Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 24

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Оюун  даргалж,  шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

    Нэхэмжлэгч: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дугарсүрэн, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтөрийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн хөгжлийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх тухай, төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдсан саатуулагдсан төрийн  албан  хаагчийг  албан  үүргээс нь чөлөөлөх  тухай, мал  хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд малчид, мал бүхий иргэдийн эрхийг хамгаалах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд малын хулгайчдыг орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр нийтэд таниулах  тухай журам боловсруулах ажлыг аймгийн Засаг даргад даалгаж”  тухайн орон нутагт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг батлан гаргасан байна.

       Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид нийцээгүй, тэдгээрийн холбогдох заалтуудыг зөрчсөн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

       1. Архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсаны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан  иргэдийн орон нутгийн хөгжлийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх тухайд:

       Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлд “Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй.”, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.” гэж заасан байна. Мөн конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хуулийн дагуу цэргийн шинжтэй ажил гүйцэтгэхтэй холбогдсон аливаа ажил буюу үйлчилгээ, шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ, онцгой нөхцөл байдалд гүйцэтгэх ажил, үйлчилгээ, олон нийтийн ашиг тусын тулд иргэний ердийн үүрэг гэж үзэж болох хамтын шинжтэй жижиг үйлчилгээ” зэргийг албадан хөдөлмөрт тооцохгүй гэж заасан байна.

       Албадан хөдөлмөрийг устгах тухай хуулийн 105 дугаар конвенцийн 1 дүгээр зүйлд албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “улс төрийн нөлөөнд оруулах болон хүмүүжлийн арга хэрэгсэл болгох, эсхүл улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эсрэг чиглэсэн улс төрийн үзэл бодол буюу оюун санааны үзэл бодолтой байх, түүнийг илэрхийлсний төлөө ногдуулах шийтгэл болгох, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор ажиллах хүчийг дайчлах арга хэлбэр болгох, хөдөлмөрийн сахилга батыг сахиулах арга хэрэгсэл болгох, ажил хаялтад оролцсонд оногдуулах шийтгэл болгох, арьс өнгө, нийгмийн байдал, яс үндэс, шашин шүтлэгээр алагчлах арга хэрэгсэл болгох” зорилгоор ашиглахыг таслан зогсоох, конвенцид нэгдэн орсон гишүүн орнуудад үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл: архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд тэднийг хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх нь албадан хөдөлмөр түүнийг конвенцоор хориглосон байна.

      Иймд дээрх тогтоолд дурдсан “архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн хөгжлийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх” талаар тусгасан нь албадан хөдөлмөрийн шинжийг агуулсан байх бөгөөд, энэ Монгол улсын олон улсын хууль болох Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 29, 105 дугаар конвенцийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

        2. Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдан саатуулагдсан төрийн албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх тухайд:

      Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар тус тус заасан ба зөвхөн дээрх хуулиудад заасан үндэслэлээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Харин Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дараалалын журам зөрчсөн бол 15000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.” Мөн хуулийн 22 дугаар зүйлд “Архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.” гэж заасан ба захиргааны зөрчил гаргасан этгээдэд зөвхөн шүүгчийн захирамжаар шийтгэл ногдуулдаг. Иймд аливаа төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдсан саатуулагдсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан үүргээс чөлөөлөх эсэх асуудалд төрийн ямар субъект хариуцлага ногдуулж болохыг нарийвчлан тусган зохицуулсанаас гадна төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах, албан үүргээс чөлөөлөх асуудал нь түүнийг харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал юм.

     3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх малчид, мал бүхий иргэдийн эрхийг хамгаалах, иргэдийн  сонор сэрэмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд малын хулгайчдыг орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нийтэд таниулах тухайд:

      Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд  “Хэний ч ...нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй”, мөн Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлд “Хүн бүр эрх чөлөөтэй”, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж заасан байна.

       Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дугарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын үүрэг нь аливаа хууль тогтоомж хүний эрхийг зөрчсөн буюу зөрчиж болзошгүй зүйл заалтыг засч залруулахаар заасан байдаг. Дээрх 10 дугаар тогтоолын дагуу акт гараагүй боловч цаашид гарах магадлалтай гэж бодож байна. Нэхэмжлэл гаргах гол шалтгаан нь Дорнод аймгийн Хууль зүйн хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5/322 тоот албан бичгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолтой холбогдуулж, энэ нь баримт бичгийн эрх зүйн зохицуулалт нь ямар байх ёстой талаар судалж өгөхийг хүссэн. Бид тогтоолыг судалж үзэхэд тогтоолын дагуу журам гаргавал хүний эрхийг зөрчих юм байна гэж үзэж, энэ тогтоолыг хүчингүй болгох хүсэлт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд шаардлага хүргүүлсэн боловч, хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Ер нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоол үр дагаварт хүрээгүй боловч журам гаргах талаас нь судалгаа хийсэн.  Хэрвээ энэ нь батлагдан мөрдөгдвөл хүний эрхийн зөрчих нь тодорхой, энэ тогтоолын дагуу журам боловсруулж мөрдөгдөөгүй байгаа боловч, журам боловсруулан мөрдөх нь дараагийн асуудал гэж үзэж Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлагыг хүлээж аваагүй нь уг журмыг ямар нэгэн байдлаар гаргана гэсэн байр суурьтай байна гэж үзээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

       Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналаар гаргасан байна.

     Архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн хөгжлийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдсан, саатуулагдсан төрийн  албан  хаагчийг  албан  үүргээс нь чөлөөлөх  тухай,  Мал  хулгайлах  гэмт  хэрэгтэй  тэмцэх  ажлыг эрчимжүүлэхэд малчид, мал бүхий иргэдийн эрхийг хамгаалах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд малын хулгайчдыг орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр нийтэд таниулах тухай журмуудыг хуульд нийцүүлэн мэргэжлийн байгууллага  Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар зэрэгтэй хамтран боловсруулж,2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгасан байна. Албадан ажил хийлгүүлэхээр шийтгүүлсэн субьектууд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулинд зааснаар албадан ажил хийсэн хөлсөө хаана төлөх нь тодорхойгүй ажилласан хөлсний зарим хэсэг нь өөрт нь оногддоггүй байгаа тул энэ асуудлыг нэг мөр болгох зорилгоор мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх санал байсан юм.

     Энэ тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 болон Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлд заасан албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээд, хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар баривчлагдсан, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар малын хулгайн гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлсэн хүмүүсийг мэргэжлийн байгууллагатай зөвшилцөн цахим хуудсанд бичигдсэний дараа хэвлэл мэдээлэлийн байгууллагаар дамжуулан төрийн захиргааны байгууллага нийгмийн дэг журмыг сахиулах үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг ирүүлж байх ажлын хүрээнд журам боловсруулахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Энэ журам нийтэд хэрэгжээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороогүй, мэргэжлийн байгууллага, шүүх, цагдаа прокурорын хүмүүстэй ярилцаагүй тэдний саналыг аваагүй тул хүний эрхийг зөрчсөн гэж үзэж болохгүй. Дээрхи тогтоолын дагуу журмыг боловсруулахад хуульд нийцүүлж мэргэжлийн байгууллагын саналыг авч ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж дараа нь хурлаар хэлэлцэж  хурлын тогтоол гарсан бол нийтээр дагаж мөрдөх эрхийн акт хүчин төгөлдөр болох байсан.

       Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалт, Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна. мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэсэн заалтын дагуу Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 50, 51 дүгээр зүйл, тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан ялаар шийтгүүлсэн субъектүүдийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж хуульд нийцүүлэн журам гаргах саналыг  Засаг даргад хүргүүлсэн.Энэ нь хүний эрхийг зөрчөөгүй Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж гаргасан журам боловсруулах санал юм.

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдээгүй, аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөөгүй тул энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал оруулж цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль бусад хуульд өөрчлөлт оруулж шийдүүлэх саналыг хуульд нийцүүлж санал гаргаж тогтоолыг эрх хэмжээний дотор хүчингүй болгож болно. Дээрх тогтоол нь хуульд заасан субъектүүдийн хувьд шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолыг цахим хуудсанд бичигдсэний дараа нийтэд мэдээлэх, Төрийн албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах зорилгоор нийтэд мэдээлэх, ашиглах журам боловсруулах санал байсан тул хүний эрхийг зөрчсөн тогтоол биш гэж үзэж байна гэжээ.

      Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа, нэмж тайлбарлахад нэхэмжлэгч нь Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж бичсэн байна. Харин ч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хууль болон хүний эрхийг зөрчиж, хуулиа зөв хэрэглэж, тайлбарлахгүй нэхэмжлэлдээ зүгээр л Олон улсын гэрээ, хууль тогтоомж хуулж бичсэн байна. Ер нь 10 дугаар тогтоолд журам боловсруулж, танилцуулах гэсэн үг байгаа түүнээс биш хэн нэгний эрхийг зөрчсөн асуудал байхгүй байна. Харин ч энэ тогтоолын нэг, хоёр, гурав дахь заалт бол  ажил хийж байгаа хүмүүст холбогдох заалт юм.Яг үнэндээ шүүхийн шийдвэрээр албадан ажил хийж байгаа хүмүүсийн хөлс өөрт нь болон улсад оногддоггүй  үнэ төлбөргүй ажил хийлгүүлчихээд түүнийгээ шийтгэсэн гэж үздэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадан хөдөлмөр эрхлүүлэх юм уу, хотын захиргаа ажил хийлгэх юм уу ойлгомжгүй  байдаг. Тиймээс энэ талаар хуулийн байгууллагуудтай зөвшилцөж журам боловсруулах талаар байсан. Ер нь хуульд нийцүүлж л журам гарна хуульд нийцээгүй журам гарахгүй шүүдээ. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол нь журам боловсруулах талаархи тогтоол юм. Харин  энэ тогтоолын дагуу  судалж санал боловсруулаад Хурлын Тэргүүлэгчдийн нэр дээр өгч хуралдаанаар хэлэлцэж тогтоол гарсан тохиолдолд эрх зөрчигдөх талаар яригдана түүнээс биш журам боловсруулах саналын тухайд хэн нэгэн иргэний эрхийг зөрчөөгүй. Дээрх тогтоол нь боловсруулагдаагүй акт юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.[1]

         Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Журам боловсруулж танилцуулах тухай” 10 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд, уг тогтоолд:  Архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсаны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн иргэдийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдан саатуулагдсан төрийн албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх ажлыг эрчимжүүлэх, малчид  мал бүхий иргэдийн эрхийг хамгаалах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд малын хулгайчдыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд таниулах тухай журмуудыг  тус тус хуульд нийцүүлэн мэргэжлийн байгууллага Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай  хамтран боловсруулж,  2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг аймгийн Засаг дарга  М.Бадамсүрэнд даалгасан байна.[2]

        Нэхэмжлэлд  “Архидан согтуурч нийгмийн хэв журам алдагдуулсаны улмаас захиргааны журмаар баривчлагдсан болон саатуулагдсан иргэдийг орон нутгийн хөгжлийн тусын тулд хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх” талаар тусгасан нь албадан хөдөлмөрийн шинжийг агуулсан байх бөгөөд энэ нь Монгол улсын олон улсын хууль болох олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, 105 дугаар конвенцийн холбогдох заалтыг, Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор удаа дараа архидан согтуурч, баривчлагдан, саатуулагдсан төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах, албан үүргээс чөлөөлөх асуудал нь түүний дээд шатны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал, Мал хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх ажлыг эрчимжүүлэх малчид, мал бүхий иргэдийн эрхийг хамгаалах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд малын хулгайчдыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд таниулна”  гэсэн нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна гэжээ.

          Хариуцагч нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д  “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”. мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэсэн заалтын дагуу, ... нэхэмжлэлд дурьдсан дээрх асуудлын хүрээнд холбогдох хууль хяналт болон мэргэжлийн байгуулллагын саналыг авч журам боловсруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэх эрхээ хэрэгжүүлэх нь хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байгаа болно.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.6-д зааснаар “Нутаг дэвсгэртээ сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах”, “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал, асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”  зэрэг хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал юм.

       Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолын дагуу, ...хүний эрхийг зөрчсөн журмыг боловсруулж нийтэд хэрэгжээгүй талаар нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь ойлголцон хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь,  ...одоогоор хүний эрхийг зөрчсөн эрхийн акт  гарч хэрэгжээгүй ч ирээдүйд гарахаас урьдчилан сэргийлэх байдлаар хандаж байна гэжээ. Захиргааны хэргийн шүүх нь хүчин төгөлдөр үйлчилж буй захиргааны акттай холбогдуулан  хэрэг үүсгэн,  нэхэмжлэгчийн тодорхой эрхэд  шууд хамааралтай эсэхийг шалгаж, тухайн шийдвэрийн улмаас субъектив эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд, ирээдүйд ямар  акт гарахыг урьдчилан  дүгнэлт хийх боломжгүй юм

         Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01  дүгээр сарын 20- ны өдрийн  “Журам боловсруулах тухай” 10  дугаар тогтоол нь нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй, дээрхи актын улмаас нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

       Иймд нэхэмжлэгчийн “Журам боловсруулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Журам боловсруулж танилцуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОЮУН

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-5-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас