үндэслэлгүй” гэж зөв дүгнэсэн боловч түүн дээр үндэслэж гарсан 429-р шийдвэрийг зөв гэж байгаа нь ойлгомжгүй юм.

11. Нэхэмжлэгчийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу л цуцлах боломжтой, энэхүү хэрэг маргааны хувьд хариуцагчийн зүгээс маргаан бүхий 429-р шийдвэр гаргахдаа 56 дугаар зүйлийн 56.1.5-ыг хэрэглэсэн байх ч нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй асуудал үүсээгүй, үүсэх цаг хугацааны ч боломж бүрдээгүй, ажлын хэсгийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж маргаж байгаа ба давж заалдах шатны шүүх 56 дугаар зүйлийн 56.1.5-ыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж зөв дүгнэсэн атлаа энэ харилцаанд хэрэглэхгүй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгааг залруулан, 221/МА2018/0222 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

            12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            13. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн, нэхэмжлэгч “Ю ...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-002810 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ... үндэслэлгүй, ... бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг хяналт, шалгалт хийх талаар мэдэгдээгүй, ...оролцоог хангаагүй, ... дүгнэлт гаргахын өмнө бодит байдлыг шалгаагүй” гэх зэрэг үндэслэлээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, М.Отгонтөгс нарын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            14. -...  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийн талаар:

            15. Уг дүгнэлтээр, “... “Ю ...” ХХК нь 2016, 2017 онд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу MV-002810 тоот тусгай зөвшөөрлийг энэхүү дүгнэлтийг үндэслэн цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг /Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж/” даалгажээ.

            16. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг “дүгнэлт” нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй “зөрчил гаргасан” болохыг тогтоосон, захиргааны акт байна.

17. Гэтэл, хариуцагч “Ажлын хэсэг”-ийн шүүхэд ирүүлсэн “... бид захиргааны акт гаргаагүй, ... Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга ...  /шийдвэр гаргасан тул/ БОАЖЯ хариуцагчаар оролцох эрх зүйн үндэслэлгүй” гэх зэрэг тайлбараас үзэхэд хариуцагч нар өөрсдийн гаргасан уг дүгнэлтээ “зөрчил тогтоосон захиргааны акт” биш, санал илэрхийлсэн “албан бичиг” гэж тодорхойлжээ.

18. Аливаа этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ю ...” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ажлын хэсэг”-ийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлт нь “зөрчил тогтоосон” захиргааны актын хувьд агуулга болон  хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

19. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх  үндэслэлгүй юм.

20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ю ...” ХХК нь MV-002810 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (2009) хуулийн дагуу тус компанийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа хязгаарлагдаж, олборлолт хийгдээгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1814 дүгээр албан бичгээр “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт..., ... сайдын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” А/67 дугаар тушаалд заасны дагуу ... /тусгай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд/ ашигт малтмал оолборлож, нөхөн сэргээлт хийх боломжтой болсон”-ыг мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа сэргээсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар уг үйл баримтуудтай маргаагүй байна.

21. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 9/1134 дүгээр албан бичгээр “... “Ю ...” ХХК нь 2016 онд холбогдох бичиг баримтгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгалийн нөөц баялагт их хэмжээний хохирол учруулсан /тул/ ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж өгнө үү” гэх, “Онон Улз голынхон” ТББ, “Онон голоо хамгаалъя” ТББ болон “нутгийн иргэд”-ээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “... “Ю ...” ХХК нь 2016 оны 09 сараас эхлэн холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэлгүйгээр хууль зөрчин олборлолт эхлүүлсэн, ...байгаль орчинд учруулсан их хэмжээний хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон ... компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоох шийдвэр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, түүнчлэн, “Онон багийн нутаг Гутайн даваанд ашиглалтын эрх бүхий “Ю ...” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын түр хороо”-ны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр “... Онон Улз голын сав захиргаа, Онон Улз ТББ, Онон голын сав дагуух бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, ард, иргэд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хууль хяналтын байгууллага, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэнтий аймгийн ИТХ, Засаг дарга нартай хамтран ажиллаж, хяналт тавьж ажиллах нь зүйтэй” гэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “ГЗБУНБЗГ”-ын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан ... “Ю ...” ХХк-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлэх саналтай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан, нэр бүхий иргэдээс Засгийн газрын “11 11 төв”-д хандан “Ю ...” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг утсаар гаргаж байсан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

   22. Хэнтий аймгийн Засаг даргын болон эдгээр олон нийтийн байгууллага, иргэдийн гомдол, хүсэлт, ажлын хэсгийн дүгнэлтүүд нь төрийн эрх бүхий байгууллагаас “Ю ...” ХХК-ийн үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, зөрчил гаргасан эсэхийг тогтоох төрийн хяналт шалгалтыг эхлүүлэх үндэслэл мөн, харин тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй.

23. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, М.Отгонтөгс нарын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтэд дээр дурдсан Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 9/1134 дүгээр албан бичиг, илтгэх хуудас, ТББ-ын хүсэлт зэргийг хавсаргасан, харин дүгнэлт гаргасан Г.Нямдаваа, Б.Саран, М.Отгонтөгс нар хяналт, шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалтаар ямар зөрчил хэрхэн тогтоосон, зөрчил тус бүр нь аль хуулийн ямар заалтад нийцээгүй талаар болон гаргасан гэх зөрчлүүд нь 2016 эсхүл 2017 онд тус тус хэрхэн хамаарах талаар огт дурдаагүй байх тул “зөрчил тогтоогдсон” гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

24. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “... /ашиглалтын/ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж ...-д заасан үүргийг биелүүлнэ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1-д “... /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар, 26 дугаар зүйлийн 1-д “... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”-ээр, 27 дугаар зүйлийн 1-ийн 10-т “... /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, ... эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй”, “... байгаль орчинд халтай хууль бус үйл ажиллагаа явуулсан” нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “дүгнэлт” гаргах үндэслэл болохоор байна.

25. Түүнчлэн, төрийн эрх бүхий байгууллагаас “зөрчил тогтоосон” дүгнэлт гаргах талаарх ижил төстэй харилцааг зохицуулсан бусад хуулийн заалтуудыг авч үзвэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “... улсын байцаагч ... дүгнэлт бичих бөгөөд ... /дүгнэлт/ нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34.4-т “... дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна”, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д “... барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “улсын байцаагч нь ... дүгнэлт ...-ийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэх зэргээр хэлбэрийн шаардлагуудыг нийтлэг байдлаар зохицуулсан байхад  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “зөрчил тогтоосон” дүгнэлтийн хувьд эдгээр шаардлагууд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.

26. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдуулан анхан шатны шүүх “... /маргаан бүхий акт нь/ судлан шинжлэгдсэн, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй, ... Ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2017 оны 06 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулан … /үнэлээгүй/” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин, давж заалдах шатны шүүх “... /маргаан бүхий/ дүгнэлтэд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа “...нэхэмжлэгчийн хууль бус ажиллагааг тогтоосон хэсэг нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт буруу гэж үзлээ.

27. Түүнчлэн, анхан шатны шүүх уг маргаанд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж, “... дүгнэлт гаргах үйл ажиллагаанд уг аж ахуйн нэгжийг татан оролцуулж түүнд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох”, “... дүгнэлтийг бичгээр хүргүүлж мэдэгдсэнээр уг дүгнэлт нь хүчин төгөлдөр болох”, “... нэхэмжлэгчийг маргаан бүхий дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох” талаар хийсэн дүгнэлтүүдийг хяналтын шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна.

 28. -... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийн талаар:  

            29. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгч “Ю ...” ХХК-ийн MV-002810 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны уг дүгнэлт нь дээрх байдлаар “хууль бус” болох нь тогтоогдож байх тул  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

30. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “... /ашигт малтмал/ ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах”-аар заасан, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгайлсан эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан тодорхойлсон тул уг харилцаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэглэхгүй.

31. Иймд, маргаан бүхий актаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг үндэслэж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

32. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүргийн нарийвчлан зааж өгсөн, тодруулбал, уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно”, 39 дүгээр зүйлийн 39.7-д “тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн, байгаль орчныг хамгаалах энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

33. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэртээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт буюу “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг баримталсан, үндэслэлээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ажлын хэсэг”-ийн дээрх 2017 оны 17/01 дугаар дүгнэлт” гэж тайлбарласан, нэхэмжлэгч “Ю ...” ХХК өөр ямар нэг зөрчил гаргасан талаар маргаагүй байна.

34. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн... /бол олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох/”-оор заасан, тухайн тохиолдолд, уг ерөнхий зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэнэ гэж үзсэн бол “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”-ийг түүнийг олгосон байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мөн тогтоогдсон байх хууль зүйн шаардлагыг давж заалдах шатны шүүх анхаарах ёстой байжээ.

35. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

36. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

37. Хяналтын шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг үгүйсгээгүй, түүнчлэн, эрх бүхий этгээдээс хуульд заасан нөхцөл, журам, зарчимд нийцүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зохих журмын дагуу акт, дүгнэлт гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0222 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю ...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА